Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ц.А-д холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б 

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                               Н.Э     

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Э.М

Шүүгдэгч                                                         Ц.А

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж, ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ад холбогдох 2112000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Булан гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц.А

 

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 07 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр Булан гэх газарт бага насны хүүхэд буюу 13 настай хохирогч Г.Э-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, 2 удаа хүчээр бэлгийн харилцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон гэмт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.А-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч Ц.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардан авч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.А миний бие өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд миний туйлын буруутай үйлдэл мөнөөс мөн билээ. Миний хувийн байдлын хувьд би эцэг гэдэг хүнээ ухаан орсон цагаасаа хойш мэддэггүй. Би ээжтэйгээ амьдарч байхад ээж минь авто ослын улмаас нас барснаас хойш бүтэн өнчин болж, айлаар хоног төөрүүлэн амь зогоосоор өдийг хүрсэн. Би 2009 онд хугацаат цэргийн албанд татагдсан бөгөөд  хилийн 0151 дүгээр ангид алба хааж байгаад гуурсан хоолойн багтраа буюу бусад хавсарсан өвчний оношоор хугацаанаасаа өмнө халагдсан. Уг өвчин нь насан туршийн өвчин бөгөөд өнөөдөр хүртэл би ойр ойрхон амьсгаадаж, ханиалгаж, цээжээр шуугьж, хэржигнэн хоолой боогдож, амьсгал тавчиддаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч дэглэмийн хувьд хаалттай хорих ангид ял эдлэх нь миний суурь өвчин бүр хүндэрнэ гэж айж байна. Иймд шүүгдэгч Ц.А миний хувийн байдлыг харгалзан үзэж  миний эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч миний бие өмгөөлөгч Э.М-ийн хамт биечлэн оролцох болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс хаалттай хорих байгууллагад эдлэх дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн утга бүхий гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан бөгөөд хуульд нийцсэн шийдвэр байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих байгууллагын нээлттэй, хаалттай дэглэмийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялын хаалттай хорих анги нь дотроо тусгай болон энгийн гэсэн дэглэмтэй байдаг. Тусгай дэглэмтэй хорих байгууллагад 6 дээш жилээр хорих ял оногдуулсан болон хүнд ял шийтгэл эдэлж байсан, эсхүл хүнд ял шийтгэл эдэлж болохуйц хүнийг тусгай нэгжид ганцаарчлан хорьж, ажил хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр байлгах, мөн уулзалтыг удаан хугацаагаар өгөхгүй байдаг юм байна лээ. Мөн өдөрт 1 цагийн нарлах хугацаатай хатуу хамгаалалтын доор байдаг. Шүүгдэгч нь гуурсан хоолойн архаг багтраа буюу бронхит өвчтэй байдаг. Гуурсан хоолойн архаг багтраа өвчний үндсэн шинж нь хоолой нь бачуурч, амьсгал нь давчиддаг, цээжээр нь шуугьж хэржигнэдэг. Хэрэв амьсгал давчдах асуудал удаан үргэлжилбэл тухайн хүн ухаан алдаж унах, амьсгалын дутагдалд орох зэрэг нөхцөл байдалд ордог. Хаалттай дэглэмтэй хорих байгууллагад ганцаарчлан хоригдож байгаа учраас тухайн хүн цаг алдах, яаралтай тусламж дэглэм үзүүлэхгүй бол амь насанд нь аюул учрахуйц нөхцөл байдал байгаа. Тийм учраас шүүхээс тухайн хүний холбогдсон гэмт хэргийн шинж байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан хаалттай хорих байгууллагад гэсэн дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр сольж өгнө үү гэсэн саналтай байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх хуулийн зохицуулалттай байдаг. Тиймээс улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа хүнд хор уршиг гэдэг асуудлыг анхааралтай авч үзэхийг хүсье. Хүүхэд төрснөөр хүнд хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал байх уу, мөн хүүхдийн эцэг мөн гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу. Ц.Аг бусдыг жирэмсэн болгосон гэж яллах дүгнэлтэд тусгаж, түүнийг давхар хүндрүүлэх нөхцөл байдалтай оруулж ирж байгаа юм. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа учраас хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхэд тухайн хүний хувийн нөхцөл байдал маш их шалтгаална гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж, гомдлын үндэслэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.Агийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ц.Аг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэж, жирэмсэн болгосон үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “хорих” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчийн хорих ялын дэглэмийг өөрчлүүлэх тухай гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.А нь  хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хорих ял эдлүүлэхээр тогтоосон дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

 Мөн хохирогчийн төрүүлсэн хүүхэд шүүгдэгчийн хүүхэд мөн эсэх нь шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шинжээч томилж түүний хүүхэд мөн эсэхийг тогтоох нь энэ хэрэгт ач холбогдолгүй юм.

 

 Шүүгдэгч Ц.А нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 61 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд цагдан хоригдсон хугацааг оруулан тооцох зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Д.Б