Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

2022          04           08                                        2022/ДШМ/28

 

 

 

Б.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Н.Цэнгэлбаяр,

                        Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Б.Мөнхтулгын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот эсэргүүцлээр шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн 2134001020310 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э- нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .........улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн .........дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Э-д зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Баттулгын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134001020310 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Э-ыг цагаатгаж, түүнд урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнхтулга бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ад холбогдох хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 , 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан: Гэрч Д.Э- /хх-ийн 140-141 хуудас/, Ж.Амарбаясгалан /хх-ийн 143-144 хуудас/, Б.Отгонбаяр /хх-ийн 146-147 хуудас/ нарын мэдүүлэг, ТТТт 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 06-5116 дугаартай “Нотлох баримт хуулбарлан авах тухай” албан бичиг хүргүүлсэний дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын 43-01-1515 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар гаргаж ирүүлсэн Бүрэн сумын ЦАБ.Э-ад холбогдуулан явуулсан .......... дугаартай албаны шалгалтын материалын хуулбар, /хх-ийн 73-133 хуудас/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын лабораторийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч У.Батмөнхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1629 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 150-161 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Б.Э- нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх "Хэсгийн төлөөлөгч"-ийн албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн байхыг ойлгох бөгөөд хэрэгт дээрх байдал тогтоогдоогүй ба Б.Э-ын хувьд зөрчлийн хэргийг бүрэн шалгаагүй, шинэ томилогдсон хэсгийн төлөөлөгч ажлын туршлага дутсан нөхцөл байдал байсныг үгүйсгэх боломжгүй юм гэж дүгнэжээ.

 

Гэтэл шүүгдэгч Б.Э- нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын “Б.Э-ыг ажилд томилох тухай” тушаалаар тогтоогдож байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг зөрчлийн нотлох баримт” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн нотлох баримт нь бичмэл болон баримт бичиг... хүн, хуулийн этгээдэд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл болон бусад баримтаар тодорхойлогдоно” гэж хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зүйл заалтаас дүгнэхэд Зөрчлийг шалгах явцад цагдаа Ө.Гийн бичсэн илтгэх хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтад хамаарах бөгөөд, шүүгдэгч Б.Э- нь уг илтгэх хуудсыг өөрчилсөн нь зөрчилд холбогдогч Д.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу шийтгэл хүлээлгэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зөрчил гаргагч Д.Э-д давуу байдал бий болгож холбогдогчид зохих шийтгэл хүлээлгэлгүй, түүнийг шийтгэл завшуулсан байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хуульд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг л нотлох баримтад тооцохоор заасан байдаг цагдаагийн албан хаагчийн бичсэн илтгэх хуудас дангаараа тухайн хэргийг шийдвэрлэх нотлох баримт болж чадахгүй юм. Б.Э-ад прокуророос эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, түүний үйлдлийн улмаас ямар нэгэн хор уршиг учраагүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нь нотолж чадаагүй, харин хайнга хандсан гэх мөн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг ч боломжтой. Учир нь тухайн үед дэлхий даяар үүссэн цар тахлын нөхцөл байдлын улмаас байнга эргүүл, постод гардаг ажил ихтэй байсны улмаас тухайн асуудалд хайнга хандсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан.

 

Хуульд заасан дээрх эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үзэхэд анхан шатны шүүхийн Б.Э-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Б.Э-ыг Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .........улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн .........дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Э-д зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “Илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.Э-ыг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хүн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг өөрийн ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдэг ба үүнээс нь үүдэн тухайн болж өнгөрсөн үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, тухайн гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь хуульд заасан хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой байдаг.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагаварт хүрдгээрээ шалтгаант холбооны үндсэн шинж оршдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” хэмээн хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус, нийгэмд аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж байсан хэдий ч түнийг хүсч үйлдэн бол гэм буруутайд тооцох зарчимтай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын “...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Б.Э-ыг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй гэх болон хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг агуулгыг нь өөрчилж хуурамчаар үйлдээгүй” гэх буюу өөрөөр хэлбэл шүүхээс Б.Э-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт оновчгүй болжээ. 

 

Иймд хяналтын прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот эсэргүүцлийг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Э-ад урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-ад холбогдох эрүүгийн 2134001020310 дугаар хэргийг

 

дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Б.Э-ад урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

                   ШҮҮГЧИД                                          Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                М.МӨНХДАВАА