Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/06

 

 

 

Д.Хэрлэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч          Б.Батзориг

                     Шүүгчид                                       Г.Давааренчин                                      

                                                                          Д.Буянжаргал

                      

                      Оролцогчид:

                      Прокурор                                      А.Энхтуяа

                     Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2019/ШЗ/35 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Давдайгийн Хэрлэнд холбогдох эрүүгийн 1831000660257 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Хэрлэн нь Сэлэнгэ аймаг, Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн модны хуваарь баталсан тогтоолын хавсралтанд “Хөвчийн ой” нөхөрлөлд 50 метр3 мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байхад дур мэдэн “Үзэсгэлэнт бугант" ХХК-нд олгохоор тусган албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон ойн санд 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаартай шүүгчийн захирамжаар:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Давдайгийн Хэрлэнд холбогдох 1831000660257 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Хэрлэнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Учир нь:

1.Яллагдагч Д.Хэрлэн нь энэ хэрэгт удаа дараа хууль сануулж, гэрчийн мэдүүлэг өгсөөр ирсэн, гол ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу “Үзэсгэлэнт Бугант” ХХК-ийг ямар учраас мод бэлтгэх хуваарьт оруулсан талаар Д.Хэрлэн, Б.Алтанзаяа нар харилцан зөрүүтэй мэдүүлсэн байхад Аптанзаяагийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь учир дутагдалтай байна гэжээ. Хэрэгт цугларсан гэрч Б.Алтанзаяагийн “...Ерөө сумын ИТХ нь 7 тэргүүлэгчтэй бүрэн эрхийнхээ хүрээнд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар мод бэлтгэх хуваарийг хуваарилж баталдаг...тухайн өдөр Хөвч нөхөрлөлд ойгоос арчилгааны огтлолоор хэрэглээний 50 метр куб нарс мод бэлтгэх эрхийг хуваарилсан. ...Гэтэл Ерөө сумын ИТХ-ын дарга Д.Хэрлэн нь тус хурлын иргэдийн төлөөлөгч Мөнхдалай гэх хүний “Үзэсгэлэнт Бугант” ХХК-ийн Хөвч нөхөрлөлд олгосон 50 метр куб модыг хууль бусаар дур мэдэн олгож, тамга дарж сумын ойн ангид тухайн 33 дугаартай тогтоолын хавсралтыг хүснэгтээр хүргүүлсэн. ...энэ тухай миний бие Ерөө сумын сум дундын ойн ангийн ойн инженер ажилтай Б.Ууганцэцэгийн албан бичгээр гаргаж өгсөн мэдээллээс “Хөвч” нөхөрлөлд олгогдсон 50 метр куб арчилгааны огтлолын нарс модны зөвшөөрөл үлдэгдлээр байгаа гэж бодтол хууль бусаар “Үзэсгэлэнт Бугант”ХХК-д олгогдсныг мэдсэн...тухайн тогтоолд гарын үсэг зуруулж хянуулахад дагалдаж тогтоолын хавсралт хүснэгт орж ирээгүй...”

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 25.4 дүгээр зүйлд нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааны талаар хуульчлахдаа 1.“Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно”, 2.Яллагдагчийн нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж зохицуулсан.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Хэрлэн нь гэрч Б.Алтанзаяатай нүүрэлдүүлж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд шүүх хуралдаанд гэрч Б.Алтанзаяаг оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой талаар улсын яллагчийн зүгээс шүүхэд хандаж санал хэлэхэд хүлээж аваагүй хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаар Д.Хэрлэн, Б.Алтанзаяа нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээр Д.Хэрлэн нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ байгуулалгүйгээр ажиллаж ирсэн талаараа мэдүүлсэн ба нэгэнт байгуулагдаагүй зүйлийг нэхэж шаардах нь үндэслэлгүй юм.

Д.Хэрлэн нь Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 172 дугаартай “Д.Хэрлэнгийн эрхэлдэг албан тушаал нь Засгийн газрын 2007 оны “төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчилэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтанд дурдсан Төрийн захиргааны албан тушаалын ангиллын дэс тушмэлийн 7 дугаар зэрэглэлд хамаарна” гэх албан бичгийг гаргуулан авч хэрэгт хавсаргасан байна.

Энэхүү албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно." гэх хуулийн шаардлагыг хангаж байх тул дахин төрийн албаны зөвлөлөөс гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжинд дурдсан ажлын байрны тодорхойлолт гэх зүйл хуулинд байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт” гэсэн ойлголт бий.

“Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж зохицуулсан байна. Дээрх байдлаас ажлын байрны тодорхойлолт гэх зүйлийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна.

Мөрдөгчөөс шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээч томилсон тогтоолд хууль сануулан гарын үсэг зуруулсны үндсэн дээр шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд уг дүгнэлтийг гаргасан байх тул худал дүгнэлт гаргасан гэх үндэслэлгүй байна.

Шинжээч Б.Энхтулгын гаргасан дүгнэлттэй холбогдуулан шинжээчийг байцаан мэдүүлэг авахдаа хэдэн жил ажиллаж байгаа талаар хувийн байдлын талаарх мэдээлэлд энэ талаар тусгагдсан байх тул нотлох баримтын хэмжээнд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой байна. Байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж зохицуулсан байх тул тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хөвч” нөхөрлөлд олгохоор шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална.

25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тоггоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж зохицуулсан байгаагаас харахад тухайн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх нь зөвхөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хадгалагдаж байхад Д.Хэрлэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон болох нь харагдаж байна.

Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Алтанзаяа нь албан тушаалдаа хайнга хандсан эсэх, эсвэл өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн эсэх зэрэг өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох гэжээ.

Б.Алтанзаяа нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн модны хуваарь баталсан тогтоолын хавсралтыг тулгаж үзэлгүйгээр тогтоолыг баталсан талаараа гэрчээр өгсөн мэдүүлэгтэй тодорхой мэдүүлсэн ба түүний албан тушаалдаа хайнга хандсан үйлдлийг шалгах боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албыг дор дурдсанаар ангилна.. 6.1.1.төрийн улс төрийн алба, 6.1.2.төрийн захиргааны алба, 6.1.3.төрийн тусгай алба, 6.1.4.төрийн үйлчилгээний алба гэж 4 ангилсан.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна

12.1.7 аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна гэж зохицуулсан байгаагаас яллагдагч Д.Хэрлэн нь төрийн захиргааны албан хаагч нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д “...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл гаргав гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс гаргаж байгаа яллах дүгнэлт, уг хавтаст хэргийг бүрдүүлсэн байдал зэрэгт анхан шатны шүүх эрх зүйн талаас тодорхой дүгнэлт хийх боломжгүй байдлаар хэргийг бүрдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд байгаа, мөн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийн ноцтой зөрүүнүүд бий. Миний үйлчлүүлэгчийг буруутгахдаа 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан шинжээчийн дүгнэлт нь өөрөө ач холбогдолгүй, нотолсон баримт байхгүй, хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнийгээ прокурор өнөөдөр өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Нөгөөтэйгөөр анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой харагддаг. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг прокурор өөрөө зөвшөөрсөн. Энэ хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал байгаа юм.

Өнөөдөр Д.Хэрлэн өөрөө ямар албан тушаалтан вэ? гэдэг асуудлыг хавтаст хэрэгт тодорхой байдлаар тогтоож чадаагүй. Хэрвээ Ерөө сумын иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол эрх мэдэл бүхий албан тушаалтан болоод ямар баримтыг өөртөө урвуу байдлаар ашигласан нь тодорхойгүй. Өмгөөлөгчийн зүгээс харж байгаа өнцөг бол Б.Алтанзаяа гэдэг хүн Д.Хэрлэнд тодорхой хэмжээний тушаал өгсөн байдаг. Энэ талаар дээрх хүмүүсийг хоёуланг нь гэрчээр байцаахдаа хууль сануулж авсан мэдүүлэг байна.

...Тухайн цаг хугацаанд Д.Хэрлэн ээлжийн амралттай байсан, гэтэл түүнийг тогтоолоо гаргаад хэвлээд байж байна гэдэг асуудал яригдсан байдаг. Тэгээд тогтоолыг хараад энэ компанид чинь зөвшөөрөл байхгүй, та нар ийм компани оруулж ирсэн байна гэх маргаантай асуудал гарч ирсэн. Энэ нь Ерөө сумын иргэдийн хурлын протокол дээрээс маш тодорхой харагдана. Хэнийг оруулах гээд байгаа нь тодорхойгүй, юу яриад байгаа нь ч ойлгомжгүй байдал уг протокол дээрээс харагддаг. Д.Хэрлэн энэ байдлыг нь хэлээд хавсралтанд нь хэнийг оруулах уу?, “Хөвч” нөхөрлөлийг оруулчих уу?, 2 сард зөвшөөрөл авсан компани байна гэсэн чинь тэг тэг гэсэн байдаг. Тэгэхээр энэ 2 мэдүүлгийн Д.Хэрлэн яагаад худлаа ярьж байна, Б.Алтанзаяа үнэн ярьж байна гэж прокурор авч үзээд байгааг би ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр энэ компаний захирлыг Д.Хэрлэнгийн найз мэтээр прокурор шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Үүнийг хавтаст хэрэгт тогтоосон зүйл байхгүй. Харин тэр компанийн захирал нь Ерөө сумын иргэдийн хуралд ажиллаж байсан л хүн байдаг. Түүнээс биш Д.Хэрлэнгийн найз нөхөд, түүнд давуу байдал олгочихлоо гэж үзэх үндэслэл байхгүй. Гэтэл шинжээч 50 метр куб модыг бэлтгэсэн бол тодорхой ийм зардал гарна гэсэн байдаг. Гэтэл яг ямар мод бэлтгэсэн, огтолсон мод юм уу?, хуурай, нойтон гэдэг нь тодорхой бус ямар итгэлцүүрээр шинжээч томилсон, хэдэн жил ажилласан шинжээч энийг шууд хараад мэддэг юм бэ?, өөрөө очиж хараагүй байж яаж 50 метр куб гэж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй. Өнөөдөр хүнийг 10 /арав/ сая төгрөгийн өрөнд оруулчихаад асуудалд ингэж хандаж байгаа нь учир дутагдалтай байна.

Яллагдагч заавал нүүрэлдэн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байж нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулах үүрэг хүлээгээгүй, эрх ч байхгүй. Энэ бол прокурорын өөрийнх нь эрх хэмжээ, давхар мөрдөн байцаагчийн эрх хэмжээ, Д.Хэрлэнд огт хамааралгүй асуудал юм. Харин ч зөрүүтэй мэдүүлэг өгөхөд байцаагч яаж ажиллахаа өөрөө санаачлах нь зүйтэй.

Анхан шатны шүүх захирамжаа үндэслэл бүхий гаргасан. Миний зүгээс 6 /зургаа/ заалт гаргасан, шүүгч 7 дахь заалтыг нэмж оруулсан.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэндээ тоо техникийн алдаа гаргаагүй харин агуулгын алдаа гаргасан, 10 сая төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн гэсэн агуулгын алдаа гарсан. Мөн Б.Алтанзаяа даргын албан тушаалдаа хайнга хандсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна үүнийг яаж тогтоосон нь тодорхойгүй. Энэ хэрэг ийм субьектив байдлаар хандаж болохгүй, Б.Алтанзаяа өөр гэмт хэргийн субьект болчих ч юм бил үү бид сайн мэдэхгүй шүү дээ. Тамга тэмдэг хэвлэх эрх нь Б.Алтанзаяад өөрт нь байдаг, сүүлд гэрчээр мэдүүлэхдээ намайг иргэдийн хурлын төлөөлөгчид хоорондоо хуралдаад даргаас чөлөөлөх тогтоол гаргасан байсан, тэгэхээр нь би Д.Хэрлэнд тамга тэмдэг битгий дараарай гэж хэлсэн чинь тамга дарсан асуудал байгаа, түүнээс хойш 6 сарын дараа Д.Хэрлэнгийн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ийм бичлэг, сиди бий. Үүнд Д.Хэрлэнг ганц буруутгаад байх боломж байхгүй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Хэрлэн нь Сэлэнгэ аймаг, Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн модны хуваарь баталсан тогтоолын хавсралтанд “Хөвчийн ой” нөхөрлөлд 50 м3 мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байхад дур мэдэн “Үзэсгэлэнт бугант" ХХК-нд олгохоор тусган албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон ойн санд 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаартай шүүгчийн захирамжаар:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Давдайгийн Хэрлэнд холбогдох 1831000660257 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Хэрлэнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн Шалгах Хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу гаргасан Шинжээчийн дүгнэлт нь /1-р хх-ийн 218-220-р ху/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1-д заасан  “...Шинжээчийн дүгнэлтэнд дараах зүйлийг тусгана:

1.1.шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар,

1.2. шинжилгээ хийсэн үндэслэл

1.3.шинжээчтомилсон байгууллага, албан тушаалтан;

1.4.шинжээчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа;

1.5.шинжилгээний обьектын талаархи мэдээлэл;

1.6.шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт.

2.Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй байсан ч дүгнэлтэд заана.

3.Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана...”, гэсэн заалтыг, шинжээчийн дүгнэлтэнд ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “...Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно...”,

17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн шинжилгээ хийхээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийн биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагчтай ямар харилцаатай болохыг тогтоолгүйгээр дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...” гэсэн заалтыг,

-Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна..” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй болгож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийн бусад заалтуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                             Д.БУЯНЖАРГАЛ