Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1191

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Э ын хариуцагч Л.М, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 144 610 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.М ын гуйлтаар 2015 онд Дархан-Уул дахь Э ХХК-аас 10 000 000 төгрөгийг өөрийн Ландкуйзер 100 маркийн машинаа барьцаалж, 1 сарын хугацаатай сарын 6 хувь хүүтэй зээлж, Л.М ын өгсөн дансанд шилжүүлсэн. 1 сарын дотор буцаагаад төлнө гэхээр нь мөнгийг өгсөн. Гэтэл 2-3 удаа хэл ам, хэрүүл хийж, сарын хүү 600 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш төлөхгүй байсаар би 2016 оны 05 дугаар сарын 14-нд Э ХХК-тай хийсэн зээлийн олон барьцааны гэрээг өөрчилж, 2015 онд авсан зээл хүү алдангитай 15 144 160 төгрөг болж өссөн ба энэ байдлыг Л.М т утсаар удаа дараа ярьж хэлдэг боловч ганц төгрөг төлөөгүй. Арга ядаад 2015 оны 05 дугаар сарын 25-нд сарын 6 хувь хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан боловч мөн л төлнө гэсээр өнгөрсөн. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-нд өөрийн гараар тодорхойлолт бичиж эхлээд 11 000 000 төгрөг төлнө гэсэн ч төлөөгүй. Иймд Л.М аас 16 144 610 төгрөг гаргуулж өгнө үү. Би Б тэй өөрийн нэр дээр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувь хүүтэй, зээлийн гэрээ байгуулж, Л.М т өгсөн. Гэтэл энэ мөнгийг мөн л төлөхгүй худал ярьж байсан ба 1 удаа Л.М ыг олж, хүү 300 000 төгрөгийг Б тэй хамт явж байгаад төлүүлсэн, үүнээс хойш 1 000 000 төгрөгийг төлнө гэж хэлээд төлөөгүй. Б  надтай зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжилж шүүхэд хандсан, би тэр мөнгийг аваагүй тул эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлье. Би энэ зээлийг аваагүй байж нэр төрөө унагамааргүй байна гээд эвлэрч, би төлж барагдуулсан. Л.М одоо болтол надад төлж барагдуулаагүй байгаа тул 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн “Энхжин инвест” ББСБ-аас 10 000 000 төгрөгийг Л.М т авч өгөхөд машины түлхүүрийг “Энхжин-Инвест” ХХК авч үлдсэн, Л.М надаас авсан зээлээ төлөөгүй тул Э ХХК-аас Дарханд ирж, 2015 оны өвөл “Цуурай-Цо” ХХК-ийн эзэн Цогоогоор онгойлгож, машиныг минь хот руу авч явсан. Энэ мэтчилэн машиныг 2016 онд 2 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа нийт 5 удаа машинд түлхүүр тааруулан, надад мэдэгдэлгүй бензин хийж, хотод өөрийн гараждаа хийсэн байсан. Ингээд машиныг хотоос авчрах гэж очих, буцах гаражийн зардал, бензиний зардал зэрэгт 1 удаа удаа 200 000 төгрөг зарцуулдаг, 5 удаа ирж 1 000 000 төгрөг зарцуулсан, мөн очих бүртээ Э ХХК-д хүү, торгууль төлж машинаа буцааж авдаг байсан. Энэ талаар хэлж, хохирлоо төл, маш их хохирч байна гэдэг ч удахгүй гээд алга болдог. Иймд учирсан хохиролд 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.М аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 11 дүгээр сард И.Э ын Ланд 100 автомашин нь авто ломбарданд 3 300 000 төгрөгийн барьцаанд байсныг би Б.Г аас мөнгө авч хамт явж чөлөөлсөн. Ингээд И.Э оос 10 000 000 төгрөг зээлж зээлийн эргэн төлөлтийг дараах байдлаар төлсөн. Автоломбарднаас И.Э ын машиныг чөлөөлсөн 3 300 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Би өөрөө худалдан авсан 55 квт-ын 1400 об/мин эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийг “Дархан Ус суваг” ТӨХК-д 6 000 000 төгрөгөөр өгөхөөр ярьж тохиролцоод байх үед И.Э надад миний нэр дээр орлогод авахуулчих, би захирал н.Эрдэнэбаярыг танина мөнгийг нь хурдан шилжүүлээд авна гэхээр нь И.Э ын нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орлогод авахуулсан. Энэ 6 000 000 төгрөгийг И.Э шилжүүлж авсан. Мөн И.Э ын  Хаан банкны дансаар 1 500 000 төгрөгийг 2 удаа, 1 000 000 төгрөг болон 500 000 төгрөг, 800 000 төгрөгийг шилжүүлж байсан. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр найз н.А ын гараашийг Киви-гийн захирал н.Э т  зарж, 6 000 000 төгрөгийг бэлнээр И.Э болон түүний эхнэр н.Б д өгсөн. Ингээд И.Э оос зээлж авсан 10 000 000 төгрөгийг 20 гаран сая төгрөг болгон эргүүлэн төлсөн. Гэтэл И.Э нэг ч төлөлт хийгээгүй гэж худлаа гүтгэж байна. И.Э оос 10 000 000 төгрөг зээлж авах үед бидний хооронд зээлийн гэрээ үйлдээгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Б ээс зээлсэн мөнгийг би авч хэрэглээгүй. И.Э өөрөө 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б ээс 1 000 000 төгрөг зээлсэн байсан тэгээд надад 2015 оны 12 дугаар сард чи төлчих нөгөө надад өгөх мөнгөнөөс чинь хасаад тооцоё гээд надаар Б ээс зээлсэн мөнгийг би төлнө гэсэн бичгийг хийлгүүлж авсан. Ингээд хэсэг хугацааны дараа Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч утасдаад И.Э ын Б д төлөх ёстой 1 000 000 төгрөгийг таныг төлөх ёстой гэж И.Э хэлээд байна гэхээр нь би за гэсэн. Ингээд би 2016 оны 01 дүгээр сард Б д нэг үхрийн махыг 700 000 төгрөгт бодож өгөөд 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мах өгч байхыг шийдвэр гүйцэтгэгч н.Насанчимэг харсан. 2016 оны 01 дүгээр сард төлбөр төлөгдөөд дууссан асуудал яригддаггүй, мартагдсан байсан, гэтэл И.Э гаргаж нэхэж байна. “Энхжин инвест” ББСБ-ын зээл хариуцсан хүний буруутай ажиллагаанаас гарсан хохирлыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. И.Э той ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул үүрэг хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Л.М аас зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогтой Ломбын Мөнхбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөг гаргуулан, Хатагин овогтой Ишдоржийн Э од олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 144 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Ц д холбогдох шаардлагаасаа И.Э нь татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 238 673 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Номингоос төлсөн 46 950 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 46 950 төгрөгийг нөхөн гаргуулж, орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн И.Э би Э ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын үед өөрийн Ланд круйзер машинаа барьцаалж 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авч Л.М ын өгсөн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш сарын дараа Л.М нь зээлийн хүүнд 600 000 төгрөгийг 1 удаа төлсөн. Үүнээс хойш дахин төлөлт хийгээгүй, бидний хооронд бөөн хэл ам болсон. Зээл авах үед миний машин өөр газар 2 000 000 гаран төгрөгний барьцаанд байсан ба Б.Г аас мөнгө авч зээлийг чөлөөлсөн бөгөөд энэ мөнгөө Б.Ганбатад ямар журмаар буцааж өгөх талаар яаж тохирсоныг би мэдэхгүй, мөн энэ мөнгөө надтай тооцох талаар юу ч яригдаагүй. Тухайн үед Э ХХК-ийн толгой компани нь “Цуурай Цо” компанийн 3 давхарт байрлаж байсан бөгөөд Улаанбаатар хот шилжихээр болж салбар нь Дархан сумын 8-р багийн “Мөнгөн хөөс” угаалгын газрын 1 давхарт үйл ажиллагаагаа явуулах үед зээлийн гэрээ болон фидуцийн гэрээгээ 2016 оны 05 дугаар сарын 14-нд шинэчлэн байгуулсан. 2014 оны 10 дугаар сард анх зээл авсан, зээлээ 2016 оны 05 дугаар сарын 14-нд дахин шинэчилсэн, иргэн Л.М нь 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 10 000 000 төгрөгийг би өөрөө төлж барагдуулна гээд гарын үсгээ зурж өгсөн бичиг, би 2019 оны 03 дугаар сарын 18-нд Л.М т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүгч хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж дүгнэсэн мөртлөө дээрх хугацаанаас харахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хугацаа харагдахгүй байгаа бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, улаан цайм хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хувийн бодлоороо шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотой бүхий л нотлох баримт хавтаст хэрэгт бүгд байгаа болно. Иргэн Л.М т иргэн И.Э би зээл авч өгч, түүнээс учирсан хохирлоо нэхэмжилж байхад шүүгч “Л.М нь зээл авсан нь тогтоогдохгүй байна гэж юуг үндэслэж, ямар зорилгоор бид хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн мэт дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Л.М нь надаар Э ХХК-аас миний машиныг барьцаалж 10 000 000 төгрөгийг “гаалийн татвар төлөх гэсэн юм, бараа ороод ирсэн байгаа” гэж зээл авахуулсан асуудлыг баримтжуулах зорилгоор Л.М бид хоёрын хооронд хийсэн бичмэл зээлийн гэрээг үнэлж дүгнээд байгаа нь утгагүй юм. Анх Б.Г аас мөнгө авч машиныг барьцаанаас чөлөөлсөн, мөн манай найз Энхтайваны дүү Баянмөнх гэгчийг хуурч мэхлэн “Ус суваг”-т өгнө гэж усны моторыг тухайн байгууллагын хог хадгалдаг зааланд нь аваачиж хаячихаад 5, 6 сар болсон. Мөн Баянмөнхөд өгөх ёстой мөнгөнөөс 1 800 000 төгрөгийг дутуу өгсөн, Амараа гэгчээс 3 000 000 төгрөг бэлнээр авч надад өгсөн зэрэг бүх л төлбөр тооцооны асуудапд Л.М аас ганц ч төгрөг гаргаагүй дандаа иргэдийг хуурч мэхэлж, хохироосон байхад миний авч өгсөн зээлээс учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан мэт ямар ч тэнэг биш хүн ойлгохоор бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байхад энэ бүхнийг үл хайхарч, хэргийг шийдсэн дүр үзүүлж салах гэсэн эрмэлзлэл харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж” тодорхой заасан байхад нотлох баримтыг энэ тэндээс нь, алаг цоог, түүх маягаар танилцуулж хэрэгт ач холбогдолтой гол гол нотлох баритмуудыг үнэлэлгүй, хайхралгүй зориуд орхисон нь нөгөө талд ашигтай шийдвэр гаргах замаа засжээ гэж үзэхээр байна. Л.М ын өмгөөлөгч гэх Ц  нь Л.Мөнхбаатартай эхнэр, нөхөр 2 болоод 20 гаруй жил болж байгаа ба 5, 6 жилийн өмнө нөхөр Л.М нь мөн л бусдыг залилан мэхэлж, бусдыг хохироож шүүх цагдаагаар явсны эцэст их хэмжээний өр төлбөрт орсон ба үүнээсээ зайлсхийх зорилгоор гэрлэлтээ цуцлуулж, Дархан-Уул аймагт байсан 3 өрөө байр, машинаа энхэр Ц ийнхаа  нэр дээр шилжүүлж, одоо Улаанбаатар хотод шилжин ирж, Олимп хотхонд шинэ байр авч хамтдаа цуг амьдарч байна. Хөрөнгөө хэрхэн шилжүүлсэн талаарх нотлох баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн хэлтэсээс гаргуулах талаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр хүсэлтийг хангаж өгөөгүй. Гэр бүлийн хүн болох Ц  нь Дархан-Уул аймагт шүүгч хийж байхдаа янз бүрийн будлиан гарган ажлаасаа халагдсан болно. Мөн Б  гэгчээс 1 000 000 төгрөг авахуулаад, энэ мөнгөө одоо болтол төлөөгүй. Энэ хугацаанд миний машины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ Э ХХК-ийн нэр дээр яваа бөгөөд 4, 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотод байрлах Э ХХК-аас миний машиныг гараашид болон гудамд байх үед нь анх зээл авах үедээ үлдээсэн 1 түлхүүрээр тааруулан 5 удаа ачиж явсан бөгөөд энэ машинаа компаниас буцааж Дарханд авч ирэх, Улаанбаатар хот руу явсан зэрэг бензиний зардалд 2 000 000 төгрөг үргүй зарцуулсан. Ингэж 4, 5 жилийн хугацаанд нийт 19 144 610 төгрөгний хохирол учруулж, үүнээс хүүнд төлсөн 600 000 төгрөг, бэлнээр өгсөн 3 000 000 төгрөг зэргийг хасаж тооцон 15 544 610 төгрөгний хохирол учирчихаад байхад 1 000 000 төгрөгийг Л.М аар төлүүлэх шийдвэр гаргасан нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчжээ. Мөн миний Хаан банкны дансны хуулгаар бусдаас орж ирсэн мөнгийг Л.М ын төлсөн мөнгө мэтээр хандаж, хохирлоос хасаж тооцсон нь галзуу хүний тэмдэглэл мэт болжээ. Хэрэв шүүгчид өөрт нь болон үр хүүхэд, төрөл төрөгсөд нь бусдад залилуулж мөнгөө алдаад 4; 5 жил сэтгэл санааны болон эд материалын хохирол амсаж өчнөөн хэрүүл, хэл ам, гэр бүлийн учир үл ойлголцох байдап зэрэг асуудлууд тулбал яаж хандах байсан юм болдоо гэж асуумаар санагдах юм. Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа албан тушаалтны эрхэмсэг дүрээр биш, амьдралд болсон асуудлыг нотлох баримтуудтай харьцуулан, бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргаж байх нь зүйд нийцнэ гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Гарсан шийдвэрийг дагавал одоо хэнээс, хаанаас мөнгөө нэхэмжлэх болж байна вэ, Ингээд хэн зальтай нь гэр бүлээрээ нийлэн худал ярьж, бусдын итгэлийг далимдуулан мөнгө төгрөгийг нь завшаад өнгөрдөг, нөгөө нь хохироод үлддэг, үнэнээс хол, амьдралаас тасарсан шийдвэрийг эрхэм шүүгч та бүхэн л үнэн зөв засаж залруулна гэж итгэж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг бүх талаас нь судлан шинжилж, үнэн зөв, бодиттой шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч Л.М аас 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч И.Э од олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. И.Э ... “2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Б  гэдэг хүнээс 1 000 000 төгрөг зээлж Л.М т өгсөн энэ зээлээс болж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр И.Э надаас 1 000 000 төгрөг гаргуулж Б д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Иймд 1 000 000 төгрөгийг Л.М аас гаргуулж өгнө үү гэж нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байдаг. Б ээс И.Э ын  зээлсэн 1 000 000 төгрөгийг Л.М аваагүй бөгөөд И.Э, Л.М аас “... Би Б ээс 1 000 000 төгрөг зээлсэн байгаа чи тэрийг төлчих нөгөө надад өгөх мөнгөнөөс чинь хасаад тооцьё гээд Л.М аар “би төлнө” гэсэн бичгийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийлгэж авсан. Л.М 2016 оны 01 дүгээр сард 300 000 төгрөг, мөн үхрийн мах 700 000 төгрөгт бодож Б д өгсөн. Ингээд энэ асуудал огт яригдахгүй болсон. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр И.Э дээрхи асуудлаар шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргаж 1 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ тухай нотлуулахаар Л.М Б ийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч Б  Солонгос улс руу яваад 2 жил гаран болж байгаа тухай И.Э шүүх хурал дээр ярьж хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн ингээд гэрчээр асуулгах боломжгүй болсон. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг шийдэхдээ “...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “үүрэг хүлээсэн этгээд хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан ба хариуцагч нь Б д хүүний төлбөрт 300 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард байх төлсөн гэж багцаалсан тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхээр байна гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэж Л.М аас 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан . Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үе буюу 2016 оны 01 дүгээр сараас дахин хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох ёстой. Өөрөөр хэлбэл, Л.М 300 000 төгрөгийг Б д 2016 оны 01 дүгээр сард төлсөн энэ үеэс дахин шинээр хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна“ гэж заасан. Иймд дээрхи асуудалтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 3 жил гэж тооцоход 2019 оны 01 дүгээр сард дуусч байх ба нэхэмжлэгч И.Э хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас 10 сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийн Л.М аас 1 000 000 төгрөг гаргуулж И.Э од олгох гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Э нь хариуцагч Л.М, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 144 610 төгрөг, гарсан зардалд 1 000 000 төгрөг, Д.Б д төлсөн 1 000 000 төгрөг нийт 18 144 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И.Э нь хариуцагч Д.Ц д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх уг татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүйг хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой.

 

Хариуцагч Л.М нь С.Г аас 3 300 000 төгрөг зээлсэн ба уг 3 300 000 төгрөгөөр нэхэмжлэгч И.Э ын зээлийг төлж, түүний Тоёота Ланд круйзер-100 маркийн 0047 ДАР улсын дугаартай, автомашин зээлийн барьцаанд байсныг чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 21 дүгээр тал дах бичгийн баримт болон хэргийн 1 дүгээр хавтасны 156 дугаар тал дах гэрч С.Ганбатын мэдүүлгээр тус тус тогтоогджээ. 

 

Дээрх автомашиныг барьцаанаас чөлөөлсний дараа нэхэмжлэгч Л.Э  2014 оны 11 дүгээр сард Э ХХК-д уг автомашиныг барьцаалж зээлсэн 10 000 000 төгрөгийг И.Э нь Л.М т зээлдүүлсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Иймд хариуцагч Л.М нь С.Г аас 3 300 000 төгрөг зээлж, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн автомашиныг барьцаанаас чөлөөлөхөд ашигласан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч И.Э ын хариуцагчид зээлдүүлсэн 10 000 000 төгрөгий төлбөрт тооцох үндэслэлтэй.

 

Хэргийн 1 дүгээр хавтастны 4 дүгээр талд авагдсан Э ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн авлагын тооцооны баримтад “2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу И.Э од олгосон зээлд зээлийн хүү, алданги тооцвол 16 144 610 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй” гэх агуулгатай байна. Нэхэмжлэгч И.Э нь Э ХХК-аас  2014 оны 11 дүгээр сард зээлсэн гэх 10 000 000 төгрөг дээрх баримтаар 16 144 610 төгрөг болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт анхны зээлийн гэрээ авагдаагүй, улмаар анхны зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар энэхүү авлагын тооцоог нийлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймээс хариуцагчийн зөвшөөрсөн 10 000 000 төгрөгний хэмжээгээр зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч И.Э шаардлагаа 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Л.М ын бичсэн тодорхойлолт гэх баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар тал дах И.Э, Л.М нарын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нөхөн байгуулсан гэх зээлийн гэрээнд бичигдсэн он, сар засвартай, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 8 дугаар тал дах Л.М ын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн тодорхойлолт гэх баримтад бичигдсэн он, сар засвартай болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 129-133, 134-136, 146-151 дүгээр тал дах Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байхад шүүх дээрх зээлийн гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу  болжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасны дагуу талууд зээлийн хүү тогтоосон, анзын талаар тохирсон бол бичгийн хэлбэрээр гэрээг байгуулахаар хуульд зохицуулжээ. Талуудын хооронд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцож гаргуулах боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч И.Э нь “...Л.М 6 000 000 төгрөг төлөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Н.Энхтайваны дүүг хулхидаад “Дархан Ус суваг” ХХК-ийн удирдах газар моторыг чинь 1 500 000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлээд мөнгийг өгөөгүй” гэсэн бол, хариуцагч нь “...цахилгаан хөдөлгүүрийг 1 500 000 төгрөгөөр Баянмөнхөөс худалдан авч “Дархан Ус суваг” ХХК-ийн удирдах газар 6 000 000 төгрөгөөр зарж төлбөрийг И.Э ын дансанд шилжүүлсэн” гэж тус тус тайлбарласан байна. /2хх-39-40/

 

Гэрч Н.Б ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг гэх бичгийн баримт хэргийн 1 дүгээр хавтасны 213 дугаар талд авагджээ. Уг баримтад “...Төрөө гэдэг хүнээс 1 500 000 төгрөгний... авлагадаа 2015 оны 09 дүгээр сард авсан... 2015 оны 09 дүгээр сарын дундуур Мөнхбаатар, Шинээ гэдэг хоёр хүн ирж... Ус сувагт шахна гэж ярьсан... “Ус суваг” ХХК-ийн цех дотор ... цахилгаан хөдөлгүүрийг буулгасан... мөнгийг гаргаж өгөхгүй болохоор нь ... “Ус суваг” ХХК-ийн дарга Э тай уулзсан чинь тэр доор нь хөдөлгүүрийн мөнгийг гаргаж өгөөд явуулсан ... мөнгийг нотариатч Э  аваад явчихсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн талаар заажээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 49 дүгээр талд “Дархан Ус суваг” ХК-иас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн кассын зарлага, “Хас банк” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орлогын маягтаар моторын үнэ 6 000 000 төгрөг И.Э ын дансанд шилжүүлсэн гэх агуулга бүхий баримт хэрэгт авагджээ.

 

Дээрх гэрч Н.Б ийн мэдүүлэг болон “Хас банк” ХХК-ийн орлогын маягт гэх баримтыг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч И.Э нь цахилгаан хөдөлгүүрийн үнэ 6 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон тул Л.М т зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцох үндэслэлтэй.

 

Гэрч Н.Баярмаагийн мэдүүлэг хэргийн 1 дүгээр хавтасны 183 дугаар талд авагдсан байх ба тэрээр “...2016 оны 6 билүү 7 сард манай машиныг барьцаалагч Э ХХК хураахад 6 100 000 төгрөг төл гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд Э  надад 4 сая төгрөгийг нь Мөнхбаатар өглөө, 2 100 000 төгрөгийг нь Э  өөрөө нутаг явах гээд бэлдсэн мөнгөө би чамд өглөө гээд надад нийт 6 100 000 төгрөг өгсөн” гэж мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч И.Э од хариуцагч Л.М нь зээлийн төлбөрт 4 000 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Л.М аас И.Э од 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 22, 32 дугаар тал дах Бичил глобус группийн орлогын баримт, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул энэхүү 1 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцох үндэслэлтэй. 

 

Харин хэргийн 1 дүгээр хавтасны 31 дүгээр тал дах “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр И.Э од 1 000 000 төгрөг “мөнхбатаас”, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр И.Э од Доржзодовоос 1 500 000 төгрөг, хэргийн 1 дүгээр хавтасны 35 дугаар тал дах 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр И.Э од “энхжингээс” 500 000 төгрөг тус тус шилжүүлснийг хариуцагч Л.М аас зээлийн төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй.

 

Иймд хэргийн баримтаар нэхэмжлэгч И.Э од хариуцагч Л.М нь 10 000 000 төгрөгийн зээлд нийт 14 300 000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн Э ХХК барьцааны автомашиныг удаа дараа авч явсныг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу 5 удаа авчирахдаа хийсэн шатахуун болон гараашийн зардалд нийт 1 000 000 төгрөг зарцуулж хохирол учирсан гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 205 дугаар талд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан уг гэрээгээр И.Э нь М.Б ээс 1 000 000 төгрөг зээлсэн уг зээлийг төлөөгүйгээс Дархан-Уул аймгийн сумын дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч И.Э нь нэхэмжлэлээ “М.Б ээс 1 000 000 төгрөг зээлж   Л.М т өгснийг төлөөгүйгээс миний нэрээр төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан учраас хариуцагч Л.М аас 1 000 000 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч Л.М нь татгалзлаа “нэхэмжлэгч И.Э ын М.Б ээс зээлсэн 1 000 000 төгрөгийг би аваагүй, нөгөө зээлсэн мөнгөнд тооцно гээд 2015 оны 12 дугаар сард би М.Б д мөнгө төлнө гэсэн бичиг хийлгүүлж авсан, шийдвэр гүйцэтгэгч Л.Э  М.Б ээс зээлсэн 1 000 000 төгрөгийг таныг төлнө гээд байна гэхээр нь 2016 оны 01 дүгээр сард М.Б д 700 000 төгрөгт тооцож үхрийн мах, 300 000 төгрөг бэлнээр өгсөн” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч И.Э нь М.Б ээс зээлсэн 1 000 000 төгрөгийг хариуцагч Л.М т шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч И.Э ын М.Б ээс 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг Л.М т зээлж өгсөн гэх, хариуцагч Л.М ын 2016 оны 01 дүгээр сард М.Б д 700 000 төгрөгт тооцож үхрийн мах, бэлнээр 300 000 төгрөг төлсөн гэх тайлбараас үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн 2016 оны 01 дүгээр сараас тоолбол нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрэний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жилийн хугацааг хэтрүүлж хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзнэ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 206 дугаар тал дах Л.М ын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхэд гаргасан тодорхойлолтод “...иргэн Л.М би И.Э оор дамжуулан иргэн М.Б ээс 1 000 000 төгрөг авсан ба хүүнд нь 300 000 төгрөг төлсөн. Одоо энэ 1 000 000 төгрөгийг иргэн Л.М би нөхөн төлнө” гэсэн агуулгаас үзвэл нэхэмжлэгч И.Э нь М.Б ийн өмнөөс Л.М аас 1 000 000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн дүгнэлт буруу байгааг залруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01191 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.М, Д.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 144 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ