Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 113/ШШ2024/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О (РД:..........),

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.С (шүүхэд өмгөөлөх эрхийн дугаар ..........),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Ч.С , (РД:.............),

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н (шүүхэд өмгөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ........) нарын хоорондын маргаан болох “нэг жил 9 сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.С, хариуцагч Шивээговь сумын Засаг дарга Ч.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр “ Нэг жил 9 сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах ” гэж өөрчилсөн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. “Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байсан Д.О-ыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар тухайн үеийн сумын Засаг дарга С.Яг ажлаас чөлөөлсөн байдаг. Тус захирамжийн үндэслэл болон агуулгыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар өөрчилсөн.

2.2. Д.О нь Төрийн албаны зөвлөлд дээрх хоёр захирамжид гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, 376 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоол гаргасан. 

Уг тогтоолоор Д.О-ыг ажлаас чөлөөлсөн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамж, мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжуудыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгосон байна.

2.3. Дээрх тогтоол гарсантай холбоотойгоор Шивээговь сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Д.О-ыг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие Шивээговь сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шивээговь сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 23.962.161 төгрөг гаргуулж Д.О надад олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэж өөрчилсөн билээ.

Тус нэхэмжлэлийн шаардлагын  хүрээнд хариуцагч Шивээговь сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаар захирамж гарсан хэдий ч С.Я нь гуравдагч этгээдээр оролцоогүй гэх үндэслэлээр тус захирамжийг хүчингүй болгуулсан байдаг.

Д.О намайг хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоол гарсан бөгөөд тус тогтоолоор намайг ажлаас халсан Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дугаар захирамж, мөн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжуудыг тус тус хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон.

 Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг Шивээговь сумын Засаг дарга хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/24 дүгээр захирамжаар Д.О намайг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “Захиргааны акт” байхаар заасан байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны Б/09, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт бөгөөд захиргааны үйл ажиллагааны хэлбэр юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд Захиргааны шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хуульчилжээ. Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар анхан шатны шүүх “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

Д.О намайг ажлаас халсан Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжууд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоолоор хууль бусад тооцогдож, хүчингүй болсон хэдий ч тус хууль бус захиргааны актын улмаас надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор нийт 23.962.161 төгрөг, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудал шийдвэрлэгдээгүй /шүүхийн шийдвэргүй/ үлдсэн.

Иймд Шивээговь сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас Д.О надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 23.962.161 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. Шивээговь сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас О-д учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 23.962.161 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Өмнө нь захирамж гараад тухайн захирамж маань гүйцэтгэх хуудасны дагуу албадан гүйцэтгүүлэх журмаар биелэгдсэн. Шүүгчийн энэ захирамжийг хүчингүй болгосон байгаа учраас анхны нэхэмжлэлийн шаардлага маань шийдвэрлэгдээгүй байна гэж үзээд энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. О-ын хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө аваад нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэчихсэн байгаа. Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт заасан эрх хэмжээг шүүхэд олгосон байдаг. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд юуг хамааруулаад байгаа гэхээр Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэрийг захиргааны акт болон захиргааны гэрээ, хэм хэмжээний акт орно гэж заасан. Шивээговь сумын Засаг даргын гаргасан Д.О-ыг ажлаас халсан шийдвэр нь өөрөө хууль бус захиргааны акт гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилд авсан байдаг. Ийм учраас хууль бус гэдэг нь тогтоогдсон. Тухайн хууль бус шийдвэрээс болоод О гэдэг хүн 2019 оны 03 дугаар сарын 25-наас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй  байсан. Энэ хугацааны үндсэн цалин болон нэмэгдэл цалинг нэхэмжилж байгаа. Нийт мөнгөн дүнгээр 23,962,161 төгрөг байгаа гэв. 

 

3.3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Шивээговь сумын Засаг даргаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр томилогдон ажиллаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаартай тогтоолоор Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул тухайн үед ажиллаж байсан Засаг дарга П.Г нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/24 дугаартай захирамжаар Д.О-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон байдаг. Үүний дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг үндэслэн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний А/138 дугаар захирамжаар Д.О-д 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны 23,962,161 төгрөгийг олгож, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын 100220090 данс руу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхээр шилжүүлсэн. Үндэслэл нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шаардлага ирсэн. Үүний дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон байдаг. Хариуцагчийн зүгээс төрд хохирол учирсан тэтгэмжийг яаралтай нөхөн төлүүлэхээр төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн хүсэлтийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

3.4. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч “Д.О нэхэмжлэлийн шаардлагынхаа хариуцагчийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга С.Я гэж тодорхойлжээ. Хариуцагч гэх С.Я миний бие Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын ажил албан тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын14-нд улс төрийн сонгуулийн үр дүнгээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул тус хэргийн жинхэнэ хариуцагч нь биш юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаар болон 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгүүдийн хэрэгжилтийг хангуулах гэжээ.

Тус албан бичгүүдийг хууль ёсоор баталгаажуулсан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоол үйлдэгдсэн ба уг тогтоолыг хүчингүй болглуулах тухай С.Я миний нэхэмжлэлтэй маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Иймд хариуцагч С.Я миний бие нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй мөн тус захиргааны хэргийн хариуцагч биш тул захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О-ыг 2016-2020 оны хооронд ажиллаж байх үеийн, ерөнхийдөө сонгуулийн жилийн хугацаа байх. Тэр хугацаанд ажиллаж байсан Засаг дарга нь С.Я гэдэг хүн байсан. 2020 оноос өмнө халсан үйл явдал явж байгаад 2021 оноос Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхээр эвлэрлийг баталж байгаа логик утгыг задлаад ойлгохоор хэрвээ халсан хүн нь өөрөө хариуцлагад унахаар байсан бол ирээд тийм ээ би төлье гэх асуудал нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл өөрчлөгдсөн Засаг дарга нь ирээд би хариуцагч талаас эвлэрч байна гэсэн тохиолдолд юуг үндэслэсэн гэхээр 376 дугаар тогтоол байдаг.

Д.О-ыг ажлаас халсан хүн нь С.Я, эргүүлэн ажилд томилсон хүн нь дараагийн Засаг дарга П.Г. Хууль зүйн харилцаа, хөдөлмөрийн харилцааны хувьд  нэг субъект. Гэхдээ хувь хүнийхээ хувьд 2 өөр хүн. Өнөөдөр хариуцагчаар оролцож байгаа С дарга бас өөр хүн. Энэ гурав ажил олгогчийн хувьд нэг субъект. Хариуцлагын хувьд 3 өөр хүн. С гэдэг хүн энэ асуудалд хариуцлага хүлээхгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж хэлж болно. Яагаад гэхээр энэ хүн хохирол төлбөрийн асуудалд хамаарахгүй. Тухайн үед Г гэдэг хүний хувьд мөн адил хамаарахүй байгаа учраас маргахгүйгээр эвлэрсэн. Өнөөдөр миний хүсэлтийг хүлээж аваад ажиллагаа хийлгэсэн бол 376 дугаар тогтоолын асуудлыг чулаар үзэж байна гэж ойлгох байсан. Миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгоход ямар үндэслэл үүсэх вэ гэхээр 376 дугаар тогтоолын ач холбогдол үгүйсгэгдэнэ. Өмгөөлөгчийн хувьд би ийм байр суурьтай байна. Захиргааны хэргийн шүүх бол талуудын маргаж байгаа нөхцөл байдал дээр асуудлыг тэнцвэржүүлэх зорилгоор хариуцагч талд байгаа материалыг тухайн эрх ашиг хөндөгдөж байгаа хүч бага байгаа талд нотлох баримтуудыг цуглуулдаг үүрэгтэй. Тухайн үеийн нөхцөл байдлуудтай холбоотойгоор С.Я-ийг мэдээгүй байхад хэрэг шийдсэн, одоогийн нөхцөл байдалд ч тэр Д.О-ыг ажлаас халахтай холбоотой баримтуудыг хариуцагчаас авсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдалд Д.О нь Тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл архивын материал нь Д.О-ын мэдэлд байдаг гэсэн үг. Ингэхээр нэхэмжлэгч, хариуцагч тал 1 субъект. Гуравдагч этгээдийн хохирч байгаа нөхцөл байдал дээр тэнцвэржүүлэх байдал үүсэхгүй, ийм нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Д.О-ыг миний үйлчлүүлэгч С.Я зөв үндэслэлтэй халсан гэсэн дүгнэлтийг би дотроо хийдэг. Ямар байдлаар гэхээр тухайн ажил дээр Б09, Б/13 дугаартай захирамжууд дээр дурдаж байгаа нөхцөл байдлууд үйлдсэн гэж ойлгодог. Ажлаас халахтай холбоотой зөрчлүүд нь гарсан юм байна гэсэн ойлголттой байгаа. Одоо 2024 он. 4 жилийн өмнөх баримтуудыг хариуцагч талаас авах ёстой. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад тэр хүрээнд шийдэх ёстой гэж харж байгаа.  376 дугаар тогтоолыг хэрэглэхгүй байх ёстой гэж харж байгаа. Хэрвээ хэрэглэх юм бол миний хүсэлтийг хангах ёстой гэсэн логик гарч ирнэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.О нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 663 болон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 903 дугаар албан бичгийн хэрэгжилтийг ханган, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Засаг даргын 2019 оны Б/09 дүгээр, Б/13 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр “Нэг жил 9 сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж өөрчилсөн тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Д.О нь  Шивээговь сумын Засаг даргын “Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн“Б/09 дүгээр, мөн 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай”  Б/13 дугаар захирамжуудын үндэслэлийг тус тус хянуулахаар гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамжийг хүчингүй болгох тухай” 376 дугаар тогтоолоор дээрх захирамжуудыг  хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож шийдвэрлэсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудас/

Энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан С.Я нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамжийг хүчингүй болгох тухай”  376 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2023/6020 дугаар захирамжаар  хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж,  уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /2 дугаар хавтаст хэргийн 139-144 дүгээр хуудас/

Хариуцагч Шивээговь сумын засаг дарга Төрийн албаны зөвлөлийн  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “ Захирамжийг хүчингүй болгох тухай ” 376 дугаар тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний Б/24 дүгээр захирамжаар Д.О-ыг урьд эрхэлж байсан албан тушаал  болох  Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд  томилж шийдвэрлэсэн байна /1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар хуудас/

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар, нэхэмжлэгч, хариуцагчаас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Д.О нь ажилгүй хүлээлгэсэн хугацааны 23.962.161 төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь нөхөн төлөгдсөн болох нь нотлогдож байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн дагалдах шаардлага болгож хохирол гаргуулах /цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх/ нэхэмжлэлийг гаргасан.

Гэтэл маргаан бүхий актууд болох Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  Б/09, 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн Б/13 дугаар захирамжууд   шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад  урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүчингүй болсон.

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан хохирол гаргуулах гэж өөрчилсөн байх бөгөөд шүүх хуралдаан дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбар гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж зааснаас үзвэл, зөвхөн захиргааны актаар хязгаарлахгүйгээр бусад бүхий л захиргааны үйл ажиллагаанд нэхэмжлэл гаргаж болохоор байна.

Дээрх нэхэмжлэлийг гаргах урьдчилсан нөхцөлд захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс /эс үйлдэхүй/, эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулснаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байх, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байхыг шаардана.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ байхаас гадна тухайн үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарах үед бодитой хохирол учирсан байгаа  тохиолдолд л шүүх нэхэмжлэлийг хангана.

      Гэтэл нэхэмжлэгч Д.О-ын хувьд шүүхээс шалтгаалахгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаан бүхий актууд хүчингүй болж, эрх бүхий албан тушаалтан урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул захиргааны эрх зүйн ерөнхий зарчим болох эрх сэргэх тухай ойлголт энэ тохиолдолд  яригдах боломжгүй  юм.

Иймд нэхэмжлэгч Д.О-ын “нэг жил 9 сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах ”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Ажилгүй байсан хугацааны цалин 23.962.161 төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА