| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0733/З |
| Дугаар | 128/ШШ2024/0316 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0316
2024 04 10 128/ШШ2024/0316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.Ш*******,
Нэхэмжлэгч: Ч.Б,
Нэхэмжлэгч: Б.Э,
Нэхэмжлэгч: Б.Б,
Нэхэмжлэгч: М.Ж,
Нэхэмжлэгч: Б.Б,
Нэхэмжлэгч: В.А,
Нэхэмжлэгч: С.Б,
Нэхэмжлэгч: Ц.М,
Нэхэмжлэгч: А.С,
Нэхэмжлэгч: С.Н,
Нэхэмжлэгч: А.О,
Нэхэмжлэгч: С.Б,
Нэхэмжлэгч: О.А,
Нэхэмжлэгч: Б.Ө,
Нэхэмжлэгч: Ч.А,
Нэхэмжлэгч В.А, Б.Б, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ч,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М*******, Г.М нарын хоорондын газар чөлөөлсний улмаас учирсан хохирол гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ш*******, Ч.Б, Б.Э, Б.Б, М.Ж, нэхэмжлэгч Б.Б, В.А, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, Ц.М*******, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хавсралтын 154 дэх хэсгийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, дээрх хууль бус захирамжийн улмаас хохирсон иргэдэд тус бүр 11,382,660 төгрөгийн нөхөн олговор гаргуулах” гэж тодруулсан байна.
2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01-10/2755 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чд “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны ард байрлах гараашийг буулгаж чөлөөлөхөөр тусгагдсан байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэж мэдэгдсэнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нараас шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
3. З.Г******* нарын нэр бүхий 32 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох тус хэрэгт анх 32 иргэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 15 иргэний нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар тусгаарлаж, мөн З.Г*******ын нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар тусгаарлаж, үлдэх 16 иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болно.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн газар ашиглах гэрээний дагуу манай гараашийн газрыг “*******” СӨХ-д ашиглуулахаар 23,621 метр квадрат талбай хуваарилж өгснөөс уг гараашийн газар багтсан байдаг. Иргэдийн зүгээс СӨХ-той зөвшилцсөний үндсэн дээр 33 иргэдийн гараашийг барьсан байхад СӨХ-той зөвшилцөхгүйгээр, иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр шууд бидний эрхэнд халдсан,
4.2. Монгол Улсын иргэд бидний зүгээс дээрх гараашийг эзэмшиж буй үйлдэл нь хууль ёсыг гажуудуулахгүйгээр зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн аргаар гараашийг эзэмших эрхтэй,
4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 дугаар зүйлд заасан хувийн өмчийг хууль бусаар хураан дайчлан авахыг хориглоно гэж заасныг, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д зааснаар СӨХ-ны өмчид машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж, эд хөрөнгө орно гэснийг тус тус зөрчсөн гэжээ.
5. Нэхэмжлэгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны хувьд төмөр гарааш муу байсан. Хотоо тохижуулах үүргийг хороонд өгөөд, хорооноос СӨХ-д үүрэг өгсөн. Төмөр гарааш, олон контейнерыг зайлуулаад, нэг маягийн гарааш барихаар хотоос зөвшөөрөл аваад 30 гаруй гарааш барьсан. Гарааш бариад урд талаар нь талбай хийж, маш их тохижилт байгуулсан. Байрны гадаа үлгэр жишээ тохижуулсан. Ямар ч юм бариагүй, юунд ч саад болоогүй, харин ч барьснаараа өнгө үзэмжтэй байсан. Юу төлөвлөж нураасан нь тодорхойгүй. Хоморголон бүгдийг нь нурааж байгаад гомдолтой байна. 11 сая төгрөг гэж гарсан шалтгаан нь стандартын дагуу барьсан, үзэмж сайтай гарааш байсан. 13-14 сая төгрөгөөр барьж тохижуулсан байсан гэв.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гарааш барих асуудал 2008 онд хийгдсэн ажил. Үүнээс хойш хэрвээ зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ буулгаж нураах ажил хийх байсан. Гэтэл 15 жил энэ гараашийг эзэмшүүлж бариулчхаад, хураамж авчхаад одоо нурааж байгаа нь ажил үүргээ хагас дутуу биелүүлж, хяналт тавиагүй, дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба буруутай учраас нөхөн төлбөр гаргуулж өгнө үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.8-д зааснаар хувийн хөрөнгийг дайчлан хурааж болохгүй гэсэн учраас, дайчлан хураасан учраас нөхөн төлбөр гаргаж өгнө үү. Яагаад гэвэл сүүлийн үеийн байрнууд газар доогуураа гарааштай, дээр үеийн барьсан барилга ерөөсөө гараашгүй учраас энэ хүмүүс машинаа хаана тавих вэ. Энэ жил гарааш нураагаад л өчнөөн хүн машинаа алдлаа. Ард иргэдийгээ бодоод нэгэнт нураачихсан юмны араас дахиж барилтай биш. Зохих хэмжээний нөхөн төлбөр энэ хүмүүст олгож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.
7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны хойно үзэмж муутай төмөр гарааш байсан. Түүнийгээ тойроод маш их хог, баас, шээс овоорсон, ер нь тэр орчны нөхцөл байдал их муу байсныг 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны иргэд хоорондоо газрын онцгүй байдал нөхцөлийг сайжруулчихъя гэж ярилцсан байсан. 33 айлын иргэд хоорондоо ярилцаж байгаад зохих хэмжээний хөрөнгө мөнгө гаргуулаад машинтай хүмүүс гарааш баръя гэсэн. Хэрвээ гарааш нэг ижил, жигд барьчих юм бол энд тэндхийн хүмүүс цуглаад байхгүй, хойно нь байгаа цэцэрлэгийн зохимжийг хамгаалаад өгнө. Газар доогуур явсан 10 мянган квт-ын өндөр хүчдэл байдаг. Бороо орохоор маш их эрсдэлтэй байдал үүсээд байдаг тул хоорондоо ярилцаж байгаад зохих байгууллагуудтай ярилцчихаад үүнийг бид нар ингэж гарааш барьж хааж болох уу гэхэд тухайн үед зөвшөөрсөн байдаг. Ингээд хоорондоо яг ижил төстэй 33 айлын гарааш барихаар тохиролцоод хөрөнгө мөнгө гаргаад 150-аад оршин суугч нэгдэж, тус дүүргийн Газрын албаны дарга н.Б*******ы зөвшөөрлөөр уртаашаа 90 метр, өргөөшөө 5 метр ойролцоо коридор бүхий газрыг “*******” СӨХ-ны удирдлагатай, мөн иргэдтэй зөвшилцөөд, 2008 онд уг газарт 33 иргэн өөрсдийн хөрөнгөөр гарааш барьж байгуулсан.
Түүнээс хойш уг газарт ямар нэгэн хаягдал болон дахин хүмүүс овоорохгүй, орчны нөхцөл байдлыг сайжруулсан гэж иргэд хоорондоо ярилцдаг. Одоогоор уг гараашийн байгаа байдал хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн асуудал байхгүй. Харин өндөр хүчдэлийн аюултай байдлыг нэг талаас далдалж байгаа гэж бид үздэг юм. Энэхүү газрын хэмжээ нь 90 метр, өргөөшөө 5 метр, хойд талын цэцэрлэгийн хашааг налуулан барьсан гарааш байгаа. Хэрэгт өнгөтөөр энэ гараашуудын зургийг баримтжуулсан байгаа. Баруун талд нь өндөр хүчдэлийн шугам байрласан ба түүнтэй залгаа гараашууд байна. 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай нийслэлийн Засаг даргын захирамжийн зорилт нь нийслэлийн оршин суугч иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах гэж тодорхойлсон байдаг. Гэтэл 17 айлын гараашийг буулгаснаар энэхүү зорилтын яг аль хэсэг нь хэрэгжих боломжтой юм, аль хэсэг нь хэрэгжихгүй, бидний гарааш юунд нь саад учруулаад байгаа юм бэ гэдэг дээр нэхэмжлэгч нарын зүгээс эргэлзээ төрөөд байдаг юм. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол ерөнхийдөө бидний гараашийг буулгаагүй байсан ч ногоон байгууламж хийх газрууд их байдаг. 19 дүгээр хорооны байрны урдуур дулааны шугам сольсон, одоог хүртэл тохижилт хийгээгүй энэхүү газар нь улаан шороо эргэлдсэн газар байдаг. Манай гараашийг авснаар байрны 2 талдаа шороотой нөхцөлд амьдрах нөхцөл бүрдсэн. Яг өнөөдрийн байдлаар уг гараашийг буулгачихсан байгаа. Тэгэхээр бас л яг улаан шороо эргэлдсэн газар байгаа, харин ч эрүүл амьдрах орчин нь улам муудах болно. Газар ашиглалтыг нь нэмэгдүүлье гэвэл манай гараашнаас илүү бусдад саад болж буй 19 дүгээр байрны баруун талд байрлах хоолны газар гээд олон жил босчихсон нураах шаардлагатай барилгууд их байдаг. Түрүүн бас газрын албаны хүмүүстэй ярьж байсан. Эдгээр газруудаа буулгахгүйгээр заавал яагаад манай 17 айлын гараашийг буулгасан юм бэ. Нэгэнт буулгах байсан бол газрын албанд он удаан жил газрын албаны дээд тушаалын хүмүүсийнхээ газрыг чөлөөлснийхөө дараа бид нарын асуудлыг шийдэх боломжтой юм. Тэгэхээр иргэдийг алагчлан үзээд байх асуудал үүсээд байгаа юм биш үү гэж нэхэмжлэгч нар бас хоорондоо үздэг. Мөн 19 дүгээр байрны зүүн талд байрлах үзэмжгүй 2 давхар гараашийг нуранги үүснэ гэх үндэслэлээр одоо ч мөн л энэ Нийслэлийн Засаг даргын жагсаалтад орчихсон байдаг. Өнөөдрийг хүртэл байлгасаар байдаг. Тэгэхээр иргэдийгээ алагчилж шийдвэрийг гаргасан байна гэж үздэг гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялаг, хууль тогтоомж, гэрээний дагуу зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг уг хуулиар тодорхойлсны дагуу маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, бололцоогоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байгаа бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаад байгаа газарт байрлаж байсан гараашийг эзэмших хууль тогтоомжид заасан гэрээ гэрчилгээгүй болох нь тодорхой болсон байдаг. Мөн дээрээс нь сүүлд нэмэгдүүлсэн шаардлага дээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан уг маргаан бүхий захиргааны акт илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар ямар тохилыг илт хууль бус захиргааны акт байх вэ гэдэг 7 тохилыг дурдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар нь уг илт хууль бус 7 тохилын аль хэсэгт нь маргаан бүхий захиргааны актад хамаарч байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлоогүй байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн эерэг нөлөөлөл бүхий зөрчил арилгах захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж буй хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохи тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргана. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг нь буюу зарим хэсгийнх нь нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилсан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Засгийн газар бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тогтолцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нөхөн олговор нэхэмжлэх эрх нь газраа хуулийн дагуу эзэмшдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээтэй, тухайн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хүлээн авч Засгийн газрын шийдвэр гарсан байх зэрэг тохи тухайн шаардлагыг хангасан тохи нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй байдаг. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7/04 тогтоолтой холбогдуулан нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Түүнд холбогдох тайлбарыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Энэ тайлбар хэвээрээ, дэмжиж байна. Сүүлд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг өгч байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хавсралтын 154 дэх хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх илт хууль бус захирамжийн улмаас хохирсон нэхэмжлэгч 17 иргэдийг тус бүрд гарааш үнэлүүлсэн үнэлгээний дүн 11,382,660.0 төгрөгийг нөхөн олговорт гаргуулах гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ хэмээн тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамааралгүй байх тул тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, зарим хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/04 дугаартай Тогтоолын 22 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “... шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохи татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/04 дугаартай Тогтоолын 22 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үлдэх “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хавсралтын 154 дэх хэсгийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, дээрх хууль бус захирамжийн улмаас хохирсон нэхэмжлэгч иргэдэд тус бүр 11,382,660 төгрөгийн нөхөн олговор гаргуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны хойно 33 автомашины гараашийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж байна.
4. Хавтаст хэрэгт Ө******* СӨХ-ны захиргаа, суугчидтай хийх тохижилтын гэрээ, Ц.У*******ын 2003 оны Газар ашиглалтын түр гэрээ, Я.Ш*******ын 2009 онд байгуулсан Газар ашиглалтын түр гэрээ, Ө******* сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ, тус сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтууд авагджээ.
5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр захирамжийн хавсралтын 154 дэх хэсгээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны ард, 112 дугаар цэцэрлэгийн урд талд баригдсан тоосгон 33 гараашийг буулгах, газрын зөрчлийг арилгахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч нар илт хууль бус гэж үзэж, Сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газар дээр тус холбооны зөвшөөрлөөр баригдсан гарааш тул Үндсэн хуулийн дагуу хамгаалагдах хувийн өмч гэх агуулгаар маргасан.
6. Нэхэмжлэгч нараас ирүүлсэн Ө******* СӨХ-ны захиргаанаас суугчидтай хийх тохижилтын гэрээ нь нэхэмжлэгчийн гараашийн газар ашиглах гэрээ гэдэг нь нотлогдохгүй, түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах эрхийнхээ хүрээнд бусдад газар ашиглуулах эрх олгодог этгээд биш юм.
7. Харин Ц.У*******, Я.Ш******* нарын Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай байгуулж байсан гэх гэрээний хүчин төгөлдөр байдал нотлогдоогүйн дээр Ц.У******* гэдэг иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эдгээр иргэдийн газар ашиглах түр гэрээний хугацаа 2009 онд дууссан байна.
8. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар гарааш өмчилдөг гэх боловч тэдгээр гараашийн өмчлөгч болох талаар нотлох баримт болон газар ашигласан төлбөр төлсөн баримт байхгүй, уг гарааш нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтууд тогтоогдлоо.
9. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны 1, 2 дугаар орцны хойно 33 автомашины гараашийг бүхэлд нь буулгаж, тохижилтын ажил хийгдэж эхэлсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй, нийслэлийн Засаг даргын 2022 оны дүгээр захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг биелүүлж гарсан болох нь тогтоогдож байна.
10. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай.
11. Дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч иргэдэд газар ашиглах зөвшөөрөл огт олгож байгаагүй тул газрыг хууль ёсны дагуу ашиглаж ирсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
12. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, мөн зүйлийн 5.2-т Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд мөн зүйлийн 8.1.1-т эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нар нь гараашийн өмчлөгч гэж амаар тайлбарлаж байгаа боловч яг аль гараашийн өмчлөгч гэдгийг нотлох бичгийн нотлох баримт байхгүй байна.
13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь өөрийн гараашийн өмчлөх эрхээ дээрх хуульд зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдэг нь нотлогдох тул ийнхүү бүртгүүлээгүй учраас аль гараашийн өмчлөгч гэдгийг нотлох боломжгүй юм.
14. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас дүгнэвэл иргэн, аж ахуйн нэгжид ямар газраа ашиглуулах, хэзээ ашиглуулах, ямар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаа шийдвэрлэх бүрэн эрх нь иргэдийн өөрсдийнх нь сонгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хамаарч байна.
15. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна гэж тогтоожээ.
16. Мөн Үндсэн чиглэлийн 9.4.2-т “...орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ... гэж, 9.4.6-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, ..., ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршлыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан, бүртгэх, хамгаалах ажлыг зохион байгуулна гэж тусгасан байна.
17. Ийнхүү нийслэлийн иргэдийн өөрийгөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгээ баталж, энэхүү бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргаас Үндсэн чиглэлийн дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг чөлөөлөх, уг чөлөөлсөн газартаа хотын стандартад нийцсэн байгууламж барихаар тогтоосныг нь шүүх нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа мөн гэж үзсэн бөгөөд шүүхээс бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохи захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан аль ч үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий захирамжийн улмаас хохирсон гэж үзэж нэхэмжлэгч тус бүрт 11,382,660 төгрөгийн нөхөн олговор гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/04 дугаартай Тогтоолын 22 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хавсралтын 154 дэх хэсгийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, дээрх хууль бус захирамжийн улмаас хохирсон нэхэмжлэгч иргэдэд тус бүр 11,382,660 төгрөгийн нөхөн олговор гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ