Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1166

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00895 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И” ХХК-ийн хариуцагч В.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 576 570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Т А.Н нар нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар зээлийн гэрээгээр “И” ХХК-аас 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 017 000 төгрөг, зээлийн хүүд 2 154 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 405 215 төгрөг, нийт 4 576 570 төгрөгийг төлөөгүй байна. “И” ХХК нь уг зээлийн төлбөрийг гаргуулахаар В.Т А.Н нарыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч А.Н хаяг тодорхойгүй гэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хариуцагч В.Т 4 576 570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч В.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “И” ХХК-ийг  үүсгэн байгуулж байсан. Тухайн үед А.Н нь автомашинаа барьцаалан зээл авах гэсэн юм гэхээр нь би “И” ХХК-ийн нягтлан бодогч, эдийн засагчтай холбож өгсөн. Гэтэл эдийн засагч нь мөн А.Н нар намайг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орохыг хүссэн. Би татгалзсан боловч надаас гуйсаар байгаад гарын үсэг зуруулсан. Энэ бүгдийг тухайн үед хамт ажиллаж байсан бүх хүн мэднэ. Уг 3 000 000 төгрөгийн зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Мөн А.Н олдохгүй байгаа юм бол яагаад эрэн сурвалжлуулахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч В.Т гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 288 285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 288 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Т улсын тэмдэгтийн хураамжид 51 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч В.Т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 288 285 төгрөгийг гаргуулан “И” ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 288 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 2 288 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх “..Иргэний хуулийн 242 дугаар зуйлийн 242.11-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар “Зээлийн гэрээ ”-ний дагуу зээлдэгч А.Н В.Т нарын хамтран гүйцэтгэх үүрэг болох 4 576 570 төгрөгийн 50 хувь болох 2 288 285 төгрөгийг хариуцагч В.Т гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 288 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэнд гомдолтой. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.1-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба гэрээний бүх нөхцөлийг мөрдөнө” гэж заасан. Нэхэмжлэгч “И” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүх “И” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 576 570 төгрөгийг зээлдэгч А.Н хамтран зээлдэгч В.Т нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг шаардлагаас 2 288 285 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: В.Т миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Т-д холбогдох нийт 4 576 570 төгрөг гаргуулах иргэний хэргийн маргаантай хэргийн хариуцагчаар татагдсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 21-нд А.Нарангэрэлд 8977 УНН улсын дугаартай ISUZU маркийн автомашинд фидуцийн гэрээгээр барьцаалан 3 000 000 төгрөгийг, 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг иргэн А.Н зээл олгохыг хүссэн өргөдөл болон барьцаа хөрөнгөтэй зээл олгохдоо заавал хотын иргэнээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулах хэрэгтэй байна. Энэ хүний орлого тодорхойлсон Хаан банкны хуулга болон зээлийн түүхийн эрсдэлгүй зэргийг үзэхэд их боломжийн хүн юм. Барьцаа хөрөнгө нь ч гэсэн зах зээл дээр 5-6 сая төгрөгтэй байна. Та хамтран зээлдэгчээр ороод өгөөч тэгвэл боллоо гэж эдийн засагч ажилтай байсан одоо гүйцэтгэх захирал ажилтай Ө.Б намайг ятгасан. Тухайн үед би татгалзахад бид аваагүйг чинь мэднэ ганц гайгүй зээл гаргачихая гэж ятгасан. Мөн А.Н гуйж ятгасан. Би сайн танихгүй шүү гэж хэлсэн боловч хоёр талаас гуйж ятгаж гарын үсэг зуруулсан. Би 2018 оны 04 дүгээр сард ажлаас гарахад энэ зээлийн талаар юу ч яриагүй 2019 оны 10 дугаар сар хүртэл 2 жил 04 дүгээр сарын хугацаанд “И” ХХК энэ зээл дээр төлөлт хийгдээгүй байгааг огт ажиллагаа явуулаагүй нь зээлийн гэрээгээ өөрөө зөрчсөн байна. Гэтэл А.Н нь хотын хаяг дээрээ байхгүй. Дархан орох боломжгүй гэдэг үндэслэлээр хувийн ажлын албан тушаалын маргааны харьцаанаас үүссэн үл ойлголцоо харьцаагаа ашиглан огт мөнгө аваагүй танихгүй, мэдэхгүй мэдсээр байж иргэн В.Т надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр нь үнэнд нийцсэн хэн нэгнийг хохироогоогүй байх ёстой байх тул тус шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.11-д заасан болон 3.2.6-д 6.3-т заасан үндэслэлүүдээр мөн өдрийн 27 тоот үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 1.21, 2.3, 2.3.1, 2.3.2, 3.11 болон 3.1.2-т заасны дагуу тус тус банк бус байгууллага өөрийн өмчлөх хөрөнгөд бүртгэлтэй барьцаалбарын гэрээний автомашинаар зээл зээлийн хүүгээ бүрэн төлж хохирлоо төлж барагдуулах боломжтой юм. Хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримт, өргөдөл зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч В.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 576 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 9-11 дүгээр тал дах баримтаар “И” ХХК , А.Н В.Т нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 27 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “И” ХХК нь А.Н В.Т нарт 3 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцжэээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 27 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг “И” ХХК нь А.Н В.Т нартай байгуулж уг гэрээгээр  А.Н 89-77 УНН улсын дугаартай, Isuzu ELF маркийн суудлын автомашиныг “И” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэргийн 33-35 дугаар тал дах фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч В.Т нь зээлийн гэрээний 3.3.1-д “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба гэрээний бүх нөхцлийг мөрдөнө” гэж заасан үүргийг хүлээж гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээнд зурсан гарын үсэг минийх биш гэж маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

Хариуцагч В.Т нь А.Н автомашинаа барьцаалан зээл авах гэсэн юм гэхээр нь “И” ХХК -тай холбож өгсөн, тус компанийн эдийн засагч хамтран зээлдэгчээр орохыг хүссэн би татгалзсан, надаас гуйсаар гарын үсэг зуруулсан, хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ, би авч хэрэглээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Түүнчлэн, зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, зээлийн хөрөнгийг захиран зарцуулсан байдал нь зээлдүүлэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “И” ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болдог тул зөвхөн хариуцагч В.Т зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь үндсэн зээл, хүүг гэрээнд заасны дагуу буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Энэ тохиолдолд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 3.2.4, 3.2.5, 3.3.1-т тус тус тодорхойлон зааж тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаар зөв дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран гүйцэтгэх үүрэг болох 4 576 570 төгрөгийн 50 хувь болох 2 288 285 төгрөгийг хариуцагч В.Т гаргуулах шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь хамтран үүрэг гүйцэтгэгчдийн аль нэгнээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үүргийг шаардах эрх зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчид байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хэнээс ч үүргийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч В.Т зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь 4 576 570 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Хариуцагч В.Т фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн өмчлөлд шилжсэн 89-77 УНН улсын дугаартай, Isuzu ELF маркийн суудлын автомашинаар зээл, зээлийн хүүг бүрэн төлж хохирлоо барагдуулах боломжтой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч компанид А.Н нь фидуцийн гэрээгээр дээрх автомашины өмчлөлийг шилжүүлсэн боловч тус компанид уг автомашины эзэмшлийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй тул фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11,” гэснийг хасч “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3,” гэж, “...2 288 285 төгрөг... ” гэснийг “...4 576 570 төгрөг...” гэж,

2 дахь заалтын “...51 562 төгрөг...” гэснийг “...88 175 төгрөг...” өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 563 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ