Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 880

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Ц-н Б-д холбогдох эрүүгийн 1706 0037 80330 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд удаагийн ял шийтгэлтэй, Ө овогт Ц-н Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 2-32 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Я.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр өдөр  Б, зүс таних София гэх хүмүүстэй гудамжинд таараад манайд очихоор болсон. Манайд очоод хоол хийж идээд нэг шил архи уугаад сууж байхад хашааны хаалга нүдээд байх шиг байхаар нь гараад очтол Б гэх зүс таних эмэгтэй ганцаараа зогсож байсан. Намайг хаалга тайлахад юу хийгээд байгаа юм удаан тогшлоо шдээ гээд нилээд уцаарлангуй хэлсэн, ирэхдээ архи уусан байсан. Тэгээд орж ирээд Б, София бид хэдийн ууж байсан архинаас жоохон уугаад надад агсам тавьж эхэлсэн. Б хэзээ байхдаа чи ийм байсан юм бэ гээд над руу салаавч гаргаад амны хажууд салаавчтай гараа тулгаад байсан. 4 удаа над руу салаавч гаргаж, элдвээр хэлээд байхаар нь би уурлаад баруун гараа тулгаж байгаад баруун гараараа түлхэх майгтай нэг удаа цохисон. Тэгээд тэр дор нь чиний буруу миний буруу гэж ярилцаж байгаад бид нар эвлэрсэн. Тэгээд үлдсэн архиа хувааж уугаад салсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Хохирогч Я.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 30 минутын үед танидаг С гэдэг хүүхэн рүү залгахад хүрээд ир гэсэн. Намайг очиход Ж, Б, С нар нилээн халамцуу сууж байсан. Миний авч очсон архийг ууж дуусаад Жижээ гичийнүүд минь унтацгаа гэхлээр нь би юу гэж танайд унтаж байдаг юм, чи ч гэсэн өөрөө гичий гэж хэлсэн чинь босож ирээд миний зүүн нүд рүү гараара цохисон, энэ үед Б гараад явсан, араас нь София бид хоёр гараад явсан. Тэгээд уучлал гуйх байх гээд хүлээгээд байсан чинь ирээгүй, гэрт нь очиход Ж согтуу над руу та нар яадаг юм, явдаг газраараа яв гэж хэл амаар доромжлоод байсан юм. Ийм учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Гэрч Х.Софияагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Гачууртын эцэст Б, Бя нартай таараад тэдний гэр рүү очоод хоол хийж идээд нэг шил архи Бя авсан байсан түүнийг уух гээд сууж байхад Б над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь би Бя ахынд байна гэж хэлсэн. Б удалгүй согтуу орж ирсэн. Б орж ирчихээд хаалга удаан онгойлголоо гээд Бя ах руу дайраад нэг шил архи хувааж уусан. Б Бя ахын ам руу май бандиа гээд олон удаа салаавч өгөөд байсан тэгээд Бя ах хойшоо бай гээд нэг удаа гараараа түлхсэн, Б орон дээл унасан. Тухайн үед аль нүдийг нь санахгүй байна, хөхөрсөн байсан, тэгээд эвлэрээд архиа уугаад салсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 43, 49-50 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8723 дүгнэлтэд “Я.Б-н зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 2-32 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Я.Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.