Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00616

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: И елтох овогт Б. Хаяг: Б аймаг, А сум, 0 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн  шаардлага: Б аймгийн А сумын “Я ” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Гэрч А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Хүсэлт гаргагч Б нь Б аймгийн А “Я” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 
1.1 Хүсэлт гаргагч Б нь Б аймгийн А сумын 0 дүгээр багт оршин суудаг, хувиараа мал маллаж, амьдардаг.  Б нь Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 
1.2 Тус нэгдлээс малчнаар чөлөөлсөн тухай тушаал аймгийн архивын сан хөмрөгөөс гаргахгүй байгаагийн улмаас аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсний дагуу шүүхэд  хандсан.
1.4 Хүсэлт гаргагч Б 57 настай. Цэргийн алба хаагүй. Хүсэлт гаргагч Б эхнэр нь Ш 1986 онд гэрлэсэн. Ш гэрлэснээс хойш хадам эцгийн нэртэй адилхан учраас түүнд Х гэдэг нэр өгөөд,уг нэрээр нь дуудаг байснаас болж нэгдлийн цалин хөлсний баримт дээр жинхэнэ нэрээр бус Х бичигдсэн байна. Энэ талаар орон нутгийн захиргааны байгууллага тодорхойлсон. 
1.4 Иймд Б аймгийн А сумын “Я” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б, Б аймгийн А сумын “Я” нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай “Сүү тосны ажилчдыг батлах тухай” тушаал, хавсралт, Б 1985, 1987, 1989, Б, Х, Б нарын 1990, 1991, 1992 оны цалин хөлсний баримт, А сумын Я нэгдлийн ХОЭБ-ны цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хорооны товчооны жагсаалт зэргийн архивын хуулбар үнэн тэмлэг дарагдсан хуулбарууд, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Б, Ш нарын 00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргагчаас Я олгосон итгэмжлэл, А сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 64 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/01818 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай албан бичгээр үйлчилгээний тасгийн дарга А олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 712, 713, 6 дугаар сарын 20-ны өдрийн 841 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б ХААТР маягтууд, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 774 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ө, Б  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 243 дугаартай албан бичгээр ирүүлсэн А сумын Я нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 тоот тушаал, 1986-1992 онуудын цалин хөлсний баримтын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, шүүхийн журмаар аймгийн архивын тасагт очиж үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:


4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн  хүсэлтийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан боловч ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архивын сан хөмрөгөөс гаргахгүй байгаагийн улмаас тус аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсний дагуу шүүхэд хандсан гэжээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамаарА , ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Хүсэлт гаргагч  И овогт Б болон Х овогт Ш нар  нь хууль ёсны эхнэр нөхөр болох нь хэрэгт авагдсан Б аймгийн  сумын ЗДТГ-аас 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгосон IIA№15 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон.
6.2 Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдийн 130/ШШ2019/00000 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагчийн эхнэр болох Ш Б аймгийн У сумын А хөгжил нэгдэлд 1983 оны 3 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 31-ний хүртэл, Баян-Ө аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрт тус аймгийн А сумын Я нэгдлийн М, Х нэрээр гарсан 1986-1992 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтад бичигдсэн  Х нь Б мөн байна гэж дүгнэж хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус аймгийн А сумын Засаг дарга А гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж тухайн цалин хөлсний баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаарА , ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэв.
6.3 Түүнчлэн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 774 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар А сумын бүх багт бүртгэлтэй, насанд хүрсэн иргэдээс шүүн үзэхэд Б үсгээр эхэлсэн М нэртэй 2 иргэний мэдээлэл гарсан байх бөгөөд тэдний оршин суугаа газрын хачгийн бүртгэлийн лавлагаагаар Ө 1987 онд төрсөн ба 1986 онд тэрээр төрөөгүй, 1992 онд 5 настай, тэрээр хүсэлт гаргагчийн оршин суух А сумын 01 дүгээр багт бус тус сумын 3 дугаар багийн оршин суугч байх ба хүсэлт гаргагч Б насны өөр хүн тус сумын бүх багуудад байхгүй байгаа тул дээрх аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Б аймгийн А сумын сумын “Я” нэгдлийн даргын тушаал болон цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас Марат, Х нэрээр гарсан тушаал болон цалин хөлсний баримтад бичигдсэн нэр хүсэлт гаргагч мөн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Хэдийгээр хүсэлт гаргагч Б ажил олгогч болох тус аймгийн А сумын Я нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамаарА , ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд: 
7.1 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 243 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн А сумын Я нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай “Стосны ажилчдыг батлах тухай” тушаалын нэг дэх заалтад С тосны тасаг, завод дээр ажиллах ажилчдыг хавсралт ёсоор томилон ажиллуулсан ба уг тушаалын хавсралтад үхэрчин, Х хэсэг, М гэж бичигдсэн байна.
7.2 Мөн архиваас хуулбарлаж олгосон 1986 оны цалингийн баримтад Б овогтой М гэж бичигдсэн ба 1986 оны суутгалууд дээр М, Х нарын нэр нь бичигдэж, 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, Б гэж бичигдсэн 1987-1988 оны цалингийн баримтад мөн адил М, Х нарын 1-12 дугаар сар хүртэлх, 1989 оны баримтад М, Х нарын нэр нь бичигдэж 01-12 сарын, 1990-1992 оны баримтуудад Б, М нарын нэр бичигдэж 01-12 сарын цалин тус тус бичигдсэн байна. 
7.3 Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар А сумын “Я” нэгдэл нь 1991, 1992 онуудад тус тус шимтгэл төлөлтийн тайлан /НД-16-аар нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байна.
7.4 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөтлөгдсөн ХААТР-1(А) маягтын 14-рт ажилладаг байгууллага Я нэгдэл, эрхэлдэг ажил “хоньчин” гэж бичигдсэн байна.
7.5 Мөн Б аймгийн А сумын Засаг дарга М бичсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр гэрчийн мэдүүлэгтээ: Миний бие 8 жил А сумын Засаг дарга хийж байх хугацаанд, тухайн сумын ард иргэдээс мөн надаас өмнөх Засаг дарга, тамгын газрын дарга нараас хүсэлт гаргагчийн төрсөн, он сар ажиллаж байсан талаар асууж лавлаж тодорхойлсон. Хүсэлт гаргагч Б эцэг нь Б гэж хүн байна. Б болон Ш нар гэр бүл болсноос хойш Б гэдэг хүн хадам эцэг нь болохоор хүсэлт гаргагчийн эхнэр нь Ш нутгийн ард иргэд Х гэж нэрлэж явсан. Энийг сайн мэдэж байна. А сумын ард иргэд Ш Х гэж дууддаг. Ш гэдэг нэрийг ард иргэд мэддэггүй гэх мэдүүлэг болон тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдийн 130/ШШ2019/00000 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.
8.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн А сумын “Я” нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
9.Харин шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн Б аймгийн А сумын “Я” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, тус аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 243 дугаартай албан бичгээр А сумын “Я” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас хуулбарлаж ирүүлсэн 1986 оны цалин хөлсний баримтад 1986 оны 4 дүгэр сараас эхэлж цалин хөлс нь бичигдсэн тул түүнийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Хүсэлт гаргагч Б Б аймгийн А сумын “Я” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:


1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан и овогт Б Б аймгийн А сумын “Я” нэгдэлд 1986 оны 4 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А