Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1121

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

 

Төлбөрт төлсөн 448 782 800 төгрөгийг гүйцтгэх хуудсанд заасан 937 695 315 төгрөгийн төлбөрт тооцуулж, хасалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнгөнтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э” ХХК нь “Ж ” ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 932 873 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 822 315 төгрөг нийт 937 695 315 төгрөгийг төлөхөөр болсон.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уг магадлалын дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба “Э” ХХК нь төлбөр авагч “Ж ” ХХК-д сар бүр төлбөл зохих интернетийн үйлчилгээний төлбөр дээрээ илүү төлөлт хийж явсаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 448 782 800 төгрөгийг илүү төлсөн буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөөс 448 782 800 төгрөгийг төлсөн байна.

Манай компани шүүхийн шийдвэрт зааснаас хойш 2016 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 775 249 800 төгрөг төлсөн. Эндээс дүгнэхэд дээрх 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 326 467 000 төгрөгийн үйлчилгээг “Ж ” ХХК-аас авч 2 775 249 800 төгрөгийг төлсөн буюу 448 782 800 төгрөгийн илүү төлөлттэй байна. Уг 448 782 800 төгрөгийг шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан 937 695 315 төгрөгөөс хасч тооцвол 488 912 515 төгрөгийг төлбөр төлөгчид төлөх ёстой.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас одоогийн байдлаар нийт 517 493 315 төгрөгийг манай байгууллагын харилцах данснаас болон бэлнээр хураан авсан. Өөрөөр хэлбэл “Ж ” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр зохих 937 695 315 төгрөгийг бүрэн төлөөд дуусчихсан буюу сайн дураар “Ж ” ХХК-д төлсөн 448 782 800 төгрөг дээр хураан авсан 517 493 315 төгрөгийг нэмэхэд 966 276 115 төгрөг болно. Iүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр зохих төлбөрөөс 28 580 800 төгрөгийг илүү төлсөн байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э” ХХК-аас 932 873 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 822 315 төгрөг нийт 937 695 315 төгрөгийг гаргуулж “Ж ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч “Э” ХХК-ийн дансыг битүүмжилж 205 337 315 төгрөгийг дансны хасалтаар төлүүлсэн бөгөөд төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн гэх баримт ирүүлээгүй. 

Төлбөр авагчийн зүгээс 448 782 800 төгрөгийг аваагүй талаар тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаартай шийдвэр манай байгууллагад ирээгүй. Давж заалдах хугацаа дуусаагүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Энэхүү иргэний хэрэг нь “Э ” ХХК-иас “Ж ” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөр барагдуулах үйл ажиллагаанд саад учирч байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н холбогдох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

Төлбөр төлөгч “Э” ХХК нь төлбөр авагч “Ж ” ХХК-д сайн дураар 448 782 800 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харилцах дансаар дамжуулж 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 551 024 715 төгрөг нийт 999 807 515 төгрөгийг төлж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан 937 695 315 төгрөгийг бүрэн төлж дуусгавар болгосон буюу илүү төлөлттэй байгаа болно.

Манай компанийн хувьд “Ж ” ХХК-тай 2010 оноос 2019 оны 11 дүгээр cap хүртэл интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тус компаниас интернетийн урсгал худалдан авч байгаа бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээнд заасны дагуу cap бүр 70 400 000 төгрөгийн интернетийн үйлчилгээ, 99 000 төгрөгийн суваг түрээсийн үйлчилгээ авч байгаа буюу сард төлөх нийт төлбөр нь тогтмол 70 499 000 төгрөг юм.

Харин магадлалд хамрах хугацаанаас хойших буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 33 сарын төлбөр нь 2 326 467 000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч нь “Ж ” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 2 775 249 800 төгрөгийг шилжүүлсэн. Уг 2 775 249 800 төгрөгийн 2 326 467 000 төгрөг нь “Ж ” ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 33 сарын төлбөр. Харин үлдэх 448 782 800 төгрөгийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1871 дүгээр магадлалын дагуу төлөх ёстой 932 873 000 төгрөгийн өрөнд төлсөн төлбөр юм.

Улмаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ж ” ХХК-д холбогдох иргэний хэргийн буюу Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр дээр дурдсан 1871 дүгээр магадлалын дагуу төлөх 937 685 315 төгрөгөөс 403 926 001 төгрөгийг төлж, төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоосон.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Н холбогдуулан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар “Э” ХХК-аас 932 873 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 822 315 төгрөг, нийт 937 695 315 төгрөгийг гаргуулж “Ж ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1хх18-36/

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Э” ХХК-ийн харилцан дансыг битүүмжилж, түүний данснаас 554 535 315 төгрөгийг хураан авч “Ж ” ХХК-д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь “Ж ” ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2 326 467 000 төгрөгийн үйлчилгээг авч 2 775 249 800 төгрөг төлсөн буюу 448 782 800 төгрөгийн илүү төлсөн тул уг илүү төлөлтийг шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан 937 695 315 төгрөгийн төлбөрт тооцох ёстой гэж, хариуцагч байгууллага нь төлбөр авагч “Ж ” ХХК-аас төлбөр төлөгдсөн талаар тайлбар ирүүлээгүй гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.

 

Хэргийн 208 дугаар талд “Э” ХХК нь “Ж ” ХХК-д холбогдуулан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалын дагуу төлбөл зохих 937 695 315 төгрөгийн төлбөрийн үүргээс 448 782 800 төгрөгийг төлж, 448 782 800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасныг хүлээн авч 102/ШЗ2019/12764 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, мөн хэргийн 227 дугаар талд авагдсан тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр “Э” ХХК нь “Ж ” ХХК-д төлөх 937 695 315 төгрөгөөс 403 926 006 төгрөгийг төлж, 403 926 001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож шийдвэрлэсэн баримт байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэх тайлбарыг талууд гаргасан тохиолдолд анхан шатны шүүх энэ баримтын талаар талуудаас тодруулж, тухайн маргааны зүйлтэй холбоотой асуудлаар өөр шүүхэд хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлэх, эсхүл мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзвэл энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                      

                             ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА