| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00626/И |
| Дугаар | 130/ШШ2024/00758 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2024/00758
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А . Хаяг:Б аймаг, Ц сум, 3 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль Хаяг: Б аймаг, Ц сумын төвд үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э /Х аймгаас цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А д холбогдуулан тус сургуулиас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 7 сарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5,047,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие А тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багшийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн. Тэгээд захирлын тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд физикийн багшаар томилогдсон.
1.2 Гэтэл намайг тус сургуулийн захирлаас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаартай Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай тушаалаар физикийн багшийн ажлаас маань чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан физикийн ажилд маань эгүүлэн тогтоосон.
1.3 Ажил олгогчоос шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон боловч 2024 оны 9 дүгээр сард дахин ажлаас маань чөлөөлсөн.
1.4 Намайг ажлаас чөлөөлсөн хугацаандаа миний бие хэдийгээр физикийн багш мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажил олдохгүй байна гэж зүгээр суугаагүй. Тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж өөрийн мэргэжлээр бус биологийн багшаар ажилласан нь үнэн. Олдсон ажил, мэргэжлийг чадлаараа зүтгэж хичээж ажилласан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй.
1.5 Миний бие анх шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн цалин хөлсөө нэхэмжилсэн боловч надад ажил олгогчоос ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон байх тул 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 6 сар 5 хоногийн цалин буюу олговор болох 4,470,870 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А ,түүний өмгөөлөгч Э нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч А нь тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 7 сарын хугацааны цалин болох 5,047,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
2.2 Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч А д 2023 оны 06 дугаар сард амралтын мөнгийг тооцож олгосон.Тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоо хүртэл Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж байна.
2.3 Нэхэмжлэгч А нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн ажилд томилогдож 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажиллаж цалин хөлс авч байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №19 дугаартай хуралдааны тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамжид 95,702 төгрөг төлсөн баримт,Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан А ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг,
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, хүсэлтийн хамт,Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, тус аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн 2023 оны 6-р сарын 2-р хагас, 2023 оны 7-р сарын 02-р хагасын цалин олгох хүснэгт, өмгөөлөгч Э тэй 2024.09.12-ны өдөр байгуулсан№16/14 дугаартай өмгөөлөл,эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн байгууллагын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШЗ2024/02540 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2024 оны 9дүгээр сарын 09-ний өдрийн 51 дугаар албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А ийг биологийн багшаар түр томилох тухай Б/42 дугаартай тушаал, тус сургуулийн 2023.10.01-2024.09.29-ний өдрийн цалингийн карт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Намайг тус аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаартай Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай тушаалаар физикийн багшийн ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд маань ажил олгогч эгүүлэн тогтоосон боловч намайг 2024 оны 9 дүгээр сард ажлаас маань дахин чөлөөлсөн. Иймд миний ажилгүй байсан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилсон 2024 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх олговрыг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
6. Хариуцагч тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч А ийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөд ээлжийн амралтыг тооцож олгосон. Харин тэрээр 2023 оны 9 дүгээр сараас эхэлж тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажилд орж одоо хүртэл багшаар ажиллаж цалин хөлс авч байгаа тул тухайн хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч А ийг Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай Б/30 дугаартай тушаалаар тус сургуулийн физикийн багшийн ажлаас чөлөөлсөн байх бөгөөд түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаар шийдвэрээр А ийг Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
7.2 Улмаар хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А ийг урьд эрхэлж байсан физикийн багшийн ажилд эгүүлэн томилсон болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгч А ы Б аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан тайлбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
8.Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А нэхэмжлэгч А ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаа болох 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг олгох үүрэгтэй байна.
9. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч А ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөр сургуульд ажиллаж цалин хөлс авч байсан нь нотлогдон тогтоогдож байгаа тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
10. Хэдийгээр хариуцагч буюу ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан ч гэсэн нэхэмжлэгч А нь тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж тус сургуульд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс биологийн багшаар түр томилогдон хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилох хүртэл хугацаанд ажиллаж, цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж ,127.2 дахь хэсэгт Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн заалтаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцалсан бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгох ойлголт юм.
Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь ажилтны цалин бус, албан тушаалтны буюу ажил олгогчийн захиргааны санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол гэж үзнэ.
11. Нөгөөтээгүүр ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцлагдсанаас болж нэхэмжлэгч А нь өөр сургуулиас зарласан сонгон шалгалт орж тэнцэж, өөрийн мэргэжлээр бус өөр мэргэжлээр сурагчдад хичээл зааж зохих хөдөлмөрөө эрхэлж, эрхэлсэн хөдөлмөрийн үр дүнд тус сургуулиас олгосон цалин хөлс нь хариуцагч Б аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.
12 Түүнчлэн ажилтан ажлаас халагдсан хугацаандаа өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж авсан цалин хөлс түүний өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт оруулан тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулалт байхгүй байгаа тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн нэхэмжлэгч А ийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан тул тухайн хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гаргасан тайлбар байна.
13.Нэхэмжлэгч А нь хариуцагч тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулиас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх 6 сар 5 хоногийн хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.
14. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч А ийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сар болох 2023 оны 05, 04, 03 дугаар саруудаас тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 741,730 (699,221+703,591+822,379 / 3) төгрөг байна.
Уг журмын 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар журамласан байгаа ба хариуцагч тус аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас нэхэмжлэгч А ийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаас нь чөлөөлөхдөө ээлжийн амралтыг тооцож олгосон хуудсанд түүний ажилд орсон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэлх хугацаанаас тооцож нэг өдрийн цалинг 48,324 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг олгосон байх тул уг ээлжийн амралтын олговрын цалингийн түүврийг үндэслэн нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 48,324 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч А ийн 6 сар 5 хоногийн хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 4,692,000 (6 сар х 741,730+5 хоног х48,324) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага багасгаж 4,470,870 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэж хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
15. Харин хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас нэхэмжлэгч А д олгох өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,470,870 төгрөгт ноогдох Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвараа хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж авах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
16.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээ болох 4,470,870 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 86,484 төгрөгийг хариуцагч тус аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 (дөрвөн сая дөрвөн зуун далан мянган найман зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,702 (ерэн таван мянган долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 86,484 (наян зургаан мянган дөрвөн зуун наян дөрвөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ