Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 217

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаар магадлалтай, Э.А-д холбогдох 1710000000097 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял,

1999 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

2000 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 10 сар 20 хоног хорих ял,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийг нэмж нэгтгэн 3 жил 4 сар 24 хоног хорих ял,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан Б овогт Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар Э.А-ыг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.А оос 1,325,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.У-т 788,000 төгрөг, хохирогч Б.А-д 27,000 төгрөг, Ж.А-д 510,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяа бичсэн дүгнэлтдээ “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.А од холбогдох 1810009970752 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн, 296 дугаар захирамжаар “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Э.А ын холбогдсон гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гаргахаас өмнөх үйлдэл байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гаргахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Э.А  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

Э.А  нь дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Э.А од холбогдох 1810009970752 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн, 296 дугаар захирамжаар “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Э.А ын холбогдсон гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гаргахаас өмнөх үйлдэл байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Үүнээс үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гаргахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна” гэж дүгнэсэн.  Э.А  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 6 жил хорих ял шийтгүүлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.А од холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Э.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус хэргийг шүүгдэгч Э.А ын давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн магадлал гаргасан бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрсөн гомдол, эсэргүүцэл гараагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Ялтан Э.А  нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж, прокуророос энэхүү 5 үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 296 дугаартай захирамж гарган хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорт буцаасны дагуу прокурор дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд Э.А од холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурорын дүгнэлтэд дурдсан хүчин төгөлдөр шийтгэх, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах болсон гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлийн алинд ч хамаарахгүй байгаа бөгөөд шүүгдэгч Э.А ын сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой.

Тодруулбал, Э.А ын ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа үйлдлүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэлд хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Туяагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 604 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Туяагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Э.А-д холбогдох 1710000000097, 1810009970752 дугаартай эрүүгийн хэргүүдийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН