Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00727

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С . Хаяг:Б аймаг, Б сум 6 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургууль  Хаяг:Б аймаг, Б сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуульд урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал А д холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 С миний бие Б аймгийн Б сумын 6 дугаар багт амьдардаг. Тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Миний бие тус сургуульд анх 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тогоочоор ажилд орж 2019 он хүртэл ажиллаж, улмаар 2019 оноос үргэлжлүүлэн тус сургуулийн үйлчлэгчээр 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаал гарах хүртэл ажиллаж байсан.

1.2 Гэтэл Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал А гийн 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Миний бие хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдалттай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэсний дагуу намайг анх ажилд авч ажиллуулж байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 01-ээс эхлээд эмчилгээ хийлгэх болсон тул сургуулийн захирлаас 2 сарын хугацаагаар хувийн чөлөө хүссэн юм. Захирал: "сургалтын менежер С аар чөлөө хүссэн өргөдлөө бичүүлж өгөөд явж болно. Чөлөө дуусахаар нь ирж ажилд орно шүү гэж хэлэхээр нь би сургалтын менежер С д болсон явдлаа хэлээд, түүнээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн.

1.3 Миний бие Б бүсийн оношилгооны эмчилгээний төв болох Х аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эмнэлгээс лист буюу эмчилгээ хийлгэсэн хуудсыг цахимаар сургуулийн нягтлан руу илгээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Х аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлсэн ба бусад хугацаандаа гадуур эмчилгээ, шинжилгээ хийлгүүлж явсан. Чөлөөний хугацаа дуусаж 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орохоор сургуульд очиход хичээлийн ээлжийн амралттай байсан тул захиралтай уулзаж чадаагүй. 2024 оны 4 дүгээр сарын 08-нд хичээл эхлэх үед сургуульд очиход захирал мөн байхгүй байсан тул миний орон ажиллаж байсан А гэдэг үйлчлэгчид би ажилдаа орохоор ирсэн тул миний ажлыг хүлээлгэж өг гэхэд захирал ажлаа битгий өг гэж хэлсэн гэж надад ажлыг минь хүлээлгэж өгөөгүй. Тэгээд би захирлыг ирэхийг хүлээгээд өдөр болгон сургуульд ирдэг байсан боловч тэр надаас зугтаад уулзахгүй явсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээрээ уулзахад чамайг ажлаас хална, чи ажил хаяад явсан гэж хэлсэн. Би эмчилгээ хийлгэж ирсэн, чөлөө аваад явсан биз дээ гэж хэлж эмчилгээ хийлгэсэн бичиг баримтаа үзүүлсэн боловч намайг буцаад ажилд авч ажиллуулаагүй. Захирал надад ажлаас гаргасан тушаалыг чинь гаргасны дараа дуудаж өгнө гэж хэлсэн ба 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний тушаалыг гаргаж өгсөн. Тушаалыг надад 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардуулж өгсөн боловч огноог 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэж бичсэн байсан. Би ажил таслаагүй, захирлаас чөлөө авч эмчилгээ хийлгэсэн тул тухайн тушаалыг зөвшөөрөхгүй байна.

1.4 Сургуулийн ажилтнууд 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш буюу зарим нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амардаг. Үйлчлэгчийн ажилтны хувьд заримдаа амралт авдаггүй асуудал байдаг. Үүнд сургуулийн засварын болон цэвэрлэгээний ажилтай холбоотой байдаг. Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд нь ороод үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан боловч ажиллуулаагүй тул тухайн хугацаанаас 2024 оны 8 сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож өгөхийг хүсье.

1.5 Иймд Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуульд урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулиас 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал А гийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Ажилтан С нь тус сургуульд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 он хүртэл тогоочоор, дараа нь сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажилтан С нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэхээр буюу нэг сарын амралтаар Х аймаг дахь гэртээ амрахаар явсан. Ингээд тус сургуулийн хичээл нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн юм.

2.2 Гэтэл ажилтан С нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирээгүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 10-нд утсаар ярьж чөлөө гуйсан. Гэхдээ би С т албан ёсоор чөлөө олгоогүй, түүнээс чөлөө олгох тухай өргөдөл хүлээж аваагүй юм.

Ингээд ажилтан С нь олон хоногоор ажил тасалж, ажилдаа биечлэн ирээгүй учир тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай Ажилтан С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж ажилтан С нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон түүнийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн.

2.3 Түүний нэхэмжлэлд дурдсан Захирал: сургалтын менежер С аар чөлөө хүссэн өргөдөл бичүүлж өгөөд явж болно. Чөлөө дуусахаар нь ирж ажилд орно шүү гэж хэлэхээр нь би сургалтын менежер С д болсон явдлаа хэлээд, түүгээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн" гэдэг нь худлаа юм. Учир нь сургуулийн менежер С надад ажилтан С ын хувийн чөлөө авах тухай өргөдөл өгч байгаагүй.

2.4 С нь Х аймагт байхдаа Х аймгийн төвд Гүрт Богд ХХК- д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймээс С ын нэхэмжлэлд бичсэн Х аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.5 Иймд нэхэмжлэгч С ын тус шүүхэд гаргасан Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал А гийн 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б\12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Б сумын С багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.06.04-ний өдрийн №18 дугаар тэмдэглэл, 2024.05.16-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, тус системээс С ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024.05.16-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Х аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс хуулбарлаж олгосон С ын 2024.01.17-01.26, 2024.02.02-02.13, 2024.03.01-03.11, 2024.03.20-03.29-ний өдрүүдэд тус тус хэвтэн эмчлүүлж байсан Өвчний түүх, тус төвөөс олгосон карт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.07.03-ны өдөр №05 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2016.10.15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие тус сургуульд анх 2016 оноос тогоочоор ажилд орж 2019 он хүртэл ажиллаж, 2019 оноос эхлэн үйлчлэгчээр томилогдон ажил олгогчоос үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх хүртэл ажиллаж байсан.Би 2024 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн эмчилгээ хийлгэх болсон тул сургуулийн захирлаас 2 сарын хугацаагаар хувийн чөлөө хүсэхэд захирлаас сургалтын менежерт өргөдлөө бичүүлж өгөөд явж болно гэсний дагуу сургалтын менежерт өргөдлөө бичүүлж өгөөд явсан. Энэхүү хоёр сарын хугацаанд Х аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил орохоор очиход захирал байхгүй, сургууль хичээлийн ээлжийн амралттай байсан.Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр хичээл эхлэх үед сургуульд очиход мөн захирал байхгүй, дараа өдрүүдэд мөн захиралтай уулзахаар очсон боловч надаас зугтаад уулзахгүй явсаар байгаад 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээрээ уулзахад чамайг ажлаас хална, чи ажил хаяад явсан гэж хэлэхэд би танаас чөлөө аваад эмчилгээ хийлгэж ирсэн гэж бичиг баримтаа үзүүлсэн боловч захирал надад ажлаас гаргасан тушаалыг чинь гаргасны дараа дуудаж өгнө гэж хэлсэн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардуулж өгсөн.Би ажил таслаагүй, захирлаас чөлөө авч эмчилгээ хийлгэсэн тул намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

7.Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... ажилтан С нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлэхээр буюу нэг сарын амралтаар Х аймаг дахь гэртээ амрахаар явсан. Тус сургуулийн хичээл нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхлэхэд С нь ажилдаа ирээгүй байгаад 2024 оны 02 дугаар сарын 10-нд утсаар ярьж чөлөө гуйсан. Гэхдээ би С т албан ёсоор чөлөө олгоогүй, түүнээс чөлөө олгох тухай өргөдөл хүлээж аваагүй ба тэрээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэж маргажээ.

8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч С нь Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуульд 2016 оноос 2019 он хүртэл тогоочоор ажиллаж, улмаар 2019 оноос тус сургуулийн үйлчлэгчээр томилогдож ажиллаж байгаад ажил олгогчийн санаачилгаар 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй байна.

8.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж заажээ.

Ажил олгогч буюу хариуцагчаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг хэзээ гардуулсан тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөх тухай тушаалын буланд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гардаж авлаа гэсэн ба уг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж улмаар шүүхэд гомдол гаргасан нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

9.Харин ажил олгогч буюу хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал А 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар үйлчлэгч С 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан, сургуулийн захиралд ажлаас түр чөлөө авах тухай албан ёсны өргөдөл гаргаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, 123.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын Есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9.4.5, 9.5.3, 9.9.9, 9.9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн С ыг үүрэгт ажлаас нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж чөлөөлсөн байжээ. /хэргийн 3 дугаар талд/

10.Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг гэрээгээр үйлчлэгчийн ажил бус нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан тогоочийн ажилтай холбогдуулан байгуулсан Хөдөлмөрийн гэрээ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

11.Харин хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 132.2.5, 123.3 дахь заалтуудыг тус тус баримталсан байжээ.

12.Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж хуульчилсан.

13.Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч С т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй атлаа түүнийг шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

14.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн эмчилгээ хийлгэх болсон тул сургуулийн захирлаас 2 сарын хугацаагаар хувийн чөлөө хүсэхэд, сургалтын менежер С аар чөлөө хүссэн өргөдлөө бичүүлж өгөөд явж болно. Чөлөө дуусахаар нь ирж ажилд орно шүү гэж хэлсний дагуу би сургалтын менежерт болсон явдлаа хэлээд, түүнээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн гэж тайлбарласан, хариуцагчаас тус сургуулийн хичээл нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхлэхэд С нь ажилдаа ирээгүй байгаад 2024 оны 02 дугаар сарын 10-нд утсаар ярьж чөлөө гуйсан. Гэхдээ би С т албан ёсоор чөлөө олгоогүй, түүнээс чөлөө олгох тухай өргөдөл хүлээж аваагүй. Түүний ...сургалтын менежер С д болсон явдлаа хэлээд, түүгээр дамжуулаад өргөдлөө бичүүлж өгсөн" гэдэг нь худлаа гэж маргажээ.

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж мөн зүйлийн 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий тушаалдаа тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын Есдүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4.5, 9.5.3, 9.9.9, 9.9.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үндэслэл болгосон боловч шүүхэд Хөдөлмөрийн дотоод журмаа нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй тул нэхэмжлэгч С нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.

16.Түүнчлэн ажилтан С нь ажил олгогчоос хувийн чөлөө хүсээгүй, өргөдөл гаргаагүй байсан бол ажил олгогч болох Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас нэхэмжлэгчийн тасалсан гэх 2024 оны 02,03, дугаар саруудын Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр төлөх хууль зүйн үндэслэлгүй тул тухайн хугацаанд ажил олгогчоос хувийн чөлөө олгосон байна гэж шүүх дүгнэлээ.

17.Тухайн хугацаандаа ажилтан С Х аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024.01.17-01.26, 2024.02.02-02.13, 2024.03.01-03.11, 2024.03.20-03.29-ний өдрүүдэд тус тус хэвтэн эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан тус төвөөс хуулбарлаж олгосон түүний Өвчний түүх, Амбулаторийн карт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн Х аймгийн төвд Гүрт Богд ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

18.Мөн ажил ологч буюу хариуцагчаас нэхэмжлэгч С нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус сургуулийн үйлчлэгчийн үүрэгт ажлаас хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, ..., ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчиж хоёр сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуульд урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

20.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

21.Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С ыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх боловч түүнд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс олгоогүй болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар дуустал хугацааны 5 сарын хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

22.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар нэхэмжлэгч С ын чөлөө авахаас өмнөх 3 сар болох 2024 оны 01, 2023 оны 11,12 саруудаас тооцож үзэхэд 890,000 /817,500+1,042,500+810,000/ төгрөг байх тул түүний 5 сарын хугацааны цалинг тооцоход 4,450,000 /5 сар х 890,000 төгрөг/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

23 Харин хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэгч С т олгох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,450,000 төгрөгт ногдох Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвараа хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж авах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

24.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулийн санхүүгээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын С багийн Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ