Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1168

 

 

 

 

 

 

 

 

 

  “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00695 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч С.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10 056 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б, М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч С.Х-д 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Нэг удаа эргэн төлөлт гэж 3 000 000 төгрөг л төлсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, гэрээний 6.2-д тус тус зааснаар зээлдэгчээс үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 4 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856 000 төгрөг, нийт 10 056 000 төгрөгийг хариуцагч С.Х-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлсэн. Тус компанийн захирал Б.П-той өр авлагын тооцоотой байсан учир тухайн тооцоонд дээрх зээлийн үүргийг дүйцүүлэн тооцно гэж ойлгосон. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн учраас үлдэх 2 000 000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаа тохирч төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х-д 2 240 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д  олгож, үлдэх 7 816 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-д улсын тэмдэгтийн хураамжинд 50 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д  олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны  шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь буруу гэснийг эс зөвшөөрч байна. Зээлдүүлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, зээлдэгч тохирсон хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнд энэ талаар тусгаж, зээлдэгч нь тухайн нөхцөл бүрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үе болон гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх гэрээнд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй.

Банк, эрх бүхий этгээд нь зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлж дуусах хүртэлх хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй. Иймд зээл авсан өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны нийт 1007 хоногийн хүүг нэхэмжилсэн. Хүүгийн нийт төлбөрөөс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 4 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856 000 төгрөг, нийт 10 056 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч нь зээлийн гэрээний гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, зээл авснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг хангаагүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг бүх талаас нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч С.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9 768 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа /хх1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, нийт 10 056 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ. /хх 29, 19/

 

Хариуцагч С.Х нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлэгч “Д” ХХК-аас 5 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлөөр 1 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, 00001207 дугаар зээлийн гэрээ байгуулжээ. /хх9-10/ Зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд эргэн төлөлтөд 3 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин тухайн гэрээний үүргийг хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын захиралтай үүсгэсэн өөр өр, авлагын харилцаагаар барагдуулсан эсэх нь маргааны гол зүйл болсон байна. 

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан болон нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, хүү, хэтэрсэн хугацааны хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэж байгаа талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд энэ талаарх гэрээнд заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь үндсэн зээл, хүүг гэрээнд заасны дагуу буюу 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Энэ тохиолдолд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлөхөөр гэрээний 2.4, 6.2-т тус тус тодорхойлон зааж тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүйн гадна мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

 

Хуулийн дээрх зохицуулалт болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг тооцон үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй тул тухайн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрөөс хассанаар зээлийн гэрээний үүргийг тооцоход, зээлдэгч С.Х нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 10 сар 6 хоногийн хүүд 2 040 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 408 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээл 2 000 000 төгрөг, түүнд тооцогдох нийт 23 сар 8 хоногийн хүү 1 861 330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372 266 төгрөг, нийт 6 681 596 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00695 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 681 596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 374 404 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “....50 790...” гэснийг “...121 855...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлсөн 140 006 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                   

                                                   ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ