| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00865/И |
| Дугаар | 151/ШШ2024/00774 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00774
| 2024 09 13 | 151/ШШ2024/00774 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Б дүүргийн П-ын газар
/У/,
Хариуцагч: Б овогт Д-ийн О
/Т аймаг, Б сум, дүгээр баг, Б/
Нэхэмжлэлийн шаардлага: 4,860,000 төгрөг гаргуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б дүүргийн П-ын газар нь хариуцагч Д.О-д холбогдуулан 4,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.О нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн малчин өрхийг малжуулах төсөлд хамрагдан Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан. 140,000 төгрөгийг эргэн төлсөн. Үлдэгдэл 4,860,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Б дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс ... 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 198 дугаартай албан бичгээр...санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхэд хамтран ажиллана уу..." гэх хүсэлтийг тус дүүргийн прокурорын газарт гаргасны дагуу Иргэдийг ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор, Монгол Улсын Засгийн газрын харьяа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсээр дамжин, малчин өрхийг малжуулах хөтөлбөр нь төсвийн санхүүжилтээр хэрэгжсэн хөтөлбөр бөгөөд төрийн байгууллагад, төрийн санд эргэн төлөлт хийгдээгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж, хууль тогтоомжийн дагуу тухайн санхүүжилтийг буцаан төлүүлэх, гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б овогт Д-ийн О-аас 4,860,000 төгрөгийг гаргуулан, Б дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сангийн 100200237010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б дүүргийн П-ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 4,860,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг хийж үлдэгдэл 2,460,000 төгрөгийг 2 сарын хугацаанд доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Маргах зүйлгүй. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,430,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,430,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, зардлын түүх, иргэний оршин суугаа газрын тодорхойлолт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШЗ2023/02117 дугаар шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, малчин өрхийг малжуулах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШЗ2024/02196 дугаар шүүгчийн захирамж зэргийг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б дүүргийн П-ын газар нь хариуцагч Д.О-таас нийт 4,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Д.О 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2.460.000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.430.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.430.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн хариу тайлбар бичгээр гаргасан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
6. Хариуцагч Д.О нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 92,710 төгрөгийн тал хувь 46,335 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
9. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн П-ын газрын 4,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О/2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.460.000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.430.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.430.000 төгрөгөөр тус тус/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 92,710 төгрөгийн тал хувь 46,335 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ