Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 114/ШШ2024/0011

 

    2024        04            10                                            114/ШШ2024/0011

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
         
                                                                                                                          Хэргийн индекс:  114/2024/0006/З
     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч:  *******
         Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох 
        “Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд ******* миний нэрийг дэвшүүлэхийг  Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
         Шүүх хуралдааны оролцогчид:
         Нэхэмжлэгч: *******
         Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч:  *******
    Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар оролцов.
                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:
         Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 
    1.1. Нэхэмжлэгч нь “Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд ******* миний нэрийг дэвшүүлэхийг  Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд даалгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

        2.1. Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж явуулахад Д.Ануу 67.4, Н.Оюунчимэг 67.4, нэхэмжлэгч ******* 67 оноо авч Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” , дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд Д.Ануу, Н.Оюунчимэг нарыг тус тус томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.
          2.2. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн , дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд Д.Ануу, Н. Оюунчимэгийг нарыг томилж, татварын улсын байцаагчийн эрх олгожээ.
       2.3. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон тус шалгалтын бүрэлдэхүүнд томилогдсон шалгалтын комисс нь төрийн албаны тусгай шалгалт өгөх шаардлага хангаагүй иргэн бүртгэж, шалгалтад оруулаагүй байсан бол миний хувьд онооны дарааллын дагуу  төрийн жинхэнэ албан хаагч болж томилогдох боломжтой байсан гэх үндэслэлээр уг албан тушаалд томилуулах тухай хүсэлтийг салбар зөвлөлд болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан ба Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн , Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн дугаартай албан бичгээр *******т хандан “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгасан тул таны гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Та Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан сул орон тооны  нээлттэй сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэй болохыг зөвлөе” гэжээ.
         2.4.  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024.01.29-ний өдрийн дүгээр “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна. 
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
        3.1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”... Нэхэмжлэгч ******* миний бие 2021 онд Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн улмаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 орон тоог нөхөх хүсэлт өгсний дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан тусгай шалгалтад , Д.Ануу, Н.Оюунчимэг болон ******* миний бие нийт 4 хүн өрсөлдөж шалгалт өгсөн бөгөөд Д.Ануу 67.4, Н.Оюунчимэг 67.4, ******* миний бие 67, хангалтгүй оноо авч хасагдсан. Тусгай шалгалтын онооны дарааллын дагуу хамгийн өндөр оноо авсан Д.Ануу, Н.Оюунчимэг нар нь тухайн албан тушаалд томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болсон. 

          Төрийн албаны тусгай шалгалтад 67.4 оноо авсан, Н.Оюунчимэг нь өмнө нь төрийн албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн иргэн байсан ба төрийн албанд дахин орохдоо төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй байсан болох нь 2023 оны 06 дугаар сард Дархан-Уул аймагт явагдсан Шүүр ажиллагааны хүрээнд илэрсэн учир Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, Татварын ерөнхий газрын тушаал зэргийг үндэслэн Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн дээрх үйл явдлаас үндэслэн иргэн миний хувьд дараах асуудалд гомдолтой байна. 
         - Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон тус шалгалтын бүрэлдэхүүнд томилогдсон шалгалтын комисс нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.6.1-т заасны дагуу бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. 
         - Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.8-т энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэнийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн. 
      Хэрэв Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хууль болон журамд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, шалгалтад орох эрхгүй этгээдийг тусгай шалгалтад бүртгэж оруулаагүй байсан бол миний бие онооны дарааллын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох боломжтой байсан. 
          Иймд Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирч байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэн ******* намайг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж өгөхийг Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд даалгасан шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
          3.2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээ гэсэн тогтоолоор Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч гэсэн орон тоонд томилогдсон Н.Оюунчимэг нь төрийн албаны ерөнхий шалгалтад ороогүй буюу тусгай шалгалт өгөх шаардлагыг хангаагүй хүнийг бүртгэж, шалгалтад оруулсан гэдэг нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор тухайн хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг шат шатны удирдах байгууллагуудаас гаргасан шийдвэр, тогтоолууд хэрэгт авагдсан байгаа”,       
        Өмнө нь сул орон тоо гарч, Төрийн албаны тухай хуулийн 27.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, хуулийн дагуу явуулж, энэ орон 

тоон дээр тэнцсэн хүн нь шаардлага хангахгүй хүн байсан нь тогтоогдсон  тохиолдолд дахин сонгон шалгаруулалт зарлах эсэх, өмнөх шалгалтад эхний хоёр байранд орж томилогдсон хүний нэг нь хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон бол дараачийн хүн нэр дэвших нь хамгийн зохимжтой гэдэг агуулгаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны Салбар зөвлөлд даалгах тухай шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 
            Нэхэмжлэгчийн эрх ашиг хаана хөндөгдөж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу явагдаж, тусгай шалгалт өгөх шаардлага хангасан эсэхэд хариуцлагатай хандаж, шалгаж, тогтоож чадсан бол ******* хоёрдугаарт орж, хоёр орон тооны аль нэгэнд томилогдох нөхцөл бүрдэх боломжтой байсан. Шаардлага хангаагүй хүнийг бүртгэж, шалгалтад оруулж, улмаар нэр дэвшүүлж, тухайн орон тоон дээр томилуулсантай холбогдолтойгоор *******ийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.
             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа юм. Татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус гэдэг агуулгаар бүртгэж, нэр дэвшүүлж, томилуулсан асуудал нь хууль бус байсан нь тогтоогдсон учраас дахин Захиргааны хэргийн шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын чиглэл хүргүүлсэн албан тоот, Төрийн албаны зөвлөлөөс арга хэмжээ авах албан бичгээр анхнаасаа бүртгэж, шалгалтад оруулсан нь хууль бус учраас ажлаас нь чөлөөлөх тухай арга хэмжээ авч, *******ийн боломжийг хаасан үйлдлийг нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч байгууллага үүнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүйгээр Н.Оюунчимэг чөлөөлөгдсөн. Дээрх процесс хууль бус байсан нь тогтоогдсон учраас нэр дэвшүүлэх тухай асуудал үлдэж байна. Хууль бус үйлдэл байсныг нэгэнт тогтоогдчихсон үйл баримтыг байгаа учраас дахиж Захиргааны хэргийн шүүхээр тогтоолгож, даалгах шаардлага гаргах нь илүүц юм байна. Хэрэгт хангалттай баримт цугларсан учраас шууд даалгах шаардлагыг шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Эс үйлдэхүй ерөөсөө байхгүй. 
          Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д сул орон тоо гарсан тохиолдолд гэж заасан. Сул орон тоо гэдгийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т   сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байх гэж заасан. Нэхэмжлэгчээс дахин шинээр сул орон тоо гарсан гэх агуулгад хамаарахгүй, дахиж сонгон шалгаруулалт явуулах ёсгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Сул орон тоо гарсан хугацаа нь 2023 оны 05 дугаар сард бөгөөд тухайн үед томилогдсон этгээд нь хууль зөрчиж томилогдсон нь тогтоогдсон. Хууль бусаар томилогдсон этгээд ажлаас чөлөөлөгдснөөр сул орон тоо гараагүй,  тухайн үед нөхөгдсөн гэж үзэхгүй гэв. 
 Иймд *******ийг онооны дарааллаар нэр дэвшүүлэх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан. Үүнийг шүүх шийдвэрлэж хууль бус татгалзалтай холбогдолтой асуудалд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой дүгнэлт хийх байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         3.3. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа  “...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолоор баталсан “ Төрийн албаны шалгалт өгөх болзол болон  шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар албан хаагч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар нэр дэвшүүлэх зохицуулалт нь зөвхөн туслах түшмэлийн албан тушаалтанд хамаарах тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны дугаар тогтоолын 4 дэх хэсэгт сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгасан тул Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс *******ийг нэр дэвшүүлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

            3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Татварын ерөнхий газрын захиалгаар 2023 оны 04 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлд Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн улсын байцаагчийн 2 сул орон тооны захиалга ирсэн. Захиалгыг салбар зөвлөл хүлээн авч, журмын дагуу 2023 оны ******* дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөл рүү хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөл төрийн албан тушаалд шатлан дэвших журмын дагуу сул орон тоог цахим системээр нийтэд мэдээллэдэг. Сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчийн шилжих 5 хоног, нээлттэй зарлах 10 хоног, нийт 14 хоногийн хугацааны дараа буюу 05 дугаар сарын 19-ний өдөр төрийн албаны тусгай шалгалтыг Салбар зөвлөлөөс 5 комиссын гишүүний бүрэдэхүүнтэй зохион байгуулсан. 
         Шалгалтын цахим системд дээрх 2 сул орон тоонд Д.Ануу, Н.Оюунчимэг, *******, гэсэн 4 иргэн бүртгүүлсэн, дөрвүүлээ албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзэж, цахим бүртгэлийг баталгаажуулсан, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулаад сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны , дугаар тогтоолоор  Н.Оюунчимэг, Д.Ану нарын нэрийг дэвшүүлж, нэр дэвшүүлсэн тогтоолыг Татварын ерөнхий газрын даргад Татварын хэлтсээс хүргүүлсэн байгаа. 
         2023 оны 06 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газраас аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хүний нөөцийн аудитын шалгалт орж ирсэн. Энэ шалгалтын хүрээнд манай сонгон шалгаруулалттай холбоотой нэг зөрчил илэрсэн. Татварын улсын байцаагчийн шалгуурт орж, нэр дэвшсэн нэр дэвшүүлсэн нь төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй иргэнийг цахим системд баталгаажуулж бүртгэсэн гэдэг үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 

2023 оны 07 дугаар сарын хуралдаанаар дугаар тогтоол гарч, хууль бус томилгоог чөлөөлж, сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тогтоол гарсан. Үүний дагуу Салбар зөвлөл, төрийн байгууллагуудад тогтоолыг хүргүүлсэн. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар хууль бусаар томилогдсон ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт сул орон тоог мерит буюу чадахуйн зарчмыг үндэслэж Татварын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшүүлэхийг үүрэг болгосон. Үүний дагуу Н.Оюунчимэгийн хууль зөрчсөн томилгоог нь хүчингүй болгож, Салбар зөвлөлийн 2023 оны албан бичгээр дээрх сул орон тоон дээрх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу меритийн зарчмаар зохион байгуулахыг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлсэн гэжээ. 
          3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албанд анх ороход төрийн албаны ерөнхий шалгалт өгч, тэнцсэн хүмүүс нөөцөд бүртгэгдэнэ. Төрийн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөд байгаа хүмүүс тусгай шалгалт өгдөг. Н.Оюунчимэгийн хувьд 2021 оны 03 дугаар сард төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өгч, нөөцөд байхдаа 2022 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн санд тусгай шалтгалтад тэнцэж орсон. 2023 онд Санхүү, төрийн сангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2023 оны 04 дүгээр сард Татварын хэлтэст тусгай шалгалт өгсөн. Гэтэл тусгай шалгалт өгөхөөр цахим системд ирүүлсэн материалдаа өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тушаалыг ирүүлээгүй, төрийн албаны нөөцөд байгаа тухай тогтоолыг ирүүлсэн байдаг. Цахимд ирүүлсэн тогтоолоос 2021 оноос хойш гурван жилийн хугацаанд нөөцөд байгаа гэж үзэж бүртгэлийг нь баталгаажуулсан байдаг” гэжээ. 
          Зөрчил гаргасан тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлэх тухай  Төрийн албаны тухай хууль болон журамд зохицуулалт байхгүй ******* ТАЗ-д гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад даалгасан байх тул Салбар зөвлөлөөс дээрхи сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалтын үнэлгээгүйгээр нэр дэвшүүлэх боломжгүй төрийн албаны тусгай шалгалтанд дээрх сул орон тоонд өрсөлдөх бүрэн боломжтой гэжээ.
                                                                                               ҮНДЭСЛЭХ нь: 
           Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
           1. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад оролцсон Н.Оюунчимэг 67.4, Д.Ануу 67.4, ******* 67 оноог тус тус авсан болох нь хэрэгт авагдсан  хариуцагчийн  2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Комисс томилох тухай“ дугаар тогтоол, ******* дугаартай албан бичиг, Төрийн албаны тусгай 
шалгалтын гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалт зарлах танилцуулах хуудас, Татварын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн “Хүсэлт гаргах тухай“ ******* дугаартай албан бичиг, албан тушаалын тодорхойлолт, төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд бүртгүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт, тусгай шалгалтын дүнгийн хуудсууд, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, нэгдсэн дүнгийн жагсаалт зэрэг баримтаар нотлогдож байна. 
        2. Мөн хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” , дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд 67.4 оноо авсан Д.Ануу, Н.Оюунчимэг нарыг тус тус томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн , дугаартай тушаалаар  аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд Д.Ануу, нарыг томилж, татварын улсын байцаагчийн эрх олгожээ.
        3. Төрийн албаны зөвлөлийн  2023 оны 24 дүгээр хуралдаанаар Дархан-Уул  аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоож улмаар томилсон 2023 оны дугаартай тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 595 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” дугаар тогтоол, түүний хавсралтаар, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “ албан тушаалаас чөлөөлөх тухай”  ******* дугаартай тушаал болон хэрэгт авагдсан бусад баримт, хэргийн оролцогчдын тайлбаруудаар нотлогдож байгаа болно.
          4. Нэхэмжлэгчийн зүгээс  “... сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу явагдаж, тусгай шалгалт өгөх шаардлага хангасан эсэхэд хариуцлагатай хандаж, шалгаж, тогтоож чадсан бол хоёрдугаарт орж, хоёр дахь сул орон тоонд томилогдох нөхцөл бүрдэх боломжтой байсан, хууль бусаар томилогдсон   ажлаас чөлөөлснөөр сул орон тоо гараагүй, тухайн үед нөхөгдсөн гэж үзэхгүй...” гэж,
             5.  Хариуцагчийн зүгээс “...  Зөрчил гаргасан тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлэх тухай Төрийн албаны тухай хууль болон журамд зохицуулалт байхгүй Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад даалгасан байх тул Салбар   
зөвлөлөөс дээрхи сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалтын үнэлгээгүйгээр нэр дэвшүүлэх боломжгүй төрийн албаны сул орон тоонд өрсөлдөх бүрэн боломжтой гэж...” гэж маргажээ.
              6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн  нөөцөд байгаа иргэдээс”, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг гэж тодорхойлжээ.
           7. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” ******* дугаартай албан бичигт Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 сул орон тоо гарсан талаар дурдсан байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалттай нийцсэн, уг сул орон тоон дээр тусгай шалгалт өгч 67.4 оноо авч тэнцэж, томилогдсон Д.Ануу, Н.Оюунчимэг хоёрын нь Төрийн албаны тухай хууль зөрчиж томилсон болохыг тогтоож, албан тушаалаас нь чөлөөлсөн энэ тохиолдолд 67 оноо авсан *******ийн нэрийг уг албан тушаалд дэвшүүлж, томилсоноор төрийн албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо бүрэн нөхөгдөх боломжтой байсан 
           8. Гэтэл хариуцагч нь чөлөөлсөн тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлэх тухай хууль болон журамд зохицуулалт байхгүй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс зохион байгуулах төрийн албаны тусгай шалгалтад дээрхи сул орон тоонд өрсөлдөх бүрэн боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 дэх сул орон тоон дээр нэрийг нь дэвшүүлэхгүй татгалзаад байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө “, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж заасантай нийцээгүй, уг татгалзал нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 дахь сул орон тоон дээр нэр дэвших эрхийг нь зөрчсөн болох нь тогтоогдож байна.
            9. Нэхэмжлэгчийн Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу явагдаж, тусгай шалгалт өгөх шаардлага хангасан эсэхэд хариуцлагатай хандаж, шалгаж, тогтоож чадсан бол хоёрдугаарт орж, хоёр орон тооны нэгэнд томилогдох нөхцөл бүрдэх боломжтой байсан, хууль бусаар томилогдсон ажлаас чөлөөлснөөр сул орон тоо гараагүй, тухайн үед нөхөгдсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна. 
                10. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.    

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
                                                                                                               ТОГТООХ нь:
            1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******ийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгасугай.
         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ОЮУНЧИМЭГ