Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* аймгийн хөгжимт жүжгийн театр /РД:*******/             

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*********** нарын хооронд үүссэн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б************, хариуцагч Ч.Э*********** нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч ******** аймгийн хөгжимт жүжгийн театраас тус шүүхэд хандан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*********ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э****** нь анх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Т****аас Оюуны өмчийн газарт гаргасан “... Өндөр гэгээн Занабазар дуулалт жүжгийн туслах дүр Наймаачин дүрийн дуу болох Дуртмал сайхан уртын дууг миний тэр үед дуулж бичүүлсэн дуун дээр ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.О***** ам барин дуулж, тус дуулалт жүжигт тоглосон. Дуучин Б.О***** нь надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд гэрээ, хэлэлцээр хийгээгүй миний эрхийг зөрчсөн ...” гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

2.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э****** нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудсаар ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрт Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

2.3. Гомдол гаргагч ***** аймгийн Хөгжимт жүжгийн театр нь тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0601 дугаартай шийдвэрээр[1] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Гэвч гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0649 дугаартай магадлалаар[2] анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгавар-ыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.5. Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээр дурдсан магадлалыг биелүүлж, дахин шинэ акт гаргасан нь уг маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудас байх боловч гомдол гаргагч тус шийтгэлийн хуудсыг мөн хүчингүй болгуулахаар маргаж байна.

2.6. Гомдол гаргагчийн зүгээс “... Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******** нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаар бүхий шийтгэлийг оногдуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрт холбогдогч гэдэгт нь ***** аймаг дахь Хөгжимт жүжгийн театр, зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 болох нь мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон нь тогтоогдож байх тул холбогдогч ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар 8.3.1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ноогдуулж шийдвэрийн хуудсыг бол гаргасан. Гэтэл анх зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг иргэн Б.О****д үүсгэн шалгасан боловч шийтгэл оногдуулахдаа ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрт оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна ... Манай театр нь Төрийн соёрхолт найруулагч Н.Н******тай 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ****** аймгийн Хөгжимт жүжгийн театрын 2017 оны төлөвлөгөөт уран бүтээл Өндөр гэгээн дуулалт түүхэн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан ажиллуулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар хэсэгт найруулагч тухайн гэрээний хүрээнд эрх, хүлээх үүрэг хариуцлагыг бол тусгаж өгсөн. Гэрээний 3.1-д нь тухайн жүжгийн найруулгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, дүрийн сонголт, тайз засал, дуу хөгжим чимэглэлийг хариуцан орчин үеийн шинэ шийдэл, эрэл хайгуул хийж ажиллах ба гүйцэтгэл, үр дүн, уран бүтээлийн чанарыг захиалагчийн өмнө хариуцна. Гэрээний 3.4-д нь тус уран бүтээл дээр хамтран ажиллах баг уран бүтээлчдийн санал болгох, сонгох эрхтэй гэж тус тус заасан байна. Монгол Улсын Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд, захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголгүй гэж гэж заасны дагуу найруулагч, Төрийн соёрхолт Н******* нь эрхийн доголгүй ажлыг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба тус үүргээ зөрчсөн байж болзошгүй юм ... Тийм байхад ***** аймгийн хөгжимт жүжгийн театрыг буруутгасан нь үндэслэлгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс “... Анх нээхдээ О****** гэдэг дуучин дээр зөрчлийн хэрэг нээсэн нь үнэн. Яагаад тэгсэн юм бэ гэж зөрчлийн хэргийн материал дотор байгаа анхны шүүх хурлын материал дотор анх Т***** гээд эрх эзэмшигч гомдол гаргахдаа дуучин О**** гээд нэр зааж орж ирсэн байсан. Бид хэрэг нээхдээ яг өргөдөл дээр байгаа тэр тухайн иргэний нэрийг оруулаад энэ хүн зөрчсөн юм байна гэж ойлгосон. Тэр чинь яг тодорхой болгоод энэ хүн зөрчсөн байна гээд нотолчихсон зүйл биш. Зүгээр зөрчлийн хэрэг үүсгээд шалгая гэсэн үг. Тэгээд шалгаад явж байхад хамгийн түрүүнд над дээр ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга С***** ирж уулзахдаа энэ жүжгийг манай театрт тавьсан, жүжиг дотор ийм дуулалт жүжиг явсан нь үнэн, О***** дуулсан нь үнэн, гэхдээ би мэдүүлэг өгөхгүй, хууль ёсны төлөөлөгчийг томилж ажиллана гээд гарсан. Тэрнээс хойш ямар баримт бий болсон юм бэ гэдэг асуудал гарсан. Аливаа театрын тоглогч, уран бүтээлч нар зүгээр нэг театрынхаа, би энэ жүжгийн тэр дүрд би тоглоё оо, би энийг дуулъя гээд өөрөө санал гаргаад шууд дуулчихдаг тийм эрх мэдэл байхгүй. Тэр эрх мэдэл байхгүй гэдгийг ****** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга С*****, О****** 2-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа юм. Хөдөлмөрийн гэрээнд ажилтны эрх, үүрэг гэсэн заалтын 2 дугаар зүйлийн  2.2.4.1 дэх заалтад байгууллагын зүгээс  өгсөн үүрэг даалгаврыг чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэнэ гэж заасан.  Дарга, байгууллагын уран сайхны зөвлөл  та энэ дууг дуул гэж хэлсний дараа л дуулдаг болохоос, өөрөө шууд дуулчихдаггүй.  Албан үүрэг ажлаа осол эндэгдэлгүй, мэргэжлийн зохих түвшинд чанартай гүйцэтгэх, байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тоглолтод хөтөлбөрийн дагуу дуудлагаар оролцох үүрэг хүлээж байна ... Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д уран сайхны бүтээлийн тайз, хувцасны загвар, төсөв, төлөвлөгөө, сургуулилт, үйлдвэрлэлийн ажлын графикийг бэлтгэх, бэлтгэн захиргаа уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж ажиллана гэж заасан байна. Захиргаа, уран сайхны зөвлөл тэрийг нь баталдаг байх нь, хөтөлбөрт сургуулилтаа тэд хоног хийнэ, энэ дүрд тэр тоглоно, тэрний дараа тэр дуулна гээд бүгдийг нь уран сайхны зөвлөл, захиргаа 2 баталдаг. Тэгэхээр энэ дүр баталж байгаа нь захиргааны өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд өөрсдөө хийж байгаа ажил учраас хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстой гэж би ойлгож байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Э*******ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаар бүхий шийтгэл хуудсыг хүчингүй болгуулах тухай. Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын улсын байцаагч шийтгэх хуудас оногдуулсан. Т**** нь Дуртмал сайхан урдын дууны бичлэгийг миний зөвшөөрөлгүйгээр ашиглан Өндөр гэгээн Занабазарын дуулалт жүжигт ашиглан дуулсан, ам барьсан гэх гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д тус тус үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт зааснаар 5000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг оногдуулах 0079859 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №49 дугаартай тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Зөрчлийн хэрэг нээх тухай зөрчлийн хэргийн дугаар 230200004 уг тогтоолоор иргэн Б.О*****ийн үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг нээхээр танилцуулж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А******** танилцаж тухайн зөрчлийн хэрэгт дугаар олгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж зааснаас үзвэл Б.О*****ийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн гэж үзсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.  Зөрчил зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1-д эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгаж, дараах шийдвэрийн аль нэгийг нь гаргана. Үүнд нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 2-т нь шийтгэлийг оногдуулах, 3-д нь Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх гэж тус тус хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтан буюу Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Ч.Э******** нь 223020004 дугаартай зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасны дагуу Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаар бүхий шийтгэлийг оногдуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрт холбогдогч гэдэгт нь ***** аймаг дахь Хөгжимт жүжгийн театр, зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 болох нь мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон нь тогтоогдож байх тул холбогдогч ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар 8.3.1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ноогдуулж шийдвэрийн хуудсыг бол гаргасан. Энэ зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг иргэн Б.О*****д үүсгэн шалгасан боловч шийтгэл оногдуулахдаа ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрт оногдуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Манай театр нь Төрийн соёрхолт найруулагч Н.Н*******тай 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын 2017 оны төлөвлөгөөт уран бүтээл Өндөр гэгээн дуулалт түүхэн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан ажиллуулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар хэсэгт найруулагч тухайн гэрээний хүрээнд эрх, хүлээх үүрэг хариуцлагыг бол тусгаж өгсөн. Гэрээний 3.1-д нь тухайн жүжгийн найруулгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, дүрийн сонголт, тайз засал, дуу хөгжим чимэглэлийг хариуцан орчин үеийн шинэ шийдэл, эрэл хайгуул хийж ажиллах ба гүйцэтгэл, үр дүн, уран бүтээлийн чанарыг захиалагчийн өмнө хариуцна. За гэрээний 3.4-д нь тус уран бүтээл дээр хамтран ажиллах баг уран бүтээлчдийн санал болгох, сонгох эрхтэй гэж тус тус заасан байна. Монгол Улсын Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд, захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголгүй гэж гэж заасны дагуу найруулагч, Төрийн соёрхолт Н******* нь эрхийн доголгүй ажлыг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба тус үүргээ зөрчсөн байж болзошгүй юм. Н.Т**** ****** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С*****той уулзсан. Өндөр гэгээн Занабазар жүжгийг тоглох гэж байна, энэ жүжигт нэгэн наймаачин Дуртмал сайхан гэх монгол ардын дуу дуулж байгаа хэсэг сцен явна. Үүнд хоолойгоо бичүүлэх үү гэдэг саналыг тавьж Н.Т**** хүлээн зөвшөөрч өөрөө театр дээр ирж хоолой бичлэгт орсон байна. Тус жүжигт иргэн Н.Т****ын гадаад дүр төрх нь хятад наймаачны дүрд тохирохгүй байсан тул зөвхөн түүний хоолойн бичлэг ашиглан Б.О***** гэх жүжигчнийг тоглуулсан. Найруулагч Н*******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.4-д нь тус уран бүтээл дээр хамтран ажиллах баг, уран бүтээлчдийг санал болгох, сонгох хэрэгтэй гэж заасан байна. Энэ нь тухайн наймаачны дүрд ямар хүн тоглох болон тус жүжигт Монгол ардын уртын дуу Дуртмал сайхан дууг Н.Т****ын хоолойгоор ашиглах шийдвэр нь гэрээний дагуу найруулагчийн эрхэд хамаарахаар байна. Иймд Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э********ын гаргасан 0079059 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү. ****** аймгийн Хөгжимт жүжгийн театр  нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэг, 41.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болно.

Нэмэлт тайлбар байна. Нэхэмжлэгч талаас бол аль нэгэн субъектэд өөрсдийнх нь хариуцлагыг оногдуулахаар ямар нэгэн байдлаар улайрсан үйлдэл бол байхгүй. Тэгээд бид нар яагаад хууль шүүхийн байгууллагаар шийдүүлж байгаа вэ гэдгээ нэгд бодох ёстой. Тухайн субъект ямар гэрээнд гарын үсэг зурж байгаа, дараа нь эрх зүйн үр дагавар бүхий үйл явдлыг бий болгодог. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан зүйл заалтыг өөрсдийн хариу тайлбараараа шууд тулгаж ойлгож болохгүй. Жишээ нь уран бүтээлийн хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д уран бүтээлийн тайз, хувцасны загвар эскиз, төсөв төлөвлөгөө, сургуулилт, үйлдвэрлэлийн ажлын графикийг бэлтгэх бэлтгэн захиргаа, уран сайхны зөвлөлд хэлэлцүүлэн батална гэдэгт шууд дүрийг сонгох, тухайн жүжгийг найруулахтай холбоотой зохицуулалт бол шууд утгаар ойлгогдохгүй. Зөвхөн тухайн тоглолтыг, жүжгийг одоо тавих тайз, хувцас загвар, бусад юм нь төлөвлөгөөний дагуу хаанаас, хэзээ хэдэн сард ямар хувцаснууд ирэх юм, ямар тайз засах юм, тайзаа яаж бэлдэх юм, хувцсаа яаж яах юм, тайзны засварын мөнгийг энэ төсвийн байгууллагаас гарна гэдэг агуулгатай ...” гэв.

3.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хурал дээр яригдаж байсан зүйл л дээ. Би ахиад товчхон яриад явъя гэж бодож байна. Анх нээхдээ О***** гэдэг дуучин дээр зөрчлийн хэрэг нээсэн нь үнэн. Яагаад тэгсэн юм бэ гэж зөрчлийн хэргийн материал дотор байгаа анхны шүүх хурлын материал дотор анх Т**** гээд эрх эзэмшигч гомдол гаргахдаа дуучин О**** гээд нэр зааж орж ирсэн байсан. Бид хэрэг нээхдээ яг өргөдөл дээр байгаа тэр тухайн иргэний нэрийг оруулаад энэ хүн зөрчсөн юм байна гэж ойлгосон.  Тэр чинь яг тодорхой болгоод энэ хүн зөрчсөн байна гээд нотолчихсон зүйл биш. Зүгээр зөрчлийн хэрэг үүсгээд шалгая гэсэн үг. Тэгээд шалгаад явж байхад хамгийн түрүүнд над дээр ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга С**** ирж уулзахдаа энэ жүжгийг манай театрт тавьсан, жүжиг дотор ийм дуулалт жүжиг явсан нь үнэн, О***** дуулсан нь үнэн, гэхдээ би мэдүүлэг өгөхгүй, хууль ёсны төлөөлөгчийг томилж ажиллана гээд гарсан. Тэрнээс хойш ямар баримт бий болсон юм бэ гэдэг асуудал гарсан. Аливаа театрын тоглогч, уран бүтээлч нар зүгээр нэг театрынхаа, би энэ жүжгийн тэр дүрд би тоглоё оо, би энийг дуулъя гээд өөрөө санал гаргаад шууд дуулчихдаг тийм эрх мэдэл байхгүй. Тэр эрх мэдэл байхгүй гэдгийг ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга С*****, О****** 2-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаа юм. Хөдөлмөрийн гэрээнд ажилтны эрх, үүрэг гэсэн заалтын 2 дугаар зүйлийн  2.2.4.1 дэх заалтад байгууллагын зүгээс  өгсөн үүрэг даалгаврыг чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэнэ гэж заасан.  Дарга, байгууллагын уран сайхны зөвлөл  та энэ дууг дуул гэж хэлсний дараа л дуулдаг болохоос, өөрөө шууд дуулчихдаггүй.  Албан үүрэг ажлаа осол эндэгдэлгүй, мэргэжлийн зохих түвшинд чанартай гүйцэтгэх, байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тоглолтод хөтөлбөрийн дагуу дуудлагаар оролцох үүрэг хүлээж байна. Тэр хүн өөрөө санаачлаад ордоггүй, заавал байгууллага үүрэг болгосны дараа  дуулдаг. Зүгээр байж байгаад би гол дүрд тоглоё гэхээр нь дуртайг нь аваачаад дуулуулахгүй шүү дээ. Тухайн уран бүтээлд тохирсон уран бүтээлчийг сонгож, томилдог. Нэхэмжлэгчээс  Н******** найруулагч томилох үүрэг гэрээгээр хүлээчихсэн гэж хэлээд байна. Гэрээнд бас өөр заалт байгаа нь Өндөр Гэгээн Занабазар дуулалт жүжиг бол ***** аймгийн Хөгжимт жүжгийн театрын 100%-ийн өмч байхаар гэрээний 2.1-д заасан байна. Тухайн театр өмчлөгч нь юм бол үүрэг хариуцлага театр дээр байж байх ёстой. Яагаад гэвэл тухайн өмчид дараа дахин олгох үр ашиг бүгдээрээ Завхан аймгийн Хөгжимт драмын театр дээр бий болно гэсэн үг. Тэрнээс зүгээр захиалгаар уран бүтээл хийчихсэн Наранбаатар найруулагчид ямар ч хамааралгүй юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д уран сайхны бүтээлийн тайз, хувцасны загвар, төсөв, төлөвлөгөө, сургуулилт, үйлдвэрлэлийн ажлын графикийг бэлтгэх, бэлтгэн захиргаа уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж ажиллана гэж заасан байна. Захиргаа, уран сайхны зөвлөл тэрийг нь баталдаг байх нь, хөтөлбөрт сургуулилтаа тэд хоног хийнэ, энэ дүрд тэр тоглоно, тэрний дараа тэр дуулна гээд бүгдийг нь уран сайхны зөвлөл, захиргаа 2 баталдаг. Тэгэхээр энэ дүр баталж байгаа нь захиргааны өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд өөрсдөө хийж байгаа ажил учраас хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстой гэж би ойлгож байна. Уран сайхны зөвлөл ямар эрх, үүрэгтэй оролцдог зөвлөл вэ гэдэг асуултад  надад цаасаар байхгүй учраас би зүгээр ярьчихъя, дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэх байх. Уран сайхны зөвлөл нь тухайн бүтээлийн чанар, мэргэжлийн чанарын түвшинд байна уу үгүй юу гэдгийг хардаг, агуулгыг хардаг, тоглогч уран бүтээлч нарыг хэн ямар дуу дуулах вэ гэдгийг сонгоод, томилж өгдөг, дараа нь тэр хүмүүс дуугаа дуулна, тэрнээс биш зүгээр дурын уран бүтээлч очоод би дуулъя гээд дуулчихдаг тийм боломж байхгүй. Тэгэхээр захиргаа хариуцлагаа хүлээх ёстой гэж би ойлгож байна. Бид хууль гэрээний хэдэн зүйл заалтаар ингэсэн тэгсэн гээд маргаж болж байна. Гэхдээ цаад талд нь яг амьдрал дээр болдог процесс юу болдог юм бэ гэдгийг бид нар харах ёстой. Та нар гэрээнд гарын үсэг зурсан,  анх тоглосон тоглолтын хооронд ямар хугацаа өнгөрсөн бэ? Тэр хооронд ингэж тоглоно гээд нэг удаа бүгдээрээ зогсоод  чи тэрийг дуулна, энэ тэрийг дуулна гээд  бужигнаад нэг, хоёрхон өдөр тоглоод дуусчихдаг зүйл биш. Энэ бүхэл бүтэн дуулалт жүжиг шүү дээ. Тэгэхээр энэ дуулалт жүжгийн дууг дуулах, жүжгийг тоглохын тулд маш олон хоног бэлдэж, маш олон хоног тоглох дүр болгоноор нь бэлдэж, дараа нь нийлүүлж, найруулж 2, 3 удаа проб үзэж байж гардаг зүйл шүү дээ. Заримдаа Уран сайхны зөвлөл, захирал, захиргаатайгаа цуг харж байгаад одоо болсон юм байна гээд хүлээж авдаг шүү дээ. Энэ хооронд бүтээлд тэр хүн өөр хүний дуулсан дууг дуулаад өөр хүн ам бариад явж байхад захиргаа, уран сайхны зөвлөлийнхөн юу хийж байсан бэ мэргэжлийн урлагийн байгууллага шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллага байж яагаад тэр хүмүүс хууль зөрчөөд хүний дуулсан дууг өөр хүн ам бариад дуулаад байхад дуугарахгүй өнгөрөөж байгаа юм. Яагаад хууль зөрчиж байгаа үйл явдлыг таслан зогсоохгүй байгаа юм. Өөрсдийнх нь үүрэг шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан энийг мэдэхгүй байх арга байхгүй. Өөрсдөө яг энэ салбарт ажил хийж байгаа мэргэжлийн байгууллага тэгээд ийм юмыг мэдэхгүй байж болохгүй шүү. Гол нь энэ асуудалд байна. Тэгээд зүгээр хэдхэн секунд, минут л гээд байдаг, тийм ач холбогдолгүй байсан юм бол тэр дүрийг аваад хаячхаж болох байсан шүү дээ хууль зөрчиж байхаар би бол тэгж л ойлгож байна. Би бол яах аргагүй захиргаа, театрын өөрсдийнх нь алдаа. Тэгээд аль нэгэн уран бүтээлчид рүү тохох юм уу, найруулга руу тохох ажил биш гэж ойлгож байна ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагад дурдсан маргаж буй акт болох Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэсний дагуу маргаж буй захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э****** нь анх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудсаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

1.3. Гомдол гаргагч ***** аймгийн Хөгжимт жүжгийн театр нь тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0601 дугаартай шийдвэрээр[3] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1.4. Гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0649 дугаартай магадлалаар[4] анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгавар-ыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

1.5. Тус магадлалын “Хянавал” хэсгийн 3-т “Хариуцагч улсын байцаагч нь иргэн Б.О*****д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа хуулийн этгээд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдуулан шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, холбогдогчийг тогтоох ажиллагааг хэрхэн хийсэн болох нь тодорхойгүй байна” гэж,

1.6. Мөн “Хянавал” хэсгийн 6-д “Мөн гомдол гаргагчаас ...гуравдагч этгээд Н.Т***** өөрийн сайн дураар хуульд заасны дагуу ... бичлэг хийх эрхийг зөвшөөрсөн, ...харилцан тохиролцож бичлэг хийсэн гэж, гуравдагч этгээдээс ...анх дуу бичүүлэх үед болон бичүүлснээс хойш ...ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй гэж тус тус тайлбарлан маргаж байхад дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дүгнэлт өгөх шаардлагатай” гэж,

1.7. Мөн хэсгийн 8-д “Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, тухайн зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тодорхойлж шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн ...” гэж тус тус эрх зүйн дүгнэлтүүдийг хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгажээ.

1.8. Гэтэл хариуцагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0649 дугаартай магадлалд дурдсан ажиллагааг хийхгүйгээр дахин 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан нь үндэслэлгүй байна.

1.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нь иргэн Б.О****д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа хуулийн этгээд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдуулан шийтгэл оногдуулсан зөрчлөө засаагүй буюу холбогдогчийг тогтоох ажиллагааг дахин хийгээгүй нь буруу.

1.10. Хавтаст хэрэгт авагдсан **** аймгийн хөгжимт жүжгийн театр болон Төрийн соёрхолт найруулагч Н.Н******** нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-3.4 дэх заалтад дүн шинжилгээг бүрэн дүүрэн хийгээгүй, тодруулбал, тухайн гэрээний заалтуудаас Н.Т****ын дуулж бичүүлсэн дууг Б.О*****ээр дуулуулсны хариуцлагыг ***** аймгийн хөгжимт жүжгийн театр хүлээх үү, эсхүл тухайн эрсдэлийг гэрээний дагуу найруулагч Н.Н******** өөртөө шилжүүлэн авсан уу гэдэгт дүгнэлт хийгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны “зохих ёсны” холбогдогчийг буруу тодорхойлоход нөлөөлжээ.

1.11. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэн, хэрхэн зөрчсөнийг хариуцагч хөдөлбөргүй тогтоох учиртай.

1.12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан.

1.13. Тиймээс хариуцагч нь магадлалд дурдсан ажиллагааг дахин хийх шаардлагатай.

1.14. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн зүгээс “Н.Т****т Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу тоглогч уран бүтээлчийн эрх хамаарахгүй” гэж, хариуцагчийн зүгээс “түүнд тоглогч уран бүтээлчийн эрх хамаарна” гэж маргасан.

1.15. Шүүх дараах үндэслэлээр Н.Т****т тоглогч уран бүтээлчийн эрх хамаарна гэж дүгнэлээ. Тодруулахад:

1.16. Зохиогчийн эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтад "тоглогч уран бүтээлч гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг;” ойлгоно гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ:” гээд, мөн зүйлийн 28.1.1 дэх заалтад “тоглолтондоо нэрээ дурдуулах;”, 28.1.3 дахь заалтад “тоглолтыг тоглогч уран бүтээлчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.” гэж зохицуулжээ.

1.17. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараас судлан үзэхэд, Н.Т*** нь Өндөр гэгээн Занабазар дуулалт жүжгийн туслах дүр Наймаачин дүрийн дуу болох Дуртмал сайхан уртын дууг дуулж бичүүлсэн үйл баримт маргаангүй, тухайн дуун дээр ****** аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.О***** ам барин дуулж, тус дуулалт жүжигт тоглосон үйл баримт мөн маргаангүй байгаа энэ тохиолдолд ардын урлагийн бүтээлийг дуулах байдлаар бичлэг хийлгэж гүйцэтгэсэн Н.Т*****ын хувьд тухайн бүтээлд нь тоглогч уран бүтээлчийн эрх хамаарна гэж үзнэ.

1.18. Иймд гомдол гаргагчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.19. Хариуцагч нь энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан дээрх эрх зүйн асуудлуудыг дахин шинэ акт гаргахдаа нягтлан тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тодорхой ажиллагаануудыг хуульд заасан журмыг баримтлан явуулах үүрэгтэй болохыг тэмдэглэхээс гадна шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагчийн зүгээс Төрийн соёрхолт найруулагч Н.Н*******ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.

2.2. Тус хүсэлтийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулахад:

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй.” гэж заасан байна.

2.4. Хавтаст хэрэгт ***** аймгийн хөгжимт жүжгийн театр болон Төрийн соёрхолт найруулагч Н.Н********* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байгаа энэ нөхцөлд найруулагч Н.Н***********ыг гэрчээр асуух нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж шүүх үзэж, улмаар тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

2.5. Мөн маргаж буй захиргааны акт болох 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа хариуцагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2023/0649 дугаартай магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй тул дахин шинэ акт гаргуулахаар шүүхээс шийдсэн энэ тохиолдолд уг хэрэгт гуравдагч этгээдээр Н.Т*****ыг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зохиогчийн эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь заалтыг тус тус баримтлан ****** аймгийн хөгжимт жүжгийн театрын гаргасан гомдолд дурдсан маргаан бүхий Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0079859 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 0079859 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, 41.1.3 дахь заалтад тус тус зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] 128/2023/0351/З индекстэй захиргааны хэргийн 124-131 дэх тал

[2] Мөн хэргийн 181-184 дэх тал

[3] 128/2023/0351/З индекстэй захиргааны хэргийн 124-131 дэх тал

[4] Мөн хэргийн 181-184 дэх тал