Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Ч.Ө-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У, хохирогчийн өмгөөлөгч С.П, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Ч.Ө, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Ө-т холбогдох эрүүгийн 2012000000326 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 25-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Ө

 

Ч.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хохирогч 16 настай Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож, тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шууны дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг жижиг, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, зүүн хөлийн чигчий, ядам хурууны хумс хууларч хугарсан, зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Донойн гүүрний хойд талд өөрийн өмчлөлийн 94-97 АРХ улсын дугаартай Toyota маркийн тээврийн  хэрэгсэл дотор хохирогч Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлэг эрхтнийг нь үнсэх, хэлээрээ долоох, сорох, гараараа оролдох, хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Ч.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 230 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, гар утасны хагарч цуурсан шилэн наалт зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 50-06 тоотод оршин суух Л.У, Ж.Б нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэрэгт хавсаргуулсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ч.Ө гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Ө намайг 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж үзэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хувьд хохирогчийн бэлэг эрхтэн рүү гар хуруугаа хийх, хэлээрээ долоох үйлдэл хийгээгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Нийн охин хальс гэмтэлгүй гарсан байгаа. Хэрэв би гар хуруугаа хийсэн бол охин хальс гэмтэж урагдал гарах байх гэж бодож байна. Харин хохирогчтой бэлгийн ажил хийх гэсэн боловч дургүйцэхээр нь өөрийн ухамсраар сайн дураараа больсон. Мөн надад Б.Н өөрийгөө насанд хүрсэн гэж танилцуулсан. Хэрэв насаа үнэн зөв хэлсэн бол би түүнийг оролдохгүй байсан. Би насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэж хүчингийн гэмт хэрэгт холбогдон хорих ял авсандаа маш их гэмшиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг хасаж өгнө үү.” гэжээ.  

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Прокурор С.Б би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Өт холбогдох эрүүгийн 2012000000326 дугаартай  хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.Ө нь 2020.10.05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 16 насанд хүрээгүй хохирогч Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлэг эрхтнийг нь хэлээрээ долоох, үнсэх, сорох, хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн, мөн 2020.10.05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 гарын бугалганд, зүүн гарын шууны дотор талд, 2 гуяны урд доод хэсэгт, 2 гарын бугуйгаар жижиг жижиг, баруун гуяны гадна дээд хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Ч.Ө нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор Ч.Өт 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн хэрэгт тохирч байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Ч.Өт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү. Дээрээс нь энэ хүн хүүхдийн минь гар утсыг эвдэлчихээд төлж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр гар утасны талаар юу ч яриагүй. Миний хүүхдийн биеийн байдлын талаар өөрөө болон түүний ар гэрийн хүмүүсээс нэг ч удаа асууж байгаагүй. Миний хувьд маш их гомдолтой байгаа тул энэ хүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүх асуудлуудад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч хохирогчийн бэлэг эрхтэнд хуруугаа хийсэн гэж яллаж байгаа бол хуруу хийсэн эсэхийг нь шинжээчийг байцаасан байцаалтаар биш, шинжээчийн дүгнэлтээр тогтоох хэрэгтэй гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Үүнийг одоо хүртэл тогтоогоогүй байгаа. Хохирогчийн онгон хальс нь бүтэн байгаа шүү дээ. Ч.Өын буруутай үйлдэл бий. Тэр охиныг цохьсон, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ бол гэмшиж байгаа шүү дээ. Гэхдээ яг хүчиндсэн гэдгийг, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд заасан,  хууль тогтоогчоос тайлбарласан хохирогчийн биеийн аль нэг хэсэгт нь өөрийн бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэн рүү өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг бид нарын хувьд тогтоож чадаагүй байгаа юм. Хохирогчийн мэдүүлгээр л энэ хэрэг яваад байгаа юм. Шинжээчийн хувьд ч гэсэн хохирогчийн мэдүүлгээр нэг хуруу оруулсан байхыг үгүйсгэхгүй гэсэн байдаг. Ийм л зүйлээр бид нар хүнийг буруутгаад байгаа юм шүү. Ч.Ө “би хуруугаа хийгээгүй, гэхдээ би 5 жил аваад явъя” л гээд байгаа шүү дээ. Өмгөөлөгч миний хувьд Ч.Өын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй гэж харж байна. 5 жил гэдэг бол тухайн зүйл ангийнхаа дотор байгаа л ял. Харин миний санал бол энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна. Зарим хэргийн газрын үзлэг болон бусад зүйлсийг тогтоолгох саналтай байна. Үнэхээр 70 000 төгрөг өгчихөөд байхад аваагүй гэж байгаа бол энэ мөнгийг өгсөн эсэхийг хүртэл шалгаж тогтоох хэрэгтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө шүүгдэгч Ч.Ө нь хохирогч 16 настай Б.Нийг хүчиндэх зорилгоор зодож хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлэг эрхтнийг нь үнсэх, хэлээрээ долоох, сорох, гараараа оролдох, хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үйлдлүүдийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс эдгээр үйлдлүүд нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тусгаж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг үндэслэлтэй тодорхойлж, Ч.Өт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 /5-аас 12 жил хорих/-д заасан хорих ялын хэмжээний дотор буюу 6 жил хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон онцгой бүрэн эрх юм.

Иймд “... оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг хасах” талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон            

                                                        

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                      Н.Э