Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Ж.П, Л.О нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д,  шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                     Ц.М

                        Хохирогч                                                     Р.Г /онлайнаар/,

                                                                                            Л.С /онлайнаар/

                        Хохирогч нарын өмгөөлөгч                       Б.Ч, Б.А,

                                                                                            Б.Э /онлайнаар/,

                        Яллагдагч нарын өмгөөлөгч                     П.Э /онлайнаар/,

                                                                                            Л.Б

                        Яллагдагч                                                   Ж.П

                        Нарийн бичгийн дарга                               Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн Л.О, Ж.П нарт холбогдох 1912008020011 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 106 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.П

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 106 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.О

 

Яллагдагч Ж.П, Л.О нар нь бүлэглэн Төв аймгийн Зуун мод сумын Төрийн банканд урьд нь хамт ажиллаж байсан Р.Г-аас жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авч шүдний эмнэлэг байгуулан ажиллуулах гэж байгаа гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, яллагдагч Л.О нь ганцаараа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин сууж байхдаа буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн иргэн В.Б-оос 268.787.500 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн иргэн Л.С-аас 169.000.000 төгрөг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.П, Л.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу гаргасан хүсэлт, гомдлыг хянаад шүүхээс яллагдагч Л.О, Ж.П нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

             1.  Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилж, хохирлыг тодорхойлох,

            2. Яллагдагч Л.Оийн нэхэмжлэлтэй Н.С-д холбогдох 277 сая төгрөгийн маргааныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх асуудлыг тодруулах, хэрэв уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа бол энэ асуудлыг шалгах,

            3. Яллагдагч Ж.П нь хохирогч В.Б, Н.С нарыг залилсан гэмт хэрэгт яллагдагч Л.Отэй бүлэглэж оролцсон эсэхийг нарийвчлан шалгах,

            4. Яллагдагч Л.О нь хохирогч Н.С, хохирогч В.Б, Р.Г нараас залилсан гэх мөнгийг юунд, хэрхэн зарцуулж байсныг тодруулах зэрэг болно.

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Л.О, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нараас “яллагдагч Л.О нь хохирогч С-н дансанд 101 удаагийн төлөлт хийж 277 сая төгрөгийн хүү төлсөн, хохирогч В.Б-ийн дансанд 46 удаагийн төлөлт хийж 36 сая төгрөгийн хүү төлсөн, хохирогч Р.Гад 20.500.000 төгрөгийг өөрөө төлсөн, мөн төрсөн дүү Л.О-р Р.Г нь албан тушаалын байдлаа ашиглаж 50 сая төгрөгийн зээл авхуулж 36 сая төгрөгийг суутгаж авсан байсан, ийм тооцооны зөрүүтэй асуудлууд байхад хохирлын тооцоог нарийн гаргахгүй бодит байдалд нийцэхгүй яллах дүгнэлт үйлдэж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн” гэх гомдлыг гаргасан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзаж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилж, яллагдагч, хохирогч нарын хооронд хийгдсэн гүйлгээний үнийн дүнгийн зөрүүг гаргах, үндсэн зээл, буцааж төлсөн төлөлт, төлөгдөөгүй хохирол, төлөгдсөн хүү, мөн алданги хүү төлөх үндэслэлтэй эсэхийг нарийн тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шинжилгээ хийлгэх эрхтэй боловч шинжээчийн дүгнэлттэй холбогдон гарах болон бусад захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно. Шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийснээр шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн  нотлох баримыг үнэлэх үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүхээс бусад этгээдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар прокурор, мөрдөгчид даалгах үндэслэлгүй тул хохирогч Р.Гын “н.А, н.О нарыг хэрэгт холбогдуулан шалгах”, өмгөөлөгч Б.А-ийн “Н.С-г яллагдагч Л.Оийн залилангийн хэрэгт хамжигчаар оролцсон байгааг шалгуулах” гэсэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Яллагдагч Л.О, Ж.П нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, яллагдагч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хохирогч нарын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “яллагдагч Л.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.О, Ж.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов гээд

Яллагдагч Л.О, Ж.П нарт холбогдох 1912008020011 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.О, Ж.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Нийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ш.Н би шүүгдэгч Л.О, Ж.П нарт холбогдох эрүүгийн 1912008020011 дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Уг хэргийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021/ШЗ/672 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид: “Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг буцааж, дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх зүйтэй гэж үзэв. Үүнд:           

             1.  Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилж, хохирлыг тодорхойлох,

            2. Яллагдагч Л.Оийн нэхэмжлэлтэй Н.С-д холбогдох 277 сая төгрөгийн маргааныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх асуудлыг тодруулах, хэрэв уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа бол энэ асуудлыг шалгах,

            3. Яллагдагч Ж.П нь хохирогч В.Б, Н.С нарыг залилсан гэмт хэрэгт яллагдагч Л.Отэй бүлэглэж оролцсон эсэхийг нарийвчлан шалгах,

            4. Яллагдагч Л.О нь хохирогч Н.С, хохирогч В.Б, Р.Г нараас залилсан гэх мөнгийг юунд, хэрхэн зарцуулж байсныг тодруулах зэрэг болно. ... Тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилж, яллагдагч, хохирогч нарын хооронд хийгдсэн гүйлгээний үнийн дүнгийн зөрүүг гаргах, үндсэн зээл, буцааж төлсөн төлөлт, төлөгдөөгүй хохирол, төлөгдсөн хүү, мөн алданги, хүү төлөх үндэслэлтэй эсэхийг нарийн тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэж  дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ...” гэж, 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно...” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан заавал шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд буюу тусгай мэдлэг шаардлагагүй тохиолдолд шинжилгээ хийлгэхгүй байж болно гэж ойлгохоор байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эдийн засгийн шинжилгээг баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа, эд хөрөнгийн дутагдал буюу илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв, бодитой тодорхойлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн, анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа, баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон зэрэг үндэслэл тогтоогдсон тохиолдолд хийхээр заасан. Эрүүгийн 1912008020011 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч В.Б нь нийт 788.722.500 төгрөгийг яллагдагч Л.Оийн ХААН банкны дансанд шилжүүлсэн, Л.О нь буцааж В.Б-ийн данс руу 519.935.500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 268.787.500 төгрөг буцааж өгөөгүй болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, тэдгээрийн гүйлгээ хийсэн дансны хуулга зэргээр нотлогдсон бөгөөд яллагдагч нь В.Б-оос ийнхүү мөнгө шилжүүлэн авахдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, банканд зээлийн эдийн  засагчаар ажилладаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, шилжүүлэн авсан мөнгөө хүүгийн хамт буцаан шилжүүлэх байдлаар итгэл олж залилах гэмт хэргийг үйлдсэн. Мөн тэрээр залилах гэмт хэргийн гол шинжүүд болох дээрх аргуудыг ашиглаж болон хувьдаа шүдний эмнэлэг нээн ажиллуулж, ашиг орлого олж байгаа мэтээр хуурч, удаа дараагийн үйлдлээр Н.С-аас мөнгө шилжүүлэн авсан бөгөөд мөн адил түүнээс шилжүүлэн авсан мөнгөө хүүгийн хамт буцааж төлөх байдлаар түүний итгэлийг олж, залилах гэмт хэргээ цаашид үргэлжлүүлсэн байдаг. Энэ нь хохирогч Н.С-аас дахин 300.000.000 төгрөгийг зээлэхээр гэрт нь очиж байсан байснаас тодорхой харагдаж байна. Хохирогч Н.С-д учруулсан хохирол, хор уршгийн хир хэмжээг хэрхэн тогтоосон байсныг авч үзвэл мөрдөгч 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч, хохирогч нарын дансанд үзлэг хийсэн байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Н.С нь өөрийн 5099037008 дугаарын харилцах данснаас 937.771.500 төгрөгийг Л.Оийн ХААН банкны 5721325388 дугаарын харилцах дансанд шилжүүлж, харин яллагдагч Л.О нь буцааж 1.119.704.500 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ нь дээрх мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч, яллагдагчийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогддог. Мөн хохирогч Р.Г нь яллагдагч нарт хэдэн төгрөг шилжүүлж, буцааж хэдэн төгрөг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана. Дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхэд хохирогч нар нь яллагдагчид хэдэн төгрөг шилжүүлээд, хэдэн төгрөгийг буцааж авсан нь тодорхой бөгөөд үүнийг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээч шаардлагагүй байна. Харин шүүх хохирогч нь яллагдагчаас өөрийн шилжүүлснээс илүү хэмжээний мөнгө буцаан авсан байна гэж дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх, яллагдагчийн хохирогчоос мөнгө шилжүүлэн авч буй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хуурсан, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, улмаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эсвэл цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой юм. Мөн шүүх эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр яллагдагч, хохирогч нарын хооронд хийгдсэн гүйлгээний үнийн дүнгийн зөрүүг гаргах, үндсэн зээл, буцааж төлсөн төлөлт, төлөгдөөгүй хохирол, төлөгдсөн хүү, мөн алданги, хүү төлөх үндэслэлтэй эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа боловч яллагдагч, хохирогч нарын дунд бичгээр гэрээ байгуулагдаагүй нь зээлийг хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр эргэн төлөх, зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөөгүй бол алданги тооцох эсэх, тооцох бол ямар байдлаар тооцох зэрэг нь тодорхойгүй нөхцөл үүсгэсэн байх тул үүнийг эдийн засгийн шинжээч тогтоох боломжгүй байна. Энэ талаар хэрэгт шинжээчээр томилогдсон С.Х мөн мэдүүлсэн байдаг.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Үүнээс үзэхэд тухайн эрүүгийн хэрэгт холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан хэлэлцэж байгаа болон хэрхэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгах нь ач холбогдолгүй байна.

            3. Яллагдагч Ж.П нь яллагдагч Л.Отэй бүлэглэн хохирогч В.Б, Н.С нарыг залилсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Түүний хувьд хохирогч В.Б, Н.С нартай биечлэн уулзаж болон холбоо харилцааны хэрэгсэл ашиглан холбогдож байгаагүй, тэдгээрийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө шилжүүлэн авсан болох нь тогтоогдоогүй, энэ талаар хохирогч нар гомдол гаргаагүй байна. Харин Ж.П нь Л.Оийн хамт 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой хохирогч Н.С-ийн гэрт очиж, 300.000.000 төгрөг зээлэхээр ярилцаж тохиролцсон гэх боловч уг мөнгийг шилжүүлэн аваагүй байх тул Ж.Пийг яллагдагч Л.Отэй бүлэглэн хохирогч Н.С, В.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгах шаардлагагүй гэж дүгнэж байна.

            4. Яллагдагч Л.О нь хохирогч В.Б-оос авсан мөнгөө Н.С-д өгсөн, мөн олон улсын “Эм Жи Эл Форекс” ХХК-нд арилжаа хийх зорилгоор шилжүүлж, ашиггүй ажилласны улмаас буцааж авч чадалгүй алдсан талаар мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг үндэслэл бүхий болох нь хэрэгт авагдсан дансны мэдээллүүдээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарцуулалтыг нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

            Иймд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/672 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж заалдах гомдолд: Яллагдагч Л.О, Ж.П нарт холбогдох 1912008020011 дугаартай эрүүгийн хэрэгт П.Э миний бие Ж.Пийн өмгөөлөгчөөр оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/672 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шуудангаас гардаж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 3-т “...Яллагдагч Ж.П нь хохирогч В.Б, Н.С нарыг залилсан гэмт хэрэгт яллагдагч Л.Отэй бүлэглэж оролцсон эсэхийг нарийвчлан шалгах...”, “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийснээр шүүхээс шүүгдэгчийн цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх, үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэлээ...” гэсэн маш ерөнхий дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 1912008020011 дугаартай 6 хавтас, 1500 орчим хуудастай эрүүгийн хэргийн хэд дүгээр хавтасны, хэд дүгээр талд, хэн гэдэг гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа болон Ж.Птай холбоотой ямар үйл баримтад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай болсон талаар үндэслэл дурдаагүй байна. Яллагдагч Ж.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй учир В.Б болон Н.С  нар анхнаасаа гомдол гаргаагүй. Л.С-ийн гомдолтой Л.От холбогдох 2008009090770 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоол /хх-ийн 3-р хавтасны 79-р хуудас/-оор нэгтгэв. Энэ хэрэгт Ж.П ямар ч оролцоо байсангүй. Өөрөөр хэлбэл Ж.П нь В.Б болон Н.С нартай уулзаж, мөнгө бэлэн болон бэлэн бусаар зээлж аваагүй гэдгийг бүх хавтаст хэрэгт байгаа хохирогч нарын анх гаргасан гомдол болон бүх мэдүүлэг нотолж байдаг. Хохирогч нараас Л.О мөнгийг дансаараа шилжүүлж гүйлгээ хийсэн бөгөөд орж ирсэн мөнгөөрөө порекс тоглосон гэдэг нь дансны хуулгаар баталгаажиж байгааг мөрдөгч хангалттай нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, өөрийн өмчлөлд шилжүүлсэн байх шаардлагыг хангадаг. Гэтэл Ж.П нь  аль ч хохирогчоос нэг ч төгрөг өөрийн эзэмшлийн данс болон бэлэн мөнгө аваагүй байтал яллагдагчаар татагдсан байгаа нь хууль ёсны шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Ж.Пид холбогдох хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж хангагдахгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект буюу хэн нэгний өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршиг учруулаагүй байна. Хохирогч нарыг сайн танихгүй, уулзаж байгаагүй, мөнгө зээлээч гэж гуйгаагүй гэх мэт. Магадгүй гэр бүлийн гишүүнийг хамтран оролцогчоор татсан тохиолдолд хүүлсэн мөнгөө түргэн шуурхай авч болох юм байна гэсэн хохирогч нарын санаа зориг байна. Гэхдээ хэн нэгний санаа зоригт нийцүүлэн гэм бурууг тогтоодог хууль эрх зүйн орчин байхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өнөөдрийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар яллагдагч Л.О, Ж.П нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч П.Э нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарласан. Яллагдагчийн өмгөөлөгч П.Эын гомдлын агуулгын тухай ярихад яллагдагч Ж.П нь яллагдагч Л.Отэй бүлэглэж В.Б, Л.С нараас  мөнгө залилсан гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэдэг гомдлын агуулгыг дэмжиж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Л.Оийн Л.С, В.Б нараас мөнгө залилж авч байгаа үйлдэлд яллагдагч Ж.П нь ямар нэгэн оролцоотой болох нь  тогтоогдоогүй гэж үзэж байна. Харин яллагдагч Ж.Пийн хохирогч Р.Гаас мөнгө залилж авч байгаа үйлдэл нь Л.Отэй хамтран оролцоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн агуулгын тухайд прокурорын зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал хохирогч Р.Гын мэдүүлэгт “...Л.О нь над дээр нөхөртэйгөө ирж мөнгө гуйсан, нөхөр нь надтай мессежээр харилцаж төлнө, зээл бүтэхгүй байгаа гэж бичсэн. Мөн өөрийнхөө эмнэлгийн зураг, бичлэгийг эхнэр Л.Оийн хаягаар над руу явуулсан” гэсэн гэх мэдүүлэг, мөн иргэний нэхэмжлэгч Б.Түвшинтулгын мэдүүлэгт “... Тухайн үед Р.Г ах надад хэлэхдээ Л.О, Ж.П гэх хоёр хүнд 2 хоногийн хугацаатай мөнгө зээлээд аваад өгсөн чинь тухайн хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг зэргээр Ж.П нь Л.Отэй Р.Гаас 80.000.000 төгрөгийг залилан мэхлэх аргад хамтран оролцсон болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Уг саналтай зарим өмгөөлөгч нар санал нэг байгаа нь харагдаж байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

            Хохирогч Р.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Л.С шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын хэлж байгаа саналтай миний хувьд санал адил байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас хэргийг прокурорт буцааж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийлгэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөн яллагдагч Ж.Пийн өмгөөлөгч П.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгч миний хувьд прокурорын яллах дүгнэлтийг ойлгосонгүй. Л.О нь Ж.Птай бүлэглэж Р.Г, Л.С, В.Б нарыг залилсан гэж оруулж ирж байгаа бол та яллах дүгнэлтээ өөрөөр бичиж оруулж ирэх хэрэгтэй юм. Л.О 1 жилийн хугацаанд энэ хүмүүсээс мөнгө зээлж огт ажил хийлгүйгээр амьдарсан байна. Үүнийг тогтоохын тулд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байгаа. Мөн хэдэн төгрөгийн зөрүү гарч байгаа, хэдэн төгрөгийг хүү, алдангид төлсөн гэдгийг тогтоох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх хавтаст хэргийн материалд үндэслэж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд олон талаас нь шалгасан.  Сонгино хайрхан дүүрэг, Төв аймаг, Архангай аймгийн цагдаа нар энэ хэргийг шалгасан. Тэр бум төгрөг нь 169.000.000 төгрөгтэй цаг хугацааны хувьд өөр юм. Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт тогтоолгох ямарч үндэслэл байхгүй. Харин 169.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Л.О олон хүнийг залилан мөнгө хүүлж, маш их хэмжээний ашиг олсон байдаг. Энэ талаар хавтаст хэргийн материалд хангалттай шалгасан учраас анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь  хавтаст хэргийн материалд авагдсан хангалттай нотлох баримтаар нотлогдсон гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн оролцогч нараас шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж анхан шатны шүүхэд буцаах боломжтой гэж тайлбарлаж байх шиг байна. Шүүгчийн захирамжийг харахаар нэгдүгээрт хохирол ямар хэмжээтэй байгааг тогтоох гэж буцаасан бөгөөд үүнийг тогтоох боломжтой. Иргэний хэргийн шүүх хуралдаан дээр зээлийн маргаан бүрд шинжээч томилуулж, энэ талаарх тооцооллыг хийх боломжтой гэж харж байгаа. Мөнгө гарсан, орсон асуудал бүгд дансны хуулгатай байгаа учраас хэдний өдөр, ямар дүнгээр шилжсэн талаар тогтоогдоно. Мөн хэргийн оролцогч нар хэргийн зүйлчлэлийг дурдаж байх шиг байна. Хэргийн зүйлчлэлийг шүүх хуралдааны явцад тогтоох боломжтой ба шүүгчийн захирамжийн логик алдаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл Ж.Пийг шүүх хуралдаан дээр В.Б, Л.С нарыг залилсан эсэх дээр Л.Отэй хамтран ямар оролцоотой оролцсон юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй гэж шийдээгүй. Сая шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гээд хохирогч Л.С, түүний өмгөөлөгч нар цаашид хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад байхад шүүгч прокурорт буцаах үндэслэлтэй байна гээд байгаа нь өөрөө логик алдаатай байна. Тэгэхээр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Л.О нь бусдын хохирол төлбөрийг төлөөгүй гэсэн байна. Жишээ нь хохирогч Р.Гад 20.000.000 төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Р.Гаас 50.000.000 төгрөгийн зээл авхуулж, 39.000.000 төгрөгийг данснаас нь шууд авхуулсан баримт байгаа. Тэгэхээр хохирогч Р.Гад 24.000.000 төгрөгийн хохирол үлдсэн. В.Б, Л.С нарын хохирлыг төлөөгүй гэж байна. 900.000.000 төгрөг В.Б, Л.С нараас гарсан гэж өмгөөлөгч нар хэлж байгаа бөгөөд 1.100.000.000 төгрөг бол төлөгдсөн байна гэж харагдаж байна. Үүнд зайлшгүй эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг бүхийн эдийн засгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэргийг прокурорт буцааж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулъя гэсэн саналыг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Ш.Нийн бичсэн эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Яллагдагч Ж.П, Л.О нарыг бүлэглэн Төв аймгийн Зуун мод сумын Төрийн банканд урьд нь хамт ажиллаж байсан Р.Гаас жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авч шүдний эмнэлэг байгуулан ажиллуулах гэж байгаа гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, яллагдагч Л.Оийг ганцаараа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин сууж байхдаа буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн иргэн В.Б-оос 268.787.500 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн иргэн Л.С-аас 169.000.000 төгрөг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас Ж.П, Л.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилж, хохирлыг тодорхойлох, яллагдагч Л.Оийн нэхэмжлэлтэй Н.С-д холбогдох 277.000.000 төгрөгийн маргааныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх асуудлыг тодруулах, хэрэв уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа бол энэ асуудлыг шалгах, яллагдагч Ж.П нь хохирогч В.Б, Н.С нарыг залилсан гэмт хэрэгт яллагдагч Л.Отэй бүлэглэж оролцсон эсэхийг нарийвчлан шалгах, яллагдагч Л.О нь хохирогч Н.С, хохирогч В.Б, Р.Г нараас залилсан гэх мөнгийг юунд, хэрхэн зарцуулж байсныг тодруулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоох, яллагдагч нарыг гэм буруутай эсэхийг тогтооход тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийн тогтоох нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

             Иймд прокурорын гаргасан эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Н-ийн гаргасан эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч П.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     Д.Б