Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/879

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-т мөрт холбогдох 2206 00000 1389 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Б, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Т” ХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өглөөний 05 цагийн үед, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадаа “Toyota Prius-30” загварын машин дотор хохирогч Д.Ү-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Д.Ү-ийн нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ү нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б-т анхан шатны шүүхээс 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Б.Б-ийн гэм буруу болон миний эрүүл мэндэд учруулсан хохиролд хөнгөдсөн гэж үзэж байгаа. Зүй нь тухайн зүйлд заагдсан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх ёстой байсан. Миний зүгээс хагалгааны “ТУЭ” ХХК-ийн имплантын төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн /хх 41/.

Би зүүн нүдний ухархайн дотор ханын хагалгаанд орсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүхээс хохирогчийн эрүүл мэндийг бодохгүй, хохироод үлд гэдэг байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би шүүгдэгч Б.Б-т зодуулсны улмаас миний эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирсон явдал болсон. Иймээс эмнэлгийн зүгээс намайг зайлшгүй 1 сарын хугацаанд багтаж “хагалгаанд яаралтай ор” гэсэн шийдвэрийн дагуу би Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хагалгаанд орсон байхад шүүх уг хагалгааны төлбөрийн нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. “Хэрэв хагалгаанд ороогүй бол цаашид маш хор уршигтай, нүд суун унжиж, хараанд нөлөөлж, хараагүй болох байсан” гэж эмч хэлж байсан.

Хэрвээ би Б.Б-т зодуулаагүй байсан бол зайлшгүй хагалгаанд орох шаардлага үүсэхгүй байсан, мөн үүнээс үүдэлтэй эмчилгээ болон бусад зардлаа гаргуулах шаардлага үүсэхгүй байсан. Энэ нь Б.Б-өөс өөрөөс нь болсон асуудал. Туйлын үнэн бол би Б.Б-т зодуулж, цохиулсны улмаас л хагалгаанд орсон. Иймд хагалгааны төлбөр 1.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 1.040.000 төгрөг, нийт 2.540.000 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэж өгнө үү. Учир нь миний нүүр орчим, нүд орчим тэр чигтээ хөхөрсөн, хөхрөлт удаан арилсан, мөн битүү хавдар хавантай, хүн харахын аргагүй байсан ба ийм нүүртэй эмэгтэй хүн гоо сайхан талаасаа ч тэр хэсэг ажил хийх боломжгүй байсан. Мөн хагалгаанд орсон битүү эмнэлгийн боолттой, боолтоо солиулж байсан.

Хэрэв шүүх миний хагалгаа хийлгэсэн хохирол төлбөрийг хангах үндэслэлгүй гэж үзвэл, хохирогч миний зүгээс гомдолтой байгаа бөгөөд Шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй өөр шинжээчээр дахин гаргуулж өгнө үү. Энэхүү дахин шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг өмнө нь гаргаж байсан. Б.Б нь эрэгтэй хүн бөгөөд эмэгтэй хүн намайг нүүрэн тус газар олон удаа цохисон, мөн эмч нарын дүгнэлтүүд шинэ, хуучин гэдэг дээр санал зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Тухайлбал “2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмчийн үзлэгт баруун нүдний гадна доор дарахад хатгуулна. ...Гэмтлийн шалтгаан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, эмч Д.Т” гэжээ. 2022 оны 3 дугаар 25-ны өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт “...Зовиур: нүд орчим өвдөнө, хамар битүүрсэн, Онош: хамар ясны шинэ хугарал эмч Э.З” гэжээ. Мөн 2022 оны 3 дугаар 24-ний өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны төв толгойн КТГ-д “Зүүн ухархайн дотор хажуу хана 2.8 см хэсэг эмтойд хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай, 2 талын хацар хэсгийн арьсан дор өөхөн эдэд ялимгүй нэвчдэстэй, хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, хамрын таславч ялимгүй зүүн тийш мурийлттай, хамрын салт хавагнаж зузаарсан, Дүгнэлт: 1. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2. Хоншоорын хөндийн үрэвсэл, 3.Хамрын таславчийн мурийлт” гэж дүгнэсэн дүгнэлтүүдээс харахад эргэлзээ төрж байгаа учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, эргэлзээтэй байдлыг арилгаж, нэг мөр болгох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Ү-ийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь ялангуяа энэ хэрэг дээр буюу энэ хэргийн хохирогч Д.Ү-ийн хувьд лоозон мэт хэрэгжих боломжгүй дүгнэлт бөгөөд эрүүгийн хэрэгт ирээдүйд биш өнгөрсөн цаг дээр хийлгэчихсэн хагалгааны нотлох баримтаа гаргаж өгсөөр байхад эрүүгийн журмаар хагалгааны хохирлыг хангаагүй нь хохирогч энэхүү нэхэмжлэлээ иргэний журмаар хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хохирогч Д.Ү нь хагалгаанд орсон нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байхад, мөн бодит байдал дээр хагалгаанд ороод хэсэг хугацаанд ажилгүй байсан нь үнэн байхад энэхүү эрүүгийн журмаар хангаагүй хохирлыг иргэний журмаар дүгнэх боломжгүй, биелэгдэхгүй, хохирлоо гаргуулах боломжгүй байдал үүсэж байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гаргах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Иймээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймээс хохирлыг хамт шийдвэрлүүлэх боломжтой юм.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог. Гэтэл шүүх хохирогчоос нотлох баримттайгаар хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг хохирогчийн зүгээс хагалгаа хийлгэчихсэн баримтаа тооцон гаргасан байхад, анхан шатны шүүх ялангуяа хагалгаа, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргаагүй алдаатай шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмтлийн улмаас учирсан хохирогчийн хагалгааны төлбөр буюу хохирлоо хариуцах нь хуулийн дагуу шударга ёсонд нийцнэ.

Шинжээчийн дүгнэлтийг, бүрэлдэхүүнтэй өөр шинжээчээр шинжилгээ дахин хийлгэж өгнө үү. Энэхүү бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмнө нь гаргаж байсан. Учир нь эмч нарын гаргасан дүгнэлтүүд шинэ, хуучин гэдэг дээр санал зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Тухайлбал 2022 оны 3 дугаар 25-ны өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний эмчийн үзлэгт “Баруун нүдний гадна доор дарахад хатгуулна, гэмтлийн шалтгаант зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, эмч Д.Т” гэжээ, 2022 оны 3 дугаар 25-ны өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт зовиур нүд орчим өвдөнө, хамар битүүрсэн, Онош: Хамар ясны шинэ хугарал эмч Э.З” гэжээ. Мөн 2022 оны 3 дугаар 24-ний өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны төв толгойн КТГ-д: Зүүн ухархайн дотор хажуу хана 2.8 см хэсэг эмтойд хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай, 2 талын хацар хэсгийн арьсан дор өөхөн эдэд ялимгүй нэвчдэстэй, хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, хамрын таславч ялимгүй зүүн тийш мурийлттай, хамрын салт хавагнаж зузаарсан. Дүгнэлт: 1. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2. Хоншоорын хөндийн үрэвсэл. 3. хамрын таславчийн мурийлт эмч Э” гэж дүгнэсэн дүгнэлтүүдээс харахад эргэлзээ төрж байгаа учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, эргэлзээтэй байдлыг нэг мөр арилгуулах шаардлагатай байна. Тухайлбал, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны тасагт авагдсан компьютер томограф шинжилгээний дараа, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тус эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр хамар ясны шинэ хугарал гэж оношлогдсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Эргэлзээтэй бие биеийгээ үгүйсгэсэн дүгнэлтүүд байна.

Тодруулбал, шүүх хуралдаанд шинжээч эмч “Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч дутуу дүгнэлт гаргасан байна" гэжээ. Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын дутуу гаргасан дүгнэлтэд шинжээч эмч нь шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Үүнд:

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн дүгнэлтийг бүрэн гаргуулж байж, дахин Бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулмаар байна.
  2. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Э.З-ийн дүгнэсэн хамар ясны шинэ хугарал гэж дүгнэсэн байхад, шүүх эмнэлэг нь хуучин гэмтэл гэж дүгнэсэн тул дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах,
  3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Б.Э-ийн гаргасан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэж гаргасан, бүр тодруулбал мэргэжлийн эмч Э.З, Б.Э, Д.Т нарын гаргасан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн нарийн мэргэшсэн дүгнэлтүүдийг, шүүх эмнэлгийн эмч О.Оюунбаясгалан нь дангаар зөрүүтэй тайлбарлаж, үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байгаа тул дээрх гурван үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэхээр даалгаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гэж үзэж байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ү-д хөнгөн хохирол учирсан гэж тогтоогдсон. Тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт гарсан. Иймд хохирогч Д.Ү ажилгүй байсан хугацааны цалин буюу 1.040.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн хагалгааны төлбөр болох 1.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь, шүүх хуралдаанд шинжээч эмч оролцсон бөгөөд тус гэмтлийг хуучин гэмтэл гэдгийг тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид 475.000 төгрөг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж буй маргаантай асуудал баримтаар тогтоогддоггүй. Шүүх хуралдаанд шинжээч эмч оролцсон. Хууль сануулж оролцуулсан шинжээч эмч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг тайлбарласан. Томографийн зургийг үндэслээд хуучин гэмтэл болохыг тайлбарлаж хэлсэн. Хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэл биш учраас хохирлыг шаардах эрх байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 05:00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадаа “Toyota Prius-30” загварын машин дотор хохирогч Д.Ү-тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогч Д.Ү-ийн нүүр хэсэгт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ү-ийн: “...Б.Б, түүний эхнэр У.А бид гурав намайг хүргэж ирээд байж байсан чинь бид гурав Б.Б-ийн ээжийн талаар ярьж байгаад үл ойлголцож, Б.Б урд суудлаас хойшоо эргэж хараад гараараа миний толгой, нүд, нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, миний дээд урд талын хиймэл шүд унаад, тэгээд автомашинаас нь гараад зугтаахад араас хөөж ирээд хөлөөрөө жийж унагаагаад олон удаа өшиглөсөн. ...” /хх 10/,

гэрч Б.Э-ын: “...Маргааш сэрэхэд эхнэр Д.Ү-ийн нүүр нь битүү хавдар болчихсон байхаар нь “Яасан юм бэ” гэсэн чинь “Өчигдөр шөнө Б.Б намайг буруу ойлгоод ээжийг нь хэлж байна гэж ойлгоод автомашин дотор гараараа нүүр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон, машинаас гараад зугтаахад Б.Б араас нь хөөсөн, тэгж байхад байрны харуул гарч ирээд салгасан” гэж хэлсэн. Тэгээд Б.Б эхнэрийнхээ хамт ирээд эхнэр Д.Ү-ийн цагдаад бичсэн өргөдлийг хараад “Уучлаарай, миний буруу” гэж хэлсэн. ...” /хх 16/,

гэрч Э.Б-ий: “...Нэг жижиг машины хойд суудлаас нүд нь хөхөрсөн байдалтай, хувцас нь шороо болсон нэг эгч бууж ирсэн. Тэгээд тэр эгч тухайн машин руу чулуу шидээд “Намайг зодсон, өөрийнх нь машиныг нь ийм болгоно” гэж орилоод байсан. Тэгсэн нөгөө машинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд тэр эгчийг хөөсөн чинь нөгөө эгч бүдэрч унангуут мөр рүү 1-2 удаа гараараа цохиж байсан. Тэр эгч над дээр ирээд “Намайг машиндаа зодчихлоо” гээд орилоод байсан. ...” /хх 18/,

шүүгдэгч Б.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний буруу...” /хх 116/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.Ү-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархай, хоёр зовхи, эрүү, хацар, цээж, баруун дал, хоёр бугалга, гуя, шилбэнд цус хуралт, баруун дал, сарвуу, өвдөг, шилбэний зулгарал бүхий хөнгөн хохирол учирсан, эдгээр гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4809 дугаартай дүгнэлт /хх 21-23/ болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд хохирогч Д.Ү нь шүүгдэгч Б.Б-ийн ээжийг доромжилсон талаар шүүгдэгч  мэдүүлсэн нь түүний бусдын халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан зүй бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 475.000 төгрөг төлсөн, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар нь “Хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хагалгааны төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн компьютер томографи шинжилгээгээр хохирогчийн зүүн ухархайн дотор хажуу хананы 2.8 см хэсэг этмоид хөндий рүү 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай /хх 25/, мөн оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дүрслэл оношилгооны хариунд “...Хамар ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хамрын орчмын зөөлөн эд, хамрын хөндийн салст хэвийн, хамрын таславч өмнөд хэсгээр баруун тал руу бага зэрэг мурий /хуучин/...” /хх 27/ гэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4809 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтойг тогтоосон байх бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ганзоригт хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан /хх 20/ тул дүгнэлтийг худал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шинжээч эмч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Шинжилгээг хийхдээ хэсэг газрын үзлэг болон лабораторийн болон лабораторийн багаж хэрэгслээр хийж бүрэн гүйцэт дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нь дутуу дүгнэлт гаргасан гэж байгаа болохоор хяналтын давтан шинжилгээ хийхэд амбулаторийн картад бичигдсэн Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт бол хамрын яс шинэ хугарал гэж бичсэн боловч компьютерын томографийн шинжилгээгээр хуучин гэмтэл нь тогтоогдсон. Зүүн нүдний ухархайн гэмтэл байна. Гэхдээ энэ нь хуучин гэмтэл гэж гарсан учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон. ...” гэж шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан талаар тодорхой тайлбарлан мэдүүлсэн байх тул энэ талаар хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч Д.Ү нь ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс нэхэмжилснийг хангахгүй орхиж, гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь зөв болжээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Сарангэрэл нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ү, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ