| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00335/и |
| Дугаар | 152/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, .... улсын бүртгэлийн дугаартай, ...... регистрийн дугаартай, Увс аймгийн Прокурорын газрын,
Б.Цыг эрэн сурвалжлуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Цыг Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч У.Сг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шийдвэрлэжээ. Б.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У-гийн С /РД:......./ нь эрүүл мэнддээ хүнд гэмтэл авч, улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2,766,150 (хоёр сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун тавь) төгрөгийн зардал гаргаж, улмаар уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Прокуророос Б.Цын үйлдлийн улмаас иргэн У.С эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас төрийн байгууллагад хохирол учирсан байх тул гэм хорыг арилгуулахаар прокурорын нэхэмжлэл гаргасан боловч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 152/Ш32024/00655 дугаартай захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжпэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль оомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Харагчууд ургийн овгийн Батсүхийн Ц /РД:МК01220616/ нь Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багт бүртгэлтэй байх боловч оршин суух хаягтаа боловч 2022 оны 6 дугаар сараас хойш суугаагүй, одоо түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Прокурорын нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зугээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1180 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 655 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/72 дугаар тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29/50 дугаар албан бичиг, У.С-гийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний жагсаал зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын Б.Цыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул Увс аймгийн Прокурорын газрын Б.Цыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Увс аймгийн Прокурорын газраас хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цын оршин суугаа газар тодорхойгүй гэж үзэн түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Цыг 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч У.Сг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Б.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.С нь эрүүл мэнддээ хүнд гэмтэл авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2,766,150 төгрөгийн зардал гаргаж, улмаар уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Увс аймгийн Прокурорын газраас Б.Цын иргэн У.Сгийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас төрийн байгууллагад хохирол учирсан гэж үзэн гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.2. Дээрх үйл баримтаас үзвэл Б.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
4.3. Увс аймгийн Прокурорын газраас Б.Цд холбогдуулан 2,766,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1180 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 655 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Б.Ц нь Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багт оршин сууж байсан боловч одоо байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь дээрх шүүгчийн захирамжууд, Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/72 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ............, Увс аймгийн Хяргас сумын ... дүгээр багт оршин сууж байсан, Х ургийн овогт Б-ийн Цыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ....., Увс аймгийн Хяргас сумын ... дүгээр багт оршин сууж байсан, Х ургийн овогт Б-ийн Цыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Цыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ