| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2022/0183/Э |
| Дугаар | 0078 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 0078
Л.Мад холбогдох эрүүгийн хэргийн
тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Э
Шүүгдэгч Л.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Мад холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Л-н М,
Л.М нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Г-г байнга буюу 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын эхээр, 2021 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө аймгийн сумын багт байрлах “Me” хотхоны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Г-г толгойгоор нь газарт унагах, толгойн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч С овогт Л-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан, шүүгдэгч Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож,
шүүгдэгч Л.Мыг дээрх 9 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нь 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хамгийн бага хэмжээгээр багасгаж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтанд өөрчлөлт оруулж, торгуулийн ялаар өөрчилж өгнө үү ... зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү ” гэв.
Прокурор Л.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Мын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Л.М нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Гг байнга буюу 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын эхээр, 2021 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2021 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө аймгийн сумын багт байрлах “M” хотхоны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Гг толгойгоор нь газарт унагах, толгойн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
хохирогч Н.Ггийн хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.О, Г.Б, Б.З, Л.Э, Т.Э, насанд хүрээгүй гэрч М.Ц нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Мын гэм бурууг тогтоож, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Л.М нь “ ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр прокурорын зөвшөөрснөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болохоор зохицуулсан бөгөөд шүүгдэгч нь хуульд заасан дээрх журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ