| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00399/И |
| Дугаар | 156/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00418
2024 09 05 156/ШШ2024/00418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ...................хүсэлттэй согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........,
Гуравдагч этгээд ............,
Нарийн бичгийн дарга ............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн ............. нь согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хэнтий аймгийн .................. тоотод оршин суух хаягтай, ............ нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нөхөр болох ............г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг .............т бичгээр ирүүлсэн. Тэрээр байнга архидан согтуурч гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэн, агсам согтуу тавьж удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдаж байсан. Иймд Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн ............г албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан гэв.
3. Гуравдагч этгээд ............ хариу тайлбартаа: Миний бие Цагдаагийн байгууллагаас гаргасан албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүрх, элэг, бөөр муу, тийм учраас эмчилгээ хийлгэхгүй. Би олон удаа архи ууж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо би сард 1-2 удаа л уудаг. 2024 оны 07 сараас хойш одоог хүртэл гэр бүл дотроо хэл ам хийсэн зүйл байхгүй гэв.
4. Хүсэлт гаргагч талаас шүүхэд Хэнтий аймгийн ...................2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 51/3545 дугаартай итгэмжлэл /хх-ийн 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, ...............ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн .............т бичиж өгсөн гэх өргөдөл /хх-ийн 4/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6/, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-12/, ............гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13/, СVL2423000001003324 дугаартай ............, ............... нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14/, СVL2423000001003323 дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14/, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл /хх-ийн 17-32/, Хэнтий аймгийн ...................2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 33-34/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 37/, Хэнтий аймгийн ...................даргын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/149 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 39/-ыг шүүхэд ирүүлсэн байна.
5. Гуравдагч этгээд ............ шүүхэд эрүүл мэндийн байгууллагад өгсөн шинжилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэгийн гэрчилгээ, дурангийн үзлэг, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, рентген зургийн дүгнэлт, бамбай булчирхайн хэт авиан оношилгооны дүгнэлтийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Гуравдагч этгээд ............г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулахаар түүний гэр бүлийн гишүүн болох ............... нь Хэнтий аймгийн .............т хүсэлт гаргасан байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг гэр бүлийн гишүүн нь албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргаж болдог.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг хүсэлтийг Цагдаагийн байгууллага хүлээн авч зохих байгууллагаар согтуурах мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргуулснаар албадан эмчилгээ хийлгэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Иймд эрх бүхий этгээдийн саналаар албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
3. Гуравдагч этгээд ............ нь согтууруулах ундаа байнга хэрэглэж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг, мөн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан ...............ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн .............т гаргасан өргөдөл /хх-ийн 4/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6/, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-12/, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл /хх-ийн 17-32/, Хэнтий аймгийн ...................2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 33-34/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 37/, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээд ............гийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно гэж заасан байдаг.
Гэтэл гуравдагч этгээд ............ нь шүүх хуралдаанд өөрөө архинаас гарч эмчилгээ хийлгэнэ хэмээн тайлбарласан боловч сайн дураар эмчилгээнд хамрагдах талаар хүсэлт гаргаагүй байна.
Албадан эмчлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд сайн дурын үндсэн дээр эмчилгээнд хамрагдах эсэх талаарх хуулийн зохицуулалт нь тухайн хүнийг эмчилгээ хийлгэхээс чөлөөлж байгаа асуудал биш харин тухайн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг зохицуулсан ойлголт юм.
Гуравдагч этгээд ............ нь албадан эмчилгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...миний бөөр, зүрх болон дотор эрхтэн өвддөг гэх боловч хэрэгт авагдсан эрүүл мэндийн байгууллагад өгсөн шинжилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэгийн гэрчилгээ, дурангийн үзлэг, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, рентген зургийн дүгнэлт, бамбай булчирхайн хэт авиан оношилгооны дүгнэлтээр түүнийг албадан эмчилгээ хийхэд харшлах өвчтэй болох нь тогтоогдоогүй байна.
Мөн гуравдагч этгээд ............ нь ...ээлжийн ажил хийдэг тул эмчилгээнд явахгүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлах боловч тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй болох нь хэрэгт авагдсан гэрч ...............ын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн гуравдагч этгээд ............гийн өөрийх нь тайлбараар нотлогдож байх ба ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь хүнийг захиргааны журмаар албадан эмчлэхэд нөлөөлөхгүй.
5. Түүнчлэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр ............г архины идэвхтэй хараат байдалтай гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоож, уг дүгнэлтийн багийн шийдвэрийг эмч ............... гаргаж, багийн дарга .................., гишүүн ............... гэсэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэнтий аймагт Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ийг зөвхөн дээрх багийн гишүүд гаргадаг болох нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Энэхүү дүгнэлтээр түүнийг архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж оноштой, согтуурах мансуурах донтой гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоосон байна.
6. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад тулгуурлан зохих дүгнэлт хийхэд гуравдагч этгээд ............ нь байнга архидан согтуурч, гэр бүлийн хүрээнд зөрчил гаргадаг, энэ нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд тооцогдож ...................эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдсан байна. Энэхүү үйлдэл нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албадан эмчлүүлэх үндэслэл болж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан СК83121517 регистрийн дугаартай, Боржигон овогт ..................г архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар гуравдагч этгээд ............г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д заасныг баримтлан албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА