Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

2022           03             31                                        2022/ДШМ/26

 

 

Б.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Ариунзул,

Хохирогч /Ч.Г/, иргэний нэхэмжлэгч /Ч.О/ нарын өмгөөлөгч Э.М,

Иргэний нэхэмжлэгч “М.Д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д/цахимаар/,

Иргэний хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.М-ад холбогдох 1934004400413 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Ч.Г, иргэний нэхэмжлэгч Ч.О нарын өмгөөлөгч Э.М, иргэний хариуцагч М.Б-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 

 

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай замд 74-18 УНӨ улсын дугаартай "Beiben" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн а/, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ,,,,,,,УБХ улсын дугаартай "Тоёота Ланд-200" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар ,,,,,,,УБХ улсын дугаартай "Тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Э, О.А- ын эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол буюу 110 453 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.М-ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.М-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ..........ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж,

 

Эрүүгийн 1934004400413 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн жолоочийн B, C ангиллын 864311 дугаартай үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч УУ66022232 дугаарын регистртэй, ..........ад буцаан олгохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.М-аас 28 076 280 /хорин найман сая далан зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг, иргэний хариуцагч М.Б-өөс 28 076 280 /хорин найман сая далан зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж нийт 56 152 560 /тавин зургаан сая нэг зуун тавин хоёр мянга таван зуун жар/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч “М.Д” ХК-д, Мөн шүүгдэгч Б.М-аас 3 322 500 /гурван сая гурван зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.От тус тус олгож,

 

Иргэний нэхэмжлэгч “М.Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 29 849 240 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.М-, иргэний хариуцагч М.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.О шууд бус зардал 29 215 000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч М.Б-өөс, мөн иргэний нэхэмжлэгч Ч.О олох ёстой байсан орлого 16 200 000 төгрөгийн баримтаа, хохирогч Ё.Гансүх, насанд хүрээгүй хохирогч О.Э, О.Анар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж шүүгдэгч Б.М-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгч Ч.Оын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг, зөрүү 44 000 000 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Г, иргэний нэхэмжлэгч Ч.О нарын өмгөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хохирогч Ч.Г болон иргэний нэхэмжлэгч Ч.О нарын хохирлыг гаргуулж өгнө үү.

 

Хохирогчоос хохирол 68 522 000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахыг шаардсан боловч анхан шатны шүүхээс 3 322 500 төгрөгийг л гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бусад хохирлоо жич иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Тухайлбал хохирогч нар ,,,,,,,УБХ улсын дугаартай Ланд-200 маркийн авто машиныг 225 сая төгрөгөөр “Таванбогд” ХХК-иас зээлээр худалдаж авсан.

“Таван богд” ХХК-ийн 2019.06.09-ний өдөр өгсөн нэхэмжлэх 137 сая төгрөгөөр уг осолд орсон авто машиныг засварлах дүн гарсан. Үүнээс “М.Д” ХХК автомашины 86 сая төгрөг, "Номин даатгал" ХХК-аас 7 сая төгрөг тус тус төлсөн. Зөрүү 44 сая төгрөгийг шүүгдэгч Б.М- хариуцах билээ. Гэтэл үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн хохирол 29 215 000 төгрөгийг иргэний хариуцагчаас жич шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирол болон иргэний нэхэмжлэгчийн шаардсан хохирлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байтал үүнийг хэрэглэлгүйгээр иргэний шүүхээр хохирлоо шаард гэсэн агуулга бүхий дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг огт хангаагүй, нэхэмжлэгч, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалах үүргээ биелүүлсэнгүй.

 

Ч.Оын гэр бүл сэтгэл санаа болон эрүүл мэнд, эд хөрөнгөөр маш их хохирсон бөгөөд зуун хувь буруутай, урсгал сөрж осол гарагсан этгээд өнөөдөр 225 сая төгрөгийн үнэ бүхий авто машиныг осолд оруулсан атлаа зөвхөн 3 322 000 төгрөгийг л олгохоор шийдвэрлэсэн нь шударга бус, үндэслэлгүй шийдвэр болсон.

Иймд авто машины зөрүү 44 сая төгрөгийг шүүгдэгч Б.М- хариуцах нь шударга ёсонд нийцэх билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирол авто машины зөрүү 44 сая төгрөг, хохирол 20 215 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч М.Бийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: ...Б.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 74-18 УНӨ улсын дугаартай ВЕIВЕN маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймаг руу явах замдаа Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон дов” гэдэг газар Ч.Гийн жолоодож явсан ,,,,,,,УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 110 453 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, миний үйлчлүүлэгч М.Б энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан юм.

 

... Шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж аваад анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий анги, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт дараах давж заалдах гомдол гаргаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан.” Гэтэл эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Прокуророос шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар их хэмжээний буюу 110 453 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу ,,,,,,,УБХ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Арвижих Эстимейт” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 04-ний тогтоож Авто машин, техникийн үнэлгээний тайлан гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг иргэний хариуцагч, өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Энэ хэрэг гарсан талаар гэмт хэргийн талаарх мэдээлэл Төв аймгийн Цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газрын үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлд зөвхөн тээврийн хэрэгслүүдийн явсан чиг, үл хөдлөх цэгээс хэмжсэн хэмжээсүүдийг тэмдэглэж, хэргийн газрын үзлэг дууссаны дараа тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт хүлээлгэж өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоох талаар ямар нэг ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэлд үзлэг огт хийгээгүй, мөн хэргийг шалгах явцад ч тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “...хөрөнгийн үнэлгээний зүйл” гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг”, 3.1.4 дэх хэсэгт “...хөрөнгийн үнэлгээ хийх" гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг”, 3.1.5 дахь хэсэгт “...үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг ойлгоно гэж заасан.

 

Дээрх хуулийн заалтаас үзвэл үнэлгээчин зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд үүссэн, эвдэрч, гэмтсэн эд ангиудын үнэлгээг тогтоохоор заасан байна.

 

Үнэлгээний тайланд ...Уг машин нь зүүн хажуу талаараа шүргэгдэж зүүн 2 хаалга хунирч урагдсан, зүүн урд дунд хойд баганууд нугарч урагдаж кузов ихээр гажсан, дээд орой хунирч үрчийсэн, доод хормой зүүн хойд крыло хаалганы ховил хунирч урагдсан, зүүн гишгүүр нугарч, хойд буфер зүүн хойд гэрэл хагарсан, дээд хажуугийн эйрбаг, суудлын эйрбагууд задарч, үндсэн рам гулжийсан, хойд тэнхлэг хойд редуктор, амортизатор татуургууд хагас гол нугарч гулзайж, дээд ачаа хагарсан, багажны 2 хаалга гажиж сэвтсэн, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрсэн байв гэжээ.

 

Гэтэл эрүүгийн хэрэгт Тоёота Ланд круйзер-200 маркийн ,,,,,,,УБХ улсын дугаартай машинд учирсан эвдрэл гэмтлийг хаана байрлаж, үйл ажиллагаа явуулдаг албан ёсны нэр бүртгэлтэй байгууллага, хэзээ үзлэг оношилгоонд оруулж солих шаардлагатай болсон эд ангийн тоо, нэр төрөл, эвдрэл гэмтлийн хэмжээ, солих шаардлагатай гэсэн жагсаалт гаргаж өгсөн нь тодорхойгүй байна.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...,,,,,,,УБХ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл зүүн талаараа мөргөлдсөн байдалтай байв”, Зам тээврийн осол дээр тогтоосон актад “...3үүн хойд хаалга, крыло чихэгдэж урагдсан” гэж эвдрэл гэмтлийг бичсэн ба өөрөөр энэ хэрэгт тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тогтоосон ямар нэг баримт байдаггүй.

 

Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд нийт 92 эд анги эвдэрсэн. Үүнээс 91 эд ангийн эвдрэл их, завсарлах эд анги байхгүй, бүх эд анги солих гэж бичсэн. Үүнээс 1 эд анги буюу багажны дээд доод хаалга засах шаардлагатай 70.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Энэ үнэлгээнд анхаарах дараах зүйлүүд байдаг.

 

56-рт Зүүн хойд крылоны дотор хэсэг их хэмжээний эвдрэлтэй 340 500 төгрөгийн үнэтэй гэсэн боловч 57-рт Зүүн хойд хаалганы крылоны дотор хэсэг их хэмжээний эвдрэлтэй 1 530 750 төгрөгийн үнэтэй гэж нэг эвдрэлийг давхцуулж зөрөөтэй үнэлсэн.

60, 61, 62 дугаарт дээврийн хөндлөвчийн эвдрэлийг давхцуулж үнэлсэн 87 000-290 250 төгрөгийн үнэтэй гэж нэг эвдрэлийг давхцуулж зөрөөтэй үнэлсэн байна.

 

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйл /Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах/-ийн 499.1 дэх хэсэгт “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байна. Гэтэл 74-18 УНӨ улсын дугаартай ВЕIВЕN маркийн тээврийн хэрэгсэл нь “Жей траст Кредит ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад М.Бийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, иргэний хариуцагчийг буруу тогтоосон гэж үзэж байна.

 

Мөн хэрэгт ,,,,,,,УБХ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн Даатгалын гэрээт баталгааг хавсаргасан байдаг.

Энэ гэрээний 6 дугаар хэсэгт “...Даатгалын зүйлд учирсан хэсэгчилсэн болон бүрэн сүйрлийн хохирлыг даатгагч барагдуулсан бол эвдэрч гэмтсэн эд хөрөнгө нь даатгагчийн өмчлөлд шилжинэ” гэж заасан. Гэрээний энэ заалтаас үзвэл даатгалын нөхөн төлбөр олгосны дараа эвдэрч гэмтсэн эд хөрөнгө даатгагчид шилжих ёстой байтал тээврийн хэрэгсэлд хийсэн нөхөн үзлэгээр тээврийн хэрэгслийн рам, зорчигчийн арын суудал болон бусад нэр төрлийн зүйлийг солиогүй байхад даатгалын нөхөн төлбөр авсан нь тогтоогддог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйл /Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах/-д ...Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий хүмүүс анхаарч үзсэнгүй.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад иргэний хариуцагч М.Б үнэлгээчин Ц.Хөхөөсүрэнгээс автомашинд учирсан эвдрэл гэмтэл, үнэлгээний талаар асуухад тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нүдэнд ил харагдах эвдэрч гэмтсэн эд ангиудыг үзсэн, 7 нэр төрлийн ангийн үнэлгээг тогтоохдоо эд ангийг задалж шалган эвдэрсэн эсэхийг нэг бүрчлэн нарийвчлан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан талаар мэдүүлсэн. Үнэлгээнд бүрэн солих шаардлагатай гэж заасан 92 нэр төрлийн эд ангиуд дотор дээрх 7 нэр төрлийн эд ангиас гадна нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтанд үзүүлж тогтоолговол зохих олон төрлийн эд ангиуд байгаа юм.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Оын өмгөөлөгч Э.Мгаас “Таван богд” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой Нэхэмжлэх гэх баримтыг гаргаж өгсөн ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр үнэлэх боломжгүй гэж үзсэн. Энэ шийдвэр үндэслэлтэй.

 

Харин шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй “Таван богд” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн огноотой Нэхэмжлэх гэх баримтыг үндэслэж шинжээч Ц.Хөхөөсүрэн, Б.Эрдэнэ-Очир нар үнэлгээний дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч нар өөрсдийн гаргасан дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн боловч уг баримтыг үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

Мөн шийтгэх тогтоолд “М.Д” ХК-иас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдоогүй 7 нэр төрлийн эд ангийн 29 849 250 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.М-, иргэний хариуцагч М.Б нараас нэхэмжлэх эрхтэйг заасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйл /Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцээгүй орхисны холбогдол/-ийн 1 дэх хэсэгт ...Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана, 2 дахь хэсэгт ...Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч Ц.Хөхөөсүрэн, Б.Эрдэнэ-Очир нарын гаргасан дүгнэлтээс 7 нэр төрлийн эд ангийн 29 849 250 төгрөгийн хохирол огт тогтоогдоогүй байхад шүүхээс энэ хохирлыг хэлэлцэхгүй орхисон гэж иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэж, нэгэнт тогтоогдоогүй хохирол, иргэний нэхэмжлэлийг иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж заасан үндэслэлгүй байна.

 

Мөн Б.М-ад холбогдох хэргийг тус сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 8 дахь хэсэгт заасны дагуу ,,,,,,,УБХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж тээврийн хэрэгслийн хэдэн нэр, төрлийн, ямар эд ангиуд эвдэрч, гэмтсэн болохыг тогтоох, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний дараа дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан ба нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тээврийн хэрэгслийн хэдэн нэр төрлийн, ямар эд ангиуд эвдэрч, гэмтсэн болохыг тогтоох, шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулаагүй, шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажиллагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хохирлыг тогтоож шийдвэрлэсэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй хохирлыг иргэний хариуцагчаас баримт бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдолдоо: Б.М-ад холбогдох хэргийг шүүх 2021 оны 12 сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Б.М-ыг гэм буруутайд тооцон бусдад төлөх хохирлын хэмжээг гаргахдаа мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагааг хийлгэлгүйгээр хохирлын хэмжээг шүүхээс шууд тогтоосонд гомдолтой байна.

 

Шүүх ингэхдээ Б.М-аас 28 076 280 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “М.Д” ХК-д, 3 322 500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.От тус тус олгуулахаар шийдвэрлэсэн мөн жолоочийн хариуцлагын даатгалын 7 000 000 төгрөг Отгонбаатарт өгсөн байтал дээрх мөнгийг хохиролд тооцоогүй. Иймд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн журмаар тогтоох боломжгүй байхад шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ариунзул гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь эргэлзээгүй байна. Хуурамч нотлох баримт бүрдүүлж даатгалын нөхөн төлбөр авсан гэдэг нь үндэслэлгүй байна. Өмнө нь мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн заалт биелэгдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлага болон эрх хасах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч “М.Д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. М.Бийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гээд өмгөөлөгч нь яриад байна. Уг нь ачааны автомашины өмчлөгч нь М.Б өөрөө юм байгаа ш дээ. Даатгалын нөхөн төлбөрийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр авсан гэдэг нь үндэслэлгүй. Эвдэрсэн сэлбэгүүдийг авах шаардлагагүй гэж үзсэн тул авахаа больсон. Сүүлд энэ эвдэрсэн машиныг сэргээн засварласан тул одоо ямар гэмтэл учирсныг нь тогтоох боломжгүй болсон байгаа. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч М.Бийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат гаргасан тайлбартаа: Хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүйгээс болж энэ хэрэг удаан шалгагдсан юм. Даатгалын нөхөн төлбөрийг нь авчихаад эвдэрсэн эд ангиудыг солихгүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шалгаж тогтоогоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараа нь нэхэмжилнэ гэж байхгүй. Мөрдөгч, прокурор хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр гаргасан саналдаа: Хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ “Номин” даатгалаас шилжүүлсэн 7 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлээгүй. Үүнийг хохирлоос хасаж тооцож өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ад холбогдох эрүүгийн 1934004400413 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ч.Г болон иргэний нэхэмжлэгч Ч.О нарын өмгөөлөгч Э.М, иргэний хариуцагч М.Бийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийг хохиролд тооцно” мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Прокуророос Б.М- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Ногоон дов" гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай замд 74-18 УНӨ улсын дугаартай "Beiben" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсгийн “а”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ,,,,,,,УБХ улсын дугаартай "Тоёота Ланд-200" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар ,,,,,,,УБХ улсын дугаартай "Тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Э, О.Анарын эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол буюу 110 453 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.М-ыг уг гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 56 152 561  төгрөгийн шууд хохирол учирсан гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрс зөрүүтэй дүгнэлт хийжээ.

 

Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор “Арвижих Эстимейт” ХХК-ийг хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгаж /1хх-н 78/ шинжээч “Арвижих Эстимейт” ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №14314368 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайланг гаргаж ,,,,,,,УБХ улсын дугаартай Toyota Land cruiser-200 автомашинд 110 453 000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын шууд зардал 81 238 000 төгрөг, шууд бус зардал 29 215 000 зардал гэж тогтоожээ. /1хх-н 79-80/

 

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ,,,,,,,УБХ улсын дугаартай Toyota Land cruiser-200 автомашины эвдэрч гэмтсэн гэх 92 нэр төрлийн эд ангиудаас хавсралтын 5. Арын зорчигчийн суудал, 50. Зүүн урд багана, 56. Зүүн хойд крылоны дотор хэсэг, 71. Үндсэн рам, 86. КDS систем хойд цилиндр, 87. КDS систем төв удирдлага, 90. Хойд редуктор зэрэг 7 нэр төрлийн 29 849 250 төгрөгийн үнэ бүхий эд ангиудыг эргэлзээтэй ойлгомжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж үнийн дүнг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан шууд хохирол болох 81 238 000 төгрөгөөс хасаж тооцон нийт 56 152 561 төгрөгийн хохирол учирсан гэсэн нь зөрүүтэй болсон буюу буруу тооцжээ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэлэлцэхгүй орхигдуулсан 29 849 250 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан шууд хохирол болох 81 238 000 төгрөгөөс хасаж тооцвол 51 388 750 төгрөг болохоор байхад нийт 56 152 561 төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон нь ойлгомжгүй байх ба дээрх нэр бүхий 7 төрлийн эд ангиудын аль эд ангийг нь нийт үнэлгээнд оруулж аль эд ангийг нь шинжээчийн дүгнэлтээс хасаж тооцсон гэдэг нь тодорхой бус болжээ.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолд тусгагдсан шууд бус хохирол гэж тусгагдсан 29 215 000 төгрөгийг нийт хохиролд оруулсан эсхүл хасаж тооцох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Ч.Г, иргэний нэхэмжлэгч Ч.О нарын өмгөөлөгч Э.М, иргэний хариуцагч М.Бийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын тус тус гаргасан давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.  

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Б.М-ад холбогдох эрүүгийн 1934004400413 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

 

 

    ШҮҮГЧИД                                                   М.МӨНХДАВАА

 

 

                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ