Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.М, Т.Ю нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, Г.Э, шүүгдэгч Т.Ю, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолтой Б.М, Т.Ю нарт холбогдох 2012002610312 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Юийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Ар булаг нэртэй газар оршин суух, сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 120 000 төгрөгийн үнэтэй 2 тооны ямаа хурааж 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б.М

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Шар даваа нэртэй газар оршин суух, ял шийтгэлгүй, Т.Ю

 

Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Нын 76 тооны хонийг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Нарийн нэртэй газраас хулгайлж түүнд 9 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Ю нь 2020 оны 06 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 76 тооны хонийг Б.Маас авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Юийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Т.Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч Б.Мд 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Юид 8 сарын хугацаанд тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М, Т.Ю нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 7 560 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 91 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Т.Юоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11 500 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч Б.М, Т.Ю нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Т.Ю гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 152 тоот шийтгэх тогтоолоор тус аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Шар даваа гэх газарт оршин суух Т.Ю намайг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэрээс Б.Мы хулгайлсан 76 тооны хонийг хулгай хийж авсан гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуух зорилгоор авсан гэж буруутган ял оногдуулсан. Үүнийг миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие Б.Мд зээлдүүлсэн мөнгөний авлагаа нэхэхэд надад “хонь өгье, хүрээд ир, бэлэн мөнгө өгч чадахгүй нь” гэж хэлсэн. Би Б.Мы ярьсан өдөр нь очиж чадаагүй. Харин маргааш нь очиж хамт юм ууж байгаад оройтон Б.Мыхаас хонио ачиж гарсан. Б.М, манай хоёрынх хоорондоо 40-50 км орчим зайтай ба тэдний мал ямар им тамгатайг мэдэхгүй. Б.М хашаанаасаа өгсөн учраас би өөрийнхөө малыг өгч байгаа гэдэгт огт эргэлзээгүй. Би Б.Мыг хулгайн мал өгсөн гэдгийг огт мэдээгүй. Би Б.Мыд  нэг л удаа очсон. Олон дахин очиж хонь зөөсөн асуудал байхгүй. Намайг Б.Мы хулгай хийсэн 76 тооны хонийг хулгай хийсэн гэдгийг нь мэдсээр байж авч ашигласан гэж зүйлчилж ял халдаасныг би зөвшөөрөхгүй. Хэргийг ул суурьтай сайн шалгаагүйгээс болж намайг хилсдүүлсэн гэж үзэж байна. Би энэ олон хонийг хаана яаж шингээснийг олж тогтоох ёстой биз дээ. Мөн надаас машины үнэ 11 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үндсэн хяналт шалгалт нь үндэслэлгүй болохоор түүнийгээ дагаад шийдвэр нь хүртэл үндэслэлгүй болсон гэж бодож байна. Намайг ямар аргаар тэр 76 тооны хонийг өөртөө шилжүүлснийг тогтоогоогүй байж яллаж буй нь үндэслэлгүй. Иймээс надад холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэж цагаатгаж өгнө үү. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно.” гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М, Т.Ю нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын олон тооны мал буюу 76 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Мөн шүүгдэгч Т.Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт  хэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд уг тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Юийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлттэй байна” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч ярихдаа хулгайн замаар явж борлуулсан ч юм уу, сумын төвд очиж борлуулсан байж болно гэсэн таамаг төдий зүйлийг их ярьсан. Улсын яллагчийн зүгээс болсон үйл явдлыг яг өөрөө харсан юм шиг ярьдаг. Тухайлбал тэр хонинуудыг ачиж, буулгаж, зарж байгааг харсан юм шиг ярьдаг. Тэгэхээр өөрөө харсан юм бол тэр хэргийг цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ? Улсын яллагчийн зүгээс ерөөсөө хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг ярьдаг. Сая ч гэсэн хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн ярьсан зүйлс нь камерт бичигдсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс таамаг төдий зүйл ярьдаг, мөн таамаг төдий зүйлээр хүнийг ялладаг. Т.Юийн эхнэрийг нь машин дотор байсан гэдэг. Т.Юийн эхнэр бичиг үсэг мэддэггүй бөгөөд үүнийг шалгасан ч болно. Т.Юийн эхнэрийг бичиг үсэг мэддэг эсэхийг асуугаагүй атлаа тэрийг ингэхгүй яасан юм гээд л яриад байдаг. Тэнд бас хүний эрх байна биз дээ.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Улсын яллагчийн зүгээс өөрийн дотоод итгэлээр хэтэрхий таамаг төдий зүйл буюу тэднийд очсон л бол авсан байж таараа гэж ярьж байна. Хохирогчийг хулгайн хэргийг мэдсэн гээд байгаа бөгөөд энэ нь үгүй юм. Т.Юийг явж байхыг хохирогчийн хувьд харсан байж болно. Явж байсан үйл баримттай маргаж байгаа зүйл байхгүй. Харин Т.Ю нь тухайн үед хулгайн зүйл гэдгийг мэдсэн эсэх дээр хамаг асуудал яригдана. Т.Юийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлээд байгаа юм. Б.М, Т.Ю хоёр хоёулхнаа байсан юм чинь яаж нотлох юм бэ гээд хүнийг хилсдүүлээд байж болохгүй. Хуулиар угаасаа нотлохыг л шаарддаг бөгөөд нотолж байж л хүнийг яллах ёстой. Түүнээс биш өөрийн дотоод итгэлээр энэ хүн тийм гээд яллаад байж болохгүй. Т.Юийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлох баримт хэрэгт ерөөсөө байхгүй. Нотлох баримтаар нотлогдоогүй зүйлийг улсын яллагч яллах эрхгүй бөгөөд нотолбол зохих зүйлийг нотолж чадаагүй учраас Т.Юийг яллах эрхгүй юм. Харин Т.Юийг цагаатгах үндэслэл тогтоогдож байна. Иймд Т.Юид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Т.Юийн үйлдэл нь гэмт хэрэг биш бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Юийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М, Т.Ю нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.М бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

 

Мөн шүүх дээрх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Үүний зэрэгцээ, анхан шатны шүүх нь гэм буруугүйд тооцох зарчим буюу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдохгүй бол гэм буруугүйд тооцдог эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмыг хангалгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Т.Юид холбогдох хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзвэл Т.Юийг хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 76 тооны хонийг Б.Маас авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэрээр 2020 оны 04 дүгээр сард шүүгдэгч Б.Мд 1 400 000 төгрөг зээлсэн мөнгөний авлагад шүүгдэгчээс 18 хонь, 4 хурга авсан гэх мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр түүнийг буруутгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.     

 

Тодруулбал, гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020.06.30-ны өдөр “Мэндээ надад “ах нь Чичигнээд өрөө өгч байгаа” гэж хэлсэн” гэж /х-1, х-33/, 2020.11.02-ны өдөр “Харин Т.Ю надад ярихдаа “ах нь Б.Маас өрөө авах гэж ирсэн юм” гэж хэлсэн. “Өрөндөө Б.Маас хонь авах гэж байгаа” гэж надад хэлсэн” гэж /х-1, х-37/, гэрч С.Т 2020.10.27-ны өдөр “Б.М Т.Юид “найз нь мөнгөө бэлнээр нь өгч чадахгүй нь, мөнгөндөө мал авчхаач” гэсэн байсан. Тэгээд Т.Ю надаас “Б.М нөгөө зээлсэн мөнгөө бэлнээр өгч чадахгүй гэж байна, оронд нь мал өгч болох уу гэж надаас асуулаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “боломжгүй бол тэгээ тэг” гэж хэлсэн юм. Би сониучлаад “яг ямар мал оролцуулах гэж байгаа юм?” гэж өөрийн төрсөн хүүхэд Т.Юоос асуухад “хэдхэн хонь оролцуулах гэсэн юм” гэж надад хэлсэн юм” гэж /х-1, х-47/, гэрч Н.Түмэнбаяр 2020.10.29-ний өдөр “Асуусан чинь “Б.Маас мөнгөний авлагатай байсан юм. Түүний оронд тухайн хонинуудыг авсан” гэж хэлсэн юм” гэж  /х-1, х-56/ тус тус мэдүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Юийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Н, гэрч Б.Х, Л.Э, Х.Б нарын мэдүүлэг болон мэргэшсэн үнэлгээчин Э.Д-ийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн байх ба эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд Т.Ю хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 76 тооны хонийг Б.Маас авсан гэсэн агуулга байхгүй байхад дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Т.Ю нь шүүгдэгч Б.Маас авах 1 400 000 төгрөгтөө 22 тооны хонь авахдаа тухайн малыг ямар арга замаар олсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан буюу хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Б.Мыг хулгайн мал өөрт нь өгснийг мэдсэн даруйдаа хохирогчид тухайн малыг тоо ёсоор буцааж өгсөн зэрэг нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийлгүй гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу байх тул Т.Юийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Юийн гаргасан “... надад холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэж цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                    

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолд “11. Прокуророос Т.Юид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 1 дэх заалтаас “шүүгдэгч Т.Ю-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэснийг, 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Юийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус” гэснийг, 5 дахь заалтаас “Т.Ю нар” гэснийг, 7 дахь заалтаас “Т.Ю нарт” гэснийг тус тус хасаж, 9 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 91 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Т.Юоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-64 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11 500 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Т.Ю-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц