| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00341/и |
| Дугаар | 152/ШШ2024/00308 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, регистрийн дугаар ....., Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын,
Хариуцагч: Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багт байрлах, регистрийн дугаар ....., А.Б.Ө ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,404,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б.Ө ХХК нь 2014 онд Хоршоо хөгжүүлэх сангаас газар тариалангийн зориулалтаар 2,000,000 төгрөгийн зээл авсан ба зээл төлөх эцсийн хугацаа 2017 онд дууссан. Энэ хугацаанд зээлийг эргэн төлөх албан мэдэгдлийг амаар болон бичгээр удаа дараа өгч байсан боловч одоог хүртэл зээлийн үлдэгдэл болох 1,404,800 төгрөг төлөхгүй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээлийн хугацаа дууссан учир зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.О, П.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: А.Б.Ө ХХК нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1,404,800 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Сум хөгжүүлэх санд 2024 оны 7, 8, 9, 10 дугаар сард тус бүр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 204,800 төгрөг төлж зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг дарга Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулдаг А.Б.Ө ХХК нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлөлтийг эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадахгүй явсаар ирсэн бөгөөд 2024 оны 7-11 дүгээр саруудад сар бүр 200,000-300,000 төгрөгөөр төлөлт хийж зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулахаар хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч А.Б.Ө ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,404,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,404,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 5 хувааж 2024 оны 7, 8, 9, 10 дугаар сард сар бүр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард үлдэгдэл 204,800 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч С.О, П.Ц нар илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч А.Б.Ө ХХК нь нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Б.Ө ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага ,1,404,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,426 төгрөгийн тал хувь буюу 18,713 төгрөгийг хариуцагч А.Б.Ө ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Өлгийн сумын Засаг даргын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,404,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 5 хувааж 2024 оны 7, 8, 9, 10 дугаар сард сар бүр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард үлдэгдэл 204,800 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч А.Б.Ө ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өлгийн сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б.Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 18,713 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ