| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2024/0015/З |
| Дугаар | 118/ШШ2024/0018 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 118/ШШ2024/0018
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******ын "........... ХХК-ийн KIA Grandbird загварын ******* дугаартай автобус тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн..." гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн 2324000156 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч ******* ХХК-ийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн хэрэгт цугларсан .................... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолд "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, Зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-ыг 2 дугаар хавсралт, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягтыг 3 дугаар хавсралт, Шалгах төхөөрөмжөөс хэвлэх шийтгэлийн хуудасны маягтыг 4 дүгээр хавсралт, Камерын хяналтаар илрүүлсэн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 5 дугаар хавсралт, Шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай" гэж заасан. Гэтэл авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нь зөрчлийн 2324000156 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас "Маягт-1"-ээр шийтгэл оногдуулах ёстой атал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт буюу Маягт-2-ыг ашиглан холбогдогчид шийтгэл оногдуулсан нь дээрх журмыг ноцтойгоор зөрчсөн. Иймд эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг ноцтой зөрчиж буруу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК /хууль ёсны төлөөлөгч О.*******/-д Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийн KIA Grandbird загварын ******* дугаартай автобус тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн гомдол, мэдээлэлд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч шийтгэлийн хуудас бичсэн. Гэтэл прокурор шийтгэлийн хуудсыг бичихдээ шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журмыг зөрчиж буруу шийтгэлийн хуудас хэрэглэсэн хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн "...******* ХХК нь автобус тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн..." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь дээрх авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Шийтгэлийн хуудас болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг ноцтой зөрчиж шийтгэлийн хуудасны маягтыг буруу хэрэглэсэн” гэж тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* дээрх прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ******* ХХК-д холбогдох шийтгэлийн хуудасны маягтыг буруу хэрэглэсэн нь үндэслэлтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Зөрчилд холбогдогч ******* ХХК нь авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлийг бүрэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн тухай баримтаар нотлогдож байх ба Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-д нийцүүлэн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож зөвтгөх нь хуульд нийцэхээр байх төдийгүй зөрчил холбогдогч хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хөндөхөөргүй байна.
Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******оос бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ