Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00423

 

2024 09 06 156/ШШ2024/00423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар    

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн .................. хүсэлттэй согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............,

Гуравдагч этгээд ...............,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч .............

Нарийн бичгийн дарга ........... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

1. Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн ............. нь согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хэнтий аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, нийгмийн ажилтан .................эг нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ...........ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг .............т бичгээр ирүүлсэн. Тэрээр байнга архидан согтуурч, агсам согтуу тавьж удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдаж байсан. Иймд Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн ...........ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан гэв.

3. Гуравдагч этгээд ........... хариу тайлбартаа: Хэнтий аймгийн .............. тоотод оршин суух ........... би .................. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие өрх толгойлсон охины хамт амьдардаг. Охиныг маань харж хандах хүнгүй, охин маань одоо 14 настай. Би архины эмчилгээнд хувиараа явах гэж байгаа. Албадан эмчилгээнд явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хүсэлт гаргагч талаас шүүхэд Хэнтий аймгийн .................. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 51/3546 дугаартай итгэмжлэл /хх-ийн 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, .........ийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн .............т бичиж өгсөн гэх өргөдөл /хх-ийн 4/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-7/, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-15/, ...........ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, СVL2423000001003330 дугаартай ............, ........... нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17/, СVL2423000001003329 дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 18/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багийн Засаг даргын 2024.07.29-ний өдрийн 208 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19/, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл /хх-ийн 20-35/, Хэнтий аймгийн .................. 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 36-37/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 40/, Хэнтий аймгийн .................. даргын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/149 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 42/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 666 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 70-72/-ыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Гуравдагч этгээд ........... шүүхэд 0329871/28 дугаартай .......... төрсний гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна.

6. Шүүх ............., ......... нараас гэрчийн мэдүүлэг, насанд хүрээгүй............с санал авсан бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ач манал өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дугаартай албан бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Гуравдагч этгээд ...........ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулахаар түүний оршин суух багийн нийгмийн ажилтан ......... нь Хэнтий аймгийн .............т хүсэлт гаргасан байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг сум, хорооны нийгмийн ажилтан нь албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргаж болдог.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг хүсэлтийг Цагдаагийн байгууллага хүлээн авч зохих байгууллагаар согтуурах мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргуулснаар албадан эмчилгээ хийлгэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Иймд эрх бүхий этгээдийн саналаар албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

3. Гуравдагч этгээд ........... нь согтууруулах ундаа байнга хэрэглэж гэр бүл болон орчин тойрныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдаг, энэхүү үндэслэлээр Цагдаагийн газраас шүүхэд албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн хүсэлтийг удаа дараа ирүүлж байгаа мөн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн ажилтан .........ийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн .............т гаргасан өргөдөл /хх-ийн 4/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-7/, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-15/, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл /хх-ийн 20-35/, Хэнтий аймгийн .................. 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 36-37/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 40/, гэрч .........ийн мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч .............ийн мэдүүлэг /хх-ийн 59-60/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 666 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 70-72/, насанд хүрээгүй хүн............с авсан саналын тэмдэглэл /хх-ийн 79-80/, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээд ...........ийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно гэж заасан байдаг.

Гэтэл гуравдагч этгээд ........... нь шүүх хуралдаанд өөрөө архинаас гарч эмчилгээ хийлгэнэ хэмээн тайлбарласан боловч өмнө нь сайн дураар эмчилгээнд хамрагдаж байгаагүй, мөн энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Албадан эмчлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд сайн дурын үндсэн дээр эмчилгээнд хамрагдах эсэх талаарх хуулийн зохицуулалт нь тухайн хүнийг эмчилгээ хийлгэхээс чөлөөлж байгаа асуудал биш харин тухайн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг зохицуулсан ойлголт юм. 

5. Гуравдагч этгээд ........... нь албадан эмчилгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...өрх толгойлсон ээж бөгөөд охинтойгоо хамт амьдардаг гэх боловч энэхүү нөхцөл байдал нь түүнд захиргааны журмаар албадан эмчилгээ хийлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасан албадан эмчлэхийг хориглох заалтад мөн хамаарахгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд ........... нь ...эрүүл мэндийн хувьд бие өвддөг гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч тэрээр энэхүү байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

6. Гуравдагч этгээд ...........ийн өмгөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эрүүл мэндийн дүгнэлт дээр ганцхан ........... эмч гарын үсэг зурсан байсан, бусад гишүүд гарын үсэг зураагүй байгаа тул албадан эмчилгээнд хамруулах боломжтой гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй гэж мэтгэлцсэн.

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр ...........ийг архины идэвхтэй хараат байдалтай гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоож, уг дүгнэлтийн багийн шийдвэрийг эмч ............ гаргаж, багийн дарга ............., гишүүн ............ гэсэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэнтий аймагт Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ийг зөвхөн дээрх багийн гишүүд гаргадаг болох нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Энэхүү дүгнэлтээр түүнийг архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж оноштой, согтуурах мансуурах донтой гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоосон байна.

7. Шүүхээс хэрэгт авагдсан гэрч .........ийн шүүхэд өгсөн .............. нь архи уугаад эрүүлжүүлэхэд орж байсан. Цагдаад баригдаад баг дээр ирэхээрээ цагдаа нарт агсам тавьж янз бүрээр хэлж байдаг. Би хамт байдаггүй болохоор гэр орондоо ямар байдгийг сайн мэдэхгүй. Архи уухаараа ер нь агсам юм шиг санагдсан... ...энэ хүн архинаас гарвал хүүхэд нь эрүүл аюулгүй орчинд амьдарна гэж бодож байна гэх мэдүүлэг, гэрч .............ийн шүүхэд өгсөн .............. нь хааяа бие нь өвдсөн үед уудаг. Би хааяа найз нөхөд ирэх үед уудаг. Манай нутгийн хүмүүс манайхаар ирэхдээ архи дарс уугаад байдаг нь үнэн. Охин ............. нь өвөлдөө Хаштунгийн нийтийн байранд байхдаа танилцсан ............ гэдэг эмээгийнд ирж очоод байдаг. ........... архи уугаад ойр орчиндоо агсам согтуу тавьдаг, эрүүлжүүлэхэд орж байсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй ............ шүүхэд өгсөн ...ээж, аав, бид нар хамт амьдардаг. Аав, ээж архи уудаг. Ээж архи уухаараа аавд агсам тавьдаг, өөр хүмүүст бас агсам тавьдаг. Би ээжийг архи уусан байхаар гараад явчихдаг. Би зун хотод эмээгийнд байсан. Би ээжийг архинаас гараасай гэж бодож байна... гэх саналын тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гуравдагч этгээд ........... нь байнга архидан согтуурч, гэр бүлийн хүрээнд зөрчил гаргадаг, энэ нь өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхэд болох .............д сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдалд тооцогдож байна.

Мөн тэрээр энэхүү нөхцөл байдлаас болж .................. эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдсан байна. Энэ үйлдэл нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албадан эмчлүүлэх үндэслэл болж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

8. Гуравдагч этгээд ...........ийг албадан эмчилгээнд хамруулах хугацаанд насанд хүрээгүй ............. хамгаалах байранд байлгаж, хараа хяналт тавьж түр асран хамгаалж байхыг Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ............ регистрийн дугаартай, Бадран овогт .................г архины албадан эмчилгээнд хамруулсугай.

2. 2010 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин ..............г эх ...........ийг албадан эмчилгээнд хамрагдах хугацаанд хамгаалах байранд байлгаж, хараа хяналт тавьж түр асран хамгаалж байхыг Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар гуравдагч этгээд ...........ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д заасныг баримтлан албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА