Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00615

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш овогт Т. Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дүгээр баг, Б 0-0 айлын байрны 00 тоотод оршин суух, 

Хариуцагч: Б овогт К Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дүгээр баг, Х 00 гудамж, 2 тоотод оршин суух, 

Хариуцагч: Б овогт К. Хаяг: У хотын Б дүүрэг, 0-р хороо С хотхон, 0 байр 00 тоотод оршин суудаг үндсэн хаягтай, одоогоор Б аймаг, Ө сум, 0 дүгээр багт түр оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,350,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х
Хариуцагч Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Хариуцагч К шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч Б түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хариуцагч К. оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:
 

1.Нэхэмжлэгч Т нь анх шүүхэд хариуцагч К. , К нарт холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж хариуцагч нараас 4,350,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр К, К нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор К, К нар нь Б аймгийн Ө сумын 00 дугаар баг Ж байршилтай 14м х19м хэмжээтэй, 266 кв.м талбайтай, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлыг хийж дуусгахаар, миний бие ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгож 30 хувийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч нарт шилжүүлэхээр үндсэн төлбөрийг ажлын үр дүн гарч ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
1.2 Гэрээний дагуу 5,400,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр К 5180524654 дугаартай дансанд шилжүүлсэн. Дараа нь К, К. нарын гуйлтаар 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр К 000 тоот дансанд 600,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр К   000 тоот дансанд 300,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр  000 тоот дансанд 3,000,000 төгрөг, нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн.
1.3 Гадна талын хөөсөн фасадыг 8,000,000 төгрөгөөр хийхээр, харин 1, 2 давхрын барилгын шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Миний бие уг ажлын хөлсөнд төлөх ёстой 10,000,000 төгрөгөөс 8,700,000 төгрөгийг төлчихсөн. Нийт шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 600,000 төгрөг нь хоолны мөнгө байсан.
1.4 Гэтэл К, К нар нь дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд алга болсон. Тэд 1 болон 2 дугаар давхар барилгын гадна талын хөөсөн фасад, 2 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийх ажлуудыг огт хийгээгүй болно. 
1.5 Хариуцагч нар хийх ёстой ажлын 50%-д хүрэхгүй ажлыг хийсэн гэж үзээд ажлын хөлсөнд өгсөн 8,700,000 төгрөгийн 50% болох 4,350,000 төгрөгийг тэд нараас нэхэмжилж байна. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 5,400,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч хариуцагч нарын гуйлтаар хэсэг хувааж өгчихсөн маань буруу болсон. Ажил явдлаар К улсын А хотод яваад ирсэн маань үнэн. Гэхдээ явахдаа материалыг авч өгөөд, материал нь дууссан тохиолдолд авч өгөх хүнд хэлж захиж явсан. Би эд нартай байнга мессежээр харилцаж байсан. Материал авч өгөөгүй гэдэг нь худлаа. Гэр бүлээр очсон гэхдээ энд байдаг хамаатан бас нас бараад бид тэндээ удаагүй ирсэн. Гэтэл бид ирэхэд хариуцагч нар ажлын байранд байгаагүй, ажлаа бүрэн хийгээгүй орхиод явсан байсан. Үлдсэн ажлуудыг хийлгүүлж авахаар удаа дараа хариуцагч нарын утас руу залгаж араас нь явсан. Би арай гэж олоод очиход өөр хүний ажлыг хийж байсан.
1.6 Тэгээд би аргагүйн эрхэнд хариуцагч нарын хийгээгүй үлдсэн ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн. Иймд хариуцагч К, К нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,350,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч К, К нар хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч А нэхэмжлэлд дурдагдсан гэрээнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд эхэлсэн ба харин 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд ажлаа зогсоосон. Учир нь, анх ажил эхлэхэд Т нь 270 хайрцаг шалны плита, 50 уут цемент авчирч өгсөн. Тэр материалаар нь 1 болон 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. Байгаа материалуудаар ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2.2 Гэтэл Т нь 7 дугаар сарын 19-ний өдөр К руу хурим найрт оролцохоор явсан ба тэгээд 8 дугаар сарын 03-ны өдөр ирсэн боловч нэг ах нь нас барсан гэж 7 хоног тэр ажлаар явсан. 8 дугаар сарын 10-11-ний өдөр ирэхэд нь бид түүнд шаардлагатай материалуудын жагсаалтыг гаргаж өгсөн боловч мөнгө байхгүй байна гэж авчирч өгөөгүй ба түүний дараа материал олж ирнэ гэж хэлсэн боловч 5 хоногийн турш сураггүй алга болсон.
2.3 Гэрээ байгуулсан бол талууд гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байдаг. А нь гэрээний заалтыг эхлээд өөрөө зөрчсөн. Яагаад гэвэл гэрээнд заасны дагуу шаардлагатай материалыг бүрэн хангаж өгөөгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө хийлгэнэ гэсэн гадна талын хөөсөн фасадын ажлыг хийлгэхээ больсон, мөнгөгүй боллоо гэж татгалзсан. Мөн нэг давхрын заслын ажил муухай болсон дахиад хийгээд өгөөч гэж бид дахиад нэг бүрчлэн шинээр хийж өгсөн. Хоёр давхрын хар, цагаан замаскийн ажил болон 3 давхрын шатны марш чулуу наах ажил хийгдээгүй үлдсэн.
2.4 Тухайн үед гэрээний хугацаа дуусаад, нэхэмжлэгчээс материал шаардангуут хэрэгтэй материалуудыг хангаж өгөөгүй. Гэрээний хугацаа дуусаад бид нэхэмжлэгчийг хоёр долоо хоног хүлээсэн. Нэхэмжлэгчийг хүлээгээд ирэхгүй байгаа учраас би удаан хүлээж чадаагүй. Өөр хүнтэй бас гэрээтэй байсан тул тэр ажлыг хийхээр явсан. Бид бас зууны арван дөрөв хоногийг алдсан, харин 14 хоногийн ажлын хөлсний хохирлыг нэхэмжлээгүй байна. Миний хувьд гэрээнд заасны дагуу 90 хувь ажил хийгдсэн гэж үзэж байна
2.5 Бид нийтдээ 9,300,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан ба одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж үзэж байгаа учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №1636 бүртгэлийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, К, К, Т. нарын М Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Х банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэлийн шаардлагаа багасан тухай тайлбар зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4.Хариуцагч нараас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хариуцагч К иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:
 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...  хариуцагч К, К нартай 14м х19м хэмжээтэй, 266 кв.м талбайтай, 1,2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлуудыг хийлгэхээр ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлуудын гадна талын хөөсөн фасадыг 8,000,000 төгрөгөөр, үлдсэн ажлуудыг 10,000,000 төгрөг хийхээр харилцан тохиролцсон. Миний бие  дотор талын ажлын хөлснөөс 10,000,000 төгрөг өгөх ёстойгоос 8,700,000 төгрөг өгчихсөн. Нийт 9,300,000 төгрөгийг өгсөн ба үүнээс 600,000 төгрөг нь хоолны мөнгө байсан. Гэтэл К, К нар нь дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд үлдсэн 1 болон 2 дугаар давхар барилгын гадна талын хөөсөн фасад, 2 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийх ажлуудыг огт хийгээгүй болно. Хариуцагч нар хийх ёстой ажлын 50%-д хүрэхгүй ажлыг хийсэн гэж үзээд ажлын хөлсөнд өгсөн 8,700,000 төгрөгийн 50% болох 4,350,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.
7.Хариуцагч К, К нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ... нэхэмжлэгчтэй гэрээндээ тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Захиалагчийн өгсөн материалаар 3 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. 1 давхрын цагаан болон хар замаскийг хийсэн. Өгсөн материалуудаар нь 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг нааж, нэг давхрын хар болон цагаан замаскаа хийж гүйцэтгэсэн ба түүний дараа дахин материал авч ирж өгөөгүй тул бид өөрсдийн санаачилгаар гэрээгээ цуцалж, ажлаа дуусгаад дараагийн гэрээт ажлуудаа хийхээр явсан гэж тайлбарлажээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр Т болон К, Кт нар харилцан тохиролцож, захиалагчийн өгсөн материалаар Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж гэх газарт байршилтай 14 х 19 м-ийн хэмжээтэй, 266 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын (1) гадна талын хөөсөн фасад хийх, (2) барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, (3) 3 давхрын шатны марш чулуу наах, (4) 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг 4 төрлийн ажлыг ажил гүйцэтгэгч нар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, харин захиалагч нь нийт 18.000.000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч хожим нь талууд гэрээнд заасан дээрх ажлуудаас барилгын гадна талын хөөсөн фасад хийх ажлаас бусад ажлыг 10.000.000 төгрөгөөр гэрээнд заасан хугацаанд хийхээр тохиролцсон байна.
8.2 Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хожим хийсэн тохиролцооны талаар, захиалагчийн ажил гүйцэтгэгч нарт урьдчилж төлсөн 9.300.000 төгрөгийн талаар тус тус маргаагүй болно.
8.3 Харин нэхэмжлэгч буюу захиалагч нь барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах ажлыг гүйцэтгэгч нар хийсэн, харин 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлаас 1 давхрын цагаан замаск татах ажлыг дутуу хийсэн, 3 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлыг огт хийгээгүй учир ажлын хөлсөнд урьдчилж төлсөн 8,700.000 төгрөгийн тал хувийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ тодорхойлсон, гэрээнд заасан ажлуудаас ажил гүйцэтгэгч нарын бүрэн гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй буюу дутуу үлдээсэн ажлын талаарх нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой хариуцагч нар маргаагүй хэдий ч захиалагч барилгын материалаа хугацаанд хангаагүй захиалагчийн буруугаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, тэгээд үлдсэн ажил тийм хэмжээний хөлс гаргахгүй гэж тайлбарлаж, 9.300.000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан учраас одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж маргажээ.
9.Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгчийн материалаар 4 төрлийн ажлыг 10,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон, үүнээс ажил гүйцэтгэгч нар (1) барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах ажлыг бүрэн, 1 давхрын цагаан замаск татах ажлыг дутуу хийсэн, (2) 3 давхрын шатны марш чулуу наах ажил болон 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлыг тус тус огт хийгээгүй ба энэ талаар талууд маргаагүй, харин дээрх дөрвөн төрлийн ажлыг гэрээгээр хөлсийг нь 10.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч тус бүрийн ажлын хөлс нь ялгамжтай үнэлгээтэй талаар маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
10.Гэтэл хариуцагч нараас захиалагч нь материалаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүний буруугаас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, хийгдээгүй үлдсэн ажлын хөлс нь захиалагчийн төлсөн хөлсний 50% хувийн хэмжээнд хүрэхгүй бодит байдалд нийцээгүй, бид нарын хийсэн ажлын хөлсний хэмжээ зах зээлийн үнэ өндөр учраас хоорондоо тооцоогүй үлдсэн гэж хариу тайлбар ирүүлж шүүхэд мэтгэлцжээ.
11.Гэвч хариуцагч нараас маргаж, мэтгэлцэж буй үндэслэлээ шүүхэд бичгийн нотлох баримтаар нотлох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй тул шүүхээс гэрээндээ заасан дөрвөн ажлаас хийгдээгүй үлдсэн ажлын хөлс нь захиалагчийн төлсөн хөлсний 50% хувийн хэмжээнд хүрэхгүй буюу бодит байдалд ажлын хөлсөнд нийцээгүй байна гэж таамаглаж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
12.Мөн хариуцагч нараас нэхэмжлэгчийг ирүүлсэн материалаа дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн ба үлдсэн ажлын шаардлагатай материалаар хангаагүй учраас хийгдээгүй үлдсэн гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбарын үндэслэл нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
 13.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж зааснаар талууд 4 төрлийн ажлыг 10.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба тус бүрийн ажлын хөлсний үнийг харилцан тохиролцоогүй байх тул тухайн ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг хийж гүйцэтгэх 4 төрлийн ажлын хөлсөнд хуваахад нэг төрлийн ажлын хөлс 2,500,000 төгрөг гэж үзнэ.
14.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д тус тус зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч буюу нэхэмжлэгч Т нь хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчээс гүйцэтгээгүй ажлын хөлсийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй байна.
15.Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нараас 4,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т олгох нь зүйтэй байна. 
16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгасан хэмжээ болох  4,350,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 84,550 төгрөгийг хариуцагч К к, нараас гаргуулан нэхэмжлэгч Т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:


1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч К, К нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,350,000 (дөрвөн сая гурван зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Т олгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 (наян есөн мянган гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К, К нараас 84,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А