Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1174

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш ” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор “Ш ” ХХК-аас 4 822 042 289 төгрөг гаргуулж “А” ХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.

Уг өр төлбөрт Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 12 дугаар хороо, 20/3 байр, 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаанд оруулахаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба үнэлгээ хийлгэсэн.

Тус үл хөдлөх эд хөрөнгийг 320 900 000 төгрөгөөр үнэлсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/15350 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөр төлөгчийн зүгээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлж гаргаагүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийг 320 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор “Ш ” ХХК-аас 4 822 042 289 төгрөг гаргуулж “А” ХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хавсралтад дурдсан эд хөрөнгүүдийг төлбөрт тооцуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч “Ш ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Нарлаг хороолол 20/3 дугаар байр, 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 178,39 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2019 оны 10 дугаар зарын 03-ны өдөр хурааж, “Ш ” ХХК-аас үнийн санал авахад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгнө гэсэн тайлбарыг өгсөн. Төлбөр төлөгч “Ш ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/14337 тоот мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдэлд дурдсан хугацаа болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор үнийн саналыг ирүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг “Д ” ХХК-аар тогтоолгосон.

Уг үнэлгээний тайланг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч “Ш ” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3/15350 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ:

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаартай, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Нарлаг хороолол 20/3 дугаар байр, 1 давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 178,39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 320 900 000 төгрөгөөр үнэлсэн “Д ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Шивээ говь флюорит” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шинжээч оролцуулах ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй мөн шинжээчийн гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхэд шийдвэр гүйцэтгэгч хяналт тавиагүй гэх үндэслэлээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.2.6-т зааснаар шинжээч оролцуулан үнэлгээ хийлгэсэн. Мөн төлбөр төлөгч “Ш ” ХХК-д мэдэгдлээ хуулийн хүрээнд өгсөн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэх заалттай зөрчилдөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь хариуцагч Ш  холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор “Ш ” ХХК-аас 4 822 042 289 төгрөгийг гаргуулж “А” ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн иргэний хариуцагч нараас гаргасан төлбөрийн жагсаалтын №4 дэх хэсгийн 14-т зээлдэгч “Ш ” ХХК-ийн 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан зээл 657 000 000 төгрөг, түүний хүү 671 585 400 төгрөг, нийт 1 328 585,400 төгрөг, барьцааны зүйл 22-40 УБД дугаартай Хамер Н3 автомашин, 82-07 УБЛ дугаартай Киа бонго, 16-19 УБИ дугаартай Киа трейд, 56-14 УБХ дугаартай Уаз 3303, Баянгол дүүрэг, Нарлаг хороолол 12 дугаар хороо, 20-03 тоотод орших, Ү-2205028395 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 178,39 м.кв талбайтай барилга, түүхий эд материал гэж тусгагджээ.

 

Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж зээлийн барьцаа болох Б.Д  өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028395 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, Нарлаг хороолол 12 дугаар хороо, 20-03 тоот хаягт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 178,39 м.кв талбай бүхий барилгыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14250085/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14250085/07 тоот тогтоолоор хураасан байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Д  2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байна. Хариуцагч байгууллага нь Монголын нотариатчдын танхимд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3/2162 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчийн талаарх лавлагаа авахад тус танхимын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 180 тоот албан бичигт маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэжээ. Өмчлөгч нас барсан өв нээгдсэн өвлөгчийг иргэний журмаар тогтоох, тогтоогдсон өвчлөгчид хариуцагч байгууллага нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчийн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

 

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/14337 тоот мэдэгдлээр 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн саналыг төлбөр авагчтай тохиролцон ирүүлэх мэдэгдлийг “Ш ” ХХК-ийн захирал Д.Г  мөн өдрөө баталгаат шууданд хийж мэдэгджээ. /хх127, 128/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хэн аль нь үнийн санал ирүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/22 дугаар тогтоолоор “Д ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг үл хөлдөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 320 900 000 төгрөг гэж тогтоожээ. /хх 100, 129/

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцох ажиллагаа явуулах учиртай, уг ажиллагааг явуулалгүйгээр шинжээч томилсон нь хуульд нийцэхгүй юм.

 

Иймд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шинжээч томилох урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэх үндэслэлээр уг ажиллагаа хүчингүй болгож буй тохиолдолд шинжээчид хууль сануулах ажиллагааны талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын нэрийг алдаатай бичсэн байгааг анхааруулах нь зүйтэй байна. Уг алдаатай бичсэн байдал нь шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА