Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0164

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “******* *******” СӨХ /РД: *******/               

Хариуцагч: ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э******* нарын хооронд үүссэн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.А*******, хариуцагч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч “******* *******” СӨХ-өөс тус шүүхэд хандан ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э*******гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “******* *******” СӨХ нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны оршин суугчдын байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо бөгөөд ******* дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай гэрчилгээтэй.

2.2. “******* *******” СӨХ-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар[1] тус СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар Ш.Шыг томилсон.

2.3. Ш.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаал[2] гаргаж, иргэн Б.Нг тус СӨХ-нд үйлчлэгчээр ажилд томилжээ.

2.4. Тус СӨХ-нд үйлчлэгч ажилтай, иргэн Б.Нгээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “******* *******” СӨХ-нд ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй ...” гэх зэрэг үндэслэлээр гомдол гаргасан.[3]

2.5. Дээрх гомдлын дагуу хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э******* нь “Б.Нд 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилд Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.[4]

2.6. Зөрчлийн хэргийг нээхдээ холбогдогчийг “******* *******” СӨХ бус, харин “Ж.Ш” гэж тодорхойлсон байна.[5]

2.7. Улмаар маргаж буй 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа холбогдогчийг “******* *******” СӨХ гээд, гаргасан зөрчлийг дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.[6]

2.8. Гомдол гаргагчийн зүгээс “... хариуцагч нь шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа “******* *******” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд гэдгийг анхаараагүй, үүгээрээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч нь зөвхөн иргэн, хуулийн этгээд байхаа заасныг зөрчсөн, мөн тухайн СӨХ-ны Гүйцэтгэх захирал ажилтай Ж.Ш иргэнийхээ хувиар холбогдогч болох ямар ч үндэслэлгүй, учир нь үйлчлэгч Б.Н нь иргэн Ж.Шд ажил хийж өгөөгүй, харин ******* ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шын тушаалаар СӨХ-нд үйлчлэгчээр ажиллаж байсан, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй, учир нь Гүйцэтгэх захирал Ж.Ш нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан зүйл байхгүй, тус СӨХ 2008 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөвийг “зогсоосон” байсныг байцаагч анхаараагүй, хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилготой байсан бол үйлчлэгч Б.Нд сар бүрийн цалинг нь дансаар шилжүүлэхгүй байх байсан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс “... ******* ******* СӨХ-д үйлчлэгч ажилтай Б овогтой Нгээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гаргасан гомдол мэдээлэлд “2019 оны 07 дугаар сараас эхлэн ******* ******* СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж, 350 000 төгрөгийн цалинг сар бүрийн 10, 20-ний өдөр өгнө гэж, тохиролцож, ажилд авсан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, ээлжийн амралт өгөлгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Нг хохироосон. Би хөдөлмөрийн гэрээ байгуулъя, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлье гэж шаардсан боловч СӨХ-д тийм мөнгө байхгүй гэдэг шалтгааны улмаас удаа дараа хэлж, зөвшөөрөөгүй” гэдэг. Б.Нг 15/1 байрны 00 тоотод байрлаж амьдардаг учраас бага цалин хөлс олгож байгаагаа зөвтгөн тайлбарладаг байсан байна. 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд 1-р хороо, гудамж, 15/1 байрны ******* ******* СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаарх гомдол мэдээллийг ******* ******* СӨХ-н гүйцэтгэх захирал Ж******* овогтой Шд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй, СӨХ- д төлөх боломжгүйд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Б.Нд 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар ******* ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шд холбогдох № дугаартай хэрэгт Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон дор дурдсан холбогдогчоос мэдүүлэг авсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* СӨХ-өөс шүүхэд хандаж гомдол дараах гомдлыг гаргасан.  Гомдлын шаардлага нь ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын улсын байцаагч Д.Э*******гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан. ******* ******* СӨХ-өөс гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл болон 3.2 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч хохирогчид хамаарахгүй буюу тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тодорхойлсноор хэргийн оролцогч болохгүй байна. ******* ******* СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан Нгээс ******* ******* СӨХ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх гомдлоор тус Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор ******* ******* СӨХ-г татсан нь буруу байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл 3.1.1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн, мөн хуулийн этгээдийг холбогдогч байхаар хуульчилжээ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.3-д Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй,  мөн Иргэний хуульд ч гэсэн сууц өмчлөгчдийн холбоог хуулийн этгээдийн эрхгүй гэдгийг хуульчлаад өгчихсөн байдаг. Хуулийн этгээдийн эрхгүй ******* ******* Сөх-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчсөнд татан оролцуулж, ******* ******* СӨХ-ийн нэр дээр шийтгэлийн хуудас бичсэнийг буруу гэж үзэж байна. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь хөдөлмөрийн гэрээ болон бусад хэлцлийн тал болохгүй байх зарчмыг зөрчсөн гэж гомдсон байна. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т ******* ******* СӨХ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай 10 дугаар зүйлийн 10.17.2 дахь хэсэгт зааснаар буюу уг зөрчлийг нотлохгүйгээр буруу шийтгэл оногдуулсан гэж гомдож байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйл 10.17.2 дахь хэсэгт ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл орлого, шимтгэлд ноогдох орлогыг нуусан байхыг шаардсан. Эсвэл хэмжээг санаатайгаар бууруулсан байхыг шаардсан гэсэн 2 нөхцөл тавьсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар ******* ******* СӨХ нь өмнө нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй учраас 2019 оны 4 дүгээр сард оршин суугчдын хурлаар сонгогдсон өндөр настан Ш СӨХ ерөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэх ойлголттой. Тус СӨХ-д ажилладаг өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг үйлчлэгч Нгийн нэгэн адил төлөлгүй ажиллаж ирсэн гэх мэдүүлгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгогүй байсан. Мөн Н болон өөртөө цалин дансаар өгч байсан ******* ******* СӨХ-ийн цалин гэдэг ийм утгаар дансаар өгч байсан нь нуух зорилгогүй байсан гэдгийг нотолчхоод байна. Зөрчлийн тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.17.2-т заасан зөрчил болохын тулд ийм 2 шаардлагыг огт хангаагүй байхад 10 дугаар зүйлийн 10.17.2-ыг баримталсан нь буруу байна. ******* ******* СӨХ-ийн гүйцэтгэх захирлаас эрх бүхий албан тушаалтан тайлбар мэдүүлэг авах үед өмнө нь  ******* ******* СӨХ нийгмийн даатгалын шимтгэл яагаад төлж байгаагүйг тодруулахад үйл ажиллагаа явуулахаа больсон,  үндэслэлээр одоо түдгэлзсэн гэж хариулсан байдаг. Ийм учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд үйл ажиллагаа явуулахаа больсон гэх үндэслэл огт байхгүй бөгөөд 18 дугаар зүйлийн 18.1.3-т даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон бол шимтгэл төлөх үүрэг дуусгавар болохоор хуульчилсан. Тийм учраас гомдлын шаардлагаа дэмжиж байна.

Нгийн гомдлоор Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ******* ******* СӨХ-д гүйцэтгэх захирал ажилтай Шд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн гэж хариу тайлбарт хариуцагч бичсэн байна. ******* дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нь иргэн Шд холбогдуулан зөрчлийн хэрэг нээх эрхгүй байна. Учир нь ******* ******* СӨХ-д үйлчлэгч ажилтай Н иргэн Шд холбогдуулан гомдол гаргаагүй. Харин ******* ******* СӨХ-д холбогдуулан гомдол гаргасан байна. Улсын байцаагч холбогдогч нь иргэн Ш гэж тодорхойлж байгаа боловч Зөрчлийн хэрэг нээх тухай 12 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолд холбогдогч нь ******* ******* СӨХ уу, эсвэл гүйцэтгэх захирал Ш уу гэдгийг тодорхойлоогүй байна. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын гүйцэтгэх захирал мөн адил хуулийн этгээдийн эрхгүй байх нь ойлгомжтой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг тогтоож өгсөн байдаг. 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцын хэвийн байдлыг хангах талаар үйл үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах гэсэн юм. Одоо хэнтэй гэрээ байгуулахыг тус сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд заагаад хуульчилсан байна. 12.4.3-д холбооны мөнгөн хөрөнгийг холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний татвар, зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтад хамгаалах засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах гээд заачихсан байхаар энэ хуулиар гүйцэтгэх захирал нь зөвхөн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах эрх олгогдсон болохоос биш хувь хүнтэй гэрээ байгуулах эрх олгогдоогүй. СӨХ-ийн үйлчлэгчид цалин өгөхийн тулд Ш СӨХ-ийн мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд шилжүүлэх эрхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг хуульчилсан. За албан журмаар даатгуулах даатгуулагчид хамрах ажилтныг 7.2.1-д өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж хуульчилсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гээд гомдол гаргаад байгаа шүү дээ. За нийгмийн даатгалын ерөнхий хуульд ч хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж тодотгож өгсөн.

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан журмын даатгалд даатгуулахаар хуульчлагдаагүй гээд сая шүүгч хэлсэн. Хуучин Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах ажилтанд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ гээд заасан бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо энд ороогүй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг ажил олгогч гэж тооцож ажиллаж байгаа ажилтныг албан журмаар даатгуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох гэж заасан байна. 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт дахиад зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг холбогдогч байна гээд хуульчилчихсан. СӨХ-ийн гүйцэтгэх захирал хуулийн этгээдийн эрх этгээдийн эрхгүй байгууллагын гүйцэтгэх захирал учраас зөрчил үйлдсэн хүн гэдэгт хамаарахгүй. СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй учраас хамаарахгүй гэдгийг хариуцагч одоо хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэхээр СӨХ хуулийн этгээдийн эрхгүй учраас би тэр гүйцэтгэх захирал Ш гэдэг хүнийг  холбогдогчоор татсан гээд  хүлээн зөвшөөрөөд яриад байна шүү дээ. СӨХ хуулийн этгээдийн эрхгүй юм бол СӨХ-ны гүйцэтгэх захирал мөн адил хуулийн этгээдийн эрхгүй гэдгийг тодотгож өгье ...” гэв.

3.2. ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Э******* би, ******* ******* СӨХ-д үйлчлэгч ажилтай /РД: /, Б овогтой Нгээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гаргасан гомдол мэдээлэлд 2019 оны 07 дугаар сараас эхлэн ******* ******* СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж, 350,000 төгрөгийн цалинг сар бүрийн 10,20-ний өдөр өгнө гэж, тохиролцож, ажилд авсан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, ээлжийн амралт өгөлгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Нг хохироосон. Би хөдөлмөрийн гэрээ байгуулъя, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлье гэж шаардсан боловч СӨХ-д тийм мөнгө байхгүй гэдэг шалтгааны улмаас удаа дараа хэлж, зөвшөөрөөгүй байна. Б.Нг 15/1 байрны 00 тоотод байрлаж амьдардаг учраас бага цалин хөлс олгож байгаагаа зөвтгөн тайлбарладаг байсан байна. 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд 1-р хороо, гудамж, 15/1 байрны ******* ******* СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан хугацаанд Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаарх гомдол мэдээллийг ******* ******* СӨХ-н гүйцэтгэх захирал Ж******* овогтой Шд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй, СӨХ- д төлөх боломжгүйд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Б.Нд 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар ******* ******* СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шд холбогдох № дугаартай хэрэгт Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон дор дурдсан холбогдогчоос мэдүүлэг авсан болно.

******* ******* СӨХ нэгэнт хуулийн этгээдийн эрхгүй гээд яриад байна. Хуулийн этгээд биш юм бол ажил олгогч гэж үзэж байна.  Ажил олгогч нь Нгийн хувьд бол мөн шүү дээ. Ш гуай чинь гүйцэтгэх захирал. Нд ажил олгоод, ажил үүргийн хуваарийг нь танилцуулаад байгаа учраас ажил олгогч гэж үзэж байна. Тийм учраас эрх зүйн чадамжгүй гэж Ш гуайг үзэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй байдаг. 43.2.1 дээр гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, олгоод явж байсан уу? Олгоод явж байсан. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх гээд ийм заалтыг зөрчсөн байна. 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гээд нэгэнт ажил олгогч юм бол 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна ...” гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагад дурдсан маргаж буй акт болох ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э*******гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э*******гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэсний дагуу маргаж буй захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, “******* *******” СӨХ-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар Ш.Шыг томилсон.

1.3. Улмаар Ш.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаал гаргаж, иргэн Б.Нг тус СӨХ-нд үйлчлэгчээр ажилд томилжээ.

1.4. Тус СӨХ-нд үйлчлэгч ажилтай, иргэн Б.Нгээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “******* ******* СӨХ-нд ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй ...” гэх зэрэг үндэслэлээр гомдол гаргасан.

1.5. Дээрх гомдлын дагуу хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э******* нь “Б.Нд 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилд Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

1.6. Зөрчлийн хэргийг нээхдээ холбогдогчийг “******* *******” СӨХ бус, харин “Ж.Ш” гэж тодорхойлсон байна.

1.7. Улмаар маргаж буй 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа холбогдогчийг “******* *******” СӨХ гээд, гаргасан зөрчлийг дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ

1.8. Шүүх дараах үндэслэлүүдээр хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийг буруу тодорхойлсон, зөрчлийг буруу дүгнэсэн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулахад:

1.9. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж заасан бөгөөд хуулийн энэ хэм хэмжээнээс үзэхэд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч нь хүн, эсхүл хуулийн этгээд байхаар зохицуулжээ.

1.10. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч талаас хэлсэн тайлбар зэргээс судлан үзэхэд, иргэн Б.Нгийн гаргасан гомдлоор хариуцагчаас зөрчлийн хэрэг нээхдээ “******* *******” СӨХ-нд холбогдуулж бус, харин иргэн Ж******* овогтой Шд холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн[7] үйл баримт тогтоогдлоо.

1.11. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “******* *******” СӨХ-ны Гүйцэтгэх Ш.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаал гаргаж, иргэн Б.Нг тус СӨХ-нд үйлчлэгчээр ажилд томилсон байх бөгөөд үүнээс үзвэл иргэн Б.Н нь иргэн Ж.Шд хувь этгээдийн журмаар ажил гүйцэтгээгүй, харин “******* *******” СӨХ-нд үйлчлэгчийн орон тоонд хөдөлмөр эрхэлсэн байна.

1.12. Энэ тохиолдолд хариуцагчаас иргэн Ж.Шд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд нийцэхгүй.

1.13. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн зүгээс “******* ******* СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болохгүй” гэж, хариуцагчийн зүгээс “******* ******* СӨХ нь ******* дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээний үндсэн дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг этгээд тул холбогдогч болно” гэж маргасан.

1.14. Шүүх дээрх эрх зүйн асуудалд эрх зүйн хэм хэмжээ тайлбарлах үг зүйн, системчилсэн, логикийн аргуудыг хэрэглэн тухайлсан дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1.15. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;” гэж, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад "шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;” гэж тус тус зааснаас үзэхэд үг зүйн утгаараа сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй /хуулийн этгээд биш/ тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болохгүй гэж ойлгогдохоор байна.

1.16. Гэвч эрх зүйн хэм хэмжээ тайлбарлах системчилсэн, логикийн тайлбарын агуулгаар авч үзвэл дээрхээс өөр агуулга үүсэхээр байна. Тодруулбал:

1.17. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт субъектыг заахдаа “Ажил олгогч ...” гэж тус тус заажээ.

1.18. Үүнээс үзвэл сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэдий боловч иргэний эрх зүйн харилцааны оролцогч мөн, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд зөрчилд хамаарах субъектыг тодорхойлохдоо “шимтгэл төлөгч” бус, харин “ажил олгогч” гэх ойлголтыг хэрэглэсэн байх тул нэгэнт сууц өмчлөгчдийн холбоо нь иргэнийг тодорхой орон тоон дээр буюу энэ тохиолдолд иргэн Б.Нг үйлчлэгчийн орон тоон дээр ажиллуулж, хөдөлмөрийн харилцаанд оролцсон ажил олгогч байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж үзэх нь үндэслэлтэй байна.

1.19. Өөрөөр хэлбэл, нэгэнт материаллаг хууль болох Зөрчлийн тухай хуульд “ажил олгогч”-д хамаарах зөрчлийг заасан энэ тохиолдолд хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хэн байхаас үл хамааран түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж үзэх нь хууль болон эрх зүйн зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

1.20. Иймээс “******* *******” СӨХ нь ажил олгогчийнхоо хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч байх боломжтой.

1.21. Харин Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;” гэж заахдаа хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг тухайлан дурдаагүй байх боловч эрх зүйн ерөнхий зарчмын үүднээс хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болох сууц өмчлөгчдийн холбоо нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохынхоо хувьд ажил олгогч гэх ойлголтын гадна үлдэхгүй гэж шүүх үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

1.22. Тиймээс хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийг зөв тогтоох шаардлагатай.

1.23. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй байсан” гэж, хариуцагчийн зүгээс “хэрэглэсэн нь үндэслэлтэй” гэж маргасан.

1.24. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

1.25. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, энэ зохицуулалтыг хэрэглэх гол урьдчилсан нөхцөл нь “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилго” байсан эсэхийг зайлшгүй тогтоох явдал байна.

1.26. Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа этгээдийн субъектив ухамсрын түвшинд “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилго” байсан эсэхийг нягтлах ёстой.

1.27. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, “******* *******” СӨХ-ний Гүйцэтгэх захирал Ж.Ш нь үйлчлэгч Б.Нд сар бүрийн хөдөлмөрийн хөлсийг нь банкны дансаар тогтмол шилжүүлдэг байсан[8] үйл баримт тогтоогдож байна.

1.28. Үүнээс үзвэл тус СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шын субъектив ухамсрын түвшинд “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилго” байгаагүй болохыг харуулж байна.

1.29. Тодруулбал, хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилго агуулж байсан бол сар бүрийн хөдөлмөрийн хөлсийг банкаар шилжүүлэхгүй байсан гэж үзнэ.

1.30. Тиймээс энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

1.31. Мөн хуулийн дээрх хэм хэмжээнд заасан “шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан” үйлдэл тогтоогдсонгүй.

1.32. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэлийн программын Ажил олгогчийн жагсаалт – Дэлгэрэнгүй мэдээлэл”[9] хэсгийн “Шилжилт хөдөлгөөн” гэх хэсэгт “04-Зогсоосон” төлөвтэй байсан буюу тухайн сууц өмчлөгчдийн холбоо нь 2008 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зогсоосон төлөвт байсан, 2008 онд шимтгэл төлөлт, тооцооны тайлан[10] гаргаж байснаас өөрөөр түүнээс хойшоо тайлан тооцоо гаргаж байгаагүй байна.

1.33. Дээрх нөхцөл байдлыг хариуцагч улсын байцаагч шийтгэлийн хуудас гаргахдаа анхаараагүй байгаа нь буруу.

1.34. Хэдийгээр хариуцагчаас “******* ******* СӨХ нь бүртгэлтэй этгээд байсан” гэх боловч ******* дүүргийн Засаг даргаас 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон дугаартай гэрчилгээ бүхий бүртгэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заасны дагуу бүртгэж буй тооны бүртгэл болохоос, тухайн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх зүйн чадварыг үүсгэхэд чиглэсэн бүртгэл биш юм.

1.35. Иймд хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

1.36. Харин Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчилд хамаарах эсэхийг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа нягтлан үзэх нь зүйтэй.

1.37. Хариуцагч нь энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан дээрх эрх зүйн асуудлуудыг дахин шинэ акт гаргахдаа нягтлан тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тодорхой ажиллагаануудыг хуульд заасан журмыг баримтлан явуулах үүрэгтэй болохыг тэмдэглэхээс гадна шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

2.1. Шүүхээс хариуцагчийг маргаж буй 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа холбогдогчийг зөв тогтоогоогүй, зөрчлийг буруу дүгнэсэн гэж үзээд дахин шинэ акт гаргуулахаар шийдсэн энэ тохиолдолд уг хэрэгт гуравдагч этгээдээр Б.Нг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан “******* *******” СӨХ-оос гаргасан гомдлын шаардлагад дурдсан хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э*******гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 105 дахь тал

[2] Хх 109 дэх тал

[3] Хх 39 дэх тал

[4] Мөн тэнд

[5] Хх 37 дахь тал

[6] Хх 116 дахь тал

[7] Хх 37 дахь тал

[8] Хх 45-84 дэх тал

[9] Хх 118 дахь тал

[10] Хх  119-120, 143-152 дахь тал