| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00877/И |
| Дугаар | 151/ШШ2024/00771 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00771
| 2024 09 13 | 151/ШШ2024/00771 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогт ....
/Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, 29 дүгээр гудамж, 10 тоот/,
Хариуцагч: Мянгад овогт ....
/Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, 5 дугаар гудамж, 1 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: А.....,
Хариуцагч: Б.....баатар
Нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А..... нь хариуцагч Б.....баатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч А..... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2020 онд Б.....баатартай танилцан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б.....баатартай анх танилцахдаа жирэмсэн байсан. Анхнаасаа хамт амьдраагүй. Одоо А..... миний бие өөр хүнтэй хамт амьдарч байгаа мөн жирэмсэн. Цаашид Б.....баатартай хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Б.....баатар хариу тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. .... нь миний хүүхэд биш гэв.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А..... нь хариуцагч Б.....баатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч Б.....баатар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А....., хариуцагч Б.....баатар нар нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлсэн ч хамт нэг гэрт амьдраагүй, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч А..... нь өөр хүнтэй хамт амьдарч жирэмсэн байдлаас гэрлэлтээ цуцлуулахыг хүсч тайлбарлаж байна.
4. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн дундаас төрсөн хүүхэдгүй гэж тайлбарлаж байх хэдий ч тэдний дундаас охин ....ын .... охин төрсөн бөгөөд нэхэмжлэгч .... нь охин .... нь хариуцагч Б.....баатарын охин биш гэж тайлбарлах ба хариуцагч Б.....баатар мөн энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
5. Зохигч хэн аль нь энэ талаар маргаан гаргаагүй тул хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй гэж үзэж энэ талаар цаашид маргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй болж шүүхээс эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул гэрлэгчдийг эвлэрэх боломжгүй гэж шүүх үзэж эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
7.Талууд дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.....баатараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.....д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигин овогт .... /РД:СЮ/, Мянгад овогт .... /РД:ИО/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргах эрхийг нээлттэй үлдээснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.....баатараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.....д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.О даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ