Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 118/ШШ2024/0016

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч     Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “..........” ХХК

Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад холбогдох захиргааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Хамтран хариуцагч Завхан ******* дарга

Гуравдагч этгээд: “.................” ХХК

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Хурд Хүч Чадал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хамтран хариуцагч Завхан ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У., хариуцагч Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. /онлайнаар/, Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. /онлайнаар/, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “*******” ХХК нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Завхан ******* даргаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-тай 01 дүгээр “Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр “*******” ХХК нь сумын төсөвт байгууллагуудыг дулаанаар хангахаар тохирсон ба хариуцагч Сонгино сумын Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уг хэргийн гуравдагч этгээд “*******” ХХК-тай “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” байгуулж уг гэрээгээр сумын төсвийн байгууллагуудыг халаалтад бүрэн хамруулахаар тохирсон байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь 2019 оноос хойш Завхан аймгийн Сонгино сумын нэгдсэн халаалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу компанийн хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж 30 жилийн хугацаатай урт хугацааны тогтмол гэрээ байгуулан ямар нэгэн зөрчил дутагдалгүй сумын төсвийн байгууллагууд, хувийн хэвшил, айл өрхүүдийг дулаан, цэвэр усаар хангаж ирсэн. Гэтэл манай компанийн гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад Сумын засаг дарга А.******* нь 2023 оны 04 сарын 10-нд “*******” ХХК-тай Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ байгуулан түншлэлийн гэрээний үүргээ ноцтой зөрчин тухайн компанид давуу байдал бий болгож, сумын Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Тухайн гэрээг байгуулсныхаа дараа 2023 оны 05 сарын 25-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын 1/85 тоот албан бичгээр “орон нутгийн дулаан болон цэвэр усаар хангах ажлаа хангалтгүй биелүүлж байгаа учир гэрээгээ цуцалж бусдаар тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх нэн шаардлагатай байгаагаа үүгээр мэдэгдье” гэж мэдэгдэж ямар ч гэрээ дүгнээгүй, зөрчил дутагдал гаргаагүй байхад шууд мэдэгдэл өгч байна. ... Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний ... 2.9-д сумын Засаг дарга нь төсвийн байгууллага болон одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын болон цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана, Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т ... өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан 30 жилийн хугацааны дотор ашиглана ... гэсэн  заалтыг тус тус ноцтой зөрчиж нэгэнт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж Сонгино сумын төвийн нэгдсэн халаалтын шугам сүлжээг гүйцэтгүүлж, 30 жилийн тогтвортой дулаан авах, дулаанаар хангах, эцэст нь төрд шилжүүлэн өгөхөөр энэ шугам сүлжээ нь төрийн өмч болно. ... Гэтэл төрийн өмчид очихоор харилцан тохиролцож гэрээ байгуулж, хувийн хөрөнгө оруулалтаар гэрээний дагуу дулаанаар ханган ажиллаж байхад шинээр сонгогдсон сумын Засаг дарга дур мэдэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, өөр нэг ямар ч зөвшөөрөлгүй компанид давуу эрх олгож адилхан утгатай гэрээ байгуулсан нь хууль бус юм гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай гэрээний 2.9 дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь төсвийн байгууллага, одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын, цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана гэх агуулгатай гэрээ байгаа. Энэ гэрээ нь 30 жилийн хугацаатайгаар байгуулагдсан гэрээ. Гэтэл энэ гэрээний үүргээ зөрчөөд өөр байгууллагатай гэрээ байгуулж буй үйлдэл нь нэхэмжлэгч компанийн  эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ гэрээний гол агуулга нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Концессын тухай хууль, Засгийн газрын тогтоолын үзэл баримтлалаар төр өөрөө хөрөнгө санхүү байхгүй хийж чадахгүй байгаа учир хувийн хэвшлийн хөрөнгийг татъя гэсэн агуулгатай. Энэ агуулгын дагуу хувийн хэвшлээс 100 хувийн хөрөнгийг босгоод, хувийн хэвшил эрсдэлээ даагаад өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаа. Үүний баталгаа нь төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах гэрээ, хууль дүрмүүд юм. Энэ гэрээн дээр зааж өгсөн байгаа. Шинээр баригдсан бүх байгууламжийг энэ халаалтын системд холбуулах арга хэмжээг авна гээд 30 жилийн хугацаагаар үүрэг хүлээсэн. Хувийн хэвшлээр хөрөнгө оруулчхаад халаалтынхаа мөнгөөр энэ байгууллага чинь тухайн хөрөнгө оруулалтаа нөхнө гэх агуулгатай. 3 жилийн дараа өөр Засаг дарга томилогдоод ******* даргаас зөвшөөрөл авахгүйгээр танай халаалтын систем болохгүй байна гээд мэдэгдэл өгөөд өөр байгууллагатай гэрээ байгуулж байгаа нь манай байгууллагын эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. 30 жилийн хугацаанд мөрдөх гэрээ байхад 3 жилийн хугацааны дараа ямар нэгэн шалтгаан үндэслэлгүйгээр гэрээг зөрчиж байгаа нь учир дутагдалтай байна. ... Аймгийн Засаг даргад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулснаас 2  сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 07 дугаар сарын 17-ны өдөр энэ байгууллагын гэрээг цуцалж өгөөч гэсэн байдлаар хандаж байна. Хоёрт, Сонгино сумын “*******” ХХК-тай байгуулсан гэрээн дээр 2019 оны “*******” ХХК-тай байгуулсан гэрээний гол нөхцөл буюу төсвийн байгууллагуудыг халаахыг үүрэг болгосон. Захиалагч буюу А тал нь гэрээний 4.6-д зааснаар төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулна гэсэн  үүрэг хүлээсэн. “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээрээ мөн ийм үүрэг хүлээсэн байгаа нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эрх хэмжээнд олгогдоогүй буюу сумын Засаг даргын эрх хэмжээнд Концессын тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны тогтоолоор сумын Засаг даргад ийм гэрээ байгуулах эрх хэмжээ байхгүй байна. 2014 оны Засгийн газрын тогтоолоор бол хуулиа үндэслээд, Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолоороо  Эрчим хүчний сайд, ******* даргад эрх шилжүүлсэн. Зөвхөн эрх шилжүүлэхээр явагдаж байгаа асуудал. Хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчөөд шууд дангаараа сумын Засаг дарга гэрээ байгуулж байгаа нь захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна. Өөрийнхөө бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан хэрэг болно. Гуравт, энэ асуудлын хүрээнд гэрч асуугаад халаалт муу байгаа гэх дүгнэлтийг хийж байна. ...... Мэргэжлийн түвшинд хариу гарсан байх ёстой. Гэрчүүд хүйтэн байсан гэх байдлаар ерөнхий хариулт өгч байна. ... Халаалт хэвийн бус асуудлын тухайд ******* даргаас ажлын хэсэг гаргаад бүрэн тогтоох ёстой. Аймгийн Засаг даргаас ажлын хэсэг байгуулах захирамж гарсан ч нөхцөл байдлыг тогтоосон үйл баримт байдаггүй. ... Гол агуулга нь “*******” ХХК-тай байгуулсан гэрээн дээр төсөвт байгууллага биш, хувийн хэвшлийн байгууллагуудыг холбоно гэх агуулгатай гэрээ байгуулсан бол манай тал ийм нэхэмжлэл гаргахгүй байсан. Хүссэн хувийн хэвшлийн байгууллагуудыг халаах боломжтой. Гэтэл манай гэрээгээр хүлээсэн төсөвт байгууллагуудыг өөр байгууллагад шилжүүлж байгаа нь гэрээ, хуулиудаа зөрчсөн асуудал үүсэж байна. 30 жилийн хугацаатайгаар хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татаж, 1 тэрбум төгрөг босгоод сумаа халаалгачхаад 3 жилийн дараа өөр байгууллага оруулаад хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой мөнгийг аваад олох ёстой орлогыг шууд өөр байгууллагад өгч буй үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй асуудал болоод байна. ... Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Хариуцагч Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2021 онд тухайн “*******” ХХК-ийн удирдлагыг дуудаад, энэ өвлийн тухайд халаалт муу байлаа. Манай сумын ойн нөөц нутаг дэвсгэрийн 5-6 хувийг эзэлдэг. ... Танайх 2021, 2022, 2023 онуудад хойд лагарт байгаа айл өрхүүдийг сумын нэгдсэн халаалттай холбох төлөвлөгөөгөө батлуул, халаалтад холбогдоогүй цагдаагийн байр, цэргийн анги, гал тогоо, шинэ сургуулийг халаах хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар компанийн захирал н.******* гэх хүнд үүрэг даалгавар өгөөд гаргаж байсан. Үүнээс хойш 2022, 2023 онуудын өвөл халаалтын асуудал үүссэн. 2022 оны намар 11 сард сумын онцгой комисс хуралдаад онцгой комиссын гишүүд өдөрт ээлжээр уурын зууханд очиж, хяналт шалгалт хийхэд халаалт муу байсан. Дараагаар нь байгууллагын удирдлагууд өглөө, өдөр, орой 3 ээлжээр уурын зууханд хяналт шалгалт хийх болсон. Хяналт шалгалт хийх явцад хэн ахлах байгаа нь тодорхойгүй, өмнө нь ахалж байсан н.******* гэх хүн байхгүй, замбараагүй нөхцөл байдалтай байдаг байсан. Ажлын байран дээрээ архидан согтуурдаг асуудал байдаг. Орой нь халамцуу үедээ бага зэргийн галлаад өглөөд нь галлахгүй зэрэг асуудлууд үүссэн учир тухайн үеийн “*******” ХХК-ийн удирдлагуудад бичиг хүргүүлж байсан. Сүүлдээ хэн нь ахалж байгаа нь мэдэгдэхгүй удирдлагагүй болсон. 2023 оны сүүлээр н.******* гэх залуу ирснээс хойш үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Н.*******ийг ирэхээс өмнө удирдлага нь хэн байсан нь тодорхойгүй, үйл ажиллагаа тогтворгүй байсан учраас халаалтын 2 дахь эх үүсвэрийг бий болгох зорилгоор шинэ уурын зуухтай гэрээ байгуулж, өргөжин тэлэх боломжийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авч ажилласан. “*******” ХХК-ийн хүчин чадал хүрэхгүй байгаа учир үлдсэн зах зээлийг “*******” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан. Цагдаагийн байрыг халаалттай холбоно гээл 2-3 жил болсон. Энэ өвөл “*******” ХХК халаалт өгч эхэлсэн. 2023 онд сард 3.6 сая төгрөгийн халаалтын төлбөр гардаг. Цахилгаан зуух шатаж түймэр гарах эрсдэл үүссэн. ... Эмнэлгийн тухайд эрүүл мэндийн төвөөр үйлчилж байгаа хүмүүс давхар хөнжилтэй унтдаг. Сургуулийн сурагчид гадуур хувцастайгаа хичээлд суудаг. Байгууллагынхан өрөөнийхөө дулааныг термометрээр хэмждэг байсан. Шинэ сургууль заал буюу баруун тал маш муу халдаг. Хүчин чадал нь хүрэхгүй байгаа болохоор шинэ компанитай гэрээ байгуулсан. “*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөөд төсөвт байгууллагын холболтыг шууд “*******” ХХК-руу холбох гээд байгаа асуудал байхгүй. Хүчин чадлыг тэнцвэржүүлэх зорилгоор халаалтын  хоёрдогч эх үүсвэрийг бий болгосон. “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ... нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК нь Сонгино сумын Засаг даргын “*******” ХХК-тай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах гэх байдлаар тодорхойлсон байна. “*******” ХХК нь тухайн гэрээний оролцогч этгээд биш учир нэхэмжлэгч энэ гэрээний улмаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэлээ тодорхой илэрхийлсний дараа нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдэд тооцогдох ёстой. Нэхэмжлэгчид субьектив эрхийг бий болгосон нийтийн эрх зүйн хэм хэмжээг нэхэмжлэлдээ тусгасан байх шаардлагатай. Нэхэмжлэлийн үндэслэлийг харахаар манай компанийн гэрээ цуцлагдаагүй байхад “*******” ХХК-тай гэрээ байгуулсан гэх шалтгааныг бичсэн байна. Нэхэмжлэгч “*******” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, хүчинтэй байгаа учир нэхэмжлэгч компани одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулаад ашгаа олоод явж байгаа. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн зүйл харагдахгүй байна. Нэгдүгээрт, яагаад хариуцагч захиргааны байгууллага “*******” ХХК-тай гэрээ байгуулсан бэ? гэхээр гэрээний 3.1 дэх заалтад зааснаар үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээсэн. Гэрээний 3.4 дэх заалтад үндсэн үйл ажиллагаа болох дулаанаар хангах үйл ажиллагааг горимын дагуу техникийн бэлэн байдал, найдвартай ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй байсан. Гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар түнш нь одоогийн хэрэглэгчдийг энэхүү төсөлд бүрэн хамруулна гэсэн эдгээр үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн нөхцөл нь Сонгино сумын байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангах асуудал байсан. 2021, 2022 онуудад хэрэглэгч байгууллагуудаа халааж чадаагүй. Сургууль, эмнэлэгт хүмүүс гадуур хувцастайгаа суудаг. Бусад байгууллагын хувьд нэгдсэн халаалтаар бус цахилгаан, мод, нам даралтын зуухаар халааж өвлийг давж байсан байгаа. Нэхэмжлэгч компанид хэрэглэгч байгууллагууд санал, гомдлоо хэлж, өөрсдөө очиж хяналт, шалгалт хийдэг байсан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах тулд хариуцагч тал арга хэмжээ аван ажиллаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Үүнээс гадна цэргийн ангийн гал тогоо, харуулын байрыг огт халаагаагүй, одоог хүртэл шугам сүлжээ нь ороогүй байдаг. Сонгино сумд баригдаж буй 24 айлын орон сууцыг халаах боломжгүй гэдгээ нэхэмжлэгч компани илэрхийлсэн. Хэрэглэгч байгууллагуудыг халаалтаар ханган ажиллах боломжгүй болсон байсан. Тухайлбал цагдаагийн байрыг “*******” ХХК-ийн барьсан шугам сүлжээгээр халаасан байгаа. Сумын бүх төсөвт байгууллагыг халаана гэсэн үүргээ зөрчсөн. “*******” ХХК одоогийн хэрэглэгчээ бүрэн халааж чадахгүй байгаа тул дараагийн 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн дотуур байр зэргийн халаалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудал үүссэн. Иймээс “*******” ХХК-ийн хүчин чадал хүрээгүй, халаалт өгч чадаагүй 3-4 жил болсон зарим төсвийн байгууллага, шинээр баригдах орон сууц, айл өрхүүдийг хэвийн халаах шаардлагын улмаас “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. Хоёрдугаарт “*******” ХХК-тай байгуулсан гэрээний агуулга нь “*******” ХХК-ийн шугам сүлжээг салгаад хэрэглэгчдийг авах гэсэн агуулга, зорилт байхгүй. Сонгино сумын дулаан хангамжийг сайжруулах үүднээс “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. “*******” ХХК-ийн үйл ажиллагаа хангалтгүй байсан учраас сайжруулах зорилгоор өөр компанитай гэрээ байгуулсан. Мөн “*******” ХХК болон хариуцагч нарын байгуулсан гэрээн дээр өөр бусад этгээдтэй гэрээ байгуулахгүй талаар үүрэг хүлээсэн заалт байхгүй байгаа. Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол нөгөө тал тухайн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг хууль тогтоомжид заасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт захиргааны гэрээнд Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалтыг хэрэглэж болохоор заасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  227.5 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан. Гуравдугаарт “*******” ХХК цагдаагийн тасагт халаалт өгч байгаа. Үүнээс болж, “*******” ХХК-д хохирол учирсан зүйл байхгүй. Яагаад гэвэл “*******” ХХК үйл ажиллагаа явуулснаас хойш цагдаагийн тасагт халаалт өгөлгүй хэдэн жил болсон. Халаалт муу байсан ч бусад байгууллагаас төлбөрөө бүрэн аваад явж байсан. Талбайн зөрүү тогтоогдсон хэдий ч өмнөх талбайн хэмжээгээрээ төрөөс төлбөрөө бүрэн аваад явж байсан. Халаалт хангалтгүй байсан нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ хугацаанд хүйтэн байрыг цахилгаанаар халаагаад явж байсан төрд хохиролтой байсан болохоос нэхэмжлэгч байгууллагад хохирсон зүйл байхгүй. Гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулснаараа нэхэмжлэгчид ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна. Тухайн гэрээг хүчингүй болгосноороо цагдаагийн байрын халаалтыг зогсоох, төрөөс хөрөнгө зардал нэхэмжлэх нийтийн эрх ашиг хөндөгдөх эрсдэл байгаа. Нэхэмжлэгч компани анхнаасаа гэрээний үүргээ зохих ёсоор нь биелүүлээд халаалт, дулаанаар хэвийн хангаад явж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Маргаан бүхий гэрээг байгуулах болсон шалтгаан нь нэхэмжлэгч компани өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн асуудал байхгүй. Энэ гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанид сэргэх эрх ашиг байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

7. Хамтран хариуцагч Завхан ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... Гэрээнд зааснаар 30 жилийн хугацаанд тухайн сумын Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Тамгын газрыг халаана гэх утгыг илэрхийлээгүй. Дулааны шугам сүлжээ түгээх газар доогуур инженерийн шугам сүлжээ, халаалтын шугам сүлжээнд холбогдсон нэгдсэн сүлжээгээрээ төсөвт байгууллагуудыг халаана гэдгээ илэрхийлсэн. Тухайн байгууллагууд Эрчим хүчний тухай хуульд зааснаар тухайн ондоо халаалт хийлгэх талаараа гэрээ байгуулж байгаа. Анх байгуулсан гэрээний тухайд Концессын гэрээг хорьсон үед хамтын ажиллагааны гэрээ хийгдээд, гэрээний төсөлд тухайн үеийн ******* дарга нар гарын үсгээ зурсан байдаг. 24 сумын гэрээ эх хувиараа байдаггүй. 10 сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулж, ажилласан бусад тохиолдолд ******* дарга гэрээ байгуулсан. Сонгино сумын уурын зуухны хүндрэлтэй байдал, халаалтын чадамжийнх нь асуудал дээр сумын удирдлага, сумын байгууллагын албан хаагч, иргэдийн хувьд гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлээд байгаа учраас шинээр бий болж байгаа орон нутгийн төсөвт, улсын төсвөөр барьж байгаа барилга байшингууд дээр “*******” ХХК-ийн халаалтын хүчин чадал хүрэхгүй байгаа учир, дараагийн уурын зуухтай гэрээ байгуулсан. Энэ нь тухайн сумын төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулах нөхцөлтэй шууд холбогдож байна. Аймгийн дарга өөрийн эрх хэмжээний асуудал болох уурын зуух, эрчим хүчний асуудлыг Сонгино сумын Засаг даргад шилжүүлж дараагийн эх үүсвэрийг бий болгож, орон нутгийн халаалтын асуудлыг дахин уурын зуух барьж халаалтын доголдлоос гарах арга замыг бий болго гэж амаар өгсөн үүргийн дагуу Сонгино сумын Засаг дарга А.******* хоёрдогч халаалтын эх үүсвэрийг бий болгож ажилласан. “*******” ХХК-ийн одоогийн байгаа үйл ажиллагаа буюу төсөвт байгууллагыг халаасан гэрээний зөрчлөөс үүдэн энэ компаниар халаалгахгүй гэрээг цуцлах талаар ямар нэгэн асуудал гаргаагүй. Тухайн компанийн халааж байгаа Соёлын төв, Эрүүл мэндийн төв,  Цэргийн анги зэрэг халаалт авч байгаа байгууллагууд “*******” ХХК-аар халаалгахгүй гэсэн асуудал үүсээгүй. “*******” ХХК нь халаалтаа бүрэн өгч, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж чадахгүй байсан тул хоёрдогч эх үүсвэрийг бий болгож ажилла гэсэн чиглэлийг ******* дарга өгсөн. Үүний дагуу Сонгино сумын Засаг дарга ******* хоёрдогч халаалтын эх үүсвэрийг бий болгосон. Одоог хүртэлх хугацаанд “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, халдсан тохиолдол байхгүй.  Аймгийн хэмжээнд нийт 24 сумд хийгдсэн нэгдсэн халаалтын гэрээний хувьд нэг уурын зуух монопол эрхтэйгээр манайх халаах ёстой гэж гэрээнд туссан гээд байгаа боловч Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд зааснаар өрсөлдөөнийг зохицуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр аль нэг байгууллагад давуу байдал олгосон зүйл байхгүй. Шинэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа тохиолдолд Улиастай, Тосонцэнгэл сумуудын жишгээр тухайн сумд 2 дахь халаалтын эх үүсвэрийг бий болгох боломжтой.  ... Давуу байдлаар бий болсон уурын зуухнууд урт хугацаанд гэрээ хийсэн байна гэх дүгнэлт гарч байгаа. Тухайн үед Засаг даргатай гэрээ хийсэн компани урт хугацаанд төрд алдагдалтай гэрээ байгуулж байгаа. Нүүрсний үнэ ханш, тээвэр, шатахууны зардлаа тухайн үед үнийг нь өсгөж авч байгаа. Доголдолтой уурын зуухны тухайд шинээр уурын зуухыг бий болгох нь зүйтэй. Тухайн байгууллагадаа халаалтынх нь үнийн саналаа өгөх сонголттой боломжийг бүрдүүлэхийн тулд суманд 2 дахь уурын зуухыг бий болгохыг тухайн үеийн ******* дарга нар зөвшөөрөөд сумын Засаг дарга халаалтын 2 дахь эх үүсвэрийг бий болгож, доголдлыг залруул гэж үүрэг даалгавар өгсний хүрээнд Сонгино суманд 2 дахь үүсвэрийг бий болгож ажилласан гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. “*******” ХХК-ийн хувьд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн халаалгаж байгаа байгууллагаас халаалт цуцлуулах талаар ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Гэрээ цуцлах үйлдэл хийгдээгүй байна. Энэ гэрээ цуцлах асуудал нь “*******” ХХК буюу Засаг даргын Тамгын газартай шууд  хамааралтай асуудал. Манай компани өөрийн хөрөнгөөрөө уурын зуух барьсан.”*******” ХХК-ийн захирал нь Сонгино сумын иргэн байдаг. Өөрийн сумын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хөрөнгө оруулалт хэлбэрээр сумандаа уурын зуух барьсан байдаг. Уурын зуухтай холбоотой асуудал дээр одоогоор манай “*******” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-ийн ямар нэгэн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Сонгино сумын Тамгын газраас хөрөнгө авсан зүйл байхгүй учир “*******” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар бусад үйл баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. “*******” ХХК, Сонгино сумын Засаг дарга нарын байгуулсан гэрээ нь “*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн гээд байгаа боловч зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна. Ирээдүйд болох зүйлийг ургуулан бодож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж харж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ гэж үзээд гэрээнд ижилхэн үг, үсэг орсноороо нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндөөд байна гэж үзэж байгааг аль хууль тогтоомжоор эцэслэн шийдвэрлэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал “*******” ХХК-тай байгуулсан гэрээ, манай гэрээн дээр орсон үг, үсэг байна. Үүгээрээ манай эрх ашгийг хөндөөд байна гэж үзэж байгаа боловч жил гаруй хугацаа өнгөрч байхад нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдөөгүй. Захиалагч тал “*******” ХХК-ийн үйл баримтын талаар ямар нэгэн зүйл гаргаагүй байхад ирээдүйд ийм зүйл үүсэж магадгүй гэх байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

3. Завхан ******* даргаас 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-тай 01 дүгээр “Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь 1.100.621.186 төгрөгийн үнийн дүнгээр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлөөр, гэрээт ажил эхлэх хугацааг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоосон ба нэхэмжлэгч нь одоо тус сумыг дулаанаар хангах үйл ажиллагааг эрхэлж байна.

4. Хариуцагч Сонгино сумын Засаг дарга 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уг хэргийн гуравдагч этгээд “*******” ХХК-тай “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “*******” ХХК-д “орон нутгийн дулаан болон цэвэр усаар хангах ажлаа хангалтгүй биелүүлж байгаа учир гэрээгээ цуцалж бусдаар тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх нэн шаардлагатай байгаагаа үүгээр мэдэгдье” гэж мэдэгдэл өгсөн боловч “*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр гэрээ цуцлагдаагүй байна.

5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээр манай компанийн халааж байгаа сумын төсөвт байгууллагуудыг “*******” ХХК халаахаар тохиролцсон нь тухайн компанид давуу байдал үүсгэн, сумын Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж, хариуцагчаас нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, тухайн компанийн эрх зөрчигдөөгүй гэж, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгино сумын Засаг даргатай байгуулсан төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж тус тус маргаж байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заажээ.

7. Завхан ******* даргаас “*******” ХХК-тай байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний 2.9-т “сумын Засаг дарга нь төсвийн байгууллага болон одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын болон цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллана”, Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай байгуулсан гэрээний 4.6 дугаар “Төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдийг халаалтын системд бүрэн хамрагдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-д чиглэгдсэн буюу түүний эрх зүйн байдал болон гэрээний 2.9-д заасан эрх ашиг сонирхлыг хөндсөн үр дагаварт хүргэхүйц нөхцөлийг агуулсан байна.

8. Түүнчлэн Сонгино сумын Засаг даргаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “*******” ХХК-тай гэрээ байгуулсны дараа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч байсан, мөн ******* даргад хандан 2023 оны 6, 7 дугаар сард “*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулахаар удаа дараа албан бичгээр хандаж байсан, “*******” ХХК нь “*******” ХХК-ийн халааж буй төсвийн байгууллагуудын дулааны шугамын худгууд руу өөрийн дулааны шугамыг холбоход бэлэн болгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол “*******” ХХК-тай байгуулагдсан гэрээний үр дагавраар хөндөгдөж болзошгүй байна.

9. Сонгино сумын Засаг даргаас баталж, “*******” ХХК-тай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ нь Концессын тухай хуулийн 4.1.3-т заасан барих-өмчлөх-ашиглах төрлийн концессын буюу захиргааны гэрээ байна. Концессын тухай хууль нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон ба уг харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах болсон ба Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаас үзэхэд уг маргаанд Концессын тухай хуулийг хэрэглэхээр байна.

10. Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "концессын гэрээ" гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг”,  3.1.7-д "эрх бүхий этгээд" гэж…, аймаг, нийслэлийн Засаг даргыг”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн …, 17.2-д заасны дагуу шууд гэрээ байгуулахаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “орон нутгийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга” концессын гэрээний тал байна”. Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийнЗарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “... сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг..., холбогдох ******* дарга нарт даалгасугай” гэжээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.4 “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэснээр захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гэрээ байгуулсныг ойлгохоор байна. Хариуцагч Сонгино сумын Засаг дарга нь хууль, Засгийн газрын тогтоолд тухайлан заасан өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулснаар маргаан бүхий гэрээ анхнаасаа гэрээний оролцогчдод шаардах эрх, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, гэрээний нөхцөлүүд хэрэгжих боломжгүй, тухайн гэрээ илт хууль бус болох үндэслэлд хамаарч байна.

12. Нэхэмжлэгч нь хариуцагч Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий ч уг гэрээ нь хуульд заасан илт хууль бусад тооцогдох гэрээ байх тул шүүхээс илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэх нөхцөлд хамаарахгүй. Учир нь захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн гэрээ илт хууль бусад тооцогдох агуулга, хэлбэртэй байх тохиолдолд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны гэрээг өөрт нь сөрөг нөлөөлөл, үйлчлэлгүй болгосноор хөндөгдсөн эрхээ сэргээлгэх байдаг тул шүүхээс илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч “*******” ХХК Завхан ******* даргатай байгуулсан 2019 оны 01 дүгээр гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж,  энэ талаарх баримт хэрэгт авагдаж, хэргийн оролцогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч  Завхан ******* дарга болон Сонгино сумын Засаг даргаас нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гэрээний биелэлтийг албан ёсоор дүгнээгүй, ажлын хэсэг ажиллуулаагүй ба энэхүү нөхцөл байдал нь Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай шууд гэрээ байгуулах үндэслэл, эрхийг олгохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

14. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  “Сонгино суманд 2 уурын зуух ажиллахыг хуулиар хориглоогүй, Өрсөлдөөний хуулиар боломжтой” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх хуулийн шаардлага тавигддаг ба ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонгино сумын Засаг даргад сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг шилжүүлсэн гэх боловч энэ талаарх өөрт байгаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн гэрээ байгуулах эрх шилжүүлэх асуудал нь зөвхөн хуулийн хүрээнд хэрэгжих боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Сонгино сумын Засаг даргаас “*******” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Сонгино сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР