Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1137

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.А ийн хариуцагч Б д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 416 дугаар захирамжаар Н.А би К ХХК-д 105 559 622 төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Миний санал албадан дуудлага худалдаанд оруулахад 205 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр авагч К ХХК хэдээр үнэлсэн нь мэдэгдэхгүй, биднийг үнийн талаар тохиролцох үйл ажиллагаа хийгдээгүйгээр шууд шинжээчээр үнэлүүлсэн нь зах зээлийн ханшнаас илт доогуур болсон байна. Иймд шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00416 дугаар захирамжаар  Н.А аас 105 559 622 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Н.А ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 83036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а дугаар байрны   тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 87 225 435 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/510 дугаартай мэдэгдлээр Н.Алтантуяад гардуулан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Б д холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 83036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а дугаар байрны   тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Н.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2020/01615 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00588 тоот шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Харин нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг обьектын зах зээлийн тооцоо судалгаагүй, хэт доогуур үнэлсэн гэж гомдож байна. Тодруулбал “Ашид билгүүн” ХХК нь Н.А ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 83036 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а дугаар байрны   тоотод байрлах 60.13 мкв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь барьцаа хөрөнгийн үнийг 87 225 435 төгрөг байхаар тогтоосон нь хөрөнгийн үнэлгээний хуулийн 9 зүйлд нийцсэн байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02 ны өдрийн 182/ШШ2018/00416 дугаар захирамжаар 105 559 622 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хөндлөнгийн “Ашид билгүүн” ХХК шинжээчийн үнэлгээний тайлангаар тухай обьектыг 87 225 435 төгрөг тогтоосон нь зах зээлийн бодит үнэнд нийцэхгүйгээр хэт доогуур үнэлсэн миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болсон, зах зээлийн тооцоо судалгаагүй үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэжээ. Нэхэмжлэгч би өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч О.Б г шүүх хуралдаанд оролцуулах итгэмжлэл олгосон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд холбогдох нотлох баримт гаргаж өгөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоо муу байсан тул 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч би өөрөө биечлэн оролцож итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б аас татгалзаж шүүх хуралдаанд эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авах өөр өмгөөлөгч оролцох хүсэлтэй илэрхийлсэн. Шүүх завсарлаж хүсэлтийг хэлэлцэн хангахгүй гэж тайлбарлан шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдаж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашилбал хэргийн материал танилцсан гэх баримтанд гарын үсэг зуруулсан би хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж чадаагүй байхад хэрэг шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн шийдвэр болжээ. Мөн түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулан эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 заалтууд, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 заалт,   дүгээр зүйлийн  .1,  .2 дахь заалтыг зөрчин хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдпыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00416 дугаар захирамжаар Н.А , З.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 105 217 602 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 42 217 602 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг, нэхэмжлэгч К ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, хариуцагч З.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2485 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Н.А ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 25а дугаар байрны   тоот хаягт байршилтай 60.13 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19300100/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19300100/08 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй.

 

Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгчөөс авахад 210 000 000 төгрөг гэж, төлбөр авагч К ХХК нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно гэх хүсэлтийг гаргажээ. /хх-46, 47/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/32 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуарангийн гудамж 25а дугаар байрны   тоот, 60.13 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 87 225 435 төгрөгөөр үнэлсэн нь холбогдох журмыг зөрчөөгүй. /хх-48, 53-59/

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Ашид билгүүн” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулах “unegui.mn” зарын цахим хуудаснаас Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооллын судалгаа хийж, жишиг үнийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн байх тул нэхэмжлэгчийн зах зээлийн хандлагаас хямд үнээр үнэлсэн гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэнд нийцэхгүй хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/510, 3/1277 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар төлбөр төлөгч буюу Н.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар дээрх үнэлгээний талаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ./хх-1, 5, 14/

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хангаж шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгосон байх тул оролцогчийн эрхийг шүүх хязгаарласан гэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ                                                                              

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ