| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0930/э |
| Дугаар | 869 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-н Т-д холбогдох эрүүгийн 1706 0097 00317 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-н Т
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Т нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТ-ийн хойд хаалганы орчим иргэн А.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч А.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нарантуул зах дээр архи уух гэтэл Д гэгч тааралдсан юм. Д-г би танихгүй бөгөөд надтай хамт явсан залууг таньдаг юм байна лээ. Тэгээд Дтай хамт архи уусан бөгөөд нилээн согтсон байсан. Архи ууж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр үл таних хүмүүс ирсэн бөгөөд Д тэр хүүхнийг нь заагаад чи энэ хүүхнийг шаах уу гэхээр нь би чи юу гээд балайраад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдаад барьцалдаж авсан юм. Үүнээс болж би Дыг ганц л удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/,
Хохирогч А.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймаг руу явахаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах дээр очсон. Гэтэл Дорнод явах унаа байхгүй болохоор эгчийнх рүүгээ явах гээд алхаж байхад нэг ах дуудахаар нь очиход 1000 төгрөг асуухаар нь өгөхөд нэг шил архи аваад Чандмань төвийн урд талын контейнерийн тэнд ууж байхад нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд архинаас хамт ууцгаасан. Би босоод захын урд талын шатахуун түгээхийн тэнд явж байхад араас надтай хамт архи ууж байсан ах ирээд архины шилээр толгой руу нэг удаа цохисон. Тэгээд шатахуун түгээгүүрийн хажуугийн хашаа руу оруулж байгаад толгой руу олон удаа цохисон ба тэр хавиар явж байсан ах чи хүн аллаа шдээ гэхэд тэр ах зугтаахад нөгөө болиоч гэсэн ах барьж аваад цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹9863 дүгнэлтэд “А.Дын биед зүүн чамархайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбээнд өнгөц шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Т нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТ-ийн хойд хаалганы орчим иргэн А.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Т-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч А.Т-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Т-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
А.Таас 8.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Д-т олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.