Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 206

 

 

А.Б, Ц.Б, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар магадлалтай, А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох 1802002580208 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал нарын хамтран гаргасан гомдол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Н овогт А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ц.Б,

3. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Б.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан “Бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б , Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 03 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн  эзэмшлийн 66-08 СЭА улсын дугаартай “Hino Profia” загварын тээврийн хэрэгслийг, уг тээврийн хэрэгслийн 01567469 дугаартай гэрчилгээ, албан татвар төлөгчийн гэрчилгээ, албан журмын даатгалын гэрээний маягт, тээврийн хэрэгслийн түлхүүр 2 ширхэг, ачааны бүхээгийг цоожилсон цоожны 3 ширхэг түлхүүр зэргийн хамт хурааж, улсын орлого болгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 300 см урттай, 30 см өргөн, 15 см өндөртэй 249 ширхэг зүсэж бэлтгэсэн модыг хууль ёсны өмчлөгч З.Б-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал нар хамтран гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь нэр томьёоны хувьд хууль бусаар мод бэлтгэх гэж хуульчилсан байх бөгөөд хуулийн агуулгаас үзвэл “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” тохиолдлыг гэмт хэрэг гэж үзэхээр байна. Бидний үзэж байгаагаар шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хууль бусаар бэлтгэсэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх шинжийн тухайд зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэгдсэн мод, модон материалыг тээвэрлэсэн тухай ойлголт гэж үзэж байна. Тодруулбал зохих зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй бэлтгэгдсэн мод, модон материалыг тээвэрлэсэн нь энэ гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэн гаргасан эсэргүүцэлдээ “...Прокуророос эд мөрийн баримтаар хураагдсан, зүсэж бэлтгэсэн 249 ширхэг модыг хэрэгт хамааралгүй иргэн З.Б-т олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаан шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, хууль хэрэглээний талаар нэг мөр ойлголттой болох үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэсэн шинжүүдийг агуулж байгаа нь нэгд, ойд мод бэлтгэхдээ зөвшөөрөл авсан байх, хоёрт, мод, модон материалыг бэлтгэхдээ, тээвэрлэхдээ, худалдах, худалдан авахдаа заавал гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой гэсэн хоёр тусдаа бичиг баримттай байх шаардлагыг хангасан байхаар хуульчилжээ. Иймд А.Б  нар нь иргэн З.Б-ын захиалж бэлтгүүлсэн мод, модон материалыг түүнтэй тохиролцон хөлс авч тээвэрлэхдээ “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” нь дээрх гэмт хэргийн бие даасан нэг шинжийг агуулсан гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагаагаар тээвэрлэгч А.Б  урьд өмнө нь ойгоос мод бэлтгэж, тээвэрлэдэг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэх нь хууль бус гэдгийг анхнаасаа мэдэж байсан, тийм ч учраас мод ачсан өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг найз Б.Энхзоригоор жолоодуулж, өөрөө Ц.Б-ийн  “Приус” загварын автомашиныг унаж тэдний замд цагдаа байгаа эсэхийг урьдчилан шалгаж явсан байдаг. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан, эд мөрийн баримтаар тооцогдсон 249 ширхэг эгэл нарс модыг хэрэгт хамааралгүй З.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс зэргийг эд мөрийн баримтад тооцохоор заасан.

Гэмт хэргийн эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох, эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйл ч хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай билээ. Харин эд мөрийн баримт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тул хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна. Харин модыг тээвэрлүүлэх захиалга өгсөн иргэн З.Б- нь мод, модон материал тээвэрлэхэд оролцоогүй, түүнчлэн тухайн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэдгийг мэдээгүй бөгөөд А.Б  нар нь түүнээс гарал үүслийн гэрчилгээг шаардаагүй, хууль бус гэдгийг мэдсээр байж 500,000 төгрөгийн хөлс авч модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн байдаг.

Иймд магадлалд дурдсан эхний үндэслэл буюу 249 ширхэг нарс модыг тээвэрлүүлсэн З.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн зохион байгуулагч” байж болзошгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтаар шүүгдэгч А.Б  нарын тээвэрлэж явсан модыг зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн эсэхийг шалгаж, байгаль экологид хичнээн төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад уг мод нь зохих журмын дагуу бэлтгэгдсэн болох нь тогтоогдсон тул А.Б  нарыг хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б , Б.Э нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь нэр томьёоны хувьд хууль бусаар мод бэлтгэх гэж хуульчилсан бөгөөд хуулийн агуулгаас нь үзэхэд, “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” тохиолдлыг гэмт хэрэг гэж үзэхээр байна. Бидний үзэж байгаагаар шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хууль бусаар бэлтгэсэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх шинжид зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэгдсэн мод, модон материалыг тээвэрлэсэн ойлголт гэж үзэж байна.

Тодруулбал, зохих зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй бэлтгэгдсэн мод, модон материалыг тээвэрлэсэн нь энэ гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос эд мөрийн баримтаар хураагдсан, зүсэж бэлтгэсэн 249 ширхэг модыг хэрэгт хамааралгүй иргэн З.Б-т олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцааж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, хууль хэрэглээний талаар нэг мөр ойлголттой болох үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэсэн шинжүүдийг агуулж байгаа нь нэгд, ойд мод бэлтгэхдээ зөвшөөрөл авсан байх, хоёрт, мод, модон материалыг бэлтгэхдээ, тээвэрлэхдээ, худалдах, худалдан авахдаа заавал гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой гэсэн хоёр тусдаа бичиг баримттай байх шаардлагыг хангасан байхаар хуульчилжээ. Энэ хэргийн хувьд зөвшөөрөлтэй бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн юм.

А.Б  нар нь иргэн З.Б-ын захиалж бэлтгүүлсэн мод, модон материалыг түүнтэй тохиролцон хөлс авч тээвэрлэхдээ “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх нь үзээд хэргийг буцааж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолд 249 ширхэг нарс модыг улсын орлого болгож магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал нарын хамтран гаргасан гомдол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Б, Ц.Б, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.Б, Ц.Б, Б.Э нарыг бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 249 ширхэг эгэл нарс модыг 66 08 СЭА улсын дугаартай “Hino Profia” загварын бүхээгтэй ачааны автомашинаар тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.Б, Ц.Б, Б.Э нарыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн модыг З.Б-т буцаан олгохоор шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хууль ёсны баримтаар тогтоогдсон эсэх, үйл баримттай холбоотой хүмүүсийг бүхэлд нь шалгасан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

З.Б- нь мод бэлтгүүлэх, худалдан авах захиалгыг Ж.А, Б.А нарт, уг модыг тээвэрлүүлэх захиалгыг А.Б д тус тус өгсөн талаарх нотлох баримтууд хэрэгт цугларч, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан атлаа энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн эсэхэд огт дүгнэлт өгөлгүйгээр хууль бусаар тээвэрлэсэн модыг З.Б-т буцаан олгосон нь ойлгомжгүй болсон бөгөөд энэ хэргийн эд мөрийн баримтыг хуульд заасан журмын дагуу хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн мод бэлтгэх ажиллагаа нь хуульд заасан зохих журмын дагуу явагдсан бөгөөд уг ажиллагаанд З.Б- оролцоогүй боловч модыг худалдаж авах, тээвэрлэх үйл ажиллагааг захиалж, төлбөр төлсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдлүүд нь тус бүрдээ энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дангаараа хангана гэж үзвэл худалдагч, худалдан авагч, тээвэрлэгчийн хэн, хэнийх нь үйлдэл Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” үүргийг биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн энэ хэргийн нөхцөлд “худалдан авагч, тээвэрлүүлэгч” нь нэг хүн бөгөөд тээвэрлэгчийг хөлсөлсөн нөхцөл байдалд гэмт хэргийн хамтран оролцогчийн ямар хэлбэр тогтоогдож байгаад шалгалтын ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг аль аль шатанд хангаж ажиллах ёстой.

Дээрх үндэслэлүүдээс гадна гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсоор бэлтгэгдсэн модыг гэрчилгээгүй худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхдээ хууль тогтоогчийн санаа зорилго, гэмт хэргээс хамгаалж буй харилцааны мөн чанарыг тодорхойлох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангах үндэслэл болохыг тэмдэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал нарын хамтран гаргасан гомдол, прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1046 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Д.Амаржаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН