Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1167

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01245 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц ийн хариуцагч Д.Н , Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.Г аас 3 сарын хугацаатай, 70 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан боловч нэг ч төгрөг аваагүй. Н.Г  уг гэрээний 33 000 000 төгрөгийг Д.Н ын Хаан банкны 5913063480 тоот дансанд, үлдэгдэл 32 500 000 төгрөгийг С.Г ын  Хаан банкны 5374076217 тоот дансанд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн байсан. Би бэлнээр болон банкаар, дансаар гүйлгээ хийж бодитоор Н.Г , Д.Н , С.Г нараас 70 000 000 төгрөг аваагүй, ашиглаагүй хэрэглээгүй хирнээ энэхүү зээлийн гэрээний өрөнд орсон. Гэтэл би зээлийг аваагүй М.Н д   зээлэхээр тохирсон, Хятадад байхдаа надад удахгүй төлнө гэхээр нь би Н.Г тай төлөхөөр эвлэрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06959 дугаар захирамж гарч, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 15 гудамж, 125б тоотод байрлах 160 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг Н.Г д 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Иймд М.Н Д.Н  нараас 70 000 000 төгрөгийг гаргуулна. Н.Г  нь 93 600 000 төгрөгт миний өмчлөлийн эд хөрөнгийг гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан тул 23 600 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч нар авсан зээлээ төлөөгүйн улмаас би Н.Г д зээлийн үүргийн гүйцэтгэлд орон сууцаа алдсан тул хариуцагч нараас энэхүү зээлийн гэрээний хүү, алданги 23 600 000 төгрөг, нийт 93 600 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний улмаас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н аас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дансаар мөнгө оруулсан гэж нэхэмжилсэн Д.Ц гэж хүнийг танихгүй, мөнгө ороогүй. Миний дансыг ашиглан мөнгө оруулаад буцаагаад 2 хувааж авсан байна гэжээ.

 

Хариуцагч М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хооронд ямар 1 гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, миний бие ч гэрээ байгуулж, түүнээс мөнгө аваагүй тул түүнийг олон жил хохироосон, зээлсэн мөнгөө өгөөгүй гэдэг нь худал зүйл юм. Д.Ц тай ямар 1 тохиролцоо хийгээгүй, түүнээс мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Ц нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөг зээлж авсан талаараа дурдсан байх бөгөөд зээлийн төлбөр нь 93 600 000 төгрөг болж, уг төлбөртөө барьцаанд тавьсан хөрөнгөө Н.Г д шилжүүлж өгсөн юм байна. Харин яагаад, ямар учраас надаас мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй, хүнээс авсан мөнгөө ямар шалтгааны улмаас надаар төлүүлэх гээд байгааг миний бие ойлгохгүй байна. Бид мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, тохиролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Д.Н  зээлийн харилцаанд ороцоогүй, М.Н гийн гуйснаар дансаараа авч буцаагаад Наранбаа болон Өсөхбаяр луу шилжүүлсэн. Д.Н 65 500 000 төгрөгийг авсан боловч 70 000 000 төгрөгийг зөвшөөрч байна, харин хүү, хохирол төлөхгүй, Д.Н т зээл хамаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарагчин овогтой Мягмарын Н аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 93 600 000 төгрөг гаргуулан, Мэрхид овогтой Дуламжавын Ц д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас Д.Н т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 665 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 625 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү төлөгдсөн 40 000 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч нараас гэм хорын хохирол нэхэмжилж байгаагаа хэлж, үүнийгээ нотлон, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Н д   холбогдох, хэрэг бүртгэлтийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг гаргуулан хэрэгт хавсаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм хор нэхэмжилж байгаа хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ёстой байтал шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчил гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Ц нь Н.Г аас авсан 70 000 000 төгрөгийг М.Н д   шилжүүлсэн бөгөөд уг зээлээс Д.Ц д 23 600 000 төгрөгийн хохирол учирсан болох нь анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6959 дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Үүний дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.Ц Д.Н нарын хооронд хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр Д.Н нь Д.Ц аас 70 000 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хэлцлээр хүү, алданги зэргийг тохиролцоогүй байна. Хэрэв Д.Ц өөрт учирсан бүх хохирлоо гаргуулах хүсэлтэй байсан бол 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл байгуулах үедээ 93 600 000 төгрөг гаргуулахаар тохиролцож болох байсан. Гэтэл нэхэмжлэгч нь М.Н 70 000 000 төгрөг гаргуулах тухай хэлцэл хийж, үүнийгээ нотариатаар баталгаажуулсан байгаа нь Д.Ц М.Н зөвхөн зээлийн үндсэн үүрэг болох 70 000 000 төгрөгийг гаргуулах зорилготой болох нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж М.Н 70 000 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Н , С.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хариуцагч С.Г ыг  М.Н аар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Н 70 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд хариуцагч Д.Н аас 23 600 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хэргийн 5-6 дугаар талд 2013 оны оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Н.Г  нь Д.Ц д 70 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцжээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Н.Г  Д.Ц тай барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125 Б тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2203025172 дугаартай, 160 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж улмаар барьцааны гэрээг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Н.Г  нь Д.Ц ийн нэрлэн заасан Д.Н ын дансанд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 33 000 000 төгрөг, С.Г ын  дансанд мөн өдөр 32 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 7, 8, 11, 19 дүгээр талд авагдсан бичгийн “Хаан банкны мөнгөн шилжүүлэг” гэх баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч Д.Н нь Н.Г ын Д.Н т шилжүүлсэн 33 000 000 төгрөг, С.Ганбатад шилжүүлсэн 32 500 000 төгрөг нийт 65 500 000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар зохигчид маргаангүй байна.

 

Хэдийгээр Д.Н нь Д.Ц аар дамжуулж Н.Г аас 65 500 000 төгрөгийг хүлээн авсан боловч Д.Ц д 70 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн “хэлцэл” гэх баримтад “Д.Ц нь зээлж авсан 70 000 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр М.Н д   түүний Хаан банкны 5374076217 тоот данс руу шилжүүлэн, Д.Н мөнгийг хүлээн авсан” гэх агуулгатай байна. /хх-127/

 

Хэргийн 208 дугаар талд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр М.Н гийн бичсэн баримтад “...Ц ийн  объектийг Н.Г д барьцаанд тавьж 70 000 000 төгрөг Хаан банкны 5374076217 тоот дансанд шилжүүлж авсан. Энэ мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 25-нд тал мөнгийг өгч иргэн Н.Г тай хугацаа тохирч гэрээ байгуулна” гэх агуулгатай байна. Дээрх 2 бичгийн баримтаас үзвэл хариуцагч М.Н гийн хувьд Д.Ц д 70 000 000 төгрөг төлөх үүрэг үүссэн.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Д.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...Д.Н  зээлийн харилцаанд оролцоогүй, өөртөө нэг ч төгрөг аваагүй. М.Н гийн гуйснаар дансаараа авч буцаагаад Д.Н болон н.Ө луу шилжүүлсэн Д.Н 65 500 000 төгрөгийг авсан боловч 70 000 000 төгрөгийг зөвшөөрч байна” гэх тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 000 төгрөгийг М.Н гаргуулж Д.Ц д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Хэргийн 9 дүгээр талд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дугаар захирамжаар Н.Г , Д.Ц нарын эвлэрч, хариуцагч Д.Ц 93 600 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Н.Г д төлж барагдуулахаар тохиролцсоныг баталж шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ГХ2017/00641 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Д.Ц ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125 Б тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2203025172 дугаартай, 160 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийг Н.Г д олгох 93 600 000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн 77-85 дугаар тал дах бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч М.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг, хариуцагч Д.Н аас зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэх агуулгаар 23 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж талуудын зарчмыг зөрчин хариуцагч М.Н 23 600 000 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлиийн 26.2, 26.3 дах хэсэгт нийцээгүйг дараах байдлаар шүүхийн шийдвэрийг залруулах шаардлагатай.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Д.Н  нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байна. Иймд үүрэг хүлээгээгүй этгээд болох хариуцагч Д.Н т Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол төлөх үүрэг үүсэх үндэслэлгүй. Иймд  Д.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 23 600 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. Харин энэ шийдвэр нь нэхэмжлэгч Д.Ц ийн хувьд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай этгээдээс шаардах эрхийг үгүйсгэхгүй. Энэ хэргийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Н гаас зээлийн гэрээний дагуу үүссэн үндсэн үүрэг 70 000 000 төгрөгийг шаардсан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Н т холбогдох 23 600 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчлөн,

 

2 дахь заалтын “...625 950 төгрөг...” гэснийг “...507 950 төгрөг...” өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                         ШҮҮГЧИД                                          Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ