Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мөнхбадрахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч ерөнхий шүүгч             Б.Батзориг

                           Шүүгчид                                             Г.Давааренчин                                       

                                                                                                 Д.Буянжаргал

                        Оролцогчид:

                                Прокурор                                                     М.Энхбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Батбаяр

                                                                                О.Оюунчимэг

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06ы өдрийн 2018/ШЦТ/243 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг, 24.6 дугаар зүйлийн 3-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар тогруутан овогтой Цогбадрахын Мөнхбадрахад холбогдох эрүүгийн 1831000880193 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Хангайн буудай” ХХК-ийн захирал ажилтай, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, Булгийн 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрах. /РД:МП-90061478/;

 

Хуулийн этгээд: Монгол Улсын бүртгэлийн 1311003149 дугаартай гэрчилгээтэй, 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, Хангайн буудай нэртэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, газар тариалан, хөрөө, рам, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдсан хариуцлагатай кампани;

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Мөнхбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 метр куб хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 176 метр куб нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. 

 

2.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, улсын бүртгэлийн 1311003149 дугаартай, 2826984 регистрийн дугаартай “Хангайн буудай” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 м3 хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшеөрөлгүйгээр хууль бусаар 176 м3 нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ..

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/243 дугаартай цагаатгах тогтоолоор

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрах, “Хангайн буудай” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгаж,  хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө орлого хураах арга хэмжээг хангах зорилгоор битүүмжилсэн “21-20” маркийн ачигч трактор, “Гранд марк 2” маркийн 83-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тайга” нэртэй /383/21-29-777, /383/21-29-777 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг хөрөө, “Luovong-923” гэсэн бичигтэй ачигч трактор, “Ruize Rz-1104” гэсэн бичиглэл бүхий дугуйт трактор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мөнхбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэлдээ:...Ц.Мөнхбадрахыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлгүй байна.

“...Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-1 дэх хэсэгт заасан “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн” гэсэн заалтыг зөрчсөн буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр шүүгдэгч Ц.Мөнхбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “илүү гарсан гээд байгаа 26м3 банзнууд нь урьд оны хуваарийн дагуу оны өмнө бэлтгэсэн моднууд байсан” гэх хэрэгт огт авагдаагүй шүүгдэгчийн мэдүүлгэнд хэт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн, мөн шүүх шүүгдэгч Ц.Мөнхбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж байна.

Иймд Ц.Мөнхбадрах болон Хангайн буудай ХХК-нд холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн...гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Өмгөөлөгч Г.Батбаяртай санал нэг байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна... гэв.

                                                                         

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Мөнхбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 метр куб хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 176 метр куб нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар,  

2.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг /Хүдэр/ сумын төвд байрлалтай, улсын бүртгэлийн 1311003149 дугаартай, 2826984 регистрийн дугаартай “Хангайн буудай” Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд 0110414 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан 100 м3 хэмжээнээс хэтрүүлэн Хүдэр сумын нутагт орших “Зэрлэгийн нуруу” гэх газраас зохих зөвшеөрөлгүйгээр хууль бусаар 176 м3 нойтон нарс модыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэний улмаас байгаль экологид 114.048.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/243 дугаартай цагаатгах тогтоолоор:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ар тогруутан овогт Цогбадрахын Мөнхбадрах, “Хангайн буудай” ХХК-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгаж,  хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө орлого хураах арга хэмжээг хангах зорилгоор битүүмжилсэн “21-20” маркийн ачигч трактор, “Гранд марк 2” маркийн 83-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тайга” нэртэй /383/21-29-777, /383/21-29-777 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг хөрөө, “Luovong-923” гэсэн бичигтэй ачигч трактор, “Ruize Rz-1104” гэсэн бичиглэл бүхий дугуйт трактор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мөнхбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай эсэргүүцлийн дагуу Ц.Мөнхбадрахад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас  шүүгдэгч Ц.Мөнхбадрахын мэдүүлэг, Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Мод бэлтгэх гэрээ, Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг авахдаа хохирогч Ч.Оюунсүрэн, гэрч М.Мөнхцэцэг, Т.Мөнхтуул, Б.Онон нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Хүдэр сумын нутаг дэвсгэрт ойн тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заалгүй цагаатгах тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1-д Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана..., 1.2-д шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл..., 39.6 дугаар зүйлийн 1-д ... Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ..., 1.3-д дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..., гэсэн заалтуудыг  зөрчсөн байна. 

Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 12-нд олгосон 1 ширхэг гарал үүслийн гэрчилгээ, шинээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд олгосон 10 ширхэг гарал үүслийн гэрчилгээг ямар эрхийн бичгийг үндэслэн олгосон болох, “Хангайн буудай” ХХК нь үзлэгийн явцад битүүмжлэгдсэн гэх модноос гадна дахин мөнгө тушааж, шинээр эрхийн бичиг авч мод бэлтгэсэн эсэх асуудлыг гэрч Т.Мөнхтуул болон холбогдох байгууллагуудаас тодруулах, мод бэлтгэсэн гэх газарт нөхөн үзлэг хийж хэдий хэмжээний мод бэлтгэснийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг заавал хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн тухайн аж ахуйн нэгжийн өмчлөлийн гэх машин механизмыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн ашигласан эсэх байдлыг мөн тогтоох нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/243 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

         

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/243 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

         

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                           Д.БУЯНЖАРГАЛ