Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 0396

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б  

Улсын яллагч Б.Б  

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г од холбогдох эрүүгийн 201714000288 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ш д овгийн Ц.Г, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхэд, эцэг эхийн хамт хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /

 

2. Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 05 сарын 07-ны шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжой” баарны гадна Ж.Э-г цохиж унаган хөлөн дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Э-н “Би 2017 оны 05 сарын 07-ны өдөр Эрдэнэнэтэд байдаг эгч дүү нартайгаа уулзахаар Улаанбаатар хотоос ирсэн. Тэр өдөр М дүү маань шинэ байшин барьсан хүмүүсээ хот руу буцаахын өмнө бааранд оруулахаар явсан. Тэр хооронд би үеэл дүү М-н хамтаар төв орчихоод харих гэж явахдаа үеэл дүү М руу залгаад хаана байгаа нь асуухад хорооллын хүрэн дэлгүүрийн урд бааранд сууж байна. Хүрээд ирээч намайг эндээс аваад явчих гэж хэлэхээр нь М-н хамтаар зааж өгсөн баар руу нь орсон. М хоёр залуутай сууж байсан. явах уу гэхэд надтай хамт явж байсан М ганц дуу дуулчих уу гээд микрофон барьж аваад дуулж байтал нэг том биетэй залуу текнээс пиво аваад буцахдаа М ийг мөрлөсөн. Тэгээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэр үед М ийг хэрэггүй согтуу хүмүүстэй маргалдаад хэрэггүй гээд баарнаас аваад гарсан. Тэр хоёрын араас нөгөө залуучууд мөн гарсан. Би сүүлд нь ширээн дээр байсан гар утсыг аваад гартал манай хоёр дүү замын цаана зогсож байсан бөгөөд сүүлд нэрийг нь мэдсэнээр Г гэж залуу согтуу орилж хашгираад зогсож байсан. Би тэр залуучуудын хажуугаар гараад дүү нар дээрээ очихоор машин руугаа явж байтал нөгөө Г гэж залуу өөдөөс хүрч ирснээ өмхий авгай нүдийг чинь сохолно гэснээ миний шанаа руу цохисон. Би цохиулаад газар унах үед миний дээрээс гарч суугаад дахин нүүр рүү цохих гэж байх үед араас М татаж чи болиоч хөгшин настай хүнийг яаж байгаа юм гэж хэлээд миний дээрээс босгох хооронд Г той хамт явсан залуус араас нь ирснээ М ийг цааш нь татаад аваад явсан. Энэ үед Г энэ үед босч ирснээ миний баруун хөлний шагай руу хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгтэл их эвгүй дуугараад яс хугарах шиг болсон. Миний хөлийг хугалчихлаа ш дээ гээд орилох үед нөгөө залуучууд зугтаад явчихсан. Би Г оос 2017 оны 05 сарын 10-ны өдөр 3000 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Г гэж залуугийн ээж нь надтай ирж уулзаад эмчилгээний зардал болгоод өгье гээд дээрхи мөнгийг данс руу шилжүүлсэн. Эмчилгээний зардал 3000 000 гаруй төгрөг болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-43-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 15-ы өдрийн 444 дугаартай дүгнэлтийн “Ж.Э-н биед баруун хөлний тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений мултрал, баруун хөлийн шилбэ, шагайн үеэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 60-р хуудас/

 

3. Гэрч Э.М ын “М ийг мөрлөдөг залуу эгч рүү нүдийг чинь сохолно гэж дайрсан. Удаа ч үгүй эгч хөл хугарчихлаа ш дээ гэж орилох үед нөгөө залуу зугтаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/

 

4. Гэрч С.М-н “М ах гарч ирээд надтай хамт замын цаана зогсож байтал намайг мөрлөсөн залуу цаанаас хэл амаар доромжилж орилж чарлаж байтал баарнаас Энхгэрэл эгч ганцаараа гарч ирсэн. Гэтэл нөгөө залуу Энхгэрэл эгч рүү хэл амаар доромжилж байснаа эгчийг цохиод унагачихсан. Тэгэхээр нь эгч рүү гүйж очоод нөгөө залууг араас нь татсан. Энэ үед мөн намайг араас бас нэг залуу татаж газар унагасан. Энэ хооронд Энхгэрэл эгч “хөл хугарчихлаа ш дээ гээд орилсон. Тэгтэл нөгөө залуучууд тал тал тийшээ зугтаагаар явчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-55-р хуудас/

 

5. Гэрч Б.Б “Г уг эмэгтэйтэй зууралдаж байх үед хоёр танихгүй эрэгтэй хүн салгах гээд байгаа бололтой хажуунаас нь татаж чангаагаад байсан. Эрдэнэдалай, Урансан хоёр ч Г ыг салгах гээд зууралдаж байсан. Зууралдаж байгаад газар унацгаасан. Тэр эмэгтэй газар унасан байхад хэн нэгэн цохих өшиглөхийг би хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45-р хуудас/

 

6. Гэрч Б.У-ын “2018 оны 05 сарын 08-ны өглөө болсон хэргийн талаар мэдээд эрүүлжүүлэх байранд ирж Г той уулзсан. Г их юм ярихгүй, болсон явдлыг сайн санахгүй байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/

 

8. Шинжээч эмч Ч.Б ”Ж.Э-н биед үүссэн тахилзуур ясны хугарал, гадна болон дотор хавчаар ясны хугарал, баруун шагайн үений мултрал, баруун хөлний шилбэ, шагайн үеэнд цус хурал үүсчээ. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь баруун хөлийн шагайн үений хэсэгт нэг удаа хүчтэй дэвсэх үед үүссэн байх илүү боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

 

Яллагдагч Ц.Г ын “Надад сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээнд нийт 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 76-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ “Би өдөр найзууд маань ирсэн байсан. Тэгээд уулзаад баранд сууж байгаад пиво авах гээд тек рүү явж байгаад хохирогчийн дүү гэсэн нэг залуутай мөргөлдсөн. Тэр залуу замаа хараач пизда минь гэсэн. Тэгээд муудалцахад бармен нь гарч зодолд гээд гаргасан. Тэр залуу намайг хана руу шахаж боосон. Хэсэг ухаан балартсан. Тэгтэл хохирогч намайг араас татаад одоо болиоч гэсэн. Тэгээд хувцас ураад хүзүү маажсан. Би хохиргчийг балай авгай минь нүдийг чинь сохолно шүү гэж хэлсэн нь үнэн. Харин хохирогчийн хөлийг дэвсээгүй. Унахад л гэмтсэн байх гэж бодож байна” гэв.

 

Хохирогч Ж.Э нь “Гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 05 сарын 07-ны шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энжой” баарны гадна Ж.Э-н хөлийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.М , С.М , Б.Б, Б.У нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 421 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Ц.Г ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгч Ц.Г од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

                   Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ж.Энхгэрэлд 3 000 000 төгрөгийн хохирол сайн дураар төлсөн болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг биелээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.А