Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2024/00616

 

 

2024 06 27                                                  151/ШШ2024/00616

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*********н овогт Шаравийн Т***********н

/Улаанбаатар хот, ***** дүүрэг, ***р хороо, Бурхант **** гудамж, ***в тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Т***********н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ш.Т***********н нь Төв аймаг, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан. Гэтэл нэгдлийн зөвлөл татан буугдаж хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байна. Нэгдлийн зөвлөл төрийн архивт 1990 оноос 1993 оны баримт бичгээ тушаагаагүй учир лавлагаа авах боломжгүй байна. Иймд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд жолоочоор 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаа учир өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан байдал нь баталгаажихгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдийн Жолооч авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар, Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас нотлох баримт бүрдүүлж, гэрч Б.Э******н, С.Ч******ж нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Ш.Т***********ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ш.Т***********н нь Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар Жолооч авч ажиллуулах тухай тушаалын хуулбарт ...1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жолоочоор авч... гэх бичилт /хх-5/,

- Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт Жолооч Шарав овогтой Т***********ны.... олгосугай гэх бичилт /xx-6/,

- Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт Хөнгөн тэрэгний жолооч Шарав овогтой Т***********ны ээлжийн амралтыг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн амралтын 11, ажлын 7, бүгд 18 өдрөөр олгосугай гэх бичилт /xx-7/

- Гэрч Б.Э******н, С.Ч******ж нарын хөдөлмөрийн дэвтрийнх хуулбар, шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ш.Т***********ны ажилласан хугацааг тооцож тодорхойлов.

4. Ш.Т***********ны ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой байх тул хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

5.Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн Ш.Т***********ны ажилд томилсон, ээлжийн амралтын тушаалын хуулбар зэргээр Ш.Т***********н нь 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоож байх тул дээр тушаалуудыг үндэслэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцов.

6. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд Ш.Т***********ныг 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг хүртэл ажиллаж байсан гэж тайлбарлаж байх хэдий ч 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нотлогдохгүй байх тул 1991 оны 07дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*****н овогт Ш**********ын Т***********н /РД:********/-ын Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*********н овогт Ш*******н Т***********ны Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.АЛТАНТУУЛ