Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 320

 

Н.М-ын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн

Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох,Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0280 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Н.М,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б, түүний өмгөөлөгч Ц.Э нар,

Хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б, гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр   

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр:  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.д, 18.1.2.а, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дугаар тогтоол, мөн өдрийн 03/02 дугаар тогтоолыг тус тус, мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0280 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга:  “... Захиргааны  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  3  дугаар зүйлийн 3.1.3, 52  дугаар  зүйлийн  52.2.2-т  зааснаар  хариуцагчаа  тодорхойлж шүүхэд  нэхэмжлэл  гаргана  гэж  зааснаар  Н.М  нь  Баянхонгор аймаг дахь  Захиргааны  хэргийн  анхан  шатны  шүүхэд  Баянхонгор  аймгийн  Засаг   дарга, Баянхонгор  аймгийн  Бөмбөгөр  сумын  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй.

4. Гэтэл шүүх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар бүхий тогтоолуудыг хүчингүй болголоо.

5. Шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийг нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлсон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэсэн ч үндэслэх хэсэгтээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж өөрөө дүгнэлт хийн шийдвэрээ гаргажээ.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 22 дугаар зүйлд хурлын даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Энэхүү хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн шүүх хуралд оролцсон.

7. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг Хурлын дарга шийдвэрлэж гаргаагүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

8. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэж тодорхойлсоор байхад нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох эрхэд халдаж өөрсдийн санаачлагаар Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгосон.

9. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д, 18.1.2а-д заасныг зөрчсөн гэжээ.

10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хамаардаг.

11. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1а-д зааснаар тус хурлаас баталсан чиглэл, хөтөлбөрүүдийг Засаг дарга хэрэгжүүлж түүнийхээ хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах үүрэгтэй бөгөөд Хурал өөрийн баталсан чиглэлийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй.

12. Монгол  Улсын  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай  хуулийн  18  дугаар  зүйлийн  18.1.1-д  зааснаар  Баянхонгор аймгийн  Бөмбөгөр  сумын   иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  2017  оны  6  дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус сумын Засаг даргын “сумын 2017 оны нийгэм,  эдийн  засгийг  хөгжүүлэх  үндсэн  чиглэл”-ийг  зохион  байгуулсан  ажилд үнэлэлт,  дүгнэлт  өгснийг  хууль  зөрчсөн  гэсэн  нь  хууль  зүйн  үндэслэлгүй юм.

 

13. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017.07.19 -ний өдөр ... дүгээр тогтоол гаргаж 2017.08.04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдуулахаар тов тогтоосон. 2017.08.04-ний өдөр 21 төлөөлөгч хуралд орохоос 17 төлөөлөгч оролцож, 4 төлөөлөгч оролцоогүй. Нэхэмжлэгч сумын Засаг дарга, төлөөлөгчийн хувиар тус хуралд орж хэлэлцсэн асуудал бүрээр санал өгч оролцсон.

14. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар төлөөлөгчдийн олонхи ирсэн тул хүчинтэй хурал юм. Шүүхийн үндэслэл болгож буй асуудлууд нь хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын алба бэлтгэлийг хангаж хуралдаан амжилттай хуралдсан.

15. Тухайн өдрийн хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож хэлэлцсэн асуудал бүрт үг хэлэх, таслах эрхтэй оролцсон. Нэхэмжлэгч Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтанд оролцож саналаа өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01 тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017   оны   8   дугаар   сарын   4-ний   өдрийн   03/02   тогтоолыг   хүчингүй   болгох шаардлагын тухайд: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 17 төлөөлөгч оролцож төлөөлөгчдийн олонхи оролцсон тул хүчин төгөлдөр хурал болсон.

16. Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн, гэтэл харин ч тухайн хурлаар Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх эрх бөгөөд үүнийхээ дагуу Засаг даргыг огцруулах санал уламжлах тогтоол гаргасан учир Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар уламжилсан тогтоол гаргасан. Энэ үйл явцад хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулинд Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх ажиллагааг нэг хуралдаанаар хэлэлцэхийг хориглосон зохицуулалт байхгүй байхад шүүх хууль зөрчсөн гэж үззж байгаагаас үзвэл тухайн тогтоолыг ямар нэг аргаар хүчингүй болгож нэхэмжлэгч талд үйлчилж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг огцруулах санал гаргах болон нэр дэвшүүлэх асуудал нь өөрийнх нь онцгой бүрэн эрхийн асуудал бөгөөд улс төрийн шийдвэр юм.

17. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

18. Баянхонгор  аймгийн  Засаг  дарга  Баянхонгор  аймгийн  Бөмбөгөр  сумын иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурал  нь  Монгол  Улсын  засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний  удирдлагын  тухай  хуулинд  заасан  бүрэн эрхээ хэрэгжүүлж Н.Мыг огцруулах санал уламжилж, Засаг даргад нэр дэвшүүлсэн тул захирамжуудыг гаргасан. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолууд хуулийн дагуу гарсан тул хууль зөрчсөн аймгийн Засаг даргын захирамж биш юм.

19. Дээрх  нөхцөл  байдлыг  дүгнэн  үзвэл  Баянхонгор  аймгийн  Засаг  дарга,  Баянхонгор  аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурал  нь   Монгол  Улсын  Засаг  захиргаа,  нутаг   дэвсгэрийн   нэгж,   түүний   удирдлагын тухай хуулинд заасан эрхээ хэрэгжүүлж тогтоол, захирамж гаргасан тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

20. Гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнийн гомдол: “... Нэхэмжлэгч Н.М нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан шаардлагыг хангаагүй тул Бөмбөгөр сумын Засаг даргаар ажиллах боломжгүй юм.

21. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4 дэх заалтуудад төрийн албыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай,  төрийн үйлчилгээний алба гэж ангилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Н.Мын  ажиллаж байсан байгууллагууд нь дээрх ангилалд хамрагдахгүй бөгөөд Н.М нь төрийн албанд ажилласан биш улсад ажилласан жилд орох юм.

22. Мөн сумын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг явуулах талаар сумын хурлын нэр, гарын үсэг бүхий 11 төлөөлөгчийн хүсэлт ирсний дагуу хуулийн дагуу хуралдаан болсон бөгөөд хүсэлтэндээ сумын Засаг даргыг огцруулах үндэслэлүүдийг тодорхой бичсэн байдаг. Эдгээр асуудлуудыг анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд нь анхаарч үзэхгүй байгаа нь шүүх хурлууд нь нэг талд буюу нэхэмжлэгчийн талд үйлчилсэн гэж үзэж байна.

23. Иймд, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Н.Мын төрийн албанд ажилласныг дахин шалгуулж, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            24. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            25. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 03/01 дүгээр тогтоолоор Бөмбөгөр сумын Засаг дарга Н.Мыг “албан тушаалаас нь огцруулах”, 03/02 дугаар тогтоолоор "... Д.Мөнх-Эрдэнийг сумын Засаг даргаар томилуулах" шийдвэр тус тус гаргахдаа хуулиар тусгайлан тогтоосон журмыг зөрчсөн талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

26. Тухайлбал, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 05 (04 болгож гараар засварласан)-ны өдрийн 10 цагт хуралдуулах”-аар, “... хуралдаанаар ... сумын Засаг дарга Н.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай төлөөлөгч нарын гаргасан саналыг авч хэлэлцэх”-ээр шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхдээ, нийт төлөөлөгчдөд хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг урьдчилан танилцуулаагүй, “сумын Засаг даргыг огцруулах” асуудал хэлэлцүүлэхээр Хуралд оруулсан саналыг хэлэлцэхдээ тухайн саналд холбогдох үндэслэлийн талаар болон, гарах шийдвэрийн төслийг Төлөөлөгчдөд хүргүүлж, танилцуулаагүй, түүнчлэн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан хэлэлцэх асуудалд ороогүй “Засаг даргад нэр дэвшүүлэх” асуудлыг хэлэлцсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “.../Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бол/ саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг тус тус зөрчжээ.

27. Иймд,  Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй, шүүхүүд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг маргаан үйл баримтуудад холбогдуулан тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...тогтоолууд хуулийн дагуу гарсан, ... Хурлын бүрэн эрхэд халдсан”, “... нэхэмжлэгчийн талд үйлчилсэн” гэх хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

38. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598 дугаар захирамжаар “... Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дүгээр тогтоолыг ... үндэслэн ... сумын Засаг дарга Н.Мыг ... үүрэгт ажлаас нь /огцруулж/...”, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжаар “...Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/02 дугаар тогтоолыг ... үндэслэн ... Д.М-Э-ийг сумын Засаг даргаар /томилж/” шийдвэрлэсэн, захирамжуудын үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолууд нь дээрх байдлаар хууль бус болох нь тус тус тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын маргаан бүхий 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг мөн “хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

29. Харин, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “...тухайн шатны Хурал /Засаг даргыг/ бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга...-д хүргүүлнэ”, 32.3-т “... дээд шатны Засаг дарга ... саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн нь Засаг даргын уг асуудлаар шийдвэр гаргах боломжит хугацааны цаад хязгаарыг 5 хоногоор тогтоосон, түүнчлэн, аймгийн Засаг даргын шийдвэр гаргах эрхийн зохицуулалт нь тухайн тохиолдолд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аливаа “асуудал хэлэлцэх”, хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргах эрхийг цаг хугацааны хамаарлаар, эсхүл өөр бусад нөхцлөөр хязгаарлагдахгүй.

30. Шүүхүүд уг асуудлаар “... /маргаан бүхий/ тогтоолуудыг нэг өдөр гаргасан ... нь буруу”, “... аймгийн Засаг дарга ... /маргаан бүхий/ тогтоолыг ... хүлээн авсан өдөртөө нэхэмжлэгч Н.Мыг Засаг даргаас огцруулсан ... /нь буруу/” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, гэхдээ энэ нь, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолууд, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598,  2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн бусад үндэслэлүүдийг үгүйсгэх, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

31. Түүнчлэн, шүүхүүд “захиргааны акт гаргах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ тохиолдолд, “... Н.М нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан шаардлагыг хангаагүй”, “... үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн” гэх зэрэг үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй, энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

32. Нэхэмжлэгч Н.Маас анх “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “Баянхонгор аймгийн Засаг дарга”-д тус тус холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхээс хариуцагч “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг төлөөлүүлж Хурлын дарга С.Баатарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнчлэн, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “хөөн хэлэлцэх хугацааг хүндэстгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн ... /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/” үндэслэлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

33. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Баатар, гуравдагч этгээд Д.Мөнх-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0280 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Б, гуравдагч этгээд Д.М-Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Д.М-Э-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА