Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 882

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 1703 0000 10099 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н Б         

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой 18 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хил хамгаалах ерөнхий газрын баруун хойд уулзварт Д.Оын эзэмшлийн Хьюндэй Грэйс маркийн 63-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 5.1-д заасан “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”, 5.6-д заасан Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байсан. Найз Б намайг машин засдаг болохоор хямд засаад өгөөч гээд дуудахаар нь хүүхдүүдээ айлд үлдээчихээд, машиныг нь авч явж байгаад өөрийнхөө болгоомжгүй байдлын улмаас хохирогч Ё.Г-г дайрч биед нь хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим танил найз Болдоогийн Х.Грейс маркийн УНН улсын дугаартай автомашины заалны дунд талын хаалгыг засаж өгөхөөр тохироод Шархаднаас аваад гэр рүүгээ ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тал руугаа явж байхад Баянзүрх дүүргийн Хил хамгаалах Ерөнхий газрын баруун хойд талын уулзвар дээр ирэхэд зөвшөөрсөн ногоон гэрэл унтраад шар гэрэл асаж байхаар нь урсгал сөрөөд амжаад гарчих санаатай уулзвар руу ортол явган хүний гарцаар гарч явсан эмэгтэйг машиныхаа толь хэсгээр шүргээд унагаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 78-79 дүгээр хуудас/,

Хохирогч Ё.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад 10 жилийнхээ хүүхдүүдтэй уулзах гээд гэрээсээ гараад Хил хамгаалах Ерөнхий газрын баруун хойд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт зам хөндлөн гараад явж байтал зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд зогсож байсан суудлын автомашины урд талаар нь Х.Грейс УНН дугаарын автомашин нь урсгал сөрж гарч ирээд намайг мөргөсөн юм. Би зам дээр нилээн шидэгдэж унасан тэгтэл уг машины жолооч бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад байж байтал хажуугаар явж байсан хүмүүс 102 болон 103 дуудлага өгч байсан. Би эмчилгээний болон утас эвдрэл гэж мөргөсөн жолооч Б.Бас 2 сая төгрөг авсан болохоор ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй ба миний биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-26 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Д.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...63-51 УНН улсын дугаартай Хьюндэй Грейс маркийн автомашин миний нэр дээр байдаг юм. Энэ машиныг би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр худалдаж авсан юм. Би 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн танил болох Б-д үлдээгээд янзлаад байж байгаарай гэж хэлээд хөдөө явсан. Тэгэхэд Б би жолооны үнэмлэх байхгүй өөрийн найзаараа таны машиныг унуулж байя гэсэн. Тэгээд би тэг тэг гэж хэлчихээд 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр жолоодож яваад хүн шүргэсэн талаар мэдсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй үнэлгээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹468 дүгнэлтэд “Ё.Г-д тархины доргилт, зүүн тавхайн завь хэлбэрийн ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, ахар сүүлний 1, 2-р нугалмын мултрал, зүүн тохой, 2 өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэжээ /хэргийн 47 дугаар хуудас/,

Осол, хэрэг гаргасан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-16 дугаар хуудас/,

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тус тус тогтоогдожээ /хэргийн 19-20 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 40-44 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 53-57 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой 18 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хил хамгаалах ерөнхий газрын баруун хойд уулзварт Д.О-ын эзэмшлийн Хьюндэй Грэйс маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 5.1-д заасан “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”, 5.6-д заасан Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ё.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүндрүүлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Хохирогч нь хэрэгт 1.741.100 төгрөгний хохирлын баримт ирүүлсэн боловч шүүгдэгч нь 2.000.000 төгрөг төлсөн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.