Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ж.Г, Ч.Т нарт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б            

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 М.А

Шүүгдэгч                                                         Ч.Т, Ж.Г

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ж.Г, Ч.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Г, Ч.Т нарт холбогдох 2112000000078  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, ХААН банкинд мэдээлэл технологийн мэргэжилтэн буюу инженер ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 1 дүгээр 48 дугаар байрны 02-17 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.Г

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 39 дүгээр байрны 604 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.Т

  

Шүүгдэгч Ж.Г, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай Ч.Т нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.664 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 292.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж.Г-ыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Ч.Т-г төрийн албан хаагч бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Тг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тус тус хориглож;  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт мэдэгдэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нараас 297.200 /хоёр зуун ерэн долоо мянга хоёр зуу/ төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж; Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 118-114/-ыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 185.700 төгрөгийн үнэлгээ бүхий 2.664 метр куб хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 297.200 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 500 /таван зуу/ төгрөгийг улсын орлогод оруулж; Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч Ж.Г миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс намайг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 877.200 төгрөгөөр тооцсон бөгөөд шүүгдэгч Ч.Т бид хоёр дээрх хохирлыг нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байтал анхан шатны шүүх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн миний эрх зүйн байдлыг дордуулж үзсэн. Би урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн байдлыг шүүх авч хэлэлцээгүй. Би мод бэлтгэхээр ойд явж байхдаа доогуураа шатсан, өмхөрсөн модыг хараад хөрөөдөж бэлтгэсэн. Өмнө нь ямар модыг ойн цэвэрлэгээ гэж үзэх вэ гэдэг талаар фейсбүүкээс бичлэг үзэж байсан учраас тайраад бэлтгэсэн. Тухайн үед өөрийнхөө үйлдлийг зөв гэж бодон мод бэлтгэсэн үйлдэлдээ харамсаж байна. Миний бие зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Би ам бүл дөрвүүлээ бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр ажил төрөл эрхэлдэггүй бөгөөд би Архангай аймгийн ХААН банкинд мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай. Архангай аймгийн хэмжээнд бүх сумдын ХААН банкны болон АТМ-ны дотоод сүлжээ, программ хангамж, мэдээлэл технологийн аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Ажил, амралтын өдөр гэлтгүй байнга хөдөө сумуудаар явж  ажлаа хийдэг тул миний ажлын онцлог зөвхөн оршин суугаа газраар хязгаарлагддаггүй болно. Иймд миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ болгон тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 160 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор намайг Ж.Гтай бүлэглэн мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Харин надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Миний бие эхнэр, 8-10 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажилладаг. Дээрх ялыг эдлэхэд үнэхээр хүнд байна. Учир нь миний ажил хөдөө их явдаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд Эрдэнэбулган сумын нутгаас гаргахгүй байгаа нь ажил хийх, үр хүүхдээ тэжээх ямар ч боломжгүй болж байна. Иймд надад оногдуулсан ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ болгон хөнгөрүүлэн ялыг өөрчилж өгнө үү. Миний бие Ж.Гтай бүлэглэн мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, миний амьдралын дээрх нөхцөл байдлыг харгалзан  ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын зүгээс тэдэнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  ял оногдуулсан шийдвэрийг өөрчилж буюу тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Гомдлын гол агуулга нь хувийн байдал буюу тэдний эрхэлж буй ажил албан тушаалтай холбоотойгоор уг ялыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тэдний ар гэрийн амьдралд нь нөлөөлөхүйц байдалтай байгаа учраас өөрчилж өгнө үү гэж байна. Мөн шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгааг шүүх бүрэлдэхүүний зүгээс анхаарч ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт тэнсэх албадлагын арга хэмжээ оногдуулах тухай өмнөх саналаа дэмжиж байна. Иймд Ч.Т, Ж.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Тэдний хувьд хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Ч.Т, Ж.Г нар нь хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэрэгжүүлэхэд эдгээр хүмүүс ажилгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Мөн цаашид энэ хүмүүсийн амьдрал ахуйд нь хар толбо үүсэх нөхцөл байдал  энэ шийтгэх тогтоолоор бүрдээд байна. Эдгээр нөхцөл  байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иймд давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөр нь бүрэн төлөгдсөн байгаа болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Т, Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Г, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтэн ажилтай Ч.Т нарыг бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Цагаан нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.664 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, ойн санд 292.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Гыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, шүүгдэгч Ч.Тг төрийн албан хаагч бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Түүнчлэн  шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт холбогдох гэмт хэргийн зүйлчлэл тохирсон,  шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус  оногдуулжээ.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Г нь  Архангай аймгийн ХААН банкинд мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, Архангай аймгийн хэмжээнд бүх сумдын ХААН банкны болон АТМ-ны дотоод сүлжээ, программ хангамж, мэдээлэл технологийн аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг, ажил, амралтын өдөр гэлтгүй байнга хөдөө сумуудаар явж  ажлаа хийдэг, ажлын онцлог зөвхөн оршин суугаа газраар хязгаарлагддаггүй талаар, шүүгдэгч Ч.Т  Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажилладаг, ажлаар хөдөө сумдаар их явдаг тул зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхэд хүнд байгаа талаар тус тус давж заалдах гомдол гаргасан байна.

 

Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн эрхэлж буй ажлын онцлог зэргийг харгалзан тэдний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт  “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь заасан, шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэг заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

            3 дахь заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Тг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тус тус хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт оршин суугаа газар болон ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж,

            4 дэх заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт мэдэгдсүгэй” гэснийг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ч.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

5 дахь заалт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд тус тус хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай” гэснийг  “Шүүгдэгч Ж.Г, Ч.Т нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж,  6 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц