Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00945

 

“Киа моторс Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн101/ШШ2016/01812 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дүгээр сарын 25-ны өдрийн 1032 дугаар магадлалтай,

“Киа моторс Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

И.Даваадоржид холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 88 136 485 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс нийт 44 018 342 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани И.Даваадоржтой 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр К-111 дугаартай автомашин худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани И.Даваадоржид “Kia cadenza” маркийн нэг ширхэг автомашин хүлээлгэн өгөх, И.Даваадорж нь автомашины үнэ 50 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд манайх гэрээний үүргээ биелүүлж, автомашиныг И.Даваадоржид шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээний 4.3-т “Худалдан авагч нь энэхүү гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болмогц барааны нийт үнийн дүнг 100 хувь буюу 50 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна...” гэж заасны дагуу төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлөх ёстой байсан ч 1 242 342 төгрөг төлж, үлдэгдэл 48 757 657 төгрөгийг одоо хүртэл төлөлгүй компанийг хохироож байна. Гэрээний 7.4-т “Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4.1, 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэсний дагуу алданги тооцбол 92 750 000 төгрөг болж байна. Иймд түүнээс гэрээний үлдэгдэл төлбөрт 48 757 657 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн алданги 24 378 828 төгрөг нийт 73 136 485 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 15 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 88 136 485 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: И.Даваадорж нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн К-111 дугаартай автомашин худалдах-худалдан авах тухай гэрээгээр 50 000 000 төгрөгийн үнэтэй “Kia cadenza” маркийн автомашиныг худалдан авч, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх ёстой боловч 1 242 342 төгрөгийг /цалингаас нь суутган/ төлж, үлдэгдэл 48 757 657 төгрөгийг төлөөгүй байна. Манай компанид борлуулалтын үр дүнтэй холбогдуулан урамшууллыг 1.5 хувиар тооцож олгох тухай журам байхгүй. Ийм гэрээ ч хийгээгүй. Харин үлдэгдэл төлбөрийг цалин, урамшууллаас төлөхөөр гэрээнд заасан. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 05 тоот автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр И.Даваадорж нь тус компаниас 18 000 000 төгрөгийн үнэтэй “Kia Picanto” маркийн Knabx511bxcto77358 арлын дугаартай автомашиныг худалдан авсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлөх, үлдэх төлбөрийг цалин хөлснөөс тооцон төлүүлэх, хэрэв худалдагч буюу ажил олгогч нь хөдөлмөрийн урамшуулал нэмж тооцвол уг урамшууллыг үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцох, мөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажилтан ажлаас халагдсан тохиолдолд тухайн өдрөөс хойш 5 хоногийн дотор уг төлбөрийг төлөх, ингэхдээ урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байхаар тус тус харилцан тохиролцсон. 

И.Даваадорж нь уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөгийг төлж, үлдэх 15 000 000 төгрөгийг төлөөгүй юм. Энэхүү гэрээгээр тухайн автомашины үнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр гэрээнд заасан боловч хугацаандаа төлөөгүй бол барагдуулах хүртэл төлбөрийг шаардах эрхийг худалдагч тал эдэлнэ. Өмнө нь худалдан авсан автомашины үнийг бүрэн төлөөгүй байхад 2 дахь автомашиныг түүнд худалдсан нь И.Даваадоржийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд гэхдээ тэрээр “Өлзийтрейд” ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээгээр 64.5 м.кв байрны үнэд 116 000 000 төгрөгийг төлж, байр худалдан авах эрхээ “Kia cadenza” маркийн автомашины үнэд тооцуулан шилжүүлэн өгөхөөр тохирч, энэ тухайгаа тус гүйцэтгэгч компанид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж, хүсэлт гаргасныг үндэслэн манай компани дээрх “Өлзийтрейд” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг хийсэн юм. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 4.3-т зааснаар орон сууцыг барьцаалсан бөгөөд автомашины төлбөрийг төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэхээр тохирсон. Энэ байр одоо ашиглалтад ороогүй, гэрчилгээ гараагүй байна. Иймд түүнээс 2013 оны К-111 дугаар гэрээний дагуу 48 757 657 төгрөг, үүнээс 2014 оны 06 дугаар сарын 30-наас 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 371 хоногийн алданги 24 378 828 төгрөг, 05 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг нийт 88 136 485 төгрөгийг гаргуулж өгнө үү. “Kia Picanto маркийн автомашины үлдэгдэл 15 000 000 төгрөгийг И.Даваадоржийн цалингаас суутгаж авахаар тохирсон. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 5.2-т барааны үнэ буюу төлбөрийг бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр заасан. И.Даваадоржтой байгуулсан 2 гэрээ нь аль алин нь автомашиныг зээлээр худалдах-худалдан авах гэрээ мөн. Манай компани нь шинэ автомашин зардаг. Хүний хэрэглэж байсан хуучин автомашин зардаггүй юм. И.Даваадорж нь ажлаас халагдаад дээрх 2 автомашиныг авчирч, компанийн хашаанд тавьсан бөгөөд эдгээрийг манай компани хүлээн авсан баримт байхгүй. “Kia cadenza” маркийн автомашины буфер /араасаа/ мөргөлдсөн, жолооч талын хаалга нь хонхойсон, автомашины эргэн тойронд будаг нь зурагдсан, харин “Kia Picanto” маркийн автомашин нь зурагдсан байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Даваадорж нь “Киа моторс Монгол” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2012 оны 7 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Тэрээр “Киа моторс Монгол” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийж, “Kia cadenza” маркийн автомашиныг 50 000 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн боловч уг машиныг 2015 оны 3 дугаар сард буцааж өгсөн. Гэхдээ уг гэрээтэй давхардуулан яагаад орон сууцыг барьцаалсан гэрээ хийснийг ойлгохгүй байна. Тус компани нь уг автомашиныг эзэмших эрхийг И.Даваадоржид шилжүүлж өгөөгүй. Худалдагч буюу “Киа моторс Монгол” ХХК нь ажлын үр дүнгээс хамаарч, борлуулалтын урамшууллыг 1.5 хувиар тооцож олгохоор тохирч, үүгээрээ автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнийн 4.1, 4.3-т борлуулсан автомашины үнийн дүнгээс тооцон төлбөр тооцоог хийхээр заасан. Мөн И.Даваадорж нь 2013 оны 8 дугаар сард тус компанитай “Kia Picanto” маркийн автомашин худалдан авахаар байгуулж, 3 000 000 төгрөг төлсөн. Гэтэл тус компани нь гэрээнээсээ татгалзаж, 2015 оны 6 дугаар сард түүнээс уг автомашиныг буцааж авсан атлаа 15 000 000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Ажил олгогч нь түүнийг ажлаас халагдсаны дараа автомашиныг авчирч өгөхийг шаардсан тул 2 ширхэг автомашиныг аваачиж, компанийн хашаанд тавьсан. Ийнхүү 2 автомашин аваад аль алиныг нь худалдагч тал буцааж авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх 2 ширхэг автомашиныг худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь худалдан авагчид автомашиныг эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй үйл баримтаар нотлогдоно. “Kia cadenza” маркийн автомашинд хөнгөлөлт үзүүлсэн гэсэн атлаа бусад хүмүүст худалдсан үнэтэй адилхан байсан. Талуудын хооронд хийгдсэн 5 тоот гэрээний 4.2, 4.3-т автомашин урамшуулал журмын дагуу гэсэн байгаа. И.Даваадорж нь ажил олгогчоос ямар нэг урамшуулал олгоно гэж ойлгож, дээрх гэрээг байгуулсан гэдэг юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: И.Даваадорж нь “Киа моторс Монгол” ХХК-тай 2012 оны 8 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, суудлын автомашин борлуулах худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Гэтэл компаниас борлуулалтын урамшуулалд бэлэн мөнгө гаргахгүйгээр шийдвэрлэж, оронд нь “Kia Picanto” маркийн автомашин өгөхөөр болж, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу 18 000 000 төгрөгийн оронд өгсөн автамашинаа 2015 оны 6 дугаар сард буцаан авсан. Мөн борлуулалтын урамшууллын мөнгөний оронд “Kia cadenza” маркийн автомашин олгохоор шийдвэрлэж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. И.Даваадоржид 2 автомашин худалдан авах шаардлага байгаагүй. Гэхдээ компаниас борлуулалтын урамшууллын мөнгийг бэлнээр өгөхгүй гэсэндээ уг гэрээг хийж, түүнд машин өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэснээр шалтаглан 2015 оны 3 дугаар сард буцаан авсан. Иймд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн болон 12 дугаар сарын 31-ний өдрийн автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, И.Даваадоржийн борлуулалтын урамшуулал болох 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх борлуулсан 2 автомашины орлого 2 651 736 350 төгрөгөөс авах ёстой 1.5 хувийн урамшуулал болох 39 776 000 төгрөг, “Kia Picanto” маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөг, 2015 оны 3, 4, 5 дугаар сарын цалингаас суутгасан 1 242 342 төгрөг нийт 44 018 342 төгрөгийг нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-аас нэхэмжилж байна. Автомашины үнийг борлуулалтын орлогоос суутгуулахаар гэрээгээр тохирсон байхад сүүлийн үед цалингаас нь бүрэн хэмжээгээр суутгал хийж, цалин олгохгүй байсан тул И.Даваадорж нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: И.Даваадорж нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай байгуулсан №5 тоот автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр “Kia Picanto” маркийн автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээний 4.1-т худалдан авагч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл үнийг цалин урамшууллаас тооцож төлж болохоор зааснаас бус, зөвхөн цалин урамшуулалд тооцож 18 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг олгоогүй, зөвхөн худалдсан юм. Хэрэв И.Даваадоржид 18 000 000 төгрөгийн цалин, урамшуулалд тооцож автомашин өгч байгаа бол компанид буцааж урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлүүлэхээр гэрээнд заасан, уг нөхцөлийг худалдан авагч зөвшөөрч уг мөнгийг төлсөн зэрэг нь логик зөрчилтэй байна. Мөн манайх худалдан борлуулсан автомашинаа буцааж аваагүй, тэрээр манайд хүлээлгэн өгөлгүй, компанийн хашаанд тавьсан байсан. Хэрэв компани буцааж авсан бол худалдан авагч нь хүлээлгэн өгсөн баримтаа гаргаж, нотлох ёстой. Мөн манайх аливаа мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож, “Kia cadenza” маркийн автомашиныг цалин урамшуулалд тооцож олгоогүй, түүнд худалдсан. Манай компани нь ажилтны цалин, урамшууллыг нь өгөхгүйгээр автомашин өгч, уг автомашинаа буцаан авсан атлаа энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд дүр үзүүлж хуурамч гэрээ хэлцэл байгуулсан гэсэн нь огт үндэслэлгүй.

Манай компани 2009 оноос хойш /БНСУ-ын/ шинэ автомашин худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа, дистрибьютерийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хуучин автомашин худалдахгүй. И.Даваадорж нь эрх зүйч мэргэжилтэй, компанид ажиллаж байсан туршлага зэргээ ашиглан худалдан авсан автомашинаа компанийн хашаанд хүнээр авчирч тавиулан, бидэнд огт хүлээлгэж өгөөгүй байж өнөөдөр компани машинаа буцаагаад авчихсан гэж маргаж байгаа нь нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбар мөн. Манай компани нь ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон цалин хөлсийг тухай бүрт олгож байсан бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээ холбогдох дүрэм журам, хариуцагчийн өмнө 39 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор үүрэг огт хүлээгээгүй. И.Даваадорж нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цалин хөлс авч байсан, мөн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой талууд тохиролцож 2015 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг бүрэн суутгаж 1 232 342 төгрөгийг суутган авсан нь үнэн. Иймд урамшуулал болон цалин хөлсийг олгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй болно. Түүний цалин, урамшуулалтай холбоотой шаардлага нь хөдөлмөрийн маргаан байна. И.Даваадорж нь манай компанид ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр К-016 дугаар тушаалаар, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Харин шүүхэд сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргажээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

И.Даваадорж нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болон мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, цалин, урамшуулалд нийт 44 018 342 төгрөгийг гаргуулах, “Kia Picanto” маркийн автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулах зэрэг нийт 112 018 342 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4-т зааснаар дээрх нэхэмжлэлийн үнийг тодорхойлно. Үүнээс үзэхэд хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг 44 018 342 төгрөгөөс тооцон 378 050 төгрөг төлсөн нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01812 дугаар  шийдвэрээр  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ишравжаагийн Даваадоржоос гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 88 136 485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч И.Даваадоржийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан автомашин зээлээр худалдах-худалдан авах тухай 05 тоот гэрээ болон мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан автомашин худалдах-худалдан авах тухай К-111 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-аас 4 242 342 төгрөгийг гаргуулж, хариуцагч И.Даваадоржид олгож, хариуцагч И.Даваадоржоос “Kia cadenza” маркийн Knaln 414bc5083342 арлын дугаартай болон “Kia Picanto” маркийн Knabx511bxcto77358 арлын дугаартай автомашинуудыг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс борлуулалтын урамшуулал болох 39 776 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь өөрт учирсан гэх “Kia cadenza” маркийн Knaln 414bc5083342 арлын дугаартай болон “Kia Picanto” маркийн Knabx511bxcto77358 арлын дугаартай автомашины хохирлоо хариуцагч И.Даваадоржоос нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 590 төгрөгийг болон хариуцагч И.Даваадоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 339 992 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 519 162 төгрөгийг гаргуулж, хариуцагч И.Даваадоржид тус тус олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дүгээр сарын 25-ны өдрийн 1032 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч И.Даваадоржоос гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 88 136 485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.2, 56.5, 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс нийт 44 018 342 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 дахь заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598 700 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл 2 удаа хийгдсэн, хэлцэл тус бүрийн дагуу “Kia cadenza”, “Kia Picanto” маркийн автомашинуудыг хариуцагч тухайн үед хүлээн авч, ашиглаж байсан талаар зохигчдын тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь “Kia Picanto” маркийн автомашин худалдах-худалдан авах хэлцлийн 4.3-т заасан барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тогтоосон заалт хуулиар тогтоосон шаардлага хангаагүйн улмаас хүчин төгөлдөр бус байх нь худалдах-худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг буруу хэрэглэсэн. Учир нь талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Харин 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан “Kia cadenza”, “Kia Picanto” маркийн 2 ширхэг автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээ байгуулсан худалдан авагч тал буюу хариуцагчийн хүсэл зориг нь магадлалын хянавал хэсэгт дүгнэсэн шиг эд хөрөнгийн үнийг төлөх хүсэл зориг байгаагүй, анх гэрээ хийхэд худалдагч тал автомашин борлуулалтын урамшууллын мөнгөнд бодож дээрх автомашинуудыг өгсөн болох нь гэрч Л.Отгонхуягийн мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 2.3, 2.4, 3.3, 4.2, 4.3-т заасан заалтуудаар нотлогдож байна.

Худалдагч тал автомашин борлуулалтын урамшууллын мөнгийг бэлнээр өгөх боломжгүй, үнийн дүндээ тааруулж автомашин өгөхөөр боллоо гэж хуурамч санал тавьж хариуцагчтай гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Дээрх маргаан бүхий 2 хэлцлийн талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маш тодорхой дурдаж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Киа моторс Монгол” ХХК хариуцагч И.Даваадоржоос 88 136 485 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 8 дугаар сарын 06, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах-худалдан авах 2 гэрээнд үндэслэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Киа моторс Монгол” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа борлуулалтын урамшуулалд тооцон 2 автомашиныг худалдах-худалдан авах хэлбэрээр гэрээ байгуулж авсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас гарах үед дээрх 2 автомашиныг нэхэмжлэгч буцааж авсан гэж маргаж, тус 2 гэрээг дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, урамшууллын хөлсөнд 39 776 000 төгрөг, “Киа Пиканто” автомашины урьдчилгаанд төлсөн 3 000 000 төгрөг, цалингаас суутгасан 1 242 342 төгрөг, нийт 44 018 342 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2 гэрээг өөр өөр агуулга, үндэслэлээр маргасан байхад хоёр шатны шүүх гэрээний гол нөхцөлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 1.1, 1.2, 2.3, 2.4, 3.3, 4.2, 4.3 дугаар заалтуудад “Автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журам”-ын дагуу үүсэх нөхцөл, үр дагаврын талаар заасан талуудын тохиролцоог анхаараагүй, гэрээний ерөнхий агуулга, гэрээний нөхцөл бүрийг талуудаас тодруулж, хэргийн бусад баримттай харьцуулж дүгнээгүй нь буруу болжээ.

Хариуцагч И.Даваадорж нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу “Киа Пиканто” маркийн автомашин, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр “Киа Каденза” маркийн автомашиныг тус тус авсан, 2015 оны 3 дугаар сард “Киа Каденза”, 2015 оны 6 дугаар сард “Киа Пиканто” маркийн автомашиныг буцааж авсан гэснийг нэхэмжлэгчийн зүгээс машиныг өөрөө манай хашаанд авчирч тавьсан гэж маргажээ. Хариуцагч дээрх автомашиныг шинээр нь авсан, буцааж өгөхөд ашигласан, эсвэл огт ашиглаагүй эсэх нь ач холбогдолтой бөгөөд автомашиныг буцааж авах эсэх талаар маргаж байгаа үйл баримтыг тодруулж, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага хөдөлмөрийн гэрээнд үндэслэсэн байх тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд дурьдаад байгаа “Автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журам”, хариуцагчийн борлуулсан автомашины тоо, хэмжээ, түүний авч байсан цалингийн хэмжээ зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэх байжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хууль хэрэглэх замаар зөвтгөж, залруулах боломжгүй тул  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй тул улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01812 дугаар шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1032 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч И.Даваадоржоос хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 598 632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАРСАЙХАН         

                                     ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА