Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2024/0015

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н” ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч,

Гомдлын шаардлага: “Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0057122 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагч гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.Ө,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчаас шүүхэд  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0057122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан.

2. Гал түймрийн улсын хяналтын байцаагчаас “Н” ХХК-ийг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж, 0057122 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Гомдол гаргагч “Н” ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргаж,  үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:

3.1  Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай заавал биелүүлэх албан шаардлагаар нийт 9 томоохон ажлыг гүйцэтгэх үүргийг 14 хоногийн хугацаанд хийхийг үүрэг болгосон боловч эдгээр ажлууд нь тухайн хугацаанд багтаан хийгдэх боломжгүй ажлууд билээ. Учир нь манай хуримын ордонд их засварын ажил хийгдэж байгаа ба гал түймрээс сэргийлэх ажлыг засварын ажилтай хамтатган хийх бодит боломж хомс байна. Хариуцагч хугацаатай албан шаардлагыг өгсөн тухайн үед манай соёл үйлчилгээний төвд их засварын ажилд явагдаж байсныг мэдэж байсан. Хэрэв шаардлагыг биелүүлбэл засварын ажлыг дахин хийх зэргээр манай байгууллагад хохирол учрахаар байсан юм. Тодруулбал, хана, тааз, шалны ажлууд болон хуримын тайз, талбайг засах ажлууд хийгдээд дууссаны дараа тухайн ажлуудыг хийхээр төлөвлөж байсан.

3.2. Х.Алияг галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалд томилж, манай компанийн нягтлан бодогч С.А хөрөнгө зарцуулж БНХАУ-аас албан шаардлагад заасан тоног төхөөрөмж, галын аюулгүй байдлын хэрэгслүүдийг захиалахыг үүрэг болгосон.

3.3. Дээрх албан шаардлагад дурдсан зарим галын аюулгүй байдлын хэрэгслүүдийг манай аймгийн барилгын материалын дэлгүүрүүдэд худалдаалагддаггүй ба зарим нь байхгүй учраас албан  шаардлагад заасан бараа материал болон бусад бараа материалын ажлыг хөөцөлдөхөөр тус компанийн захирал Ж.Е миний бие 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас явж, Улаанбаатар хотоор дамжин 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Гуанжоу хотод очиж, бараа материалын захиалга өгч, каргонд захиалга өгөн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хилээр орж ирсэн. Уг захиалга  энэ оны 02 дугаар сарын эхэнд ирнэ гэсэн хүлээлттэй байсан боловч хугацаандаа ирээгүй ба улмаар Улаанбаатар хотоос захин авчирсан.  Ийнхүү 2 сарын эхээр гал унтраагуур 10 ширхэг, дохиоллын систем 15 ширхэг, ослын гэрэлтүүлэг авчруулж одоогоор гал унтраагуурыг зохих журмын дагуу байрлуулсан, дохиоллын системээс 7 ширхгийг суурилуулсан, ослын гэрэлтүүлгээс 5-ыг байршуулан ажиллаж байгаа юм. Мөн манай хуримын ордны галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнаар Х.А 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай тушаалаар томилсон ба аврах зам гарцын схем зургийг хийлгэж, зохих газар нь байрлуулан ажлуудаа хийж гүйцэтгэсэн.

3.4. Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сарын дунд үеэс манай соёл үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан учраас захиалга аваагүй буюу үйл ажиллагаа явуулаагүй байсан.

3.5. Хариуцагчид манай соёл үйлчилгээний төвд их засварын ажил явагдаж байгаа тул албан шаардлагын 8 дугаар заалтад дурдсан “Барилгын доторх усан хангамж, Ариутгах татуурга БНбД 0-05-16 норм, дүрэм барилга байгууламжийн дотор талд галын дотуур усан хангамжийн систем, төлөвлөгдсөн боловч ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажиллаагүй гэснийг засварын ажил хийгдэж дууссаны дараа буюу цэвэр усны шугамуудыг төвлөрсөн усан хангамжаас манай соёл үйлчилгээний төвийн барилгад холбох ажил хийгдэж дууссаны дараа суурилуулах болно гэдгийг тайлбарласан.

3.6. Албан шаардлагын 4-т заасан гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулах гэснийг манай компанид хэн тухайн төлөвлөгөө  баталгаажуулахыг тайлбарлаж хэлээгүй бөгөөд харин бид өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулан баталж мөрдөхөөр болсон.

3.7. Мөн манай соёл үйлчилгээний төвд их засварын ажил явагдаж байсан хэдий ч төрийн байгууллага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тухайлбал, шинээр гал унтраагуур 4 кг-ын жинтэй 6 ширхгийг, аваарын гарц орох, гарах хаалга болгонд буюу 6 газарт дохиоллын системийг тус тус суурилуулсан. Аваарын гарцын гарах тэмдэглэгээг наасан. Барилгад гал гарсан үед хүмүүсийг аврах авралтын замын зургийг хийлгэж гал түймрийн байцаагч хошууч Х.Е батлуулсан. Ослын гэрэлтүүлгийг 6 газарт суурилуулсан бөгөөд одоогоор “Н” соёл үйлчилгээний төвийн  2, 3 давхарт засварын ажил үргэлжлэн явагдаж байна.

3.8. Улсын хяналтын байцаагч манай хуримын ордонтой танилцах үеэр засварын ажлыг харсан байхад гал түймрээс сэргийлэх 9 шаардлага бүхий ажлыг хийж гүйцэтгэх хугацааг 14 хоногоор хязгаарлаж, биелүүлээгүй байна гэж 500,000 төгрөгөөр торгосон нь захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчимд нийцэхгүй байхаас гадна Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй.

3.9. Дээрх үндэслэлүүдээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж заасны дагуу шаардлага хүргүүлэхдээ боломжит хугацааг олгосон байх ёстой байтал 14 хоногийн дотор биелүүл, биелүүлэхгүй бол шууд торгоно гэсэн нь захиргааны актыг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй, бодит байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн 9 шаардлагыг хүлээн авч, бага багаар биелүүлээд яваад байхад торгох санкци хэрэглэсэн нь хууль тогтоомжид нийцсэнгүй гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1.  Албан шаардлагын хариуг бичгээр хугацаанд мэдэгдээгүй нь захирал Ж.Е нь тухайн үед БНХАУ руу дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийг захиалахаар явсан үетэй давхацсан.

4.2. Манай соёл үйлчилгээний төвийн зүгээс төрийн байгууллага албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар бүрийг өнөөдрийг хүртэл биелүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн албан шаардлагыг мөн биелүүлэх явцад зөрчлийн хэрэг үүсгэж торгосон явдалд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 25 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдсэний дараа хугацаат албан шаардлага өгөх ёстой байсан. Шаардлагатай тохиолдолд засварын ажилд хэр хугацаа шаардагдахтай холбоотой нотлох баримт цуглуулах ёстой буюу албан шаардлагаар тавьсан зарим шаардлагыг засварын ажлаас өмнө хийх боломжтой эсэхэд тайлбар гаргуулах, бүр болохгүй бол шинжээч томилуулах зэрэг ажиллагааг хийх ёстой байсан юм.  Гэвч ийм үйл явдал болоогүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн явдал хэмээн үзэж байна гэв.

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйлчилгээний байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулах удирдамж”-ийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн “Д” соёл үйлчилгээний төвийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн менежер ажилтай Х.А байлцуулан зохион байгуулж, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл хөтөлж, менежер Х.А шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан.

5.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй.” гэсэн заалтын дагуу зөрчлийг арилгах тухай “Н” ХХК-ийн захирал Ж.Е Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9 заалт бүхий заавал биелүүлэх хугацаатай албан шаардлага хүргүүлсэн, уг албан шаардлагад томоохон хэмжээний биелүүлэх боломжгүй заалт байгаагүй болно.

5.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйл 54.2-д “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.” гэсэн заалтын дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалтыг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Е байлцуулан зохион байгуулж, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл хөтөлсөн.

Гүйцэтгэлийн хяналт шалгалт зохион байгуулсан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг танилцуулахад гарын үсэг зурхаас татгалзсан.

5.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхийн дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх” гэж заасан.  Мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна.” гэсэн заалтын дагуу “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Е Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мэдүүлэг авах зорилгоор 2 удаа хувийн “galaxy” А52 маркийн ,,,,,,,, дугаартай гар утсаар ,,,,,,,, дугаартай гар утас руу холбогдож, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 10 дугаартай өрөөнд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

            5.5. Албан шаардлагын заалт нэг бүрийг биелүүлэн, аюулгүй ажиллагааг хангаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээний талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Уг заалтын дагуу албан шаардлагын хариуг хугацаанд ирүүлээгүй.

5.6.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж,  Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

 

“Н” ХХК-ийн “Д” соёл үйлчилгээний төвийн барилга байгууламжид шалгалт хийхэд илэрсэн зөрчил тус бүрт шийтгэл оногдуулаагүй хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага өгсөн.

Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн менежер ажилтай Х.А байлцуулан зохион байгуулахад тус компанийн барилга байгууламжид засвар хийгээгүй байсан. “Н” ХХК-ийн “Д” соёл үйлчилгээний төвд хурим найр, тэмдэглэлт баяр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, үсэглэлийн баяр гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байсан.

 Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үүрэг хүлээнэ. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын хариуг хугацаанд ирүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн Арван тавдугаар бүлгийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж зааснаар торгох шийтгэл оногдуулсан болно гэжээ.

6. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1. Анх “Н” ХХК-ийн менежер Х.А байцуулж удирдамжийг танилцуулж хяналт шалгалт хийсэн тухайн үед засварын ажил хийж байгаа гэж хэлээгүй. Засварын ажил хийж байгаа гэж хэлсэн бол шалгалт хийхгүй байсан. Объект руу орж үзсэн боловч засвар хийж байсан шиг харагдаагүй. Цэвэрхэн байсан. Үйлчилгээний заалны ханан дээр будаг хийж байсан.

6.2. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан. Миний бие зөрчил тус бүрд нь шийтгэл оногдуулаагүй, албан шаардлагад заасан 9 төрлийн ажлыг биелүүлээгүйг тус тусын зөрчил гэж үзээгүй. Хугацаандаа албан шаардлагад хариу өгөөгүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр арга хэмжээ авсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлтэй байна.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 5.2.2.шалгалтын зорилго, үндэслэл; 5.2.6.шалгалт эхлэх болон дуусах хугацаа;” 53 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ.”, 54 дугаар зүйлийн 1-д “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.”, 54.2-т “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ.” гэж тус тус заасан.

3. Монгол Улсын Шадар сайд нь  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйлчилгээний байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах удирдамж”-ийг баталсан байх ба  удирдамжид зааснаар хяналтын шалгалтын  зорилго нь Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйлчилгээний байгууллага /бар, ресторан, паб лоунж гэх мэт/-ын барилга байгууламжид галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, гал түймрийн эрсдэлийг бууруулахтай холбоотой байх ба урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар байна.

4. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нь уг удирдамжийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зоогийн газрын үйлчилгээ /хуримын хүлээн авалт/-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн гэх дараах 9 төрлийн зөрчлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны дотор арилгуулахаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай “Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага”-ыг тус компанид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн нь тогтоогдож байна.

                 4.1. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 020/47 дугаартай заавал биелүүлэх албан шаардлагад:

                 1/ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Зөөврийн гал унтраагуур туршилтын аргачлал MNS5566:2020, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 1 дүгээр хавсралт барилга байгууламжид байх зөөврийн /гар/ гал унтраагуурыг нормын дагуу барилга байгууламжийн эзлэхүүн хүчин чадалтай уялдуулан байрлуулсан боловч тоо хэмжээ хүрэлцээгүй, хяналтын карт хөтлөөгүй;

                 2/ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ баталгаажуулалтыг бүрэн хариуцах, Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрэм, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 4.9, 4.11.1, 4.11.6 дахь заалтын дагуу цахилгаан дамжуулах утас гэмтэлгүй холболтуудыг зориулалтын лентээр ороох, розетка, унтраалга хөдөлгөөнгүй газар бэхлэгдэх, хоёр төрлийн цахилгааны кабель утсыг холбож хэрэглэхгүй байх, цахилгааны утас газраар ил татахдаа монтажны утасны их биеийг механик гэмтлээс хамгаалсан хамгаалалтын бүрхүүл хийх, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангуулах;

                 3/ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05 дүрмийн 12 дах заалт, Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах дохиоллын систем төлөвлөөгүй;

                 4/ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.10 дах заалт, Галын аюулгүй байдлын дүрэм гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулах гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй;

                  5/ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтын дагуу холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй;

                  6/ Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 норм дүрмийн 6.22 дахь заалт, Цахилгаан байгууламжийн дүрэм (БД 43-101-03)-ийн 6.1.11, 6.1.12 дахь заалтуудын дагуу стандартын (цахилгааны тэжээлд холбогдох, цэнэгт зай хураагууртай) ослын гэрэлтүүлэг байрлуулаагүй;

                  7/ Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.5-д заасан барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байна гэснийг  зөрчиж, аврах зам, гарцын схем зургийг хүний нүдэнд ил харагдахуйц үйлчилгээний зааланд байрлуулаагүй;

                  8/ Барилгын доторх усан хангамж. Ариутгах татуурга БНбД 0-05-16 норм, дүрэм барилга байгууламжийн дотор талд галын дотуур усан хангамжийн систем төлөвлөгдсөн боловч ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажиллаагүй;

                  9/  Барилга байгууламжаас хүмүүсийг аврах гарц, шатны хана, коридорт гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэх гэрэлтэгч тэмдэг, тэмдэглэгээ, ангилал. Техникийн шаардлага.Хяналтын аргууд MNS GOST R 12.26143:2013 стандартын дагуу гал түймрийн үед харагдахуйц гэрэлтүүлэгч тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрснийг тусгасан байх ба илэрсэн зөрчлийн талаар гомдол гаргагчаас маргаагүй байна.

5. Гал түймрийн улсын хяналтын байцаагчаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Н” ХХК-д очиж гүйцэтгэлийн шалгалт хийсэн байх ба хариуцагч эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу “Н” ХХК-ийн  барилга байгууламжид гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор  галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, хяналт шалгалтын явцад тухайн хуулийн этгээдийн галын аюулгүй байдлыг хангах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тодорхой зөрчлүүдийг илрүүлж, уг зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, улмаар гүйцэтгэлийн шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

6. Зөрчлийн хэргийн материалд авагдсан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн огноотой 020/14 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай заавал биелүүлэх албан шаардлагын биелэлт” нэртэй баримтаас харахад гүйцэтгэлийн шалгалт хийх явцдаа хариуцагчаас “Н” ХХК-ийг 020/47 дугаартай албан шаардлагын 2-т зааснаас бусад зөрчлийг арилгаагүй гэж үзсэн байх ба “Н” ХХК-ийг  дээрх албан шаардлагаар тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаж, хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0057122 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

7. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “…тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан шалтгаанаар эрх бүхий албан тушаалтнаас заавал биелүүлэх албан шаардлага өгсөн үед манай компани нийтэд үйлчлэх захиалга аваагүй, барилгад их засварын ажил хийгдэж байсныг хариуцагч мэдсэн, барилгын их засварын ажлыг 2024 оны 10 сард эхлүүлсэн, одоо хүртэл бүрэн дуусаагүй,  түүнчлэн галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой албан шаардлагад заасан зарим бараа, материал манай аймагт байхгүй байсан шалтгаанаар албан шаардлагад заасан үүргийг  хугацаанд нь багтаан  биелүүлэх боломжгүй байсан.

Тухайн үед албан шаардлагыг биелүүлэх зорилгоор “Н” компанийн захирал Ж.Е  холбогдох зарим бараа, материалыг БНХАУ-аас авахаар явсан, мөн Улаанбаатар хотоос захиж авсан бараа 2024 оны 02 дугаар сарын эхээр ирсэн тул албан шаардлагын  тодорхой үүргийг биелүүлж, энэ талаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  02 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн, энэ үед гал унтраагуур 6 ширхгийг шинээр авч байршуулсан, аваарын гарцын тэмдэглэгээг гарц,  орох, гарах хаалга бүрт наасан, гал гарсан үед хүмүүсийг аврах авралтын замын зургийг хийлгэж, гал түймрийн улсын байцаагч, хошууч Х.Е батлуулсан, галын аюулгүй байдлыг хариуцах мэргэжилтнээр Х.А томилсон байсан.” гэж тайлбарлан маргажээ.

8. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас  заавал биелүүлэх албан шаардлагад даалгасан үүргүүд нь тус компанийн барилгын бүхэлд нь хамааралтай гэж тайлбарласан ба шүүхээс хийсэн үзлэгийн явцад “Н” ХХК-ийн барилга нь 3 давхар болох нь, 1 давхрын бүжгийн талбайн таазны засвар хийгдэж дуусаагүй, барилгын 2,3 дугаар давхарт засварын ажил хийгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон, түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдааны явцад тухайн үед тус компани нь барилгын 1 давхарт засвар хийж байсан гэх үйл баримтыг бүхэлд нь үгүйсгээгүй ба “…барилгын 1 давхрын үйлчилгээний заалны хананд будаг хийж байсан мэт харагдсан.” гэж тайлбарлав.

Шүүхээс хийсэн үзлэгийн явцад 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын 1, 3, 6, 7, 9 -д заасан үүрэгтэй холбоотойгоор гомдол гаргагчаас барилгын нэг давхарт  шинээр гал унтраагуурыг 6 газарт, гал түймрээс хамгаалах дохиоллын системийг  ажлын өрөө, үүдний хэсэг, коридор, цайллагын заалны таазанд,  мөн ослын гэрэлтүүлгийг зохих газарт тус тус байршуулсан, гарцын тэмдэг, тэмдэглэгээг  орох гарах хаалга тус бүрийн ойр орчны хананд наасан, үүдний хүлээлгийн хэсгийн хананд зам гарцын схем зургийг нийтэд харагдах байдалтайгаар байршуулсан, цайллагын заалны өрөөнд гал гарсан тохиолдолд гадаа гарах хаалга гаргасан нь тогтоогдож байна. Гомдол гаргагч “Н” ХХК-ийн захирал Ж.Ермекээс 1 давхрын барилгын бүжгийн талбайн таазны засвар дуусаагүй тул талбайн энэ хэсэгт галын дохиоллын системийг суурилах боломжгүй, 2, 3 давхрын буюу барилгын засварын ажил бүхэлдээ дуусаагүйтэй холбоотой усан хангамжийн системийг ашиглалтад оруулаагүй байгаа гэж тайлбарласан.

9. Хариуцагчаас дээрх үүргийг албан шаардлагад заасан хугацаанд болон гүйцэтгэлийн шалгалт хийх үед биелүүлээгүй, сүүлд гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн хууль ёсны төлөөлөгч Х.А холбогдогчийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгдээ “…гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 020/47 дугаартай заавал биелүүлэх албан шаардлагын хүрээнд  гарцын тэмдэг, тэмдэглэгээ, галын дохиоллын систем, гал унтраагуур, гарцын схем зургийг байршуулсан. Тухайн үед тус соёлын төв нь их засварт орсон, галд холбоотой материал Өлгийд байхгүй, БНХАУ-аас авахаар захиалсан байсан.” гэжээ.

Мөн тус компанийн галын аюулгүй байдлыг хангах мэргэжилтнээр Х.А томилсон 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар захирлын тушаал, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай “гал унтраагуур 6 ширхгийг шинээр авч байршуулсан, аваарын гарцын тэмдэглэгээг гарц,  орох, гарах хаалга бүрд наасан, гал гарсан үед хүмүүсийг аврах авралтын замын зургийг хийлгэж, гал түймрийн байцаагч, хошууч Х.Е батлуулсан, галын аюулгүй байдлыг хариуцах мэргэжилтнээр Х.А томилсон тушаал гаргасан” гэх агуулгатай албан бичиг зөрчлийн хэргийн материалд авагдсан байх ба уг бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан нь уг баримтад үйлдсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

10. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гомдол гаргагчийн зүгээс албан шаардлагад заасан үүргийг хэрэгжүүлэхээс татгалзаагүй байх албан шаардлагын 1, 3, 6, 7, 9 дэх хэсэг заасан үүрэгтэй холбогдуулж  барилгын их засварын ажил дуусах хүртэл албан шаардлагад заасан үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх агуулгаар маргажээ.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.” гэж заасан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас анх хяналт шалгалт хийсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэлийн шалгалт хийсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд “Н” ХХК нь эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулсан эсэх, эсхүл барилгын их засвар хийгдэж байсан эсэх, засварын ажил хийж байгаа  тохиолдолд албан шаардлагын 1, 3,  6, 7, 8, 9-т заасан үүргүүдийг биелүүлэх боломжтой байсан эсэхийг тус тус тогтоогоогүй, “Н” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр албан шаардлагын  1, 3,  6, 7, 9-т заасан үүрэгтэй холбогдуулж гал унтраагуур 6 ширхгийг шинээр авч байршуулсан, аваарын гарцын тэмдэглэгээг гарц,  орох, гарах хаалга бүрд наасан, гал гарсан үед хүмүүсийг аврах авралтын замын зургийг хийлгэж, гал түймрийн байцаагч, хошууч Х.Е батлуулсан зэрэг ажиллагааг хэрэгжүүлснийг мэдэгдсэн байхад шалгаж тогтоохгүйгээр, албан шаардлагын 1, 3  6, 7, 9-т заасан үүргийг биелүүлээгүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй, нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй, мөн албан шаардлагын 5-д заасан галын аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнээр Х.А томилсон компанийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалтай хариуцагч  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцсан байхад галын аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн томилоогүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар уг мэргэжилтнийг томилоогүйг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж нотлоогүй байна.

                 12. Харин хариуцагчаас  албан шаардлагын 4-т заасан гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулах гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй гэж үзсэн нь  үндэслэлтэй байна.

                 Гомдол гаргагчаас уг үүргийн хүрээнд “Баян-Өлгий аймгийн “Н” соёл үйлчилгээний төвийн гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө”-г боловсруулсан байх боловч уг төлөвлөгөөг эрх бүхий этгээдээр батлуулаагүй болох нь энэ талаарх нотлох баримт болон гомдол гаргагчийн тайлбараар тогтоогдсон. Гомдол гаргагч талаас энэ талаар гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг албан шаардлагад заасан хугацаанд боловсруулсан боловч эрх бүхий этгээдээр баталгаажуулах ёстойг мэдээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, иймд гомдол гаргагч “Н” ХХК нь  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай “Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага”-ын 4-т заасан гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө боловсруулж эрх бүхий этгээдээр баталгаажуулах үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

               13. Гэвч энэ нь тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, мөн зүйлд зааснаар  торгох шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.

          Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил нь мөн хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчилд хамаарна.

Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 020/47 дугаартай “Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага”-ын 1-9 заасан шаардлагууд нь  аж ахуйн нэгжийн хуульд заасан галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбоотой байх бөгөөд “Н” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрх бүхий албан тушаалтны дээрх албан шаардлагыг тогтоосон хугацаанд бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй нь  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлгийн Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчилд хамаарах  уг хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан  хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

        “Н” ХХК нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасныг төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг төрийн үйл ажиллагаанд саад учруулах зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ төрлийн зөрчилд гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчил хамаарахгүй юм.

14. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.”,  1.3 дугаар зүйлийн  1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасныг хариуцагч тус тус зөрчиж, “Н” ХХК нь  Зөрчлийн тухай хуулийн  5.14 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг дутуу цуглуулж, зөрчлийн шинж, нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, түүнчлэн гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчилд хуулийг буруу хэрэглэж,  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0057122 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1,  3.1 дүгээр зүйлийн 2, 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0057122 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 М.РИЗА