Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/878

 

Н.П-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2205 00000 1125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Н-н П, 1971 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Б” зах дээр ачигч ажилтай гэх, ам бүл 5 , хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 583 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр түдгэлзэн тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож байсан;

Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн байранд өөрийн хүү болох Х.У-ын цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Н.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овогт Н-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Н.П-ын цагдан хоригдсон 2 сар 27 хоног буюу нийт 87 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 13 өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч Н.П-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох П.Э, П.А нарт асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар 25,7 см урттай ажлын хэсгийн урт 14,7 см, ажлын хэсгийн өргөн 29 мм, 52мм урт хязгаартай, хүрэн модон бариултай хутга 1 ширхэг, 4,2x1,1 см хэмжээтэй, 1 талдаа “SPUTNIK TM RG” гэсэн бичигтэй притка 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, битүү дугуй захтай урд талдаа бичигтэй цагаан өнгийн футболк 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.П нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би архи ууж согтуурсан үедээ бусадтай маргалдан, улмаар мэс барин зүй бус авирлахдаа өөрийн баз хүргэн Эрдэнэчулуунтай муудалцаж, хутга барин айлгах санаатай доороос дээш чиглэсэн байрлалтай гараа савах яг тэр мөчид миний төрсөн хүү дундуур гэнэт орж ирэн гарт байсан хутганд минь өртөж амиа алдсанд туйлын их харамсалтай байна. Хүүгийн минь хүнлэг энэрэнгүй өрөвч зан, миний бодлогогүй түргэн зан хоёроос болж энэ хэрэг гарсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад насанд хүрээгүй хүүхдүүд болох П.Э, П.А нарт асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгажээ. 2018 онд би ханийгаа хүнд өвчний улмаас алдахдаа дөрвөн хүүхдээ амьдралд нь хүргэнэ, сургууль соёлтой болгоно, хойд урдахын гар харуулахгүй, зөвхөн үр хүүхдүүдийнхээ төлөө амьдарна гэж ханийнхаа шарил дээр нь амлаж байснаа санаж байна. Гэтэл нэг хүүхдээ өөрийн гараар хөнөөчихөөд нэгийг нь шоронд явуулчихаад, үлдсэн хоёрыг нь хэн нэгний асрамжид үлдээнэ гэхэд надад болон охидод минь маш хүнд байна. Охидын минь томыг нь насанд хүртэл хоёрхон жил ял хойшлуулж өгч болох болов уу. Хэрэв болохгүй гэж үзвэл надад оногдуулсан 12 жилийн ялыг минь хөнгөрүүлж, зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж, хүнлэг энэрэнгүй ёсыг бодож бага ял оноож өгнө үү. Гэхдээ үр хүүхдээ өмнөө оруулчихаад ингэж гуйх нь өөрөө ёс зүйгүй ч эцэг хүний хувьд маш сайн ойлгож, ухаарч байгаа ч ард үлдсэн өсвөр насны хоёр охин, нэг хүүгээ бодохоор яаж ийгээд хурдхан очих юм сан гэж бодогдох юм. Эрхэм хүндэт шүүгч та нар минь оноосон ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.П-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.П-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Н.П-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.П-т оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэг болон нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн байранд өөрийн хүү болох Х.У-ын цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-ын: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эргэлтээр Э эгч ирсэн бөгөөд “Ах Х.У чинь нас барчихсан, аав чинь хоригдож байгаа” гэж хэлсэн. ...” /1хх 54-55/,

гэрч Б.Б-ы: “...П.У ёооё гээд газарт тонгойгоод урагшаа унасан. Би яваад очиход тэнд Н.П ах, Э.Э ах нар хамт байсан. Миний харснаар Н.П ах гартаа бараан өнгийн урт хутга барьчихсан байсан. Тэгээд Э.Э ах руу “Чи намайг барахгүй шүү, багадна шүү” гэх зүйл хэлээд дайраад байсан. Би Н.П ахын баруун гарт байсан хутгыг салгах гээд байж байхад Н.П ахын бага охин гарч ирэхээр нь “Баянааг дууд” гэсэн чинь Д.Б гарч ирсэн. Энэ үед Н.П ах дайрахаа болихоор нь би талийгаач руу очиж өмссөн байсан цагаан өнгийн футболк цус болсон байсан. ...” /1хх 58-61/,

гэрч Д.Б-н: “...П.А гаднаас гүйж орж ирээд “Аав, ах хоёр маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд гарсан бөгөөд гэр рүү нь ороход үүд хэсэгтээ Х.У дээшээ хараад хэвтсэн байдалтай, Э.Э толгойг нь өвдөг нь дээрээ тавьчихсан, Б.Б Х.У-ын хэвлий хэсэгт цамцаар дарсан байдалтай байсан. Н.П ах гэртээ байсан бөгөөд хашхираад байсан. Х.У-ын царайг харахад хөхөрсөн байсан. Би юу болсон талаар Б.Б-аас асуухад “Н.П ах Х.У-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн чинь П.А “Аав ахыг хутгалчихлаа” гээд байсан.” /1хх 63-65/,

насанд хүрээгүй гэрч П.А-ын: “...би гэртээ аав /Н.П/, Улаанаа ах /Б.Б/, Эрка /Э.Э/ нарын хамт байсан ба тэд нар архи уугаад байсан. Тэд нар архи ууж байгаад Эрка ах хажуу айлын хаалгыг нүдээд байсан чинь аав “Наад айл чинь унтаж байгаа, яах гээд байгаа юм бэ, холд" гэж хэлээд Эрка ахыг түлхсэн. Тэгсэн Эрка ах босож ирээд “Яагаад байгаа юм бэ” гээд аавыг цохиод авсан. Тэгтэл аав уурлаад гэр рүүгээ ороод бурхан дээр байсан хуйтай хутгыг аваад гарч ирэхэд Улаанаа ах аавыг тэврээд авсан. Тэгтэл аав хутганыхаа араар Улаанаа ахын толгой руу цохисон. Манай өөдөөс харсан өрөөнөөс ах Х.У гарч ирээд аавд уурлаад “Яагаад хэрүүл зодоон үүсгээд байгаа юм бэ, оронд нь намайг шаа” гээд цамцаа тайлаад футболкоо яраад байсан. Тэгэхээр нь би айгаад аниаг дуудахаар гарч явсан ба эргээд ороод ирэхэд манай ах Х.У газарт хэвтчихсэн, Эрка ах толгойг нь түшчихсэн, Улаанаа ах цус гарч байгаа хэсэгт нь цамцаараа дарчихсан байж байсан. Аав “Би ахыг чинь хутгалчихлаа түргэн дуудаач” гээд орилоод байсан. Тэгтэл аав “Би хүүхдээ алчихсан юм чинь өөрийгөө ална” гээд бурхны тавиурын хулдаасны доод талаас 2 ширхэг притка гаргаж ирээд хоолойныхоо 2 талыг зүссэн. ...” /1хх 67/,

гэрч Э.Э-ы: “...Х.У хажуу талаар гарч ирээд аавтайгаа маргалдаж уурлаад “Намайг хутгалаач харъя” гээд хэлтэл Н.П баруун гартаа барьсан байсан хутгаар Х.У-ын цээж хэсэгт нь хутгалсан. Тэгтэл Х.У газарт сөхөрч дээшээ хараад унасан. ...” /1хх 74-75/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч Х.У-ын цогцост аюулхайн хатгагдаж зүсэгдсэн цээж хэвлийн хөндийг нэвтэрч өрц, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хана, баруун ховдлын хөхлөг булчинг хатгаж зүссэн шарх тогтоогдсон, уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд энэ гэмтлийн улмаас буюу зүрхний ховдлын хананы шархнаас үнхэлцгийн хөндийд хурц цус алдаж зүрх чихэлдэн нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 928 дугаартай дүгнэлт /1хх 103-109/,

шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг авсан хүний амь насыг аврах боломжгүй, уг шархыг авснаас хойш түрхэн зуур үг хэлэх боломжтой, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй талаар мэдүүлсэн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1хх 113-115/,

хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 23-42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.П-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Н.П нь Х.У-ыг хутгалж, санаатай алсан үйл баримт хангалттай тогтоогдсоноос гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч “...Хэргийн үйл баримт дээр маргах шаардлага байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэж мэдүүлсэн /хх 56/ байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын амьд явах эрхэд хууль бусаар халдаж, амь насыг нь хохироосноор төгссөнд тооцдог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Н.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт /2хх 3-4/-ээр шүүгдэгч Н.П нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч Н.П-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.П-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ