| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00510/И |
| Дугаар | 130/ШШ2024/00617 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2024/00617
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С овогт С. Хаяг: Б аймаг, Ө сум, 00 дүгээр баг оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С,
Гэрч С , Т
Орчуулагч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие бага ангийн багш мэргэжилтэй бөгөөд 1985 онд сургууль төгсөж ирээд багшаар түр ажиллаж байсан ба харин 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Б аймгийн Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажилласныг шүүхээр тогтоолгох хүсэлт гаргаж байна. Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Е нь ач зээтэй болж хүүхэд асрахаар ажлаас түр чөлөө аваад явсан. Дараа нь Е багш өндөр насны тэтгэвэрт гараад ажлаас гарсан. Тэгээд би 1 дүгээр цэцэрлэгт Е багшийн оронд ажилд орсон.
1.2 Харин 1997 онд 2 ангийн хооронд нэг туслах багш ажиллуулахаар журам гарч түүнээс болж орон тооны цомхотгол явагдах үед би ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэхэд аймгийн Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул шүүхэд хандсан.
1.3 Иймд миний Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н хариу тайлбар, татгалзал:
2.1 Хүсэлт гаргагчийн 1995, 1996 онд ажиллаж байсан тухай Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.
2.2 Хэрэв тухайн үед цалин авч байсан талаарх нотлох баримт байгаа тохиолдолд түүнийг Нийгмийн даатгалын байгууллага эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой.
2.3 Харин 1991 онд ажилд орохдоо түр тушаалаар гарсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1995, 1996 онд ажилласныг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож бусад хэсгийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1991.09.01-ний өдөр болон 1995.03.08-ны өдөр хамт олноор авхуулсан гэх фото зураг, хамт ажилласан гэх А, Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даатгуулагчийн шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай архивын лавлагаа, тус архиваас хуулбарлаж олгосон Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “ээлжийн амралт олгох ажлаас чөлөөлөх тухай” 54 дугаартай захирлын тушаал, Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 83 а дугаартай тушаал, мөн даргын 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаал, мөн хэлтсийн даргын 1989 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 90 дугаартай тушаалуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/01821 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 298 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч Н олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 5 дугаар дугаар сарын 24-ний өдрийн 721, 722 дугаартай мөн шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 804, 805 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 660 дугаартай албан бичгээр ирүүлсэн С ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А хэлтсийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 83а дугаартай, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 39 дугаартай, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “мэргэжлийн үнэмлэх олгох тухай” 33 дугаартай тушаал, түүний хавсралт зэргийн хуулбар, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 322 дугаартай албан бичгээр ирүүлсэн С нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Б аймгийн Ө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А, Т нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагын зарим хэсэг болох С. Б аймгийн Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байлаа тогтоож, үлдсэн тус цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие бага ангийн багш мэргэжилтэй бөгөөд 1985 онд сургууль төгсөж ирээд багшаар түр ажиллаж, харин 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Б аймгийн Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэхэд аймгийн Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул шүүхэд хандсан гэжээ.
7.Хэдийгээр хүсэлт гаргагчид ажил олгогч болох тус аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй мөн аймгийн архивын сан хөмрөгт байгаа Б аймгийн А хэлтийн даргын тушаалуудыг шүүн үзэхэд хүсэлт гаргагчийг Ө хотын 01 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар бүр томилж, чөлөөлсөн тушаал нь гаргахгүй байгаа боловч түүний Б аймгийн Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
7.1 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 240 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн:
7.1.1 Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 83а тушаалын нэг дэх заалтаар нэр бүхийн өвчтэй болон жирэмсний амралт авсан, өөр цэцэрлэгт шилжиж явсан багш нарын оронд багшаар түр томилсны дотор 1-р цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн туслах н. жирэмсний амралт авсан тул оронд нь 9-р сарын 02-оос С түр томилсон байна.
7.1.2 Энэхүү хэлтсийн даргын тушаалаар хүсэлт гаргагч С жирэмсний амралт авсан Е гэдэг хүний оронд түр томилсон тушаал гарсан хэдий ч хамт ажилласан гэх тус цэцэрлэгийн эрхлэгч байсан асан Т, С хамт үндсэн багшаар ажилласан гэх А, ….нарын гэрчийн мэдүүлгээр “… Е нь жирэмсний амралт авахаар хүн биш, хөгшин хүн байсан бөгөөд тухайн үед хүүхэд асрах юм уу чөлөө авч яваад дараа нь эргэж ирээгүй, нас барсан байсан. Тэр хүний оронд С ажилд орж, бид нартай хамт ажилласан” гэх мэдүүлгүүдээр хүсэлт гаргагч С нь түр томилогдсон ч гэсэн тасралтгүй ажилласан болох нь нотлогдон тогтоогдлоо.
7.1.3 Мөн тэрээр Б аймгийн А хэлтсийн даргын 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тушаалаар ЭШАЗТөвийн дэргэд бага ангийн багш нарыг бэлтгэх 45 хоногийн курст суралцаж төгсөөн 43 хүнд мэргэжлийн үнэмлэх хавсралтаар олгосны 34-рт С үнэмлэхийн дугаар 0179, төлбөрийн баримт 036 гэж бичигдсэн байна.
7.1.4 Хамт ажилласан гэх А, Т нарын тодорхойлолт, Х, Т нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
-А. би 1980 оноос 2009 он хүртэл Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт үндсэн багшаар ажилласан. С нь надтай хамт нэг ангид би багшаар, тэрээр туслах багшаар ажиллаж байсан тул тодорхойлолт олгосон. Надтай хамт миний туслахаар 1991-1998 оныг дуустал тасралтгүй ажилласан. Е нь хөгшин хүн байсан тул жирэмсний амралтад яваагүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, тушаал гаргахдаа буруу бичигдсэн байх, С анх миний туслахаар ажилд орж ажлаас гараагүй, тасралтгүй ажилласан гэх,
-Т би 1990-1998 он хүртэл Ө хотын хүүхдийн 01-р цэцэрлэгийн эрхлэгчээр, 1998-2013 он хүртэл тус цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. С нь тус цэцэрлэгт надтай хамт ажиллаж байсныг мэддэг тул тодорхойлолт бичиж өгсөн. Тэрээр 1991-1998 оныг дуустал К багшийн туслах багшаар ажилласан. Дараа нь цомхотголд орж К улс руу нүүгээд явсан. Е нь жирэмсний амралт авахаар хүн биш ямар ч байсан хүүхэд асарч авсан юм уу тухайн үед ажлаас гараад дараа нь эргэж ирээгүй, нас барсан байсан. Тэр хүний оронд С нь ажилд орсон. Түүний түр эсхүл бүр орсныг мэдэхгүй ч тасралтгүй ажилласан үнэн гэх,
- Т миний бие 1986 оноос тус аймгийн Ө сумын 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байна. Хүсэлт гаргагч С нь 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 1991 онд Е багш хүүхэд асрахаар чөлөө авсан үед Е багшийн оронд түр туслах багшаар ажилд орсон. К багшийн ангид туслах багшаар ажиллаж байсан. Тэгээд 6-7 жилийн дараа 2 ангийн хооронд нэг туслах багш ажиллуулахаар журам баталж зарим багш нарыг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед С бас ажлаас чөлөөлсөн байсан. Е нь настай эмэгтэй хүн байсан. Хүүхэд үрчилж авсан юм уу сайн мэдэхгүй байна. Е багш тэрнээс хойш дахин ажилд ороогүй. Хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан фото зурагт би эхний зургийн 2 дахь эгнээгийн баруун талд зогсож байна. Хүсэлт гаргагч нь миний хажууд зогсож байгаа. М гэдэг хүн тогоочоор ажиллаж байсан. Одоо К улс руу явсан. Нэгдүгээр эгнээд зогсож байгаа Р гэсэн хүн байгаа. Т гэдэг хүн манай эрхлэгч байсан. С гэдэг хүн багшаар ажиллаж байсан. Х нь манаачаар ажиллаж байсан. Мөн Х гэж хүн байсан. Тэр хүн одоо нас барсан. Уг фото зургийг хэдэн онд авхуулсныг сайн санахгүй байна. К багшийн ангид авхуулсан зураг байна. 1991 оноос 1998 он дуустал Т эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажилтнуудыг Ардын депутатын гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын тушаалаар ажил томилогддог байсан.
- Х анх би 1990 онд тус аймгийн Ө сумын 4 дүгээр цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан. 1991 онд ихээхэн хүмүүс К улсад нүүж явахдаа тухайн цэцэрлэгт суралцдаг хүүхэд байхгүй болоод 4 дүгээр цэцэрлэг татан буугдсан байсан. Би 1 дүгээр цэцэрлэгт 1993 оны 9 дүгээр сард ажилд орсон. Би ажилд орохдоо М тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Би ажилд орохдоо хүсэлт гаргагч К багшийн туслах багшаар ажиллаж байсан. Тус цэцэрлэгчийн эрхлэгч Т гэдэг хүн байсан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаалыг Ардын депутатын гүйцэтгэх захиргааны А хэлтсийн дарга гаргадаг байсан. Т эрхлэгч ажиллаж байх хугацаанд С ажиллаж байсан гэх мэдүүлэг болон хамт олонтой хамт авхуулсан гэх фото зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
8.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагч С нь 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал нь тогтоогдсон.
9.Харин хүсэлт гаргагчаас Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан гэж мэдүүлэгдэг боловч хүсэлт гаргагч С тус цэцэрлэгт ажиллаж тухайн ондоо Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь хэрэгт авагдсан тус аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 322 тоот албан бичгээр тогтоогдсон.
10.Хамт ажилласан гэх гэрч А, Т, Т, Х нар нь хүсэлт гаргагч С г 1991 оноос 1998 оныг дуустал тус цэцэрлэгт туслах багшаар ажилласан үнэн гэж мэдүүлэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт авагдаагүй, бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагчийг Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байна гэж дүгнэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
11.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн бөгөөд хүсэлтийн шаардлагыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Хүсэлт гаргагч С Б аймгийн Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
13.Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймаг дахь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “ээлжийн амралт олгох ажлаас чөлөөлөх тухай” 54 дугаартай тушаал, Б аймгийн АДХ гүйцэтгэх захиргааны А хэлтсийн даргын 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаал, мөн хэлтсийн даргын 1989 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 90 дугаартай тушаалууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтууд учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
14.Мөн шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн А хэлтсийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “зохицуулан ажиллуулах тухай” 39 дугаартай тушаалаар С нь Ө хотын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт жирэмсний амралт авсан Г гийн оронд нь 1991 оны 4 дүгээр сарын 05-аас эхлэн ажилласан байх боловч хүсэлт гаргагчаас тухайн хугацаанд ажилласнаа тогтоолгохоор шаардлага гаргаагүй учраас шүүхээс уг тушаалдаа үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.
15.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М ийн Баян-Ө аймгийн Ө хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоож, үлдсэн тус цэцэрлэгт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А