Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2024/00056/и |
Дугаар | 151/ШШ2024/00647 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00647
2024 07 08 | 151/ШШ2024/00647
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л*****оо овогт Ё*****гийн Ж*****
/Төв аймаг, ****** сум, * дугаар баг, * дугаар гудамж, ** тоот/
Хариуцагч: Н ***а овогт О********ын Д**********н
/Төв аймаг, ***** сум, ** дугаар баг, *** дугаар ферм/
Нэхэмжлэлийн шаардлага: 16,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ё.Ж*****,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Базардорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё.Ж***** нь хариуцагч О.Д**********нд холбогдуулан 16,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Ё.Ж***** миний бие хариуцагч О.Д**********нгээс 2020 онд нэг боодол өвсийг 7,000 төгрөг, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өвсний урьдчилгаа болон ногоон тэжээлийн төлбөрт 16,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ногоон тэжээлийн урьдчилгаа төлбөрт 5,750,000 төгрөг, нийт 21,750,000 төгрөг төлсөн. О.Д**********н надад 2020 оны 11 дүгээр сарын эхээр 300 боодол өвс авчирч өгсөн. 300 боодол өвсний төлбөр 2,100,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.Н*******т гэж хүнээр дамжуулан 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 370,000 төгрөгөөр 70 боодол сүрэл нийт 7,470,000 төгрөгийн өртөг бүхий өвс, сүрэл, бэлэн мөнгө хүлээн авсан. О.Д**********н үлдэгдэл өвс, ногоон тэжээл өгөх эсвэл илүү төлбөрийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, утасны дуудлага болон фейсбүүк мессенжерт хариу өгөхгүй байгаа. Иймд О.Д**********нгээс өвс, ногоон тэжээлийн илүү төлсөн төлбөр болох 14,280,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “энэ асуудлаас болоод өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Ийм учраас надаас гарсан зардал тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
1.3 Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 964,000 төгрөгөөр багасгасан. Үндэслэлээ: 383 боодол өвс авсныг 300 боодол өвс гэж бичсэн тул зөрүү мөнгийг хасаж байна гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжилж байгаа 14,280,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 2,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Д**********н 2020 оны 8 сараас ферм эрхэлсэн. Хөрш нь нэхэмжлэгч Ё.Ж***** байсан. Өвөл өвсөө бэлтгэх зайлшгүй шаардлага гарсан. О.Д**********н нь С.Н*******т гэдэг найзтайгаа уулзсан. Дорнод аймгаас өвс бэлтгэж байгаа зах зээлийн үнээс хямд өгье гээд энэ байдлыг О.Д**********н Ё.Ж*****ад хэлсэн. Манай найз өвс бэлтгэж байгаа, шаардлагатай бол холбоод өгч болно. Зах зээлийн үнээс арай хямд нийлүүлнэ гэсэн тухай дуулгасан. Ё.Ж*****ын холбоод өгөөч ээ гэсэн хүсэлтийн дагуу О.Д**********н нь Э.Ууганбаяр, Ё.Ж***** нарт С.Н*******тын дугаарыг өгсөн. Э.Ууганбаяр, Ё.Ж*****, С.Н*******т нар өвс худалдан авах тухай хоорондоо ярилцаад үнийн хувьд тохироогүй. С.Н*******т нь О.Д**********нд өвс бэлтгэж болно. Ийм их хэмжээгээр өвс байхгүй. Хөршүүдэд нь зах зээлийн үнэ ханшаар өгнө. Чамд бол зах зээлийн үнээс хямд өгч болно гэж ярьсан. Э.Ууганбаяр нь С.Н*******ттай утсаар өөрөө холбогдоод 3,000,000 төгрөг шилжүүлээд өвс авах асуудал байсан. Ё.Ж***** нь үнээ тохироогүй тул Д**********нтэй эргэж уулзсан. Нэг дор байдаг хүмүүс өвс тэжээл авах гэж байгаа тул чи хямд үнээр авах тухай О.Д**********нтэй яриад өгөөч ээ гэж гуйхад нь С.Н*******т хөршүүдэд нь зах зээлийн үнэ ханшаар өгнө. Чамд бол зах зээлийн үнээс хямд өгч болно гэж ярьсан. Ингээд Ё.Ж***** Н*******ттай холбогдоод өвс худалдан авах болсон. Мөнгийг О.Д**********нгийн дансаар шилжүүлэхээр болоод мөнгийг орж ирсэн даруйд нь Ё.Ж*****ын данс руу шилжүүлсэн баримт хавтаст хэргээс нотлогдон тогтоогддог. Мөн О.Д**********н өөрөө өвс аваад өвсний мөнгөө шилжүүлсэн асуудал байдаг. С.Н*******т нь тохиролцсон хугацаанд өвсийг өгөөгүй тул О.Д**********н араас нь нэхэл дагуул болж байж 1000 боодол өвс, 1500 боодол ногоон тэжээлээс 1000 боодол өвс авсан байдаг. С.Н*******т нь Ууганбаярт өвс өгөөгүй, Ё.Ж*****ад 380 боодол өвс өгсөн. С.Н*******т нь өвс өгөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн байгууллагад О.Д**********н, Ё.Ж***** нар тус тусдаа өргөдөл гаргаад, Прокуророос иргэний эрх зүйн харилцаа байна гэж хэргийг хааж шийдвэрлэсэн. Э.Ууганбаяр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргаснаар 3,000,000 төгрөгөө авсан, Ё.Ж***** 5,000,000 төгрөгийг авсан. О.Д**********н нь үлдэгдэл өвсөө аваагүй хохирсон асуудал байдаг. О.Д**********н нь Ё.Ж*****ад өвс зараагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэлцэл хийсэн үйл баримт байхгүй, дансаар орж ирсэн мөнгийг шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулагдаагүй тул 14,280,000 төгрөг зөвшөөрөхгүй. Мөн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага буюу өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Д**********н нь хариуцагч биш. Худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдаагүй. С.Н*******т хариуцах зүйл гэж хариу тайлбар гаргасан. Өмгөөлөгч авах, авахгүй байх нь Ё.Ж*****ын эрхийн асуудал. Тиймээс өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг шаардах нь үндэслэлгүй. Ё.Ж*****ын өөрийнх нь хариуцах хэрэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, “ХААН банк” ХК-ийн Ё.Ж*****ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгө шилжүүлгийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгэр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулганууд, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, О.Д**********нгийн “ХААН банк” ХК-ийн “Депозит дансны дэлгэрэнгүй” 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хуулганууд, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, О.Д**********нгийн хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбарууд, Төв аймгийн Аргалант сумын Цагдаагийн газарт О.Д**********н, Ё.Ж***** нарын өргөдлийн хуулбар, гаргасан.
6. Шүүх, хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Отгонбаяр, Э.Ууганбаяр нараас мэдүүлэг авах ажиллагааг, гэрч С.Н*******тыг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “ХААН банк” ХК-аас нотлох баримт бүрдүүлэх, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар Төв аймгийн Прокурорын газраас 4208 дугаар гомдол мэдээлэл шалган хэргийн материал зэргийг бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Ж*****ын 15,316,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 13,316,000 төгрөгийг хариуцагч О.Д**********нгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Ё.Ж***** нь хариуцагч О.Д**********нд холбогдуулан нийт 16,280,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 964,000 төгрөгөөр багасгаж, нийт 15,316,000 төгрөг гаргуулахыг дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...21,750,000 төгрөгийг өвс тэжээл авах зорилгоор О.Д**********нгийн дансанд шилжүүлсэн ... 383 боодол өвс авсан. 383 боодол өвсийг 8000 төгрөгөөр бодож хассан. ... надад 5,000,000 төгрөг буцааж өгсөн. Хариуцагчаас сүрэл авсан, үүний үнэ 370,000 хасаж тооцож, үлдэгдэл 13,316,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,000,000 төгрөг нийт 15,316,000 төгрөгийг хариуцагч О.Д**********нгээс гаргуулахыг хүсэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч О.Д**********нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нь “ ...О.Д**********н өвс тэжээл зардаг хүн биш, нэхэмжлэгч Ё.Ж***** гуйхад нь ... найз С.Н*******ттай ярьж өвс худалдан авахаар болсон. О.Д**********н нь Ё.Ж*****ад өвс зараагүй, хэлцэл хийсэн үйл баримт байхгүй, дансаар орж ирсэн мөнгийг даруй шилжүүлсэн, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хэрэв хэлцэл байгуулагдсан гэж үзвэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... өмгөөлөгчийн зардлыг ... өмгөөлөгч авах, авахгүй байх эрх нь Ё.Ж*****ын эрхийн асуудал” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж тайлбарлаж байна.
4.Зохигч хэн аль нь өвсний тооцоолол болон мөнгө шилжүүлсэн эсэх талаар маргаагүй болно.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч Ё.Ж*****, хариуцагч О.Д**********н нараас маргааны үйл баримттай хамаарал бүхий “ХААН банк” ХК-ийн хуулгануудыг гаргаж ирүүлсэн бөгөөд тухай хуулга баримтуудаар нэхэмжлэгч Ё.Ж***** “ХААН банк” ХК дахь 5400559230 данснаас хариуцагч О.Д**********нгийн “ХААН банк” ХК дахь 5166316555 дансанд 2020.09.24-ний өдрийн 09 цаг 28 минутад 16,000,000 төгрөгийг “Ж***** өвс урьд 6 сая, ногоон тэжээл 10 сая” гэсэн утгаар, мөн 2020.09.24-ний өдрийн 17 цаг 23 минутад 5,750,000 төгрөгийг “davaasuren nogoon tejeel uridchilgaa uldegd” гэсэн утгаар, 2020.11.27-ны өдрийн 13 цаг 13 минутад 200,000 төгрөгийг “Ж***** зээлсэн мөнгөө өглөө” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
7.Мөн түүнчлэн Төв аймгийн Цагдаагийн газрын Аргалант сумын хэсэгт О.Д**********н нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “...Миний бие 8 дугаар сараас эхлээд найз С.Н*******ттай холбогдон өвс болон ногоон тэжээл өөрийн 200 га газарт тарьсан удахгүй хураана, захиалга авч тухайн газарт үнэ тохирч буулгана гэдэгт итгэсэн. Дорнод аймгаас 1000 ш өвс, Борнуураас 1500 ш ногоон тэжээл тус тус үнэ тохирч 50 хувь урьдчилгаа өгч авахаар болсон байсан. 1 боодол өвс Дорнод аймгаас хүргэж ирэх нь 8000 төгрөг, 1 боодол ногоон тэжээл Борнуураас хүргэж ирэх нь 7,000 төгрөг. Ингээд урьдчилгаа 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр С.Н*******тын дансанд 4,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5,250,000 төгрөг шилжүүлсэн. Мөн хажуу №3 номерын фермийн эзэмшигч Ж***** ах чанар сайтай үнэ боломжийн өвс ногоон тэжээл байгааг надаар дамжуулан яриулж өвс 1500 ширхэг, ногоон тэжээл 4500 ширхэг тус тус захиалан 50 хувь болох өртгийг миний дансаар дамжуулан С.Н*******тад 21,750,000 төгрөгийг шилжүүлсэн”. Миний хувьд 1000 ш өвс С.Н*******таас авсан ба үлдэгдэл 1500 ш ногоон тэжээлээ аваагүй болно. Өвс буулгасан хүн хэлэхдээ 11,000 төгрөгөөр өвс зараад зам дээр зогсож байхад нэг залуу ирээд худалдан авч манайд буулгаж өгөөч гэсний дагуу ирлээ гэж ирсэн болно... С.Н*******ттай мөнгө өгсний даруу 22-ын товчоон ойролцоо нэг хашаанд өвсөө буулгаж байгаа гэсээр ганцхан уулзсан болно. Үүний дагаагаар С.Н*******т удахгүй өвс очно хүлээж бай гэх мессеж хааяа нэг ирсээр сүүлдээ утас нь холбогдохгүй болоод удаж байна...” гэсэн гомдол гаргасан. /хх 44-46/
8.Хариуцагч О.Д**********нгээс гаргасан гомдлыг Төв аймгийн Прокурорын газар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн./хх 39/
9.Тухай үед Төв аймгийн Аргалант сумын цагдаагийн хэсэгт Ё.Ж***** өргөдөл өгсөн байх боловч тухайн өргөдлийн дагуу ажиллагаа хийгээгүй, хариуцагч О.Д**********н нь “ Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт агрофермын үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны 9 дүгээр сарын дундуур малын тэжээл, өвс авахаар Н*******т гэх хүнтэй утсаар холбогдон малын өвс, ногоон тэжээл авахаар тохиролцон надтай хамт Ж***** гээд ах надаар дамжуулан мөн өвс авна миний дансанд мөнгөө байршуулан би тухайн Ж***** ахын мөнгө болон өөрийнхөө өвс авах гэж байсан 31,000,000 төгрөгийг Н*******тын 5014272225 дансанд 5 хуваан шилжүүлсэн. Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхлээд 4,000,000 төгрөгийг, дараа дахиад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5014272225 данс руу 6,000,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахиад 5014272225 данс руу 10,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 5014272225 данс руу 5,250,000 төгрөг шилжүүлээд хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5014272225 данс руу 5,750,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Миний шилжүүлсэн бүх мөнгө 31,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх хохирогч болон гэрчийн мэдүүлгийг,
9.1.С.Н*******т нь “2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “би Улаанбаатар хотод байж байтал манай танил эмэгтэй Д**********н миний 99501596 дугаарын утас руу залгаад надтай би малын өвс ногоон тэжээл авах гэсэн юм хямдхан олоод өгөх боломж байна уу ... над руу 202 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу ордог 22-н товчооны хажууд байна гэхээр нь бид хоёр уулзаад би өвс үзүүлсэн чинь болно гэж хэлсэн. ...2020 оны 09 дүгээр сарын 24-28-ны хооронд миний 5014272225 дугаартай ХААН банкны данс руу өвсний урьдчилгаа гээд 31,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би өвс хадлан гээд Дорнод аймаг, Төв аймгийн Борнуур сум руу хадланд гараад бэлдэж байгаад цас их хэмжээгээр ороод техник эвдэрч хадлангүй болсон. Тэгээд би Д**********нгээс авсан мөнгөндөө өвс өгөх гэсэн боловч өгөх өвсгүй болсон юм. ... би Д**********нг танина Ж***** гэх хүний бол би танихгүй” гэх гэрчийн мэдүүлгийг тус тус өгч байсан байна.
10.Дээрх үйл баримтуудаар хариуцагч О.Д**********нгийн ХААН банк дах 5166316555 дансанд нэхэмжлэгч Ё.Ж***** “ХААН банк” ХК дахь 5084026300 данснаас нийт 21,750,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд мөнгө дансанд орсон гарсан талаар талууд маргаагүй.
11.Харин өвс худалдаагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.
12.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
13.Нэхэмжлэгч Ё.Ж***** нь “С.Н*******тыг танихгүй” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн бөгөөд энэ нь С.Н*******тын гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
14.Тиймээс Ё.Ж*****ыг С.Н*******ттай тохиролцсон, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
15.Харин С.Н*******тыг хариуцагч О.Д**********н таньдаг, өөрийн дансаар түүний данс руу мөнгө шилжүүлсэн үйлдлийг хэлцэл хийсэнд тооцно.
16.Талууд бичгээр гэрээ хийгээгүй ч мөнгө шилжүүлсэн үйлдэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх бөгөөд хүчин төгөлдөр хэлцэлд хамаарна.
17.Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл” гэж,
17.1Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж тус тус тайлбарласан.
18.Нэхэмжлэгч Ё.Ж***** нь “хариуцагч О.Д**********нд өвс, ногоон тэжээлийн урьдчилгаа шилжүүлсэн”, хариуцагч О.Д**********н нь шилжүүлсэн мөнгийг өөрийн дансаар авч бусдад өвс, тэжээлийн урьдчилгаа гэж шилжүүлсэн тус тусын үйлдлүүдийг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, илэрхийлсэн хүсэл зоригийг хүлээн авсан гэж үзнэ.
19.Нэгэнт талууд үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлсэн, илэрхийлсэн хүсэл зориг эрмэлзлийг дамжуулан илэрхийлж буй нь хэлцэлд тооцогдох бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж зааснаар талуудын хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний эрх зүйн шинжийг агуулсан гэж үзлээ.
20.Худалдах худалдан авах гэрээний онцлог нь амаар болон бичгээр аль ч хэлбэрээр хийж болох бөгөөд худалдаж буй зүйлийн өмчлөгч байхыг шаардахгүй.
21.Нэхэмжлэгч Ё.Ж*****ын өвс, ногоон тэжээл авахыг хариуцагч О.Д**********н мэдсэн, мөн өвс, ногоон тэжээлийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарах бөгөөд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд хамаарахаар байна.
21.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
21.2.Худалдах худалдан авах гэрээ нь нэг талаас үүргийн хэлцэл, нөгөө талаас өмчийн хэлцлийн шинжтэй бөгөөд төлбөр төлөгдсөн тохиолдолд шаардах эрх үүснэ.
21.3.Нэхэмжлэгч Ё.Ж*****, хариуцагч О.Д**********н нар нь худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, гол нөхцөл /үнэ, тоо ширхэг/-ийг тохиролцсон, тохиролцсон үнэ нь нэхэмжлэлийн шаардлагатай таарч байх бөгөөд “худалдан авах хөрөнгө” үнийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ё.Ж***** нь шилжүүлсэн мөнгөө хариуцагч О.Д**********нгээс буцаан шаардах эрхтэй байна.
21.4.Зохигч хэн аль нь хөрөнгийн тоо, ширхэг үнийн талаар маргаагүй бөгөөд 1 боодол өвсийг 8,000 төгрөгт, 1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр тохиролцсон болох нь гэрч Г.Отгонбаатарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд мөн түүнчлэн үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн үйл баримт мөн түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
21.5.Дээрх байдлыг гэрээний гол зүйлийг тохиролцсон гэж үзнэ.
22.Хариуцагч мөнгө авсан хэдий ч авсан даруйд мөнгийг С.Н*******тын данс руу шилжүүлсэн тул үүрэг үүсэхгүй гэж үүргийн зөрчилтэй холбон хариу тайлбар гаргаж байх хэдий ч хариуцагч О.Д**********н өвс, ногоон тэжээлийн мөнгийг өөрийн дансаар авснаар худалдан авах хөрөнгө хүлээн авах үүрэг үүснэ.
23.Нэгэнт үүрэг үүсэн тул үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүрэг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хуул, гэрээ буюу ... эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар талууд үүргийн биелэлтийг харилцан шаардах үндэслэлд хамаарна.
24.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13,316,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн болно.
25.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж “ ...талуудын хооронд хэлцэл хийсэн гэвэл хөөн хэлэлцэх хугацаатай... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний гэж тохиролцсон... Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Тоолох хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ... нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.
25.1.Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны хооронд мөнгө шилжүүлсэн байх ба Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна. /хх 39/
25.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
25.3.Хэдий талуудын хооронд үйл баримт 2020 оны 09 дүгээр сард өрнөсөн хэдий ч Монгол улсад Ковид-19 цар тахал 2019 онд гарч, Монгол улсын Засгийн газраас 2020-2021 оны хооронд хөл хорио тогтоож байсан үйл баримтыг бүх нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэлээ.
25.4.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан өдрөөс эхлэн шаардах эрхийг тоолох нь зүйтэй байна.
25.5.Нэхэмжлэлийн шаардлага гаргах үед гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон хугацаанд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзсэн болно.
25.6.Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т зааснаар “ түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн үргэлжлүүлэн тоолохоор” заасан тул нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тооцсон болно.
26.Өмгөөллийн зардалд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Ё.Ж***** нь хуульд заасан эрхийн хүрээнд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж зардал гаргасныг хариуцагч О.Д**********нгээс гаргуулах үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
27. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Д**********нгээс 13,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ж*****ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Д**********нгээс 13,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ж*****ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д**********нгээс 224,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Ж*****ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ