| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/0446/И |
| Дугаар | 001/ХТ2016/00951 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/00951
Д.Өлзийтулгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1049 дүгээр магадлалтай,
Д.Өлзийтулгын нэхэмжлэлтэй
С.Доржнямд холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
гэрээг цуцалж, автомашиныг буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Өлзийтулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн “Mitsubushi Fuso” маркийн 98-68 УНХ улсын дугаартай ачааны автомашиныг 30 000 000 төгрөгөөр С.Доржнямд худалдаж мөнгийг мөн оныхоо 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор авахаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулж түүнд автомашиныг худалдахдаа рам хугархай, труп нь элэгдлээс болж цоорсон, сэнсийг сольсон тухай хэлсэн. Гэтэл маргааш нь С.Доржням кран ажиллахгүй байна гэж надтай ярихад нь очиж үзэхэд хаазаа маш өндөр хэмжээнд ажиллуулаад автоматаар хаазаа нэмж давхар ажиллуулснаас краныг гацаасан байсан. Энэ талаар түүнд тайлбарлахад С.Доржням нь механик болгоё гэхэд 200 000 төгрөг өгсөн. Моторыг нь задалж үзээгүй болохоор ямар гэмтлийг мэдэхгүй байна. С.Доржням орон сууцаа зарж автомашины төлбөрийг өгнө гэсэн өгөөгүй. Харин 2016 оны 01 дүгээр сард автомашинаа буцааж ав гэсэн. Иймд 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өлзийтулга автомашиныг худалдахдаа Японоос дуудлага худалдаагаар авахдаа үзээгүй авсан, Монголд ирсэн чинь ийм машин байсан, засварын газраар янзлуулсан гэхэд автомашиныг үзээд рам хугархай, сэнс нь эвдэрсэн тухай түүнд хэлсэн. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг хийж автомашиныг авсан. Маргааш нь кран ажиллахгүй байсан. Энэ талаар Д.Өлзийтулгад утсаар хэлэхэд ирж үзээд 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр засварын газарт засвар хийлгэсэн. Тэр үед засварын газрын хүмүүс автомашиныг оношлоод рам, краны төхөөрөмж нь эвдэрхийгээс гадна нэлээд засвар үйлчилгээ хийх шаардлагатай, моторт нь гэмтэлтэй талаар хэлсэн. Д.Өлзийтулга уг засварын газарт зөвхөн краны төхөөрөмжийг засварлуулаад 100 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа автомашин асахаа больсон. Бид өөрсдөө үзэхэд түлшний аппаратураас түлшний банк хоорондын труба нь цоорсныг түлшний хөөх помпыг сольж тавьсан, цооролттой хэсгийг нааж засварласан боловч 2 хоногийн дараа дахин асахгүй байсан тул Д.Өлзийтулгад автомашинаа ирж ав, гэрээгээ цуцълая гэж удаа дараа хэлсэн боловч ирж аваагүй атлаа 30 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мод трейд” ХХК-ийн аж ахуйн хашаанд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Крантай автомашинаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийж чадаагүй. Ажлаа явуулахын тул крантай автомашиныг хөлсөлж, зарим ажлуудаа хөлсөөр гүйцэтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 02-ноос 20-ны өдрийн дотор 14 хоногт өдрийн 150 000 төгрөгөөр кран хөлсөлж хашаан доторх хүнд даацын сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг эмхэлж цэгцлүүлэхэд 3 500 000 төгрөгийн зардал, мөн 2015 оны 11 дүгээр сард дахин кран хөлсөлсөн. Д.Өлзийтулга нь автомашиныг худалдахдаа техникийн үзлэгт оруулсан, рамнаас өөр гэмтэлгүй гэсэн тул итгээд худалдаж авсан гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Өлзийтулгын автомашин нь эвдрэл гэмтэлтэй, эрхийн болон эд хөрөнгийн доголдолтой байхад хуурч мэхэлсэн тул худалдах-худалдан авах гэрээг цуцалж, “Mitsubishi Fuso” маркийн 98-68 УНХ улсын дугаартай автомашиныг Д.Өлзийтулгад буцаан олгож, хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.Доржням нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьж кран ажиллахгүй байна гэхэд нь 200 000 төгрөг төлж, гар хаазтай болгон янзлуулж өгсөн. Мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С.Доржнямын гэрт очиж, нотариатын үйлчилгээний хөлс 60 000 төгрөгөө авсан. Үүнээс хойш 11 дүгээр сарын 01-ний өдөр “Мод трейд” ХХК-ийн хашаанд очиж түүнтэй уулзаж 12 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө авна гэж хэлэхэд тэр өгнө гэдэг байсан. Харин 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярихад материалаа өгсөн, 30 хувийн урьдчилгааг төлсөн, удахгүй банкны зээл бүтнэ, мөн өөр банкинд материалаа өгөх гэж байгаа гэж хэлсэн. Ийнхүү тэрээр олон сараар чимээгүй алга болсон төдийгүй надаас худалдан авсан автомашиныг эвдэж, асахгүй болгосон тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Наран булагынхан овогт Содномпилын Доржнямаас гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Өлзийтулгын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Доржнямын, зохигчдын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг цуцалж, төлбөр төлөх үүргээс түүнийг чөлөөлүүлж, автомашиныг буцаан олгуулах тухай шаардлагыг хангаж, С.Доржнямаас FK71GJ750757 арлын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн 98-68 УНХ улсын дугаартай ачааны автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Д.Өлзийтулгад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Өлзийтулгаас 307 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Доржнямд олгож, нэхэмжлэгч Д.Өлзийтулга нь өөрийн тухайн маргаж буй автомашинд учирсан эвдрэл гэмтэл, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн хариуцагч С.Доржнямаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1049 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Өлзийтулгын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Өлзийтулгын төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн тайлбарыг илүүд үзэж хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1.Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн өмчлөх эрх хэзээ хариуцагчид шилжив...? Талууд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Дор хүснэгтээр Автотээврийн Үндэсний Төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс авсан лавлагааг үзүүлэв:
| № | Эхэлсэн огноо | Дууссан огноо | Регистрийн дугаар | Овог | Нэр |
| 1 | 2013/05/03 | 2015/07/23 | ХЛ 73082170 | Дуламсүрэн | Өлзийтулга |
| 2 | 2015/07/23 | 2015/07/27 | ЦЗ 73051661 | Нямсүрэн | Ганбүргэд1 |
| 3 | 2015/07/27 | - | ЧЛ 75020915 | Буянхишиг | Баатар2 |
2.Худалдагч нь худалдан авагчид эд хөрөнгийн доголдлын талаарх мэдээллийг анх худалдах үедээ өгсөн үү. Худалдагч нь тухайн тээврийн хэрэгслийн талаарх бүхий мэдээллийг худалдан авагчид гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулагдах үед өгсөн ба худалдан авагч нь ашиглалтаас үүдсэн тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй гэдгийг мэдсээр байж, өөрөө санал тавьж худалдан авсан байдаг. Тухайн автомашинд үүссэн гэх эвдрэл, гэмтлийн талаар худалдан авагч анх худалдан авах үедээ мэдэж байсан, мэдэх бүрэн боломжтой байсан нь тогтоогдог болно. Үүнийг хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгэдэггүй ба өөрөө болон өмгөөлөгчийнх нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогддог болно.
3.Тухайн тээврийн хэрэгслийг анх шилжүүлэх үед зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан уу. Тухайн тээврийн хэрэгсэл нь худалдагдах үедээ “Автотээврийн тухай хууль”-д заасны дагуу техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг “техникийн хяналтын үзлэг”-т оруулсан байсан. Өөрөөр хэлбэр тухайн зориулалтаар ашиглах, ашиглагдах бүрэн боломжтой тээврийн хэрэгсэл байсан болно.
4.Хариуцагч гэрээнээс татгалзах саналыг хэзээ гаргав. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө удаа дараа хариуцагчаас худалдан авсан тээврийн хэрэгслийнхээ үнийг төлөхийг шаардаж байсан ба тэрбээр тухай бүрд “удахгүй төлнө, байрны зээл хөөцөлдөж байна удахгүй бүтнэ гэсэн зээл бүтэхээр өгнө” гэдэг байсан. Хариуцагч намайг шүүхэд нэхэмжлэл гаргахад “өмнө нь надад автомашинаа буцааж ав гэж хэлж байсан, ирж аваагүй, автомашинаар нь ямар ч ажил хийгээгүй” гэх мэт ор үндэслэлгүй тайлбар гаргасан ба надад өмнө нэг ч удаа ингэж хэлж байгаагүй, ийм шаардлага тавьж байгаагүй болно. Улмаар тэрбээр гэрээ байгуулагдсанаас хойш 7 сарын гаруйн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж анх гэрээг цуцлах шаардлага гаргасан болно.
5.Гомдлын шаардлага гаргах хугацааг хэдий үеэс тооцох, уул хугацааг хэтрүүлсэн эсэх. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” буюу худалдан авагч хуулийн хугацаанд гэрээ цуцлах талаар шаардлага гаргаагүй, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” байх тул худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан байна.
6.“Өү Энд Өү Си Эйч” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Үзлэгийн тайлан” үндэслэлтэй эсэх. Хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр С.Доржням тухайн автомашинаар ажил хийж байсан зориулалтаар нь ашиглаж байсан, засварлаж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог, тухайн автомашин С.Доржнямын өмчлөлд шилжээд 8 сар гаруй хугацаа өнгөрсөн тул дээрх үзлэгийн тайланд дурдсан эвдрэл, гэмтлүүд худалдан авагчийн ашиглалтаас болж үүссэн даац хэтрүүлсэн, буруу ажиллуулсан байх боломжтой тул анх худалдах үед үзлэгт дурдсан бүх эвдрэл, гэмтэл нь автомашинд үүссэн байсан гэж үзэх боломжгүй юм. Дээрх байгууллагад “Барилга, хот байгуулалтын яам”-аас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ӨБ17-124/15 дугаар “барилга угсралт 4.1, 4.2 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл...”-ийг олгосон байх ба тухайн байгууллага нь ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн угсралтын ажил, завсар, техникийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй буюу уул асуудлаар дүгнэлт гаргах боломжтой байна. Гэтэл дүгнэлт гаргахдаа тээврийн хэрэгслийнх нь талаар дүгнэлт гаргаж, тухайн эрхгүй этгээдийн гаргасан дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна.
7.Сөрөг нэхэмжлэлийг хэн гаргав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан “сөрөг нэхэмжлэл”-ийг хариуцагч биш түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс гаргасан байдаг ба хэргийн материалд түүнд олгосон итгэмжлэл авагдаагүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан байх бөгөөд өмгөөлөгчид олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүйгээс үзэхэд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэх үндэслэлтэй тул энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсье.
8.Ашиглалтын явцад гэмтэл илэрсэн бол ямар гэмтэл, хэзээ илэрсэн бэ. Хариуцагч анх худалдах үед байсан гэмтлээс өөр гэмтлүүд ашиглалтын явцад үүссэн гэх тайлбарыг гаргадаг ба анхан болон давж заалдах шатны шүүхээс ийм дүгнэлтийг хийдэг атлаа яг “ямар гэмтлүүд илэрсэн, хэзээ үүссэн” талаарх нотлох баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзэж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаар шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч С.Доржням нь нэхэмжлэгч Д.Өлзийтулгаас 30,000,000 төгрөгөөр “Mitsubishi Fuso” маркийн машин худалдан авахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг үндэслэн хариуцагчаас 30 сая төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан авахаас татгалзаж, машиныг буцааж өгөх агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Худалдах-худалдан авах гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан нь эд хөрөнгийг шилжүүлснээс хойш илэрсэн, худалдан авагч буюу С.Доржням нь уг машиныг доголдлын улмаас ашиглаж чадаагүй талаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1.-д заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 211 тоот тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуряторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-д зааснаар нэхэмжлэгч нь манипуляторт краныг ашиглалтанд оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлэх байтал бүртгүүлээгүй, краны рамыг засварлуулахдаа мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлагыг хангаагүй байх ба автомашин аюулгүй, найдвартай ажиллах боломжгүй талаар “ӨҮ СИ энд ӨҮ СИ ЭЙЧ” ХХК-ийн уг машинд үзлэг хийх замаар гаргасан дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэгч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь 3 тонны даац бүхий манипуряторт кран тул тусгай шаардлага тавигддаг байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэл буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1049 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Өлзийтулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА