| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04786/И |
| Дугаар | 181/ШШ2024/03499 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/03499
2024 09 25 181/ШШ2024/03499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, байрлах М... ББСБ ХХК /РД: //-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Д... /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч М... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Д эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн 4387091493 регистрийн дугаартай С.Д... нь өөрийн эзэмшиж байсан 99935515 дугаар дээр 2021 оны 12 сарын 01-ний өдөр 140000 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.Д нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 12 сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
М... ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Орхон аймаг, тоот хаягаар шүүхэд хандсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 142/Ш320 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд дурдсан дугаар ашиглалтад байхгүй, холбогдох боломжгүй гэх мөн хариуцагч нь ут хаягт оршин суудаггүй гэх багийн Засаг даргын тодорхойлолтод үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь С.Д зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.
С.Дийн зээлийн гэрээний үүрэг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү төгрөг 246,575, нэмэгдүүлсэн хүү 46,866 нийт 793,441 /долоон зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин нэг/- төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
Иймд регистрийн дугаар С.Д...ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М... ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14000 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эрх нээх өргөдлийн маягтын хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШЗ2 дугаар захирамжийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Дийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
1. С.Д нь М... ББСБ ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШЗ2 дугаар захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоот хаягт хариуцагч байдаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч М... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Дийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар С.Д... /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Дийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Дийн оршин суугаа хаягийг олж тогтоон М... ББСБ ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ